Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Д.Амартүвшин: Монголд бизнес хийж, хөрөнгө оруулснаас төрд орж паразитлах нь илүү амар мэт

Бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төрийн оролцоог багасгах тал дээр өөрийн байр суурийг зоригтой илэрхийлж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн Либертари намын үүсгэн байгуулагч Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Сүүлийн арваад жилд Монгол Улсын эдийн засагт тодорхой эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой гадны хөрөнгө оруулалт харьцангуй буурч байгаагийн нэг шалтгаан нь бидэнд хууль эрх зүйн орчныг нь хангалттай бүрдүүлж өгч чадалгүй энэ хүрсэнтэй холбоотой?

-Монголд өнөөдөр ямар гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах вэ гээд харвал мэдээж харьцангуй давуу талтай цор ганц салбар болох уул уурхай байна. Мэдээж өөр салбаруудад боломж бий. Гэхдээ манайд махны экспорт хийлээ гэхэд л идэш тэжээл гээд үүнийгээ тойрсон дэд бүтэц нь муу байна гэхээр зардал өндөр гарна Зардал өндөр гарахаар ашиг бага гарна. 2013 оноос хойш үнэндээ бодлого нь тодорхой бишээс болж уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад хүндрэлтэй болж байна. Яг үнэндээ уул уурхайн салбар руу хөрөнгө оруулъя гэхээр шантааж маш их. Шат шатны шантааж, авилгын асуудал тэнд үүсдэг. 2011 онтой харьцуулахад гадны хөрөнгө оруулалт буурсаар л байна. Нэг нөхөр попроход л хамаг хайгуулын лицензийг нь цуцлаад хаячих жишээтэй. Хайгуулын лиценз өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Хайгуул хийнэ гээг нь өөрөө хүртэл рулетнээс бага магадлалтай. Ийм эрсдэл рүү хөрөнгө оруулж байгаа гэдгийг ойлгохгүй байна л даа.

-Гадны хөрөнгө оруулагчдын урд тулдаг хамгийн том сорилт нь татварын орчин. Уг нь Монголд гадны хөрөнгө оруулалт чухал гэж улс төрчид яриад байдаг ч цаасан дээрх хууль, хэрэгжилт хоёр нь зөрүүтэй байгаад байдаг?

-Манайд хууль, дүрэм журам нь байнга өөрчлөгдөж, солигддог. Субъектив хамаарал маш их. Багын даргаас авахуулаад сумын дарга гээд нэг эх оронч гэж ярьдаг нөхөр гарч ирээд л хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг. Сая яг тийм жишээ боллоо. Зүгээр, мөрөөрөө хайгуул хийгээд ажиллаж байсан компанийн хайгуулын талбай руу орж халдаж ч байх шиг. Улаанбаатараас зарим нэг хүмүүс яваад оччихсон харагдаж байсан. Ийм нөхцөлд ер нь яаж гадны хөрөнгө оруулагч компани орж ирэх вэ гэдэг дээр бодох л хэрэгтэй. Зарим улс төрчид, жишээлбэл Х.Баттулга гэнэтхэн л "Би гаднынханд 100 жилээр өгөх гэж байсныг болиулсан" гэж яриад байсан. Үнэндээ 1993 оны хуульд аль хэдийнэ байсан заалт шүү. Ашиглалтын лицензийг авах бол баталгаатай юманд л хөрөнгө оруулна биз дээ, хөрөнгө оруулагчид. Гэтэл нэг шантаажчин ирээд булааж авдаг, улс төрч орж ирээд дээрэмдээд авчхаж магадгүй эрсдэлтэй байвал хөрөнгө оруулагчдад хүнд биз дээ. Монголд ганцхан байгалийн баялаг байгаа биш. Дэлхий даяар байгалийн баялагтай улс орнууд байна. Африк, Австрали өнөөдөр хөрөнгө оруулаач ээ гээд байж л байна. Бид чинь ганцаархнаа дэлхийд байхгүй юмтай улс биш байхгүй юу.

-Яг энэ цаг үед бидний урд гадны хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрүүд хүлээгдэж, УИХ-аар хэлэлцүүлэхээр яригдаж байна. Монголд үнэхээр гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй юу?

-Бид нэг хувь эзэмшээд эхлэхээрээ л сайн гэж хараад, яриад байдаг. Оюутолгой дээр гэхэд л бид 51 хувь эзэмшинэ гэж орилсоор байгаад 34 хувь авна гээд авсан. Хувь эзэмшиж л байгаа бол тэр хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл бид хөрөнгө оруулалт хийх боломжгүй учир зээл авчихсан. Зээл авсан бол хүүтэй л байж таарна. Зээлээр 34 хувийн эрсдэл авчхаж байгаа хэрэг. Уг нь яг харвал бид зүгээр л хөрөнгө оруулагч гадны компанид нь ашиглуулаад өөрсдөө роялти болон татваруудаа аваад явахад хангалттай 50 хувийн ашиг аваад байх боломжтой. Тухайн компани ашигтай ч байна уу ашиггүй ч байна уу бид татвараа аваад л явна гэсэн үг. Гэтэл заавал хувь эзэмшинэ гэдгийн ард нөгөө л нэг эх орончид байж байдаг. Ямар ч хөрөнгө оруулагч тухайн талбар руу орж ирэхдээ тогтвортой байх ёстой гэж харж л тогтвортой байдлын гэрээ байгуулна.

-Хууль эрх зүйн орчныг нь сайжруулъя гээд Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд хэлэлцэгдэж байсан ч тал бүрийн шүүмжлэл аваад унаж байсан удаатай шүү дээ?

-Нэг компанид зориулж хууль өөрчилдөг биш анхнаасаа хууль нь өөрөө гадны хөрөнгө оруулагч орж ирэхэд бүх салбарт таатай л байх ёстой баймаар. Махны ферм байгуулсан ч, уул уурхайн талбар дээр орж ирсэн ч хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн л байх ёстой. Түүнээс ганц ураны салбарт Орано орж ирэх гэж байна гээд хуулиа өөрчлөх биш. Өөр салбарт хөрөнгө оруулагч орж ирвэл дахиад түүнд нь зориулж өөрчлөх хэрэг үү. Мал аж ахуй, нүүрс зэс дээр гээд аль ч салбарт хөрөнгө оруулахаар орж ирсэн бай бүгдэд нь үйлчилдэг, ойлгомжтой хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс гадны хөрөнгө оруулалт гүйгээр ямар ч хүчгүй. Манай улсын ДНБ-ний нэг ногдох хувь хэмжээ 2010 оноос хойш 10 дахин өссөн ганц шалтгаан бол Оюутолгой зэрэг гадны хөрөнгө оруулалтууд. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр эдийн засгаа тэлэх ямар ч боломжгүй.

Утаа, түгжрэл бол ядуурлын л үр нөлөө. Энэ асуудлуудаа шийдье гээд шийдэл ярих гэхээр мөнгө яриад суучихдаг. Тэгээд гадны хөрөнгө оруулалт оруулж ирдэг ч үгүй, өөрсдөө ч юм хийдэггүй.

-Энэ жил анх удаа олон намын төлөөлөлтэй 126 гишүүнтэй парламент бүрдээд эхний жилийнхээ ард гарах гээд явж байна. Энэ парламентаас хүлээлт бий юу?

-Өмнө нь бүгд л хуугаараа кноп дараад явчихдаг байсан бол энэ удаагийн парламентад цөөхөн ч гэсэн өөр юм ярьдаг хүмүүс байна. Улс төрийн манлайлал үзүүлж байгаа гишүүд ч байна. Сөрөөд дуугарахад иргэд дэмждэг юм байна. Зоригтой, эрсдэлээс айхгүй байх чинь өөрөө улс төрийн манлайлал шүү. Сая гадны ажиллах хүч оруулж ирэх асуудал дээр гэхэд л зарим гишүүд зоригтой л дуугарлаа. Монгол хүүхнүүд хятад хүнтэй суух нь гэж сонин зүйл ярьсаар байгаад энэ хуулийн төслийг татуулчихлаа. Монголд өнөөдөр томоохон компаниуд нь хуулийн дагуу квотоо аваад ажиллах хүч оруулж ирээд ажиллуулж л байгаа. Гэтэл хэн гадны ажилтан авах гээд ингэж хүнд сурталтай тулгардаг вэ гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчид. Би жишээ нь жижигхэн баар ажиллуулдаг. Куба улсаас маш боломжийн үнээр тогооч, бармен аваад ирмээр байгаа юм. Куба өөрөө тогооч, бармен, бартендер сайтай тропикал орон. Өнөөдөр Монголд өндөр цалинтай тогоочид мөнгийг нь төлье гээд ч олдохгүй байна. Жуулчид авчиръя л гэж бодож байвал үйлчилгээний салбарыг сайжруулах ёстой биз дээ. Болдог бол 500 долларыг нь төлөөд Куба улсаас бартендер, тогооч аваад ирмээр л байдаг.

Хүмүүсийн яриад байгаа нөгөө хятадууд нь яг манай энэ утаатай хотод ирж ажиллах уу. Би өчигдөр Хятадын дундаж цалинг хайж үзэхэд 1450 доллар байхад манайд ийм цалинтай яг ямар ажил байгаа вэ. Бид өөрсдөө 1000 долларын цалингийн төлөө гадагшаа явж ажиллаж байгаа биз дээ. Уг нь гаднаас ажиллах хүч авч болдог бол надад бол үнэхээр амар байна. Ажилд орохоор нэг хүүхэд ирлээ, өнөө хүүхдээ сургана. Маш их цаг зарцуулаад сургасны дараа "ах аа ажил хийх ээ болилоо" гээд дур нь хүрвэл ирээд, дургүй нь хүрвэл яваад л өгдөг. Тэрний оронд би туршлагатай хүн тэндээс аваад ирэхэд цаг алдахгүй, цалин нь баталгаатай байхад тогтвортой, хэзээ хаяад явчих бол гэсэн айдасгүй. Монголын тодорхой ажиллах хүчний нөөцүүд гадагшаа, Өвөрмонгол руу хүртэл манай оёдолчид очиж ажиллаад л байна. Гэтэл бид өөрсдийгөө их өндрөөр үнэлж, Хятад, Америкууд орж ирлээ гэж ярихаа болимоор л санагддаг.

-Нэг хуулийн төсөл нь буцаан татагдсан ч дахиад төстэй хууль өргөн баригдахаар болсон. Үнэхээр өгөөжтэй хууль байж чадна гэж та харж байна уу?

-Хууль үйлчлээд эхэлсний маргаашаас л хүмүүс урсаад ороод ирэхгүй байх. Тухайн хууль нь хэр тогтвортой вэ, ямар байдлаар орж ирж байгаа ганц нэг кэйсийг харна. Эхнээсээ ганц нэг компани ч юм уу байгууллага ч юм уу үйлдэл хийж эхлээд амжилттай болох нь уу гэдэг туршилт хийнэ, түүнийг нь бүгд л харж ажиглаад, хэрэгжиж эхлэх зүйл дээр манайхан болохоор юу юугүй маргааш нь хэдэн хятадууд пижигнээд л ороод ирэх юм шиг яриад байдаг. Хууль батлагдаад л үр дүн нь шууд харагдана гэж реакцлахаа болих л хэрэгтэй.

-Манайд гаднаас ажиллах хүч оруулж ирэх, гадны хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх аль аль дээр нь татвар бол том сорилт болдог талаар хоёулаа түрүүн цухасхан яриад өнгөрлөө. Та өөрөө яг одоо ажил олгогч?

-Ний нуугүй хэлэхэд жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст энэ улсад тогтвортой ажиллах ямар ч боломжгүй юм байна. Нийгмийн даатгалын шимтгэл нь өөрөө ерөөсөө л хүн нэмж ажиллуулахгүй байхаар өндөр хэмжээтэй. Аль болох л хүн бага ажилд авбал надад ашигтай. Гэтэл компани томрохгүй гэсэн үг. За нөгөө асуудал нь НӨАТ гэж нэг өндөр татвар байна. Татвараасаа зугта, нуугдана, дарна, татвартай харилцахгүй байх нь л зөв гэж байгаа аятай ийм л татварын орчинтой. Монголд чи бизнес эрхлэгч бол хууль зөрчигч, гэмт хэрэгтэн л болно. Хэнд ч гай болохгүй ажилласныхаа төлөө шүү дээ. Өнөөдөр дүүрэг дүүргийн татварын байцаагч нар хуулийг өөрөөр тайлбарладаг. Нэг хууль юм уу, эсвэл хүмүүст субъектив байдлаар ханддаг хууль юм уу. Татварын өртэй байхаар шууд л дансыг нь хаадаг, данс нь хаагдчих аар яаж өрөө төлөх юм бол. Сүүлд жишээ нь татвараас зугтвал мөнгө угаасан гэдэг зүйлчлэл ч орж ирээд байх юм. Яаж ийм орчинд гадны хөрөнгө оруулагчид орж ирэх вэ гээд бодмоор. Энэ чинь Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй гэж байгаа юм шиг ойлгогдож байна. Монголд бизнес хийж, хөрөнгө оруулснаас төрд орж паразитлах нь илүү амар мэт мэдрүүлж байгаа нь эдийн засаг улам л агшин гэсэн үг юм биш үү.

-Гадны аль нэг улсын салбартаа тэргүүлэгч магнатууд ороод ирвэл өрсөлдөгчгүй монополь болно гэдэг яриаг ч их дэвэргэж байгаа харагддаг?

-Үнэндээ төр өөрөө монополь. Төрийн өмчийн томоохон компаниуд өөрсдөө монополь биз дээ. Бизнест оролцоод л. Төр өөрөө өнөөдөр маш том бүтэцтэй байна. Энэ том бүтцийг задлаж, жижиглэх хэрэгтэй. Хэн нэг бизнес эрхлэгч, гадны хөрөнгө оруулагчийг шимэгчилдэг жижиг нэгжүүдийг болиулаад, шат шатны шантаажчингуудыг бид багасгаж байж л ажиллана. Зүгээр л бизнесийг нь хийлгэ л дээ. Америкт Элон Маск төрийн том бүтцийг жижиглэх байгууллага байгуулж, Аргентинд өдөрт 5 төрийн байгууллагыг татан буулгалаа. Яагаад татан буулгаад байгаа вэ гэхээр төрийн шат шатны ийм авилга, шантааж, илүү дутуу юм нэхдэг бүтцүүдийг багасгаад 280 мянган төрийн албан хаагчийг бууруулчихвал илүү цэгцрээд ирнэ дээ л гэж харагддаг. Уг нь юм их энгийн. Авилгын сүлжээ бий болчихсон учраас нэгийг нь халахаар нөгөөх нь гэдэг. Үүнийг л таслах хэрэгтэй байх.

-Та Либертари нам байгуулсан. Одоогийн төрийн эрх баригч нам болон сөрөг хүчинд та шүүмжлэлтэй ханддаг. Одоо ч таны энэ байр суурь хэвээрээ юу?

-Дээр хэлсэнчлэн төр данхайгаад, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдыг сордог том мангас хэвээр байвал өнөөдөр УИХ-д ямар ч нам, хэдэн ч гишүүн байгаад ялгаагүй. Төрийн энэ данхар бүтцийг хумих гүйгээр бид өөрчлөлт, тоо, нам яриад нэмэргүй. Төсөв дээр сая харагдлаа. Өнөөдөр 2 саяын цалингийн төлөө гишүүн болохын тулд тэрбумыг зарцуулна ч гэж юу билээ. Хүн намыг хүртэл харахад улс төрийн үзэл баримтлалаа шууд л нэг өглөө өөрчилж байгаа нь түүхэн дэх хамгийн богино настай нам болох алхмаа өөрсдөө хийлээ л гэж харсан.

-Цаашид Амараа УИХ-ын сонгуульд нэр дэвших үү гээд сүүлийн асуултыг асууя?

-Дэвшинэ дээ. Дахиад л эхнээс нь намаа бүртгүүлэх гэж үзнэ. Гэхдээ шинэ нам бүртгүүлэх процессыг их хүндрэлтэй, ярвигтай болгочихсон, үзээд алдана даа.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:37

Нээрээ л үнэн хэлж байна даа! Монголын төрд ажилладаг томчууд бүгд долларын саятан тэрбумтнууд болсон байдаг ш дээ! Бүгдээрээ МАНАН-ийн цүнх баригчид болж төрийн �##�банд шург�##�ан орцгооё! Тэгвэл сайхан амьдарна.

Zochin
Zochin
12 сар 25, 2024 23:39
Reply to  Зочин

Harin teh nam uls bish Dee

Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:57

hutsaal amaaraa oor yu ch hiihgui shouchin

zochin
zochin
12 сар 25, 2024 15:39

сүүлд Солонгосын нэг том компаниг бараг дампууруулсан шд Монгол дахиж бараг хөрөнгө оруул�##�т хийхгүй байхаа .

УВ иргэд
УВ иргэд
12 сар 25, 2024 18:08

Энэ хог төрийн ажлыг түй ч мэдэхгүй

Зочин
Зочин
12 сар 25, 2024 20:38

Үнэн л хэлж

Зочин
Зочин
12 сар 25, 2024 21:39

Энэ нөхөр ялгаагүй паразитлах гэж нэр дэвшсэн юм шиг байна

Zochin
Zochin
12 сар 25, 2024 23:38

Dagaj yawahad darga Saihan gej hotiin Saihan huuhnuud bugd dargiin ehner shudnii emch hurtel eukiin zuvluh gej shig .Nam dagasan darga angi bol nainmaachdaas iluu tusviin munguur tuilaad mestee ashiglaj mungu oldog mestee zardag n nuuts bish bolood baigaa sh dee

Зочин
Зочин
12 сар 26, 2024 03:29

Тэгээд л чи төрд ормоор байна гээд гоншигоноод байдаг юмуу

Зочин
Зочин
12 сар 26, 2024 07:11

"...АМАР МЭТ" Ч ГЭХ ШИГ. ЧИ Л ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ ЯВЛАА ЮУ МУУ ХОЁР НҮҮРТЭЙ ЖҮЖИГЧИН ЛАЛАР ЛҮД ЭЭ.

Зочин
Зочин
12 сар 26, 2024 11:48

Монголд нам дагасан өлөн �######� цүнхчин даргадаа пялдага хулгаачуудл авилга хулгаагаар хагартлаа баяждаг болоод удаж байгаа юм бишүү богд уулын газар ждү ндсан иргэдиин автобусыг хүртэл хуучнаар сольж ашиг олдог бузрууд ямарч ялгүй шахуу болхоор бүгдл нам төриин �##�банд орчуул гээл хөгшин з�##�уугүй хатуу ял өгдөг болжээж авилгачид шудрага хүн төрхөндөө үлдэнэ гэж

Холбоотой мэдээ

Back to top button