Нэр нь хүндэдсэн "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийг өөр нэрээр өргөн барьж дахин хэлэлцүүлнэ

УИХ-аар 2024 оны эхээр хэлэлцэгдсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль" нэрээр оноос өмнө дахин өргөн барьж хэлэлцүүлэх тов бий. Учир нь ураны төсөл дээр хөрөнгө оруулалт хийх Францын “Орано Майнинг”-тай хийх олон улсын гэрээтэй холбоотойгоор уг хуулийн төслийг хэлэлцэхээс өөр аргагүй юм.
2013 оноос хойш УИХ дээр хэлэлцэгдэж ирсэн уг хуульд нийтдээ 15 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд ийн дахин өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон байна.
Хуулийн анхны процессийг эргэн харвал ийм. 2013 оны 9 дүгээр сард тухайн үеийн Засгийн газрыг төлөөлөн УИХ-ын, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хамт өргөн барьж байсан юм.
Тухайн үед гадны хөрөнгө оруулалт 42 хувиар буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарч байсан бөгөөд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаас хойш үндсэндээ зогсонги байсан үе. Ингээд гадны хөрөнгө оруулагчдыг дотоодын талбарууд руу татан оруулахад тохиромжтой хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлнэ хэмээн өргөн барьж байв.
Ингэхдээ “Дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжсэн ямар нэг хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2-т зааснаар “хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлогын хүрээнд үндэсний хөрөнгө оруулагчдын эдийн засаг дахь хувь, оролцоог нэмэгдүүлэх, хамгаалах, бодлого хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх”-ээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалт оруулах саналыг дэвшүүлж байсан юм.
2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн онцлох заалт нь
- Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгоно.
- Хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн 2/3 доошгүй хувийн саналаар шийдвэрлэхээр тусгана.
- Тухайн үеийн хууль эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт 1/эрдэс баялаг 2/банк, санхүү 3/хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар тусгана. Учир нь эдгээр салбар нь тус бүр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг салбар тул төрийн зүгээс тусгай зөвшөөрөл олгохдоо хяналтаа сайжруулах боломжтой гэж байв.
- Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилна. Хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 000 ам.долларын босгыг хэвээр хадгална. Харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар тусгана.
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгана. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах юм.
- Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах, хөрөнгө оруулагчийг хүлээж биш, очиж авчирдаг ажлыг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлаг”-/олон улсад нэр нь Invest Mongolia/-ийг байгуулахаар тусгах зэрэг болно” хэмээн тусгаж байсан.
Ингээд хууль хэлэлцүүлэх үед мөн л талд нь шүүмжлэл, талд нь дэмжлэг хүртсэн. 2015 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дахин хөндөгдөж, маргаан дагуулсан ч УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн.
2021 онд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн барьсан нь дахин маргаан дагуулав.
Хуулийн гол маргаан, шинэчилсэн өөрчлөлтөөр гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог учир үүнийг өөрчлөх. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэдгийг өөрчлөх асуудлыг хөндсөн юм. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой хэмээн тайлбарласан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан. Гадны аль ч улсын нэг иргэн 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нэр зүүгээд л оршин суух зөвшөөрөл авах нь хэмээн гал дуудаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө буцаан татаж байв.
Ийн явсаар энэ оны эхэнд мөн л дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар өргөн барив.
Уг нэмэлт өөрчлөлтөд,
- Монголд ажиллах гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх
- Хөрөнгө оруулалтын гэрээг тогтворжуулах
- Төрийн байгууллага, албан хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг хуульд заасны дагуу барагдуулах
- Мөн газрыг 60 хүртэлх жилээр эзэмшүүлэх, ашиглуулах, 40 жилээр 1 удаа сунгах гэж баталсан байсныг эзэмшүүлэх гэсэн эрх нэмэлтээр орж ирсэн. Одоогийн хуульд байгаа энэхүү эзэмшүүлэх гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд шинэ хуулийн төсөлд хассан. Гэвч мөн л уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтүүд УИХ-ын чуулганы танхимаас ч, олон нийтээс ч дахин хатуу шүүмжлэл дагуулж, дэмжигдээгүй.
Уг хууль нийтдээ 15 удаа нэмэлт өөрчлөлт хийгдсэн, "нэр нь хүндэдсэн хууль" гэгдэж явсаар ийнхүү дахин нэрээ өөрчилж өргөн баригдах гэж байна. Улс төрчид болон бизнесийн төлөөллийнхний лобби орохгүйгээр хуулийн төслийг, нямбайлаад өргөн баривал манайд байх ёстой хуулийн нэг мөн.
Илүү сайжруулаад, ил тод нээлттэй хэлэлцээд явбал цаашид олон улсын хөрөнгө оруулалтууд дээр бид жижиг улс төр хийхгүй, том амбицтай оролцогч байх боломж уг нь бий.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.