УЛИАСТАЙН ЭЦЭС ДЭХ ИД ШИД

Манайх гэдэг айл Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастайд амьдраад яг хорин жил болжээ. Манайхыг Улиастайн эцсийн /хуучин/ буудлаас 2 км-ийн зайд, Баатархайрханы баруун оёорт зүлгэн дээр байшингаа барьж байхад хаяагаар мал бэлчсэн, хавь ойр айл амьтан байхгүй, зэлүүдхэн. Ер нь Улиастай зэлүүд, тун ховор оросын огтор шар ПАЗ автобус явдаг, ихэнхдээ Шар хадны эцэст буугаад гол гатлан, өвөлд нь жавар сөрөн, зунд нь намаг гатлан гүйдэг байлаа. Удалгүй айлууд нэмж буусаар, манайхаас хойшоо талийж, баруун тийшээ Шар хадтай, зүүн тийшээ Хужирбулантай хаяа залгав.
Энэ хорин жилд япончуудын барьж өгсөн 87 -р сургуулийн өргөтгөл, мөн хоёр давхар цагдаагийн томоохон хэсгийн барилга л баригдлаа. Өөр олигтой юм баригдсангүй удав. Ер хөгжлөөс хоцронги, хог нь хөглөрч, архичид гунхаж, золбин нохой нь холхисон л газар. Өвөлд нь үнс дарж, зунд нь тоос боссон, шинэ юм үгүй, гэгээлэг юм ч бас ховор.
Гэтэл Улиастайн эцэст энэ жилээс ид шидийн юм шиг л юм болж байна. Шинэ эцсийн буудлаас зуугаадхан м-ийн зайд Ид шидийн орон босжээ. Ид шидийн гэдэгт хэд хэдэн учир бий.
Ердөө 6 сарын эхээр л ажлаа эхлүүлж байсан энэ газарт өнөө ид шид хэдийнэ амилж, 2 тэрбум гаруй хөрөнгөөр томоохон, гэхдээ үнэ цэнэтэй бүтээн байгуулалт хийгээд дуусаж байна. 10 айлын газарт 2 давхар, загварлаг, гоёмсог барилга босож, хашаан дотор нь хүүхдийн тоглоомын талбай, усан суваг, түүн дээгүүр тавьсан үлгэрийнх шиг хөөрхөн гүүр, биеийн тамирийн талбай, тэнд бас гурван давхар суудалд сууж байгаад үзэж болох задгай театр...
Байшин дотроо бүр ч сонирхолтой. Юуны өмнө сургуулийн өмнөх насныханд зориулсан хэд хэдэн анги танхим байна. Яг л олон улсын стандарт ямар байдаг вэ, тийм л хэмжээнд хийгджээ. 5-6 насныхны өрөөнд ороход миний хайртай үлгэрийн баатар Винни Пүү тосож байна. Винни Пүүгээр амьсгалсан өрөө болох нь дээ. Бяцхан гэнэн цайлган Винни бамбарууш хүүхдүүдийн зүрх сэтгэлд итгэл найдварын, хайрын хэзээ ч унтардаггүй гэрэл асааж өгдөг шидтэй нөхөр байгаа юм. Бүр бага насныхны ч өрөө байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан бүтэн нэг анги гаргах юм байна. Бас балетийн, ёгын, бүжгийн, хэлний болон бусад янз бүрийн сургалтын өрөө танхимтай. Нэн орчин үеийн загвар, зохион байгуулалттай, тоноглолтой. Энд мөн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ, лекц яриа хийнэ, охидын аминчхан яриа болно, ер хүүхдэд хамаатай бүхий л үйл ажиллагаа болно. Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг Хүүхэд хамгаалах нэг цэгийн үйлчилгээ. Үүдэн дээрх хүлээн авахаас эхлээд л цаанаа л нэг өөр, шидтэй мэт. Хоёр залуу дэлгэсэн ном руу орж буй мэт хаалга хийж зогсоно. Тэд санаачилгаараа хийж буй гэнэ. Аалзны шүлстэй, долгиотсон олон хуудастай тэр хаалгаар ороход Харри Поттерийн шидэт ертөнц рүү хаалга татаад орж явчихаж буй мэт сэтгэгдэл төрнө. Тэгээд нэгэн кафе руу орчихно.
"Шидэт кафе" нэртэй номын сантай кафе нь ашиглалтад орсон, хүүхдүүд бужигнаж байна. Өдөрт 70 гаруй хүүхэд тогтмол ирж ном уншдаг гэнэ. Амралтын өдрөөр бүр их ирдэг ажээ. Энэ кафед ирсэн сайн санаат үйлчлүүлэгчид кафе уунгаа номын сангаар орж ирсэн хүүхдүүдийг халуун сүүгээр дайлах боломжтой. Гэхдээ хүүхэд халуун сүү уухын тулд юуны өмнө номын санд сууж, ном уншиж, даалгавараа хийх ёстой. Бүр Шар хад, Амгалангийн эцэс, Хужирбулангаас хүртэл хүүхдүүд зорьж ирдэг болжээ. Улиастай орчмын амьдралын боломжгүй хүүхдүүдэд өдөрт нэг аяга ч болов халуун сүү уулгахыг хүссэн хэн боловч энд ирж шинэ бүтээн байгуулалттай, ид шидтэй танилцангаа аяга кофе ууж болох нь байна шүү. Бас олон шинэ санааг эндээс олох болно, итгэлцэл, хайрын хүчийг ч мэдрэх болно. Номын санд нь олон номууд иржээ, мөн л сайн санаатнуудын сэтгэлийнх.
Номоор бараг 2 метр илүү өндөр сүлд модоо засчихаж.
Томоохон гал тогоотой, хийн халаалттай. Дашваанжил ХХК-ийнхан 70 гаруй сая төгрөгийн үнэ бүхий халаалтынх нь системийг суурилуулж өгөөд зогсохгүй маш хямд үнээр хийг нь нийлүүлж байгаа гэнэ.
Шалыг нь бас нэг компани, гадаах тохижилтийг нь бас нэг нь, нэг өрөөг нэг сүмийнхэн, агааржуулалтыг нь бас нэг компани, Шидэт кафег нэг нь, лекц сургалтын танхимыг нөгөөх нь гэх мэтээр тус тусдаа л нэг нэг зүйлийг нь хариуцан хийж.
Энэ 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө 60 мянга гаруй байгууллага, хувь хүмүүсийн хандив туслалцаагаар босжээ. Монгол ахан дүүс маань мянга мянгаараа сайн үйлийн аянд нэгдэж чаддаг болжээ. Үүнийг сонсоход сайхан байлаа. Гол нь тэднийг энэ сайхан зам мөрт "уруу татаж", үр дүнтэй, үнэ цэнэтэй болгож чадаж буй Ид шидийн орон төслийнхний сэтгэл, санаачилга, уйгагүй хөдөлмөр. Уг төслийн санаачлагч Ч.Ганжавхлан манийг дагуулан бүхий л өрөө тасалгаагаар орж, тайлбарлан танилцуулав. Манай Улиастайд болон түүний ойр орчмын бүсэд амьдралын хүнд нөхцөлд аж төрдөг хэдэн зуун хүүхэд багачууд бий. Аргаа баран цөхөрч буй эцэг эхчүүд ч олон. Тэдэнд амьдрах, ирээдүйд итгэх итгэл найдвар бэлэглэх нь хамгийн чухал. Энэ төвийн хаалгаар орсон хэнд ч итгэл төрөхөөр... Мөн сэтгэл, итгэл нь байвал ийм хэмжээний бүтээн байгуулалтыг 6-хан сарын дотор босгож болдог, яг хэрэгтэй, амин шаардлагатай үйлчилгээг нь онож өгч болдгийг харуулж байгаагаараа монгол орон даяар маш олон хүнд итгэл найдвар, хийж бүтээх урам зориг хайрлаж байгаа нь бас чухал. Ийм хоёр итгэл найдвар энэ төвөөс ундарч байна. Ямар ч хөрөнгө оруулалттай харьцуулах аргагүй үнэ цэнэтэй зүйл энэ юм. Аймгуудаас ирсэн хүмүүс аймагтаа ийм зүйл хийцгээнэ гэлцээд гардаг гэнэ. Хотын дарга ирж үзээд, "Яг үнэнийг хэлэхэд би та бүхнээс ичиж байна. Ингээд хийчихэж болох л байжээ" гэжээ. Үүнийг олж харж, мэдэрч байгаа хотын даргадаа баярлалаа гэмээр. Ганжавхлан болон Ундраа, Базарсүрэн, Лхагва нарын төслийнхөнтэй "Шидэт кафе"-д хэсэг зуур суув. Хүүхдүүд орж гарч, аяга халуун сүү ч болов өгчих гэсэн хүмүүс ирж очино. Энд ажилчид өнжин хонон ажиллана. Бас сайн дурынхан буюу ажил, хичээлийнхээ завсар чөлөөгөөр ирж ажиллаад буцдаг нь ч хөлхөнө. Энэ хугацаанд нийтдээ 6000 гаран хүүхэд залуус ирж ажиллажээ. 87-р сургуулийн охид ангиараа ирж шал цэвэрлэж өгсөн гэнэ. Улиастайд амьдардаг нэг залуу сайн дураараа портер машинаараа зунжин, намаржин ачаа зөөж үйлчилсэн гэнэ. Олон оюутан залуу хичээлийнхээ завсар чөлөөгөөр ирж нэмэр тус болжээ.
Ганжавхлан ярьж байна. Хашааныхаа урд хэсэгт байгаа зайны нэг хэсэгт хоёр давхар байр барина. Түүнийхээ хоёр давхарт энэ хавийн гэр орон муутай өрх толгойлсон эмэгтэйчүүдийг суулгана. Нэг давхарт нь оёдлын цех байгуулна. Харин нөгөө хэсэгт нь өвөл зунгүй ажиллах хүнсний ногооны хүлэмж байгуулна. Төвийнхөө хүнсний ногоог тэндээс хангаад зогсохгүй хүүхэд багачуудыг хөдөлмөрлүүлж, түүнийхээ үр шимийг нь мэдэрч сургана гэв. Ер өөр санаж сэдэж буй зүйлс зөндөө ажээ.
Өмнө мөн ийм Ид шидийн орон Баянхошууны баруун салаанд босож, олон зуун хүүхэд багачуудад тус дэм болж буй, мөн үүнд олон хүний тус дэм, тэр дундаа Америкт аж төрж буй Ид шидтэй ах эгч нарын тус дэм их бий.
Манай Улиастайд сүүлийн 30 жил босоогүй том бүтээн байгуулалт босчээ. Түүнтэй харьцуулах аргагүй үнэ цэнэтэй зүйл нь гэр хорооллын амьдрах итгэл нь алдарсан, алдарч буй мянга мянган эцэг эхчүүдэд, хүүхэд багачуудад итгэл хайрлаж, мөн улс орон даяар ийм үйлсийг бүтээж болдог юм байна гэдгийг илэрхий үзүүлж харуулж буй нь...
Ид шидийг ямар нэгэн далдын хүчтэй ид шидтэн бус харин итгэл сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л бүтээдэг аж. Удахгүй энэ төвөөс Ид шидтэй өвлийн өвөө машаан дүүрэн дүүрэн бэлгээ аваад, мушгирч, ороолдсон гудамжаар явж, галгүй, хоолгүй, итгэлгүй байгаа олон зуун хүүхэд багачуудад бэлэг түгээнэ. Тэр бэлгийг дагаад итгэл хайр түгнэ.
Б.НАМИНЧИМЭД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой сайхан юм. Амжилт хүсэе!!! Чадаж байна болж байна. Сайхан бүхэн өөдөө дэвжиг. Баярл�##�аа Ганжавхлаан.
yamar saihan medee we. bayar hurgie.