Top StoriesГадаад мэдээ

2024 онд болсон олон арван сонгуульд эрх баригчид сулран, сөрөг хүчин босож ирсэн тренд үүсэв

Энэ онд урьд өмнө нь байгаагүй олон улсад парламент эсвэл ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Дэлхийн хэвлэлүүд энэ жилийн эхээр 2024 оныг сонгуулийн жил гэж нэрлээд байсан билээ. Учир нь 64 орон, дэлхийн хүн амын 49 хувь нь энэ оны сүүл гэхэд ямар нэгэн сонгууль өгнө. Бизнес, улс төр, нийгмийн асуудал дээр зөвлөгөө өгдөг “Brunswick Group” фирмийн мэдээлснээр энд онд сонгуультай орнууд дэлхийн эдийн засгийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг аж.

Тэгвэл шинэ он гарахад дөхсөн энэ үеэс харахад дэлхий даяар сонгуульд эрх баригч нам ялагдал хүлээж, сөрөг хүчин босож ирсэн тренд ажиглагдаж байна. Эрх баригч нам нь улс төрийн зүүн эсвэл барууны үзэлтэй, хэдий хугацаанд төрийн эрхийг барьснаас үл хамаарч ямар нэгэн байдлаар муу үр дүн үзүүлсэн.

Тодруулбал гуравдугаар сарын сүүлээр сард Турк улсад орон нутгийн сонгууль болсон юм. Тус сонгуульд Ерөнхийлөгч Режеп Тайид Эрдоганы нам Шударга ёс, хөгжлийн нам (AKP) Өзгүр Өзелийн Бүгд найрамдах ардын намд (CHP) өвдөг шороодсон. Тодруулбал AKP нь 35.49 хувийн санал авсан бол CHP 37.77 хувийн санал авсан юм.

Дөрөвдүгээр сарын дундуур БНСУ-д парламентын сонгууль явагдсан. Үндэсний Ассамблейн гишүүдийг сонгох тэрхүү санал хураалтад гол сөрөг хүчин болох И Жэ Мюний Ардчилсан нам ялалт байгуулсан юм. Тодруулбал Ардчилсан нам 175 суудал авч төрийн эрхийг барьж буй Хан Дунхуны Ардын хүч нам 108 суудал авсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл бол Ардын хүч намын гишүүн.

Зургийн эх сурвалж: EP Think Tank

Зургаадугаар сард Европын холбооны сонгууль явагдсан. Тус холбооны гишүүд Европын парламентын 720 гишүүнээ тэрхүү сонгуулиар сонгосон юм. Европын холбооны гишүүн улс бүрд оногдох парламентын суудлын хэмжээ хүн амын тоотой пропорциональ холбоотой байдаг. Тухайлбал Германд 96, Францад 81, Италид 76 суудал оногддог. Швед, Португал, Чехэд 21 харин Мальта, Люксембург, Кипрт зургаан суудал хуваарилагдана. Сонгуулийн үр дүн гарахад Европын холбоог тэргүүлдэг Франц, Герман улсын эрх баригч намууд маш муу үр дүн үзүүлсэн юм. Тодруулбал Европын парламентаас Францад олгох нийт суудлын 15 гаруй хувийг л Эммануэль Макроны Сэргэн мандалтын нам авсан. Харин сөрөг хүчний Марин Ле Пений Үндэсний чуулган нам 32 орчим хувийг авсан юм. Мөн Германы төрийг барьж буй нам ч томоохон цохилт амссан юм. Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кроогийн Фламандын либералууд болон Ардчилсан нам нь ялагдсаны дараа бүүр ажлаа хүлээлгэсэн өгсөн байдаг.

Долоодугаар сард Их Британийн парламентын сонгууль явагдсан. Тус сонгуульд сөрөг хүчний Хөдөлмөрийн яам 412 суудал авч, эрх баригч Консерватив нам 121 суудал авсан юм. Хөдөлмөрийн яам өмнөх сонгуультай харьцуулахад 211 суудал нэмж авсан бол Консерватив нам 251 суудал алдсан. Тэрхүү сонгууль нь 2005 оноос хойш Хөдөлмөрийн яам анхны удаа ялалт байгуулсан тохиолдол болсон билээ. Үүнээс гадна төрийн эрхийг 14 жилийн турш барьсан Консерватив намын ноёрхол тэрхүү сонгуулиар дууссан юм.

“Financial Times” агентлаг мэдээлснээр “ParlGov” дэлхийн судалгааны төсөл арван томоохон орны сонгуулийг ажиглан дүгнэлт хийжээ. Тэдний ажигласан улс болгонд эр баригч нар томоохон цохилт авч, муу үр дүн үзүүлсэн байна. “Financial Times”-д мэдээлснээр сүүлийн 120 гаруй жил сонгуулиудын хариуг бүртгэж ирэхэд ийм тохиолдол гарч байгаагүй аж.  

Эрх баригчид томоохон цохилт амссан сүүлийн үеийн тод жишээ бол АНУ. АНУ-ын сонгууль арваннэгдүгээр сарын таванд болсон. Тус өдөр америкчууд ерөнхийлөгч, Конгрессын гишүүдээ сонгосон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп ялалт байгуулсан. Үүнээс гадна Бүгд найрамдах нам Конгрессын дээд танхим буюу Сенатад олонх болж, доод танхим буюу Төлөөлөгчдөд олонхоо хадгалж чадсан билээ.

Зургийн эх сурвалж: Rubryka

Эрх мэдлээ хадгалж үлдсэн намууд ч гэсэн суудлаа алдсан

Зарим улсад эрх баригч намууд эрх мэдлээ хадгалж үлдсэн ч гэсэн парламент дахь суудал нь буурсан байна. Тухайлбал нэгдүгээр сард Тайваньд ерөнхийлөгч болон парламентын сонгууль болсон. Хэдийгээр эрх баригч Ардчилсан Прогрессив нам ерөнхийлөгчийн суудлаа авч үлдэж чадсан ч парламент дахь олонх байр сууриа хадгалж чадаагүй юм.

Зургаадугаар сард дэлхийн хамгийн их хүн амтай улс болох Энэтхэгт парламентын доод танхимын сонгууль болсон. Доод танхим буюу Лоб Сабхагийн сонгуульд нийтдээ 640 сая орчим хүн саналаа өгсөн. Шинжээчдийн таамаглаж байснаар тус сонгуульд Ерөнхий сайд Нарендра Модигийн Бхаратия Жаната (BJP) нам хамгийн их санал авсан юм. BJP нам 240 санал авсан нь өмнөх сонгуулиас 63 суудлаар бага үзүүлэлт байсан билээ. Үүний улмаас тус нам парламентын олонхоо алдаж, Моди эвслийн гишүүн намуудынхаа тусламжтай дахин засгийн газар үүсгэн ерөнхий сайд болсон юм.

Төрийн эрхийг барих мэдлээ авч үлдэж чадсан ч суудлаа алдсан сүүлийн жишээ бол Япон. Аравдугаар сарын сүүлээр Японд парламентын сонгууль явагдсан. Тус сонгуульд Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн Либерал ардчилсан нам, Комэйто намын эрх баригч эвсэл нийтдээ нийтдээ 215 санал авсан байна. Парламентад 233 суудалтай нам олонх болдог. Ийнхүү тус сонгуулиар Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японыг удирдаж ирсэн Либерал ардчилсан нам томоохон ялагдал хүлээсэн юм. Тус нам парламент дахь хамгийн олон суудалтай хэвээр ч гэхдээ олонх болоогүй тул Ишиба цөөнхийн засгийн газар удирдаж байгаа.

Энэ тренд зөвхөн 2024 онд ажиглагдаагүй

Эрх баригчид сонгуулиар ялагдаж хүлээж эсвэл парламент дахь суудлаа алдаж буй тренд 2024 оноос эхтэй биш. Тодруулбал Аргентин улсад аравдугаар сард ерөнхийлөгч болон парламентын сонгууль явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд 2024 онд шинээр үүсгэн байгуулагдсан Эрх чөлөөний дэвшил (LLA) намаас Хавьер Майлей ялалт байгуулсан юм.

Хавьер Майлей, зургийн эх сурвалж: NBC News

Нидерланд улсад арваннэгдүгээр сард Төлөөлөгчдийн танхимын сонгууль явагдсан. Тэрхүү сонгуульд сөрөг хүчний Эрх чөлөөний төлөөх нам (PVV) 37 суудал авсан юм. Ингэснээр тус нам анхны удаа парламент дахь хамгийн олон суудалтай нам болсон билээ. Тус сонгуульд эрх баригч эвслийн дөрвөн нам дөрвүүл суудал алдсан. Үүнээс гадна Польш, Тайланд гэх мэт улсад 2023 онд сонгууль болж, эрх баригч намууд суудлаа алдсан байна.

Ямар учраас эрх баригчид ялагдал хүлээв

“Pew Research Center” дахь олон улсын хандлагын судалгааны албаны захирал Ричард Уайк “Улс төрийн элитүүд хорвоогоос тасарсан гэх их хэмжээний бухимдал хүмүүст байна. Ийм учраас улс төрийн ямар үзэл бодолтой нь хамаараагүй” гэжээ. Өөрөөр хэлбэл эрх баригч нам улс төрийн баруун, зүүний үзэлтэй эсэх хь хамаагүй сонгуулиудад муу үр дүн үзүүлсэн байна.

Тэрбээр “Pew Research Center”-ын 24 оронд явуулсан судалгаагаар сонгогчдод эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа учир ямар ч улс төрийн нам тэднийг жинхэнэ утгаар нь төлөөлөхгүй байна гэх сэтгэгдэл нэмэгдэж байгаа нь илэрсэн гэдгийг онцолжээ. Уайк “Олон хүчин зүйл үүнд нөлөөлж байгаа. Гэхдээ эдийн засаг, инфляцын талаарх иргэдийн сэтгэгдэл томоохон хүчин зүйл” гэсэн юм.

Эх сурвалж: Дэлхийн банк

Коронавирусийн цар тахал болон Украины дайн гэх хоёр томоохон хямрал дараалан тохиолдсоны улмаас дэлхий даяар инфляц нэмэгдсэн. Дэлхийн банкнаас гаргасан тоо баримтаас харвал 2022 онд олон улсад инфляц дунджаар найман хувь байжээ. Тэр цагаас хойш инфляц буурсан ч хэдхэн жилийн өмнө эд барааны үнэ илүү хямдхан байсан гэдгийг сонгогчид санана. Энэ нь эрх баригчид сонгуульд тааруухан үр дүн үзүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн. Мөн гаднын орнуудад эрх баригчидтай холбоотой тус тусын улс төрийн дуулиан гарч байсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн байх магадлалтай.

Эх сурвалж: CSIS, BBC, The Hindu, East Asia Forum, Associated Press, World Bank, TLDR News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button