Байден Трампаас өмнө олон ажил амжуулахаар цагтай уралдаж байна
Арваннэгдүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан. Тэр нэгдүгээр сард тангаргаа өргөн ажлаа хүлээн авна. Үүнээс өмнө Жо Байден Украин руу чадах чинээгээрээ тусламж илгээж, үйлдвэрлэлийн салбарт олгох татаасыг бат болгон, холбооны шүүгч нарыг томилохоор цагтай уралдаж байна.
Намынх нь нэр дэвшигч Камала Харрис ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн. Мөн Конгрессын дээд болон доод танхимд Трампын Бүгд найрамдах нам олонх болсон байгаа. Конгрессын гишүүдийг тодруулах сонгууль хоёр жил тутам явагддаг. Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүд хоёр жилийн турш алба хаадаг харин Сенатууд зургаан жилийн турш алба хаадаг юм. Ийм учир хоёр жил тутам явагддаг сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын нийт суудлын төлөө намууд өрсөлддөг байна. Харин Сенатын танхимын суудлын гуравны нэгийн төлөө намууд өрсөлддөг. Тэгэхээр ирэх хоёр жилийн турш Трампын Бүгд найрамдах нам Конгрессын олонх байх юм. Энэ нь түүнд хүссэн бодлогоо явуулахад томоохон давуу тал болно.
Ийм учир Байден засгийн газрын гишүүд болон ахлах албан тушаалтнуудаа шуурхай ажиллахыг уриалж байгаа юм. Ийнхүү дотоод болон гадаад бодлогын санаачилгуудаа илүү эрчимжүүлж байгаа нь томоохон бодлогуудаа хамгаалж, Трамп цуцлахаас сэргийлэх зорилготой.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан арваннэгдүгээр сарын сүүлээр "Ерөнхийлөгч бидэнд аль болох их ажлыг амжуулах шаардлагатайг маш тодорхой хэлсэн. Тэрбээр үлдсэн хугацааг үр бүтээлтэй байлгахыг хүсэж байгаа" хэмээсэн юм.
Дэлхийн тавцанд Байден Украинд зэвсэг илгээж, Газын зурвас дахь Израил, Хамасын дайнд гал зогсоох сүүлийн оролдлогоо хийнэ. Харин дотооддоо тэр технологи хөгжүүлэхэд татаас олгож, холбооны шүүгчдийг амжиж томилохоор зорьж буй.
Украины дайн
Дайн эхэлсэн цагаас хойш Байден АНУ-ын зэвсгээр Украин ОХУ-д цохилт өгөхийг хориглосоор ирсэн. Тэгвэл сүүлийн мөчид Байден Украиныг дайны талбарт байр сууриа бэхжүүлэхэд туслах алхмыг хийж ATACMS нэртэй алсын тусгалтай пуужингаар ОХУ-д цохилт өгөхийг зөвшөөрсөн юм. Түүний зөвшөөрлийг даган Их Британи улс Storm Shadow алсын тусгалтай пуужинг ашиглан ОХУ-д цохилт өгөх зөвшөөрөл олгосон.
Трамп өмнө нь Украинд АНУ-аас үзүүлж буй тусламжийг шүүмжилж байсан. Мөн тэр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг түргэн зогсоохоо амласан. Мэргэжилтнүүдийн дэвшүүлээд буй таамаглалуудын нэг нь Трамп зэвсгийн тусламж илгээхээ зогсооно гэж Киевийн эрх баригчдыг сүрдүүлэн, фронтыг одоогийн зураас дээр царцааж дайныг зогсоох юм. Мөн Трампын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д Ванс сонгуулийн сурталчилгааны үеэр ОХУ одоогийн эзэлсэн газраа авч үлдэх санал дэвшүүлсэн. Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа урьдчилж тааварлах боломжгүй, гэнэтийн шийдвэр гаргадаг байсан билээ. Ийм учир АНУ-аас Украин руу илгээх тусламж хэрхэх нь тодорхойгүй байгаа юм.
Байдены захиргаанд Украин руу илгээх зэвсгийн тусламжийн санд нь 6 тэрбум гаруй ам.доллар үлдсэн байгаа. АНУ хамгийн сүүлд даваа гарагт /2024.12.02/ Украин руу 725 сая ам.долларын зэвсэг илгээх болсноо мэдэгдсэн. Мөн Байден Украины 4.7 тэрбум ам.долларын зээлийг нь тэглэхээр ажиллаж байна.
Цагаан Украин руу нэмж 24 тэрбум ам.долларын тусламж илгээх зөвшөөрөл олгохыг Конгресоос хүссэн юм. Гэвч Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Украин руу илгээх тусламжийг Трамп шийднэ хэмээн тэрхүү зөвшөөрлийг олгох санал хураалт явуулахаас татгалзсан.
Ойрх дорнодод
Ойрх дорнод дахь хурцадмал байдлын хувьд Байдены захиргаа саяхан Францын тусламжтай Хезболла, Израилын хооронд гал зогсоох тохиролцоог зуучилж чадсан. Гэвч Израил, Хезболла хоёр бие биеэ гал зогсоох тохиролцооны нөхцөлийг зөрчсөн гэж буруутгах болсон юм. Одоо хоёр тал хил дээр гал солилцож байгаа. Гэхдээ гал зогсоох тохиролцоо нурж унан, хоёр тал дахин дайтахдаа тулаагүй байна.
Харин Газын зурваст Байден Израил, Хамасын хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг солилцох тохиролцоог зуучилж чадаагүй. Мөн ирэх сарын дотор хоёр тал тохиролцоонд хүрч чадах эсэх нь маш бүрхэг байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Байден “АНУ нь Турк, Египет, Катар, Израилтай хамтдаа Газын зурваст гал зогсоож, барьцаанд буй хүмүүсийг суллан, Хамасыг дайны дараа эрх мэдэлд үлдээхгүй байлгахын төлөө дахин нэг оролдлого хийнэ” хэмээсэн. Өмнө нь Газын зурвасын хэлэлцээнд Турк улс оролцож байгаагүй. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс нь Газын зурваст гал зогсоох ажлыг бүтээхэд оролцохдоо бэлэн гэж хэд хэдэн удаа илэрхийлж байсан. Турк бол Ойрх дорнодод томоохон нөлөөлөл үзүүлж чадах улс билээ.
Дотооддоо
Байдены дотоод дахь одоогийн гол зорилго нь үйлдвэрлэл болон дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Трампын хоёр дахь засаглалын үед ч хадгалан үлдэхийг баталгаажуулах юм.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Бид төслүүдийг хэрэгжүүлж эхлэх, санхүүжилт олгох, ерөнхийлөгчийн баталсан янз бүрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг аль болох хангах тал дээр сайн ажиллаж байна” хэмээсэн юм.
Худалдааны сайд Жина Раймондо Байдены Чипийн тухай хуулийн хүрээнд АНУ-ын микрочип үйлдвэрлэлийг хурдасгахад зориулагдсан 50 тэрбум ам.долларыг санхүүжилтийг бараг бүхэлд нь зарцуулж дуусгах зорилготой буйгаа мэдэгджээ. Үүнээс 39 тэрбум ам.доллар нь урамшуулалд, 11 тэрбум ам.доллар нь судалгаа, хөгжүүлэлтэд зориулагдана.
Саяхан “Politico”-д өгсөн ярилцлагадаа Раймондо ажлынхаа багт амралтын өдрүүдэд ч ажиллахыг даалгасан гэжээ. Мөн Тэр технологийн компаниудын удирдах албаныхантай хувийн дуудлага хийж, гэрээ хэлцлийг хурдасгахаар ажиллаж байгаа хэмээсэн юм.
Байдены захиргаа ногоон технологийн компаниудад 369 тэрбум ам.долларын татаас олгох тухай багтаасан Инфляцийг бууруулах төсөл (Inflation Reduction Act) хэрэгжүүлж буй. Түүний захиргаа дахь уур амьсгалын өөрчлөлтийн албан тушаалтнууд Трамп энэхүү төслийг цуцлахааргүй болгохоор ажиллаж байна. Мөн Байдены анхаарал хандуулж буй дотоодын нэг зүйл нь Сенатын танхимд Ардчилсан нам олонх хэвээрээ байх нэг сарын хугацаанд аль болох олон шүүгч томилох юм. Цагаан ордны нэгэн албан тушаалтан “Ерөнхийлөгч нэр дэвшүүлсэн олон шүүгчид батламж олгохын тулд сенатуудтай маш нягт хамтран ажиллаж байгаа. Учир нь Байден шүүх захиргаанд урт хугацааны өөрчлөлт авчрахыг хүсэж байгаа” гэжээ.
Ийнхүү Байдены захиргаа ирэх нэг сарын хугацаанд гадаад, дотоод асуудал дээр аль болох олон ажил амжуулахаар цагтай уралдаж байна.
Эх сурвалж: Financial Times, Anadolu Ajansi, Washington Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөнөг жо буухаасаа өмнө дэлхийн 3-р дайныг эхлүүлэх вий дээ
Хамгийн шударга, аугаа ерөнхийлөгч шүү