Нийслэл сүүлийн гурван сарын дотор 320 саяас 2.5 тэрбумаар халтиргаа арилгах бодис авчээ

Энэ оны наймдугаар сарын 05-ны өдрөөс аравдугаар сарын 30-ны өдрийн хооронд дараах зургаан газраас 320 саяас 2.5 тэрбум хүртэлх төгрөгөөр халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис, элс, давс зэргийг худалдан авах тухай тендер зарлаж, үр дүн гарсан байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2.5 тэрбумаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах тендерийг энэ оны наймдугаар сарын 05-ны өдөр зарлаж, есдүгээр сарын 04-нд үр дүн гарсан байна.
Улмаар төсөвт суусан өртгийг урсгал төсвөөс авна хэмээн тусгасан бөгөөд нийт санхүүжилт энэ онд зарцуулагдахаар тусгагджээ.

Тэгвэл дээрх тендерт СНСС ХХК 2,411,818,090 төгрөгийг санал болгон шалгарсан байна. Тухайн компанийн тухайд эмчилгээний гоо засал, дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг хэмээн opendata-д /2014-06-30/-нд бүртгүүлжээ.
Мөн доор харагдаж байгаачлан халтиргаа гулгаа арилгах бодистой холбоотой таван тендерт оролцож дөрөвт нь шалгарсан байна.

Сонгино хайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба 990 сая төгрөгөөр “Халтиргаа гулгаа арилгах бодис” худалдан авах тендер 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан байна. Одоогоор дөрвөн байгууллага үнийн саналаа явуулсан бөгөөд хараахан үр дүн нь гараагүй.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас 320 сая төгрөгөөр халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис худалдан авах тухай тендерийг 10 сарын 08-ны өдөр зарлаж аравдугаар сарын 29-ны өдөр үр дүн нь гарсан байна. Уг тендерт Санлиахими ХХК 309 сая төгрөгийн үнийн санал хүргүүлж шалгарсан байна.

Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 500 саяар халтиргаа гулгаа арилгах элс, давс худалдан авах тендерийг наймдугаар сарын 13-ны өдөр зарлаж есдүгээр сарын 16-нд үр дүн нь гарсан байна.
Тус тендерт Эм Би Эм Ти Эм констракшн ХХК 499.4 сая төгрөгийн санал хүргүүлж шалгарсан байна. Тус байгууллага гадаад худалдаагаар үйл ажиллагаа чиглэлтэй хэмээн /2021-01-22/ бүртгүүлж байжээ.

Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 557 саяар Бодис авах тухай тендерийг 10 дугаар сарын 04-ны өдөр зарлаж, 10 дугаар сарын 24-нд үр дүн нь гарсан байна. Улмаар СНСС ХХК 557 сая төгрөгийн санал хүргүүлж шалгарсан байна.

Үүнээс гадна Баянгол дүүргээс нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын халтиргаа, гулгаа арилгах цас мөс хайлуулах зориулалтын бодис нөөцлөх ажилд 408 саяын тендерийг есдүгээр сарын 27-ны өдөр зарлаж 10 сарын 18-нд үр дүн гарчээ. Улмаар 407 сая төгрөгийн саналыг СНСС ХХК хүргүүлж тухайн тендерт шалгарсан байна.

О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.