Сурвалжилга: Сонгодог хөгжим сонсож унтдаг минжнүүд
Хотоос холгүйхэн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоноос цаашхан Минж үржүүлгийн газарт өдрийн ид ажлын 12 цагт манай баг явж очив. Биднийг очиход “Гэр бүлгүй минжнүүд эрт сэрчихдэг. Харин гэр бүлтэй минжнүүд нам унтдаг” гэсээр минж үржүүлэгч Т.Ганзориг тоссон юм.
Минжний байр руу ороход өөдөөс сэрүү татаж, чийгний үнэр ханхийнэ. "Минж хоёр нутагтан амьтад учраас халууныг тэсвэрлэдэггүй” талаар бидэнд Т.Ганзориг гуай тайлбарлаж өглөө. Ийнхүү минжний үүрэн дээрх тагийг сөхөж харвал хоёроороо, хосоороо байх минжнүүд нэгнээ дэрлэн унтаж байх бөгөөд эсрэгээрээ үүрэндээ ганцаараа байх минжнүүд хаалганы дуунаар сэрэв үү гэлтэй, аль хэдийн тонгочиж байх нь тэр. Тус байранд 40 орчим минж байх бөгөөд хамаатан садан биш л бол бүх минжээ тусгаарлаж байлгадаг аж.
2012 онд Орос, герман, Евроазийн бүс нутгаас манай улсад нутагшиж, тоо толгой нь өсөж яваа минжнүүдийн амьдралтай танилцахаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Минжний байрлах байр нь 10 гаруй тасалгаатай бөгөөд ихэнх минжнүүд гэр бүл болж, нэг үүрэнд хоёроороо байна. Зарим нь ах дүү гурваараа, мөн ихрүүд хамтаараа нэг үүрэнд. Минжний үүрэнд ус байх бөгөөд хүссэн үедээ ус руугаа ороод буцаад хуурай газарт гарах орчныг нь бүрдүүлжээ.
Үүрэн дээрх тагийг модоор дарсан байхыг ихэд гайхан минж үржүүлэгчээс асуухад, “Өдөртөө нарийн нахиа болон бүдүүн мод өгч, идүүлдэг” гэлээ.
Ийнхүү есөн жилийн турш нэг өдөр ч минжнүүдээ орхиж явалгүй өнөөдрийг хүрсэн минж үржүүлэгч Т.Ганзоригтой ярилцлаа.
-Минжнүүд их гэр бүлсэг амьтан-
-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ?
-Миний өглөө бүр нэгэн хэвийн байдаг. Өглөөний зургаан цагт минжнүүд дээрээ орж ирж, тасалгааны температурыг шалгана. Үүний дараа өглөөний хоолыг нь өгнө. Бүх зүйлийг яг дарааллын дагуу хийдэг. Эднийг өөрийн дураар харж, асарч болохгүй шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу зохих ёстой хоолыг нь өгөөд, хийх ёстой зүйлсээ хийсээр өдөр өнгөрдөг.
-Есөн жил энд ажиллаж байна гэсэн. Минж ер нь ямар онцлогтой амьтан бэ. Үүнээс яриагаа эхэлье?
-Минж нь ус-хуурай газрын амьдралтай, бүлээрээ амьдардаг онцлогтой, гүний усны нөөцийг бүрдүүлдэг амьтан. Минж ихээр байгальд тавьбал модгүй болно гэсэн яриа байдаг. Тийм зүйл байхгүй. Минж мод иднэ, тэр мод нь дараа жил нь дахиад л ургачихна . Мөн минжний хийсэн нуувч, үүрэн дор загас үржихдээ их арвин байдаг. Намагшсан хэсэгт нь ургамал их ургадаг. Энэ нь эргээд хандгай, бугын хоол болдог. Нэг ёсондоо байгалийн зоо паркийг үүсгэдэг амьтан юм.
-Одоо хэчнээн минж байгаа вэ?
-40 орчим минж байгаа.
-Хүйсийн хувьд?
-Эдний хүйсийг ялгахад их хэцүү. Гаднаас нь шууд хараад мэдэх боломжгүй. Төрснөөс нь хойш гурваас дөрвөн жилийн дараагаас хүчээр барьж авч тэмтэрч үзнэ. Энэ чинь зэрлэг амьтан учраас их хүчтэй. Олуулаа нийлж байж л барьж авна. Хэрвээ эр эмийг нь мэдээд ялгачихвал, цус ойртолтоос сэргийлж, отог овгоор нь ялгаж, салгана.
-Тэгэхээр цус ойртолт болдог байх нь ээ. Эд нар хэрхэн гэр бүл болдог вэ?
-15-20 хоногийн хугацаанд эр эм хоёр минжийг хооронд нь танилцуулдаг. Торны наана цаана байлгана гэсэн үг. Нэгнийхээ үнэрийг үнэрлээд дасаад ирэхээр нь нэг үүрэнд оруулдаг. Ингэж танилцуулахгүй бол нэгнээ шууд барина. Танихгүй минжнүүд эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй шууд нэгнээ хазах гэж дайрдаг. Тиймээс хооронд нь танилцуулна. Тэгээд гэр бүл болгоно доо.
-Нэг төллөхдөө хэдэн дүдрэн гаргадаг вэ?
-Янз янзыг л гаргана. Манайд хамгийн ихдээ тавыг гаргаж байсан. Хоёр ихэр, гурван ихэр гаргана. Эд нарын нэг онцлог нь усанд хээл авдаг гэх юм уу. Хуурай газарт үржих боломжгүй. Усан дотор үрждэг. Одоо арваад хоногийн дараагаас эхлээд нэг сарын турш хээл авна.
-Байгальд гарахаас нь өмнө тусдаа хоол өгдөг үү, аль эсвэл яг байгалиас олж идэх боломжтой зүйлээр хооллодог уу?
-Өдөрт зургаагаас долоон удаа хоол иддэг. Өглөөний есөн цагаас эхлээд, оройн долоон цаг хүртэл л юм иддэг. Хоол ундны хувьд цаанаас нь батлагдсан хүнсээ л иддэг. Агшаасан будаа, улаанбуудай, багсармал тэжээл, алим, лууван нарийн нахиа мод, бүдүүн мод зэргийг мэрж иддэг. Ерөнхийдөө байгалиас идэж болох зүйлийг нэмэлт тэжээлтэй хольж өгдөг гэхэд болно.
-Арчилгааны хувьд, хэрхэн арчилдаг вэ?
-Нэг өнжөөд үүрэнд нь байгаа усыг солино. Сардаа өдөр товлож байгаад хэд хэдэн удаа үүрийг нь угааж, ариутгана. Тэгэхгүй бол өвдөнө. Энэ үүр нь өргөгдөөд авагдчихдаг. Тэгэхээр үүрийг нь өргөж авчхаад задгай хэсгийг нь таглаж байгаад минжээ байлгана.
-Мэрэгч амьтны төрөл зүйл учраас тарвага зурамтай төстэй юм. Гэхдээ хоёр нутагтан учраас яалт ч үгүй л биеийн хувьд их олон төрлийн онцлогтой харагдаж байна?
-Тэгэлгүй яах вэ. Минжний биеийн урд хэсэг нь мэрэхэд зориулагдсан, хойд хэсэг нь усанд сэлэхэд зориулагдсан. Сүүл нь бол тулгуур эрхтэн, сэлүүр болж өгдөг. Ямарваа нэгэн аюул тохиолдоход сүүлээрээ усанд цохиж бусдадаа мэдээ өгдөг. Нүд, зовхи, хамар, ам нь усанд сэлэхэд хамгаалалт болж өгдөг. Хойд хоёр хөл нь салаа байхгүй битүү. Мэрэгч дундаасаа хамгийн том биетэй амьтан шүү дээ.
-Минжнүүдийг уг нь шөнийн амьдралтай гэдэг дээ. Эд ч мөн адил шөнийн амьдралтай юу?
-Ерөнхийдөө шөнийн амьдралтай. Гэр бүлгүй залуу минжнүүд өдрийн цагт эрт сэрнэ. Харин эсрэгээрээ гэр бүлтэй минжнүүд сайн унтаж, орой сэрдэг. Хэрвээ байгаль дээр байсан бол шөнө оройн цагаар өөрсдийн ажлаа хийх байсан байх. Энд хийх ажил байхгүй учраас усандаа орно, хана, хаалгаа маажна. Хурц шүдтэй учраас төмөр, мод юу байсан ч хамаагүй тас тас хазаж, мэрдэг.
-Өвдөхөөс сэргийлж, ариутгал байнга хийдэг гэсэн. Өвдсөн минжийг яаж мэддэг вэ?
-Андашгүй ээ. Усанд орчхоод гарч ирэхдээ яс нь товойчихсон байдаг. Уснаас гарч ирэхэд нь таргалсан байна уу, турсан байна уу гэдгийг нь мэддэг. Тэгэхгүй бол энэ саглагар үсний цаанаас юу ч мэдэгдэхгүй шүү дээ. Өвдөхөөрөө л жингээ хурдан хасдаг. Дээрээс нь өсөж явахад нь хамгийн их анхаардаг зүйл бол шүд. Шүд нь далий, буруу ургачихдаг. Түүнээс нь сэргийлж нахиа мод, бүдүүн мод өгөөд мэрүүлээд байдаг юм шүү дээ.
-Сахилгагүй ихэр минжнүүдийг Дондог, Дулам гээд нэрлэчихсэн-
-Биднийг орж ирэхэд, халууныг тэсвэрлэдэггүй гэсэн. Хэд орчин хэмд байлгавал зохистой байдаг вэ?
-Сэрүүхэн чийглэг орчинд байлгадаг. Ерөнхийдөө өрөөний температурыг найман хэмээс доошлуулахгүй, 14 хэмээс дээш нь гаргахгүй байх хэрэгтэй. Хэт халуун байвал халууцаад уурлана. Зуны халуунд бүх хөшгөө хааж, сэрүүхэн байлгадаг. Зундаа бас гаргаж, усанд сэлүүлдэг. Хуурай газар дээр их удаан хөдөлгөөнтэй. Харин усан дотор бол гялалзуур шүү дээ.
-Анх нутагшуулснаас хойш хэчнээн минжийг байгальд тавьсан бэ?
-Намайг ажиллаж эхлэхээс өмнөхтэй нийлбэл 70 гаруй минжийг Туулын эх, Хэрлэн голоор тавьсан байх. Гэр бүлсэг амьтан гэж хэлсэн шүү дээ. Аав, ээж үр төлтэй нь хамт хоёр, гурван бүлийг байгальд тавьдаг.
-Шөнийн амьтан учраас байгальд ч тэр хүмүүстэй таарахгүй байх. Байгальд тавьснаас хойш очиж эргэдэг үү?
-Эргэнэ ээ. Анх байгальд нь тавихдаа байгаль хамгаалагчид хүлээлгэж өгдөг. Өдрийн цагаар хүний нүдэнд хэр барагтаа үзэгдэхгүй. Харин хийсэн далан, шуудуу, мэрж унагаасан мод зэргийг нь харж байгаа газрыг н-Та сая хэлэхдээ танилцаагүй минжнүүд хоорондоо эв муутай байдаг гэсэн. Байгальд өөр бүлийн минжнүүд нэгэнтэйгээ таарвал яах бол?
-Байгальд таарвал харьцангуй гайгүй ээ. Энд чинь зугтах том талбай байхгүй шүү дээ. Жижигхэн дөрвөлжин дотор зугтах газаргүйдээ нэгэн рүүгээ дайрч байгаа байх. Өөр өөр газар гэр бүлээрээ амьдардаг ч гэсэн байгалийнхаа зөнгөөр нэг зүйлийг хамтдаа хийдэг юм шиг байна лээ. Том том далан хийчихсэн байдаг.
-Минжнүүддээ нэр өгчихсөн үү?
-Нэр гэхээсээ илүү үүрнийх нь тоогоор л ялгана. Гэхдээ саваагүйтээд бас ихрүүдийг нь ялгах гэж Дондог, Дулам, Бамбар гээд нэрлэчихдэг. Эхнэр маань шоолоод л байдаг юм. Ихрүүдээ ялгах гэж сүүлэн дээр нь им хийдэг гэх үү дээ. Баруун, зүүн талд нь сэтэлдэг. Тэгэхгүй бол ялгагдахын аргагүй амьтад. Байнга нэг үүрнийхээ тоогоор байхгүй учраас самбар дээр бичиж байгаад л тэр нь энэ үүрэнд байгаа гэж цээжлэнэ. Дан ганц бүгдэд нь нэр өгөөд амжилт олохгүй ээ.
-Орос, Герман нутгийн минж гэдгийг нь яаж ялгадаг вэ?
-Нарийн учрыг нь тайлбарлаж мэдэхгүй юм. Анх намайг ажилд ороход хар зүстэй нь герман, шаргал нь орос гэж хэлж байсан. Анх энэ амьтны талаар мэдэхгүй хүндхэн байсан. Youtube-ээс бичлэг үзсээр байгаад ер нь нэлээн дөртэй болсон шүү.
Ийнхүү бидний яриа хэсэг завсарлаж, найм дугаартай үүрэнд байх хоёр минжинд алим, нахиа мод зэргийг өглөө. Тэд урд хоёр гараараа алимаа тэвэрч байгаад сурамгай гэгч нь хурдан хурдан хазлав. Үүнийхээ дараа нахиа модыг мөн л адил барьж байгаад нэг нэгээр нь зумлалаа. Тэд өөрсдийн хэвтрээ ийнхүү засаж, шинэчилдэг аж.
Үргэлжлүүлэн бид Т.Ганзориг гуайн хэрхэн минж маллагч болсон түүхийн талаар ярилцлаа.
-Сантехникчээс минж маллагч болсон нь хувь тавилан байх-
-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн юм бэ?
-Би чинь сантехникч, гагнуурчин хүн шүү дээ.
-Тэгээд яаж минж маллагч болов оо?
-Би бага байхын амьтанд сонирхолтой, их хайртай хүүхэд байсан. Хэчнээн өөр мэргэжилтэй болсон ч хувь тавилангийн дуудлагаар гэх үү дээ. 2016 онд нагац ах маань анх намайг дуудаж, “За чи л эдгээр амьтдыг нандигнаж, хайрлаж, өсгөж чадна” гээд ажилд оруулж байсан юм. Тэр цаг үеэс хойш есөн жил өнгөрчээ. Яг л хүүхдээ харж байгаа юм шиг хайрлаж, харж хандахгүй бол хэцүү шүү дээ. Гэр бүлийнхээ хүнтэй эндээ суурьшиж амьдраад есөн жил болж байна. Нэг ч удаа орхиж явж байгаагүй. Ямар сайндаа есөн жилийн турш наадмын талбай орж үзээгүй байх вэ дээ. Хэрвээ би орхиод явчихвал, хэн энэ хэдийг арчилж тордох вэ дээ.
-Есөн жилийн турш ажиллахад, минжний сонин содон хөгжилтэй үйлдлүүд танд ажиглагдсан байгаа даа. Түүнээсээ хуваалцвал?
-Саяхан нэг аав минж ханаа даваад хоёр зулзагатайгаа хоносон байна лээ. Өнгөрсөн жилийнхээ хоёр ихэр зулзага дээр орж ирээд унтаад өгсөн байсан. Тэгэхээр өөрсдөөс нь өөр минж биш бол гэр бүлийнхнийгээ их таниад байдаг. Эмэгтэй минж нь төллөх үеэр эрэгтэй минж нь дүдрэнгийхээ хэвтрийг бэлдээд, хэд хоног мод цуулдаг. Яг төллөх дөхсөн үед нь эмэгтэй минжнийхээ хөхийг айхтар базаж, цохиод байдаг. Сүү оруулах гэж тэгдэг юм шиг байна лээ. Ер нь өдөр болгон л нэг хөөрхөн үйлдэл олж хардаг. Заримдаа энэ хэддээ сонгодог хөгжим тавьж өгч, унтуулна. Учиргүй тавгүй байлгахгүй л бол их тухтай амгалан байж чаддаг амьтад шүү дээ.
Сонирхуулахад, Минж нутагшуулах үржүүлэх энэхүү ажил хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хот орчим дахь биологийн төрөл зүйлийн нарийвчилсан судалгаатай болжээ. Ингэснээр биологийн төрөл зүйлийг хамгаалах, үржүүлэх, зөв зохистой хэмжээнд байлгах зэргээр цаашид олон төрлийн үйл ажиллаагаа явуулахад өндөр ач холбогдолтой байгаа аж. Минж нутагшуулах нь байгалийг байгалийн аргаар нь нөхөн сэргээх хамгийн оновчтой арга зам юм. Судлаачдын дүгнэснээр доод тал нь 100 тоо толгой минж нутагшин үүргээ гүйцэтгэж байж үр дүн гардаг болохыг тодорхойлсон бөгөөд төсөл хэрэгжснээс хойш 70 гаруй минж нутагшсан байна. Эдгээр “Инженерүүд” амжилттай нутагшснаар хүн ардын ундаа болсон Туулын ус мяралзан урсаж, ширгэх тасрахын аюулаас холдоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ахад их учир байна аа. Энэ сайхан амьтдыг амьд эрүүл саруул байлгаж байгаа нь энэ ахын ач шүү. Хөөрхий гэртээ харьж үзээгүй л ажилладаг байхдаа
Эхнэртэйгээ хамт энэ үржүүлгийн газартаа суурьшсан гэнэ.
Ёстой сонирхолтой амьтан юм аа тийм ээ
Хөөрхөн юмаа, минж м�##�ладаг ахад амжилт хүсье!
"Эдгээр “Инженерүүд” амжилттай нутагшснаар хүн ардын ундаа болсон Туулын ус мяр�##�зан урсаж, ширгэх тасрахын аюулаас холдоод байна." гэх нотолгоог минжнээс болсон гэдгийг нотлоод өгөөрэй. Тэгэхгүй бол арай дэндүү бүдүүлэг байна шүү.