Ипотекийн зээл олгож буй энэ 11 жилийн хугацаанд орон сууцны үнэ 2 дахин нэмэгджээ
Бидний амьдралын хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг нь яах аргагүй амьдрах орон гэр. Өөрийн цуглуулсан хөрөнгөөр, эсвэл өвлөгдөх байдлаар, эсвэл ипотекийн зээлийн хөнгөлөлтөд хамрагдах гэх мэт аргаар өөрийн гэсэн орон байртай болдог билээ.
Тэгвэл бидний сайн мэдэх ипотекийн зээл хамгийн анх 2013 онд олгогдож эхэлсэн. Тухайн онд орон сууцны медиан үнэ 111.4 сая байжээ. Гэтэл өнгөрсөн онд буюу 2023 оны байдлаар 222.3 сая төгрөг болтлоо өссөн үзүүлэлттэй байна. Анзаарч харвал дээрх 11 жилийн хугацаанд орон сууцны үнэ хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Уг өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйлсийг судлаачид дараах байдлаар тайлбарласан байна.
Голлон нөлөөлсөн хүчин зүйл: Манай улсад орон сууцны эрэлт нь нийлүүлэлтээс давсан ба сүүлийн жилүүдэд орон сууцны санхүүжилт хязгаарлагдмал байсантай холбоотой.
Монгол Улс 2013 оноос орон сууцны үнийн индексийг тооцдог болсон ба ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжсээр 1.5 их наядын зээл олгогдож, орон сууцны борлуулалт өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэж байжээ. Үүнээс үүдэн орон сууцны үнэ тухайн жилд 15-25 хувь хүртэлх хувиар огцом өсөж байсан.
Гэхдээ зээл олголтын хэмжээ буурсан хугацаанд байрны үнэ 5-10 хувиар буурч байсан. Эргээд 2019-2022 оны хооронд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас салбарын зардал өсөж, орон сууцны үнэ нэмэгдэх нөхцөл бүрдэж байжээ.
Эх сурвалж: "Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам" судалгааны тайлан. Дээрх мэдээллийн талаар болон бусад судалгааны ажилтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Тэгвэл зогсолтгүй өссөөр буй орон сууцны өнөөгийн ханш ямар байна вэ?
- Нийслэл хотод 2024 оны 10 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг болж, Сүхбаатардүүрэгт хамгийн өндөр буюу 4.96 сая төгрөгийн үнэтэй байна.
- Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.16 сая болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.14 сая төгрөгийн үнэтэй байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засгийнхан хулгайн мөнгөөрөө бетонон ширэнгэ барьж түүнийгээ шахахын тулд инпотекийн зээл гээчийг гаргаж, арилжааны банкы зээлийн зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр хаадаг. Гоё арга байгаа биз.