Top StoriesУРЛАГЯрилцлага

МУСТА О.Майдарравжаа: Цаг хугацаа нь хэлмэгдүүлчихсэн хүнийг цагаатгаж тоглох сон гэж боддог

"The Lover" романтик, хайрын жүжиг шинэчилсэн найруулга, шинэ бүрэлдэхүүнээр 11 дүгээр сарын 29-ний өдрөөс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох тов нь гарчээ. Жүжгийн бэлтгэлийн ид уур амьсгал дундуур бид тус жүжгийн Ричардын дүрийг бүтээж буй МУСТА О.Майдарравжаатай ярилцахаар зорьж очив.

Түүний хувьд театрын тайзнаа зургаа дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд чадварлаг жүжигчин, тэр бүү хэл найруулагчийн авьяастай гэдгээ харуулаад амжсан нэгэн.

Биднийг очих үед тайзан дээр жүжгийн бэлтгэл өрнөж байсан бөгөөд театрын үзэгчийн суудалд түүнийг урьж ийн яриа өрнүүлсэн билээ.

-Хосууд харилцаагаа хэрхэн шийддэг бол гэх таавар болон шийдлийг бид үзүүлэхийг хичээж буй-

-Одоо тоглогдох гэж буй "The Lover" жүжгийн тухай яриагаа эхэлье.

-"The Lover" бол хоёр хүний жүжиг. 2014 онд "долоон өөр жүжиг, долоон өөр найруулагч" гэх төслийн хүрээнд "Өчигдөр" гэх нэртэйгээр тоглогдож байсан. Харин одоо тайзнаа дахин нэгэн шинэ хувилбараар үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Миний хувьд тухайн жүжгийн Ричардын дүр дээр ажиллаж байгаа.

-Өмнө нь тоглогдож байсан хувилбараас хэрхэн ялгарах вэ?

-Шинэчилсэн гэх үг зохимжгүй мэт санагдаж байна. Яг л шинэ жүжгийн хэмжээнд ажиллаж буй. Тухайлбал мюзиклийн олон элементүүд орж ирж байгаа. Ингэснээр биеийн хөдөлгөөний дундуур үг текстээ зөв хуваарилан хэлэх, дүрийнхээ мөн чанарыг авч явах хэрэгцээ үүсэж байна. Мөн энэ жүжгийн тухайд төсөөллийн болон энгийн гэсэн хоёр өөр орчинд тоглогдож байгаа учир энэ хооронд нь ялгах гэх мэт анхаарал хандуулах зүйлс олон.

Мөн жүжигт өрнөж буй соёл ахуй биднээс тэс өөр. Олон жил суурьшмал соёлтой хүмүүсийн хосын харилцаа энд тоглогдож буй. Гэхдээ хамгийн ойр нэг зүйл юу гэвэл, бүгдэд нь хосын харилцаа бий шүү дээ.

Үүнээс гадна тухайн жүжигт Г.Ган-Очир багш найруулагчаар ажиллаж байгаа. Г.Ган-Очир багштай хамгийн анх энэ театрын олны хэсэгт орж байхдаа л тайзны хөдөлгөөн, бүжиг гэх мэт бүх зүйлсийг сурч байсан. Одоо эргээд энэ багштайгаа ажиллаж байгаа нь бидэнд ойр санагдаж байгаа. Гэхдээ нэг хэцүү зүйл нь түүний шаардлага. Түүнд хүрэх хүн одоогоор байхгүй л байна, гэхдээ хичээж байгаа.

-Таны урт үс, сахлаас харвал лав хайрын дүрд тоглохгүй гэлтэй. Магадгүй түүхэн жүжигт баатрын дүрээр харвал ойр ч юм шиг.

-Миний анхны төсөөлөл яг таны асуулт шиг л байсан л даа. “Би театрт орвол түүхэн дүрүүд дээр их ажиллах байх гэж боддог байсан. Гэхдээ жүжигчин хүн дүр голдоггүй, бүхий л зүйлсэд бэлэн байх ёстой.

Гэхдээ яагаад ч юм би энэ театр анх орж ирэхдээ л “Хайрын виз” “Надтай үлдээч” гэх хайрын жүжгүүдэд тоглож таарсан. Гэхдээ би хайр дурлалын эзэн нь бус хайр дурлалынх нь хажууд нь байж байдаг, эсвэл бүтэж байсан хайрыг нь сүйтгэдэг, “бантан” хутгагчийн дүрүүдийг л харуулж ирсэн. /инээв/

Харин энэ удаад хосын амьдралын олон асуудлыг энд хөндөнө. Бидний дотор олон төрлийн хосууд бий. Тэд харилцаагаа хэрхэн шийддэг бол гэх таавар болон шийдлийг бид үзүүлэхийг хичээж буй.

-Бага байхаас театр доторх амьдрал тэр чигтээ надад суучихсан болохоор урлагаас би ер гарч чадаагүй-

-Таныг удам дамжсан урлагийн хүн гэж дуулсан. Таны бага нас хаана хэрхэн өнгөрөв?

-Миний аав Ховд аймгийн Драмын театрт жүжигчнээр ажиллаж байсан. Сүүлд орчуулгын кинонд дуу оруулагч хийж байсан. Харин ээж минь бүжигчин.

Миний бага нас Ховд аймгийн Жаргалант суманд өнгөрсөн. Тухайн үед хичээлд сурахаасаа өмнө би гэрийнхэндээ тусалж мал дээр л байлаа шүү дээ. Үүний дараагаар бэлтгэл бүлэгт сууж хичээлд орсон цагаас эхлэн Ховд аймгийн хөгжимт драмын театрын арын амьдралыг л харж өссөн.

Ээж ажил дээрээ авч ирээд л “үз” гэсэн шиг л орхичихно. Тэгээд л бүжгийн заалны толины урд суучхаад бүжигчин эгч нарын эргэлдэж буйг хараад, тэр дундаас ээжийгээ “ямар мундаг юм бэ” гэж биширч эхэлсэн. Тухайн үед энэ доторх амьдрал тэр чигтээ надад суучихсан болохоор урлагаас би ер гарч чадаагүй.

Харин зан харилцааны тухайд гэвэл бага ангиа төгстөл даруухан, хөдөлгөөн багатай хүүхэд байсан гэж ойр тойрны хүмүүс маань хэлдэг. Үүнийг сонсоод би өөрөө ч гайхдаг. /инээв/

-Улаанбаатарт хэзээ орж ирээд, яаж урлагтай хөл нийлэх болов?

-Нэгдүгээр ангиа төгсмөгц, 2000 оны эхээр Улаанбаатар хотыг зорьж ирсэн. Тэр цагаас миний Нийслэл дэх амьдрал эхэлж, нэгдүгээр хорооллын Ирээдүй цогцолбор сургуулийн орчимд коллежийн насанд хүртэл үргэлжилсэн. 

Арван жилд байхдаа урлагийн үзлэгт их ач холбогдол өгч оролцдог, сонин сэтгүүл, радио үзэж сонсож байхдаа урлагтай холбоотой хэсгийг түүж үздэг, орж буй хичээлүүдээс уран зохиолын хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд байлаа.

Харин есдүгээр ангиа төгсдөг жилээ МСҮТ-ийг сонгож, одоогийн СУИС-ийн дэргэдэх хөгжмийн багшийн сургуульд суралцах болсон.

Намайг Соёлын коллежид байхад манай монгол хэлний багш намайг “жүжигчин болооч, энд юу хийж байгаа юм бэ” л гэдэг байлаа.

Миний бодлоор жүжигчин бэлтгэдэг коллежийн багш нар яг тэр хүн шиг байх ёстой гэж боддог. Яагаад гэвэл тэр багш нэгэн хэвийн бус олон сонирхолтой байдлаар оюутнуудыг хурцалдаг байсан юм. Жишээ нь шүлэг асуугдаж байх үед би багшид хандаж “шүлгээ ямар байдлаар унших уу, баяр жаргалтай, гуниг хагацалтай, эсвэл хайр дурлалаар уу” гэж асуувал “Р.Чойномын Шоронгийн дуу гэх шүлгийг дурласан хүндээ зориулан унш” гэхэд нь би

 … Эл хуль чимээгүйн дунд 

Ужиг хатуу шорон… гээд л уншина. /инээв/

Монгол хэлний багшаас гадна морин хуурын багш ч мөн адил намайг коллежоо төгсөөд СУИС-д шалгалт өгөхийг хүсдэг байв. Гэсэн ч би зөрсөөр дуу хөгжмийн багшаар төгсөж, ажилласан. Тэгэж явсаар дөрвөн жилийн дараа тэр цэг дээрээ би ирсэн л дээ.

-Маш завгүй энэ жилүүдэд дэлгэцийн урлаг рүү өнгийх завшаан бол олдохгүй л байна-

-Яагаад хөгжмийн багшийн мэргэжлээ орхиж, жүжигчин болохоор шийдэх болов?

-Яг тухайн үед гацаанд орчихсон юм л даа. Морин хуур, хөөмий зэрэг урлагийн төрлүүдийг эхлүүлээд орхичихсон. Яг мэргэшээд явж байгаа хүмүүсийн дэргэд хэн ч биш л байх хэмжээний.Тэр үед өөрөөсөө “Морин хуур тоглоод эсвэл хөгжмийн багш хийгээд цааш яваад байх уу, чи яг юу сайн хийж чаддаг юм бэ ” гэж асуусан, энэ асуулт миний дотор их эргэлзээг төрүүлж байлаа.

Сайн анзаарвал миний дотор жүжигчин болох мөрөөдөл бага наснаас арчигдаагүй явсаар тэнд хүрчихсэн байсан юм л даа. Тэгээд л зориг шулуудан гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөд жүжигчин болохоор шийдэж үеийнхнээсээ найм ах нэгдүгээр курсийн оюутан болж байлаа. 

Харин тухайн үед багаасаа сонирхож хичээллэж ирсэн хөөмий, морин хуур, ардын язгуур урлагийн тэр төрлүүд намайг бусдаас ондооших мэдрэмжийг төрүүлж надад их хэрэг болсон. Хэдийгээр үеийнхнээсээ найман насаар ах, цаг хугацаагаа алдсан байсан ч гэсэн хуучин сурсан эрдэм миний намайг урагшаа түлхэх хүч болж байсан л гэсэн үг. Тэр үед өөрөөрөө бахархаж, хэрэггүй цаг хугацааг өнгөрөөгөөгүй юм байна даа гэсэн бодол төрж байсан.

-Их сургуулийн дөрвөн жил хэрхэн өнгөрөв, зарим оюутнууд энэ жилүүдэд анхны уран бүтээлээ ч туурвиад амждаг шүү дээ. 

-Юу ч хийж амжаагүй байхад нүд ирмэх зуур өнгөрчихсөн. Би Б.Отгонбат багшийн хамгийн анхны жүжигчний ангийн төгсөгч. Өмнө нь хөтлөгч, кино найруулагчийн ангийг төгсгөж байсан юм байна лээ.

-Таны хамгийн анхны тайз?

-Хөгжим сурч байх үеийн тайз бол миний хамгийн анхных. Мөн оюутан байхдаа БНХАУ-руу явж гэрээгээр ажилладаг байлаа. Эргээд бодоход ангийнхнаасаа хавьгүй олон тайзан дээр гарчихсан, айж бэргэхээ ардаа орхичихсон оюутан байсан гэх үү дээ.

Хамгийн тулгууртай тайзыг нэрлэ гэвэл СУИС-ийн “Оюутан театр”-ийн тайз. Тэнд л буруу зөвөө дуудуулна. Гэхдээ хамгийн хань түшигтэй нь тэнд гаргасан бүх алдааг багш нар харж, мэдэрч хэрхэн засах талаар хэлж өгдөг байсан юм. Харин хамгийн их айдастай, гарахаас өмнө хамгийн их сандралыг өгдөг тайз бол одоогийн миний ажиллаж байгаа Улсын драмын эрдмийн театрын тайз.

-Яагаад театрын урлагийг сонгох болов. Тухайн үед кино, дэлгэцийн урлагт хүч сорих бодол байсан уу?

Гэхдээ “ямар азаар Б.Отгонбат багшийн орсон юм бэ” гэж бодогддог. Учир нь 2014 оноос эхлүүлээд л биднийг оюутан байхад энэ театрт тоглогдож буй жүжгүүдийн олны хэсэгт ордог байсан. Хэчнээн олны хэсэгт оршиж, үзэгчдийн хараанаас алс ч гэсэн “туршлагатай жүжигчидтэй энэ зэрэгцээд, нэг тайзан дээр байна шүү” гэх айдастай. Айдас гэх үү догдлол ч гэх үү, тэр мэдрэмж намайг хөтөлсөөр буцаад энэ тайзан дээр гарах боломжийг надад олгосон байж мэднэ. 

Тухайн үед дэлгэцийн уран бүтээлд тоглох бодол байсан. Гэхдээ цаг хугацаа нь таараагүй. 

Ингээд 2019 оноос одоог хүртэл дадлагажигч жүжигчин, үндсэн жүжигчин гэх үе шатуудыг дамжин, энэ хугацаанд театрт тогтогдож байгаа уран бүтээлүүд дээр ажилласан. Маш завгүй энэ жилүүдэд дэлгэцийн урлаг рүү өнгийх завшаан бол олдохгүй л байна.

-Анх театрт хөл тавьж байсан үеэс одоо хэрхэн өөрчлөгдөв.

-Дадлагажигч байсан үеэс одоо нэг их өөрчлөгдсөн зүйлгүй. Ялгаагүй л шинэ зүйлсэд суралцаад л явж байна. Хэдхэн жил театрт дүр дээр ажиллаад өөрийгөө дээш шидэж, сурчихлаа, чадчихлаа гэж онгирч нисэх боломжгүй. Ядаж нэг жүжгийн гол дүр үүрч үзэх хэрэгтэй санагддаг.

-Одоогоор хэчнээн жүжигт дүр бүтээгээд байна вэ. Хамгийн сургамжтай дүрийг нэрлэ гэвэл?

-Миний хувьд дүр бүтээх гэхээсээ илүүтэйгээр дүр дээр ажиллах гэж хэлэх дуртай. Анх театрт орж ирээд Хайрын виз жүжгийн Цэнгэлийн дүр дээр ажиллаж байсан. Тэр цагаас хойш, Надтай үлдээч, Тоглоомчид, Хаадын хаан, Тэнгэрийн хүү, Жаргаагүй нар, Анна Каранина гэх мэт жүжгүүдэд оролцож, энэ хугацаанд театрт тоглогдсон бүхий л жүжгүүдийн олны хэсэгт тоглосон.

Жүжигчин хүн ямагт ажиллаж байгаа дүрээсээ бага, их хэмжээгээр сурч байдаг. Гэхдээ надад хамгийн их зүйлсийг сургаж, таниулсан нь Тоглоомчид жүжиг байсан. Олон туршлагатай жүжигчид хамтран тоглосон учраас хэрхэн ажиллаж байгааг нь үзэх, тэдний хэмнэлтэй хөл нийлүүлэх гэж их хичээсэн. Энэ нь надад  их хичээл болж байсан.

-Түүхэн уран бүтээл надад гоё санагддаг-

-Тухайн жүжиг төлөвлөгдөх үеэс тоглогдож дуустал тэр ертөнцөөр амьдардаг гэж уран бүтээлчид ярих нь бий. 

-Жүжигчний амьдралыг хоёр хэсэгт хувааж харах юм бол театр доторх болон, гаднах ертөнц. 

Жишээ нь өнөөдөр тайзан дээр бэлтгэл хийж байх үед найруулагч “тэр чинь болохгүй байна” гэх юм бол “хэрхэн сайжруулах вэ, яаж болгох вэ” гэх бодолд уягдана. Магадгүй театраас гараад замын хөдөлгөөнд гэр рүүгээ явж байхдаа ч бодно. Сонин содон хүн таарах бүрийд тэр хүний зан чанараас юуг нь өөртөө авч болохыг харна, төсөөлнө. Үүгээр ч зогсохгүй гэртээ очоод угаалгынхаа өрөөнд шүдээ угааж зогсохдоо толинд хараад элдвээр хувирч, дүрээ бэлдэнэ. Манай мэргэжлийн онцлог л тэр л дээ.

-Тэгвэл дотроо төсөөлж явдаг, бүтээж, ажиллахыг хүсдэг дүр бий юу?

-Түүхэн уран бүтээл надад гоё санагддаг. Надад нэг үндсэрхэг үзэл байдаг юм л даа. Тэр нь юу вэ гэвэл жүжигчин мэргэжлийг эзэмшсэн юм чинь түүхэн хүний амьдралаар хэсэгхэн ч гэсэн амьдарч үзэх юм сан гэх бодол байдаг.
Тэр дундаа тухайн он, цаг хугацаанд хэлмэгдүүлчихсэн хүнийг цагаатгаж тайзан дээр тоглох юм сан гэж боддог. Хүмүүсийн харж байгаагүй өнцгөөр харуулах юм сан л гэж. Боломж нь олдох юм бол шүү дээ.

-Түүхэн дүр гэснээс саяхан тоглогдсон Тэнгэрийн хүү жүжгийн хөшгийг нээж хаасан шүү дээ. Тэр мэдрэмжээ хуваалцвал?

-Тэнгэрийн хүү жүжгийн хөшиг нээхэд бас хаахад би ганцаараа хөгжим бариад сууж байдаг. Мөн жүжигт Модун хааны аравтын баатрын дүрд тоглосон.
Томоохон жүжгийн эхлэл төгсгөлд намайг байхыг хүлээн зөвшөөрч байна аа гэдэг нь өөрөө том шагнал санагдсан.

-Хэрвээ та жүжигчин болохыг сонгоогүй бол одоо хаана хэрхэж байгаа бол, хөгжмийн багшаараа ажиллах байсан уу? 

-Үгүй байх аа. Би яаж ч байсан жүжигчин болох л байсан байх. Надад өөр зам байхгүй. 

Би багадаа дурсамжийн дэвтэр хөтөлдөг байсан. Тэр дэвтрийг минь сөхөөл харах юм бол “Сайн жүжигчин болоорой, чи сайн жүжигчин болж чадна шүү, би чиний улаан шүтэн бишрэгч” гэх мэт хөөрхөн зүйлс олон бичигдсэн байдаг. Эндээс харахад хүний далд ухамсар өөрөө бэлтгэсээр зорилго руу нь дагуулаад ирдэг юм шиг санагддаг. 

Жүжигчин болоогүй бол тийм байх байсан гээд хэлчих хэмжээний төсөөлөл бууж ирэхгүй л байна. Угаас өөр зүйл сайн хийж чадахгүй байх. /инээв/ 

-Энд алдах эрх байхгүй, мөн үзэгчдийг ялгах эрх ч байхгүй-

-Таны хувь театрын урлаг дэлгэцээс ялгарах амин чанарыг юу гэж харж байна?

-Театрын урлагийн хамгийн чухал зүйл бол амьд харилцаа. Энд алдах эрх байхгүй, мөн үзэгчдийг ялгах эрх байхгүй. Хэчнээн бид өдөр болгон нэг жүжгээ тоглож байгаа ч биднийг үзэхээр ирсэн үзэгчдийн хувьд шинэ, анхных тул яг л найруулагчийн тогтоож өгсөн түвшинд тоглох ёстой байдаг.

Үзэгчдийн тоо өдөр бүр харьцангуй шүү дээ. Заримдаа заал дүүрэн сууж байхад, зарим ажлын өдрөөр бараг хоосон байх тохиолдол ч байх. Гэхдээ тоо чухал биш, найруулагчийн тогтоосон шугамын дагуу, өгөгдсөн нөхцөлд бид амьдардаг.
Кинон дээр бол авагдсан дүрсүүдээс аль сайныг нь гаргадаг бол театрт алдах эрх байдаггүй. Хэрэв алдсан тохиолдолд цааш зөвтгөөд л явна.

-Гэгээн муза наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан шүү дээ.

-Миний хувьд найруулагчийн ажилд их сонирхолтой. Тухайн үед энэ сонирхол минь ихээр илэрч байсан л даа. Нөгөө ангийн найзууд болон хөгжмийн сургуулийн дүү нартайгаа хамтран хоёр хүний жүжгийн улсын уралдаанд нэг япон зохиолыг задлан оролцсон. Тухайн уралдаанд амжилттай оролцсон тул Гэгээн муза-д оролцох эрх үүссэн. Тухайн үед бидний оролцсон хоёр хүний жүжгийн төрөл гурван номинацитай явагдаж байсан юм л даа. Эрэгтэй, эмэгтэй шилдэг гол дүр болон шилдэг найруулагч.
Эхэндээ манай уран бүтээлчид эмэгтэй гол дүр л авчихвал гэх горьдлоготой байсан. Гэтэл араас нь эрэгтэй гол дүр, найруулагч гээд оролцсон төрлийнхөө гурван төрөлд шалгарсан. Үгээр хэлэмгүй гоё мэдрэмжийг авч байсан.

-Таны шохоорхож байсан найруулагч гэх мэргэжил чамлахааргүй амжилт гаргасны хойно ямар санагдав, тийш орох бодол бий юу?

-Одоогоор жижиг уран бүтээл, том уран бүтээлийн нэг хэсэг дээр ажиллана уу гэхээс дориун надад одоогоор тохиромжгүй санагдсан. Нэлээд тогтвортой, аливаад нухацтай ханддаг болсон үедээ л ханцуй шамлах ёстой юм шиг.
Миний хувьд анх “чадна” гэх хөөрсөн сэтгэлээр хийсэн. Гэхдээ чамлахааргүй амжилтыг гаргасан. Одоогоор жүжигчнийхээ мэргэжилдээ анхаарч байгаа. Гэхдээ надад боломж олдох юм бол бүх зүйлээ орхиод зориглоод ороход бэлэн.

-Цаашид?

-Хувь хүнийхээ хөгжих тал дээр анхаарах ёстой юм шиг санагдах болсон. Учир дутагдалтай зүйлс олон байгаа тул тэр бүгдийг тэгш дүүрэн болгохын төлөө зүтгэнэ л гэж бодож байна. Өөрөөр төлөвлөсөн зүйл яг үнэндээ алга л байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 25, 2024 08:31

АМРЭЭК УЛСАД ХОЛЛИВУД ГЭЖ НЭГ МУНДАГ ТАТАР БАЙДАГ ГЭНЭ ТЭНД ОЧООД ИХ АГАА ЧИНГИСИЙН ДҮРИЙГ БҮТЭЭГЭЭРЭЙ ЧИ МУУ ҮС САХАЛДАА ДАРАГДСАН АЛМАС ЦАРАЙЛСАН ХҮН ЯААГ ТОХИРНОО АМЖИЛТ ЭНЭ МОНГОЛЫН ТЕАТР ГЭЖ НЭГ МУУ ХӨДӨӨНИЙ КЛУБ ЦАРАЙЛСАН ЮМАНД ЗАХЫН НУС ТОГЛОНО БИТГИЙ ХУДЛАА ТОМРООД БАЙ. ЧИ ЧАДДАГ ЮМ БОЛ ЖАМУХЫН ДҮРИЙГ БҮТЭЭЧИХ ТЭГВЭЛ ЧАМАЙГ СТЕЛБЕРГИЙН ХАЖУУД АВААЧААД ӨГЧИЙ

Холбоотой мэдээ

Back to top button