Top StoriesАнагаах мэдлэгНийгэм ярилцлага

Гоо сайхны мэс заслын эмч, багш М.Мишээл: Олны танил хүний зураг хараад яг ийм болно гэсэн төсөөлөл, хүлээлттэй ирдэг

Гоо сайхны төрөл бүрийн мэс засал, ботокс тарилгууд, шүд пааландах, бүрэх зэрэг үйлчилгээнүүд өдрөөс өдөрт төрөл хэлбэрийн хувьд олширч байна. Ялангуяа эмэгтэйчүүд ботокс тарилгыг ойрхон давтамжаар хийлгэсээр хамааралтай ч болж буй.
Мэдээж энэ бүх ажилбар өөрийн жор тун, стандарт хугацаа, дэглэм гам гээд олон зүйлийг мэдэж байж л хийлгэхгүй бол боломгүй онцлогтой.

Тэр ч утгаараа “Анагаах мэдлэг” энэ удаад АШУҮИС-ийн мэс заслын танхимын багш, “Мина” гоо сайхны эмнэлгийг үүсгэн байгуулагч, мэс заслын эмч М.Мишээлтэй ярилцлаа.

-Та ярианы эхэнд зонхилон хийж байгаа мэс заслуудынхаа талаар мэдээлэл өгөөч?

-Үндсэн хоёр мэргэжлийнхээ нийт хэлбэрээр ажилладаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, эрүү нүүрний мэс засал гэдэгт эрүү нүүр орчим байрлалтай эмгэгүүд, хортой хоргүй хавдрууд, хатуу, зөөлөн эдийн гэмтэл бэртэл, хүндрэлтэй болон энгийн шүд авалт, удамшлын гаралтай уруул тагнайн сэтэрхий хагалгаанууд.

Нөгөө нь болохоор гоо сайхны толгой хүзүүний байршилтай мэс заслуудыг түлхүү хийж байгаа. Тодруулбал, зовхи орчмын хагалгаа, хөмсөг, дух, нүүр, хүзүү өргөх, уруул, хамрын хагалгаа гэх мэт. Үүнээс гадна арьсны давхарга дээр олон төрлийн тарилгууд, гуужуулах, нөхөн төлжүүлэх эмчилгээ хийдэг.

-Тантай уулзах гол шалтгаан нь хүмүүс энгийн нүдээр харахад замбараагүй хэрэглээ ч гэж тодорхойлж болохоор гоо сайхны хагалгаанд орж байна. Тэр утгаараа бид мэргэжлийн эмчээс зөв, хэрэгтэй, сайн мэдээллийг авч өгөх юм. Тэгэхээр энд хүмүүс нийтлэгээрээ юуг анхаарах вэ?

-Гоо сайхны мэс засал зайлшгүй шаардлагатай тохиолдолд хийгдэх ёстой ажилбаруудын нэг. Хэдий тухайн хүн хийлгэх хүсэлтэй байгаа ч эмч, эмнэлгийн байгууллага үзэж дүгнээд шаардлагагүй гэх хариултыг өгөх боломжтой. Яагаад гэвэл үйлчлүүлэгчийн хүсч байгаа үр дүн нь зарим тохиолдолд бодитой бус байх нь бий. Хэт өндөр хүлээлттэй үүнийг нь гүйцэтгэх боломжгүй бол эмч боломжгүй эсвэл хүсч байгаа үр дүнг нь харгалзан үзээд өөр ажилбар санал болгох тохиолдол байна. Асуудал юун дээр үүсэх вэ гэвэл тухайн хүний хэлсэн бүгдийг хийх гэж өөрсдийн чиглэлийг өөрчлөх, үйлчлүүлэгчийн үгээр байх юмбол хагалгааны эцэст ямар дүнд хүрэхээ мэдэхгүй учраас сэтгэлд нь хүрэхгүй байх тохиолдол гарна.

-Шаардлагагүй гэдгийг тодруулж асуумаар байна...?

-Гоо сайхны хагалгааг өвчинтэй харьцуулан ярихад өвдөөгүй учир хийлгэх шаардлагагүй. Тухайн хүний өөрийн хүсэлтийн дагуу хийгддэг. Зарим тохиолдолд үнэхээр зовхи унжиж нүдийг нь даран харах талбайг нь хязгаарлаад байгаа тохиолдолд хийх боломжтой. Мөн төрөлхийн нүд нээх булчингийн саажилттай хүүхдүүдэд давхраа үүсгэх замаар арьсны цаана байгаа булчинг чангалж зовхи өргөх хагалгааг хийдэг. Түүнчлэн хамрын хагалгаа байна. Гэмтэл авч муруйсан, далийсэн үүнээсээ болоод амьсгал саадтай тохиолдолд тэгшлэх замаар үүнийхээ хажуугаар үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу хамрын хэлбэрийг бага зэрэг өөрчилж хагалгаа хийж болдог. Эдгээр нь гоо сайхны хагалгааны боломжит шалтгаанууд юм.

-Хэт өндөр хүлээлттэй эсвэл хагалгаа шаардлагагүй үйлчлүүлэгчдийн тухай тодорхой яривал?

-Гоо сайхны хагалгаа хийлгэх хүсэлтэй хүмүүсийг ажиглахад багагүй хувь нь сэтгэл хөдлөлдөө удирдагдаж шийдвэр гаргасан байдаг. Магадгүй олны танил хүний хагалгааны үр дүнг харж яг түүн шиг болно гээд бодолтой ирдэг. Энэ тохиолдолд эмч, эмнэлэг ойлголтыг маш сайн өгөх хэрэгтэй. Боломжтой бол боломжтой хариултыг өгнө. Мөн үүнтэй ойролцоо болно, хийж болохоор ажилбар байна гэхээр ойлголцож байгаа юм. Үнэхээр боломжгүй ази хүн европ дүр төрхтэй болъё гээд ирж байгааг ойлгуулж хэлэх ёстой. Анхнаасаа хүсч дотроо төсөөлөөд ирж байгаа дүр зураг өөрийгөө ямар болох вэ гэсэн хүлээлт, эмнэлгээс боломжит хэлбэрээ тайлбарлаж өгч байгаа ойлголт хоёр давхцаж байх ёстой. Тэгж байж хэн хэн нь сэтгэл ханамжтай үлдэнэ гэсэн үг. Харин нэг нь маш өндөр хүлээлттэй, нөгөө нь бодит хүлээлтийг өөдөөс тулгаад тэгсэн хэрнээ хагалгаа орчихсон тохиолдолд энэ ойлголтын зөрүү бий болно.

-Хүлээлтийн зөрүү гарах нь олон уу?

-Ер нь бол цөөн. Манай эмнэлгийн хувьд, бусад эмнэлгүүдэд ч гэсэн ийм л байгаа байх. Ямар тохиолдолд хүлээлтийн зөрүү хэвээрээ үлддэг вэ гэхээр үйлчлүүлэгч эмчийн зөвлөмжийг санал болгож буй ажилбарыг үл ойшоосон, өөрийнхөөрөө ойлгосон хэвээрээ эсвэл ойлгохыг хүсээгүй байж болно. Түрүүн хэлсэнчлэн сэтгэл хөдлөл өндөртэй шийдвэр гаргаж байгаа тохиолдолд тийм асуудал гарах гээд байдаг. Удаан хугацаанд хагалгаагаа бодоод эргэцүүлж суурьтай шийдвэр гаргаад ирсэн бол ийм асуудал үүсэхгүй.

-Юун дээр илүү их алддаг вэ?

-Дан ганц үйлчлүүлэгч алдаад байгаа юмбиш. Эмнэлэг, эмчийн ч гэсэн алдаа байдаг. Хэрвээ алдаа байвал эмч, эмнэлэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр үйлчлүүлэгчдэд ч, нийгэмд ч нэр хүндээ хадгалах, зөв ойлголтыг төрүүлнэ гэсэн үг. Хүмүүсийн талаас ямар асуудал байдаг вэ гэхээр одоо жишээ нь солонгосын хагалгаанд орсон иргэнд 10 зөвлөмж өгөхөд бүгдийг нь биелүүлнэ, харин манайхан бол хамгийн дээд тал нь наймыг биелүүлнэ. Үлдсэн хоёрыг нь болчихноо доо гэдэг ч юмуу хайнгаар хаядаг. Уг нь бол эмч, эмнэлгийнхээ зөвлөмжийг дагаад явахад хүндрэл гарах, хагалгааны үр дүн хувьсан өөрчлөгдөх тохиолдол бараг гарахгүй. Хэдийгээр хүний бие организм өөр ч архаг хууч эсвэл суурь өвчтэй хүмүүст хагалгааны үр дүн нөлөөлдөг.

-Жирэмснээ хэлэхгүй нууж давхраа хийлгээд хаван нь буухгүй хоёр өөр болчихдог-

Жишээ нь, чихрийн шижинтэй хүн нуугаад хэлэхгүй хагалгаанд орчхоор эдгэдэггүй удаан явдаг. Бас зарим нь жирэмсэн гэдгээ хэлэхгүй, хэлчихвэл хийхээ больчихно гэж боддог ч юмуу нуугаад давхраанд орчихдог. Тэгэнгүүт мэс заслын хаван хавдар удаан бууна, эцсийн дүндээ эдгэрлээ гэхэд хүссэн үр дүндээ хүрдэггүй. Давхраа гэдэг чинь нэг нугалаас үүсгэж хийдэг. Нугалаасны байрлал тодорхой цэг дээр очиж бэхлэгдэж наалдаж байдаг. Гэтэл хаван удаан байснаас хос эрхтэн учраас ондоо эдгэх эрсдэлтэй. Хоёр өөр болчихлоо гэсэн асуудал ингэж үүсдэг тал бий.

-Гоо сайхны мэс засал хийлгэх тохиромжтой бас тохиромжгүй гэсэн насны ангилал бий юу?

-Гоо сайхны хагалгааг насанд хүрсэн хүмүүст хийдэг. Зарим нэг ховор тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр шаардлагатай хагалгааг хийдэг. Жишээ нь, нүд нээх булчингийн гажигтай ч юмуу унтаа буюу сүүмгэр нүдтэй хүүхдүүдийг эрт үед хийдэг. Ер нь бол 21-55 насыг гоо сайхны хагалгаа хийлгэх тохиромжтой бүлэг гэж үздэг. Энэ хугацаанд мэдээж 20, 30, 35 насанд хийгдэх ажилбарын хувьд бол давхраа, хамрын хагалгаа нийтлэг. 35-55 насны хооронд шинээр хэлбэр дүрсийг өөрчлөхөөсөө илүүтэй унжилт арилгах, зовхины дарагдсан арьс авах, нүүрний хацрын болон унжсан сул арьсыг авах хагалгаанууд илүү түлхүү хийгддэг. Өөрөөр хэлбэл залуу дүр төрхийг нь сэргээж өгөх чиглэлийн ажилбарууд түлхүү хийгдэнэ.

-Амнаас ам дамжсан ярианд хүмүүс ихэд итгэдэг. Тухайлбал, ярилцаж буй сэдвийн хүрээнд залуудаа татуулбал нас яваад унжилт үүсэх үед яаж ч болдоггүй, ботокс хийлгэхээр давтан орох тусам грамм нь нэмэгдэж өөрөөр хэлбэл арьс сунадаг гэх мэтээр ярьдаг?

-Жишээ нь, ботоксыг ярихад үндсэн үйлчилгээ барих хугацаа нь 6-8 сар, удаандаа 12 сараар барина гэж үздэг. Мэдээжийн хэрэг ямар ч эм, химийн бодис удаан хугацаанд хэрэглэх тохиолдолд дасал үүсгэх боломжтой. Харин шаардлагатай тохиолдолд хийж байгаа бол асуудал үүсэхгүй. Ойр, ойрхон 2-3 сар болоод үйлчилгээ нь гарчихсан юм шиг санагдахаар гүйж ирээд хийлгэдэг хүмүүс бий. Ингэхээр дараагийнхаа ажилбарт ороход илүү өндөр тунгаар хийж байж үйлчлүүлэгчид үр дүн өгч байгаа мэт санагддаг болно. Ботоксыг анхны удаа 6 сар, давтан хийлгэж байгаа бол 8 сар, тогтмол хийлгэдэг бол 12 сар гээд барих хугацаа нь уртсаад үйлчилгээгээ үзүүлдэг.

Эрт үедээ хийлгэвэл эргээд асуудал үүснэ гэдэг ам дамжсан мэдээллийн тухайд утсан давхраагаар жишээ авъя. Утсан давхраа нь нимгэн зовхитой арьсны унжилт огт байхгүй залуу хүмүүст хийхэд тохиромжтой. Гэвч монгол хүмүүс ерөнхийдөө бусад азийн орнуудын хүмүүстэй харьцуулж харахад нимгэн зовхитой биш. Тийм учраас зүсэлттэй, бага зэргийн дарсан илүүдэл арьсыг авч давхраа хийх нь тохиромжтой. Мэдээжийн хэрэг хүн хөгширч л байгаа бол нүүрний зөөлөн эд дэлхийн татах хүчээр сулраад унжиж л байгаа.

Гэхдээ 18 насандаа зовхи татуулах, давхраа хийлгэх ажилбар хийлгэсэн бол 25 жилийн дараа сул арьс гарч ирэх боломжтой. Түүнээс биш 2-5 жилийн дотор арьс унждаггүй. Энд тухайн хүний өдөр тутмын арьсны арчилгаа маш чухал, Мөн тухайн эмнэлэг арьсыг дутуу авснаас болоод ойрхон унжаад байгаа юмшиг ойлголт төрүлдэг. Гоо сайхны хагалгаа эрхтэн тус бүрт хийгдвэл нэг л удаа байхад тохиромжтой. Дараа нь засч болно, давтан хийж болно тэдэн удаа гэсэн тоо бол байхгүй. Зарим тохиолдолд давтан хийснээрээ илүү сайн үр дүнд хийж байгаа тохиолдол ч байна. Шаардлагагүй үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр ч юмуу өөрчлөөд илүү хүсээгүй үр дүнд хүрч байгаа засврын тохиолдол байдаг.

-Дэлхий нийтээрээ татгалзсан тарилгыг манай улсад хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Миний хийдэг хамрын ажилбар дээр хамгийн их тулгардаг асуудлын нэг нь хамрандаа утас суулгуулсан хүмүүс юм. Нүүрэнд утас суулгах ажилбар Солонгос улсаас гаралтай, арваад жилийн өмнө хийж байсан. Нүүр татах зорилгоор зарим нэг хагалгааны заалтад хүрэхгүй байгаа хүнд хийж болно. Харин хамарт өргөстэй утсыг суулгахаар дараа нь үрэвсэл үүсэх өндөр эрсдэлтэй. Хийлгэсэн даруйд шарх эдгэрээд хэвийн байгаа мэт боловч дархлаа тогтолцоо сулрах, ханиад хүрэх, өвдөх зэрэгт гадны биет гэдэг утгаараа хүний бие өөрөөсөө түлхэн зайлуулах процесс явагддаг. Тэгэхээр үрэвсдэг. Манайд яг ийм тохиолдлоор олон хүн ирдэг. Хамар нимгэн арьстай учир харагдах байдал нь түргэн хугацаанд өөрчлөгддөг. Дараа дараадаа хамрын хагалгаа хийлгэхэд төвөгтэй болно. Анхнаасаа хамрын хагалгаа хийлгэе, хэлбэрийг нь сайжруулъя гэж бодож байгаа бол янз бүрийн филлер утас хийлгэхгүй байх нь зөв. Тэгэхгүй бол хүссэнээр болгоё гэсэн хагалгааны үр дүнд нөлөөлдөг.

Тарилгуудын хувьд өмнө нь шингэн, нунтаг хоёрыг хольж хийдэг байсан. Үүнийг бүр хориглосон ч манайд мэр сэр хийдэг газрууд байх шиг байна. Утасны хувьд манайд бас эмнэлгүүд хийгээд байгаа ч дэлхий дахинаа татгалзсан ажилбар юм. Яагаад гэхээр зарим нэг ажилбар зах зээлд гарч ирээд тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгддэг. Тэгэхээр одоо утасны энгийн үгээр хэлэх юмбол гор нь гарч байгаа. Тохиромжгүй ажилбаруудын нэг гэж ойлгож болно. Нүүр өргөх зорилгоор хийж болох ч хамрын нурууг өндөрлөх, үзүүрийг шонтойлгоход өргөстэй утас тохиромжгүй шүү.

-Тарилга нийтлэг хийлгэж байгаа. Сонголтоо хэрхэн хийх вэ?

-Тухайн үйлчлүүлэгч өөрөө сонгоно гэхээсээ илүүтэй эмч нь зовиурын дагуу эмчилгээ санал болгоно. Сүүлийн үед үүсч байгаа нэг асуудал бол нүүрний тарилгуудыг арьсны давхаргыг зүүгээр цоолж л байгаа бол хэсэг газрын ажилбар гэж үзэх бөгөөд мэргэжлийн эмч эмнэлгийн орчинд хийх ёстой. Гэвч өнөөдөр манай улсад гоо сайхны салонуудад тарилга, давхраа хийж байгаа. Эмч хүн ямар нэг ажилбар хүндэрлээ гэхэд хариу арга хэмжээ авах чадвартай байдаг бөгөөд ЭМЯ тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл иймгүйгээр дур мэдэн хэн нэгнийг дуурайж, харахад амархан санагдсан учраас хүмүүс дээр хийж хохироож болохгүй. Иргэд ч гэсэн эрүүл мэндийн боловсролтой болж байгаа. Салоноор очиж гоо сайхны хагалгаа хийлгэнэ гэдэг зөв зүйл биш. Тэгэхээр тарилгын хувьд үйлчлүүлэгч арьс хуурайшаад сэвх нөсөө толбо үүсээд байна үүнийг яах вэ гээд ирж байгаа тохиолдолд эмч, эмнэлэг нь боломжит тарилгуудыг санал болгоод үр дүн нь хэр байх вэ гэдгийг маш сайн ойлгуулсны үндсэн дээр тухайн хүн өөрөө сонголт хийнэ.

-Хөмсөг, хүзүү өргөх мэс заслын тухайд дэлгэрүүлж танилцуулахгүй юу?

-Хөмсөгний тухайд эргээд унжаад байна гэсэн зовиур хэлж ирдэг. Таван жилийн өмнө зовхи татуулсан гэтэл дараад байна, дахиад татуулъя гэдэг ч юмуу. Гэтэл энэ нь дийлэнхдээ хөмсөгний унжилтын асуудал байдаг. Хөмсөг гэдэг хэсэг бүтэц маань ясныхаа арьсаас доошоо суларч унжина. Тэгэхээр бол 35 насанд 18 настайдаа татуулсан бол хөмсөг өргөх шаардлага илүү үүсчихсэн байдаг. Хүзүү өргөх хагалгааг нүүр өргөх хагалгаатай хавсарч хийдэг. Яагаад гэхээр зүслэг нь чихний урдуур болон хуйхны араар явдаг. Энэ нь нүүр болон хүзүү өргөх ажилбар хийхэд тохиромжтой хүрц. Хүзүү өргөх гэдэг нь захын сул арьснаас татаж арилсан мэтээр дүр төрхийг үүсгэдэг хагалгааны нэг хэсэг. Хэрвээ нүүр өргөх хагалгаа хийгдсэн бол дангаараа хийж болно. Хамт хийх юмбол илүү тохиромжтой байдаг. Манайхан энэ хоёр хагалгааг хамт хийлгэх явцдаа мөн эрүүн доорх өөхөө соруулуулдаг. Ингэснээр нүүрний эгц урдаас болон хажуу талаас үр дүнд хүрсэн нь сайн харагддаг.

-Хамрын гэмтэл болон нүүрний сорви дээр ямар ажилбар хийгдэж байгаа вэ?

-Дэлхий нийтэд пластик мэс засал гэдэг ойлголт бий. Энэ нь дотроо нөхөн сэргээх гоо сайхны хагалгаа болон гоо сайхны хагалгаа гэж 2 хуваагддаг. Өвчин эмгэгээс үүдэлтэй үүссэн согогийг нөхөн сэргээх зорилгоор хагалгаа хийнэ. Хавдрын улмаас арьс зөөлөн эд хатуу эдийн согог үүссэн, авагдсан тохиолдолд биеийн бусад хэсгээс нөхөж шилжүүлэн байрлуулж хэвийн дүр төрхтэй мэт харагдуулах эсвэл үйлзүйн бүтцийг нь сэргээхэд тусладаг. Гоо сайхны хагалгаа харьцангуй эрүүл эрхтэн дээр ажилладаг гэсэн үг. Анхдагчаар үйлчлүүлэгчийн хүссэн хэлбэр хэмжээнд нь чиглэсэн хагалгаа хийнэ. Сорви цэгцлэх хагалгаа энэ хоёр салбарын дунд нь байдаг.

Их хэмжээтэй сорви авах гэж байгаа тохиолдолд нөхөн сэргээх хагалгаа буюу тухайн хэсэг газрын арьсыг авч нөхөн сэргээн сорвигүй арьсаар таталдсан хэсгийг уян хатан чанартай арьсаар шилжүүлэн суулгаж нөхөн сэргээдэг. Гоо сайхны салбарын хагалгаанууд нь ихэвчлэн хэсэг газрын хэмжээний хувьд арай бага сорвиудыг цэгцэлдэг.

-Гоо сайхны хагалгааг сэтгэлзүй тогтворгүй үед хийлгэж болохгүй”

-Үйлчлүүлэгч хэрхэн өөртөө боломжит хүлээлтийг бий болгох вэ?

-Гоо сайхны хагалгаанд орохоор шийдвэр гаргаж байгаа тохиолдолд их урт хугацаанд сайтар бодож байгаад судалсны үндсэн дээр хийлгэх хэрэгтэй. Богино хугацаанд шийдвэр гаргаад ганц нэг хүний үр дүнг харчхаад сэтгэл хөөрлөөр орж энэ талаарх ойлголтыг сайн аваагүйгээс ойлголтын зөрүү үүсдэг. Ямар ч хүлээлт, ойлголттой хүн ирсэн гэсэн эмч, эмнэлэг шаардлагатай бүх мэдлэг мэдээллийг олгож байж хагалгаанд орохын өмнө тухайн үйлчлүүлэгчээс ажилбар хийх зөвшөөрөл авдаг.

Ажилбарын давуу болон сул талыг бүрэн тусгаж өгч байж үйлчлүүлэгчээс асуух асуулт огт үлдээгүй тохиолдолд буюу бүх эргэлзээг тайлсны дараа зөвшөөрлийг авах нь тухайн хүний хүлээлт хэт өндөр байхаас сэргийлж байна гэсэн үг.

-Үйлчлүүлэгч нартаа хамгийн их хэлдэг үг?

-Гоо сайхны хагалгаа хийхээр судалж байгаа хүмүүс байвал фээсбүүк групп, амнаас ам дамжсан ярианаас бус тухайн эмч, эмнэлгээс мэдээлэл авч байгаарай. Хагалгаанд орчихсон бол гам дэглэмийг бас л эмч, эмнэлгээсээ авна. Баавгайн савраар үрэх, хөлдөөсөн өндөг, түүхий мах тавьчихвал хаван хавдар буудаг зэрэгт итгээд эмчийн өгсөн зөвлөгөөг дарчихдаг.

Гоо сайхны хагалгаанд орсны дараа хүмүүсийн сэтгэлзүй маш эмзэг болдог учраас эмч нар сайн ойлгож, сайтар бэлдэж өгөхийг их хичээдэг. Гэтэл эргэн тойронд нь байгаа хүмүүс хошуу дүрээд өөр болчиж, далийчиж гэх мэтээр хэлэхээр сэтгэлзүй нь эмзэг байгаа хүн чинь хямраад эдгэрэлт нь удааширна. Гоо сайхны хагалгаанд орсон хүнийг дандаа дэмжиж байгаарай. Эдгэрэл хэвийн явах ёстой. Ингэж байж хагалгааны дараах үр дүн хэвийн гардаг юм.

-Шүдний аппаратыг их нийтлэг хэрэглэж байгаа. Заалт нь ийм түгээмэл байна гэсэн үг үү эсвэл?

-Шүдний аппарат бол шүднүүдийн эгнээний болон байрлал, зуултын гажгийг засах шаардлагатай байгаа учраас зүүж байгаа. Сүүлийн үед нүүр ам гажиг заслын эмч нар олширч байгаатай холбоотойгоор толгой дараалж, шаардлагагүй хүмүүс шүдний аппарат зүүлгэх тохиолдол гарч байгаа. Гажиг заслын зэмсэг зүүлгэх эмчилгээ нь 2-оос дээш жил болно. Энэ явцдаа нүүр, эрүү хоншоорын анатомийн бүтэц үйлзүй ч мөн адил өөрчлөгдөж байгаа учраас дагаад нүүрний дүр төрх өөрчлөгддөг.

Саяхан олон жил уулзаагүй ангийнхаа хүүхэдтэй таараад таниагүй. Тэр найз маань давхраа хийлгэсэн бас шүдний аппарат зүүгээд хоёр жил болж. Гэтэл өргөн эрүүтэй хүн аппарат зүүхээр зуулт нь засагдаад залгиурын булчингийн ачаалал авах нь багассаны улмаас эрүү нь V хэлбэртэй болчихсон байсан. Тэгэхээр үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр гажиг заслын зэмсэг нь зүгээр шүднүүдийг нааш цааш нь хөдөлгөж байгаа юмшиг боловч нүүрний дүр төрхийг удаан хугацаанд өөрчилдөг. Эмчилгээ зөв явж байгаа тохиолдолд эцсийн үр дүндээ V хэлбэртэй нүүртэй болсон байна шүү дээ.

Харин буруу явж байгаа тохиолдолд эрүүний үений толгой шимэгдэл зарим нэг хүмүүст харагдаж байгаа. Гажиг заслын зэмсэг зүүхээсээ өмнө оношлогооны зорилгоор дэлгэмэл зургаа авахуулдаг. 2-3 жилийн дараагаар бид нар дээр өөр шалтгаанаар ирээд зураг авахуулахад эрүүний үений толгой нь өмнөхөөсөө жижгэрч шимэгдсэн байдаг. Хэрвээ эмгэг шимэгдэл эмчилгээний буруу төлөвлөгөөнөөс болоод явагдсан тохиолдолд эрүү мултардаг, амаа ангайхад гацдаг болох хүндрэлтэй болдог. Энгийнээр хэлбэл гавлын хонхорт сууж байгаа үелзүүрт эрхтэн бөгөөд эрүү гавлаас чөлөөт байдлаар оршдог учраас ам нээх хаах хөдөлгөөнд оролцдог. Зажлах үйлд оролцоно. Шимэгдсэн тохиолдолд үений хонхороосоо жижигхэн болж мултарч гараад байдаг.

Тухайн үйлчлүүлэгчид шаардлагатай тохиолдолд гажиг заслын зэмсэг зүүхгүй байх хэрэгтэй. Эмч нар ч гэсэн эмчилгээнийхээ төлөвлөгөөн дээр ойр ойрхон хяналт хийж, анхаарч байх нь чухал.

-Шүд цайруулах, пааландах, бүрээс хийх эмчилгээ ч бас түгээмэл болсон. Сөрөг тал бий юу?

-Шүд цайруулах эмчилгээг гоо сайхны эмнэлгүүдэд хийгээд байгаа. Шүдний эмч хүн цайруулах эмчилгээ хийнэ. Шүд пааландах эмчилгээ гэдэг нь шүдний гадуур хуванцар гэрлээр хатуурдаг ломбоор хэлбэрийг бага зэрэг өөрчилж ломбодохыг хэлж байгаа юм.

Шүдний бүрээс гэдэг нь бүрэн зороод гадуур нь лабораторид хийсэн бүрээсийг суулгаж өгдөг. Сүүлийн үед янз бүрийн шарах аппарат гоо сайхны эмнэлгүүд ашиглах эхэлсэн. Тэрүүгээрээ шүд шараад байдаг. Гэтэл шүд чинь дотроо мэдрэлийн ширхэгтэй нарийн бүтэцтэй эрхтэн. Үүнийг буруу гэрлийн туяаны үйлчлэлээр шарлага хийгээд байхаар цайрахаасаа илүү хэврэг болоод байгаа. Паалангийн давхарга нь сийрэгждэг гэсэн үг.

Шүд цайруулах эмчилгээг шүдний эмнэлэгт мэргэжлийн эмч нь хийх ёстой. Гоо сайхны салон, гоо сайхны эмнэлэг дээр энд тэндээс оруулж ирсэн мэргэжлийн бус хүнээр хийх зөвшөөрөлгүй газраар үйлчлүүлж болохгүй. Хэрвээ хийлгэх юмбол үечлэл, давтамж, өгч байгаа туяаны хэмжээ буруу байх юмбол шүд мэдрэг хэврэг болно. Паалангийн давхарга нь сийрэгжээд ирэхээрээ доторх эд нь маш мэдрэг болчихдог.

-Эцэст нь та бусдад хандаж юуг хэлэх вэ?

-Гоо сайхны хагалгааг түрүүний хэлдгээр тухайн хүн хүсээд судлаад хийлгэх ёстой. Ямар нэг сэтгэлзүйн тогтворгүй байгаа тохиолдолдоо хийлгэж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг нөгөөгөөр орлуулах гэж оролдож ерөөсөө болохгүй. Жишээ нь, нүүрэн дээрээ сорвитой эмэгтэй эмнэлэгт хандаад сорвио авахуулж өмнөхөөсөө хамаагүй илүү цэвэрхэн эдгэсэн. Гэтэл 2-3 сарын дараа эргэж ирээд сорви хэвээрээ юмшиг санагдаад байна гэсэн. Гэтэл үр дүнг харьцуулаад харахаар сорви арилсан байсан. Ингээд асуумж авахад нөхөр нь өөр бүсгүйтэй болоод явсан байсан. Тэрнээс үүдээд би муухай юм байна гэсэн өөртөө дүр зураг имиж үүсгэсэн учраас үнэхээр гоё болсон ч дотроо тэгж бодоод байгаа. Ингэж өөрийнхөө үүсгэсэн дүр зургаараа бүхнийг хардаг хүмүүс бас ч бий. Хүний дан ганц харах эрхтнээс гадна сэтгэлзүй гэдэг бол гоо сайхны хагалгаа дээр маш чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 09:25

Мундаг эмч юмаа. Ул суурьтай тайлбарласан байна шүү.

Зочин
Зочин
12 сар 12, 2024 11:19
Reply to  Зочин

tiim ba shal oor towshnii hun ba

Зочин
Зочин
12 сар 12, 2024 12:28

Мөнгөний төлөө хүнийг бүүр дордуулж бгаа эмчинцэр хүмүүс бүгд дууст�##� уншаасай бас байгаасаа илүү дордох тохиолдол байдаг гэдгийг хүмүүс маань оылгоосой

аз жаргал
аз жаргал
1 сар 4, 2025 00:46
Reply to  Зочин

чи хаг�##�гаа хийлгээд сайхан бол тэгэхээрээ ойлгоноо..энэ хүн чадвартайн бна лээ

Зочин
Зочин
12 сар 12, 2024 23:28

Сайн байна, амжилт

Зочин
Зочин
12 сар 13, 2024 01:54

Моннолд нүүр нүд уруул амаа янзлуулсан хүүхнүүд харваас л нүдэнд ил байдаг даа солонгосоос сур�##�цмаар юм даа

аз жаргал
аз жаргал
1 сар 4, 2025 00:47
Reply to  Зочин

Со техникээр зодож бна..харин монгол эмч нар сэтгэлгээгээрээ хол илүү

аз жаргал
аз жаргал
1 сар 4, 2025 00:45

үнэхээр л мэргэжлийн хүний тайлбар ойлголт өглөө..з�##�уу хүн гэхэд маш олон зүйл хийж олон хүнд аз жарг�##� бэлгэлж байгаа хүүд баярл�##�аа гэж хэлмээр бна..аз жарг�##� хүсье

Холбоотой мэдээ

Back to top button