ЭДИЙН ЗАСАГ

Ц.Туваан: "Эрдэнэс Тавантолгой"-н борлуулж байгаа нүүрсний үнийг барья гэж ярьж байгаа

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагч Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, ажлын хэсгийн гишүүд Аж үйлдэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга  Г.Намчинсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашиглалт ногоон хөгжлийн хэлтсийн дарга Б.Хулан, Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Батмагнай, Гадаад харилцааны яамны  Гэрээ эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий, Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга Т.Баяржаргал, Эрдэнэс Тавнтолгой компанийн гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Эрдэнэс Тавнтолгой компанийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн Борлуулалт маркетингийн тээврийн газрын дарга О.Цэрэндондог нар оролцож байна.

УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Гэрээний төсөл дээр уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаагаар гэрээлэх тухай асуудал орж ирсэн байгаа. Жил бүрийн 20 сая тонн гэж яригдаж байгаа. Урт хугацаанд биржийн арилжаанд дундаж үнийг баримтална гэж байгаа нь биржээр арилжаалах тухай хуулийн заалттай нийцэж байгаа юу?

Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Монгол Улсад Биржийн тухай хууль хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийн дагуу хэрэгжүүлээд явна. Эрдэнэ Тавантолгой компани БНХАУ-ын төрийн болон хувийн өмчит 4 компанид нүүрсийг урт хугацаанаар гэрээгээр борлуулж байгаа. Хэлэлцээрт орж байгаа Хятадын “Чайна Энержи” компани бид нарт хоёр дахь гэрээ буюу нүүрс худалдан авах, нүүрс худалдах гэрээн дээрээ хоёр талаасаа ажлын хэсэг төмөр зам ашиглалтад орох хугацаанд буюу 2025-2029 онд 27 сая тонн, цаашид жил болгон 20 сая тонн нүүрсийг борлуулах гэрээний асуудал яригдаж байгаа. Ингэхдээ өнөөдрийн Эрдэнэс Тавантолгойн борлуулж байгаа нүүрсний үнийг барья гэж ярьж байгаа, тэгэхээр бид Үндсэн хууль, Олон улсын гэрээ хэлэлцээр, бусад хууль гээд явдаг. Энэ хэлэлцээрт орсон байдлаар асуудал шийдэгдээд явна.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Хуулийн маргаангүй хийхийн тулд дараа дараагийн хэлэлцээрийн явцад нэмэлт өөрчлөлт хийгээд явах нь зөв шүү.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Эрчим хүчний нүүрс экспортлох гэсэнтэй холбоотойгоор асуухад, Тавантолгой ордын нүүрсний тал нь бараг эрчим хүчний нүүрс байгаа. Сүүлийн жилүүдэд илүү коксжих нүүрсээ экспортлосон. Олборлолтын нөхцөл байдал ч гэсэн нилээн хүндэрсэн байгаа. Тэгэхээр “Чайна Энержи” өөрөө эрчим хүчний нүүрс олборлох, борлуулах тал дээр илүү давуу талтай төрийн өмчит компани учраас үүнийг нь ашиглах үүднээс “эрчим хүчний нүүрс” гээд тусд нь салгаад байгаа нь бусад заалтдаа энэ нүүрс нь орохгүй юм шиг ойлгогдоод байна. Төмөр зам орж ирснээр тээврийн зардал буурч, илүү их нүүрс зарж борлуулах асуудал яригдана. Үүн дээр яриа хэлэлцээ ямар байгаа вэ гэдгийг тодруулмаар байна. Мөн эдийн засгийн үр өгөөж болон хэдий хэр хэмжээний зардал гарч байгаа вэ. Үнэ тариф нь ямар байх болон үр ашгаа хэрхэн хуваах вэ.

Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Хятадын “Чайна Энержи” бол төрийн өмчит компани. Эрчим хүчний нүүрсийг дотооддоо олборлолт хийдэг. Гадаадын улс орнуудаас мөн худалдан авдаг. Жилд 800 сая тонн нүүрс хэрэглэдэг компани. Эрчим хүчний нүүрс үлдэх асуудал байхгүй. Гэрээн дээр гурван нүүрсний асуудал бүд яригдаж байгаа. Коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс зэрэг яригдаж байгаа. Үнийн хувьд ч ялгаатай. Бирж дээр гурван өөр үнээр борлуулагдаж байна. Бид дан коксжих нүүрс борлуулахаар эрчим хүчний нүүрс үлддэг гэдэг асуудал яригддаг. Эрдэнэс Тавантолгойн орд гэхэд нүүрсний 13 давхаргаас бүрддэг. Үүний тодорхой хоёр давхаргад коксжих нүүрс бий. Тэгэхэр сул коксжих болох эрчим хүчний нүүрс борлуулах асуудал яригдаж байгаа. Энэ гэрээний дараа, дараагийн бүтээн байгуулалт, борлуулалтын гэрээний асуудал яригдаж буй.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button