Хакухогийн иргэншлээ солих асуудлаар Японд мэдээлэл байхгүй

Мэргэжлийн сумо бөхийн 41 дэх удаагийн аварга Хакухо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн пүрэв гаригт гаргасан тухай албан бус мэдээ өчигдрөөс эхлэн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна.
Уг нь хуулийн дагуу Монгол улсын иргэн М.Даваажаргал тус улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ эхлээд НЗДТГ-т өгч, Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлэх ёстой. Хэрэв гадаадад байгаа бол тухайн улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлтээ мөн Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлэх ёстой ч одоогоор ийм хүсэлт ирээгүй гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч буй.
Мөн Хакүхо М.Даваажаргалын ээж Ө.Тамир хүүгийнхээ энэ шийдвэрийг мэдээгүй, сүүлд утсаар ярихад энэ талаар огт дурсаагүй хэмээн мэдээлж байгаа юм. Харин Япон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хакухог иргэншлээ солих гэж буй талаар нэг ч мэдээлэл гараагүй байгаа нь анхаарал татаж байна.
Гэвч Хакуко сумо бөхийн ертөнцөд олон шинэ амжилтууд тогтоож, рекордуудыг нь эзэмшиж байгаагийн хувьд цаашид ХАКУХО нэрийн дэвжээ эзэмших хүсэл, мөрөөдөлтэй явдагаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэрээ тойруулан хэлсэн байдаг. Тэрээр дэвжээ эзэмшихийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой бөгөөд иргэншлээ солих асуудал нь угаас тодорхой байсан ч цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь л асуулт болж үлдэж байна.
Б.ГЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.