УЛС ТӨР

Х.Мөнхжаргал: Ирэх онд “Чайна Энержи”-гийн 5 сая тоннын нүүрсний борлуулалтыг тооцохгүйгээр 30 саяыг борлуулна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагч Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, ажлын хэсгийн гишүүд Аж үйлдэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга  Г.Намчинсүрэн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хуулийн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашиглалт ногоон хөгжлийн хэлтсийн дарга Б.Хулан, Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Батмагнай, Гадаад харилцааны яамны  Гэрээ эрх зүйн газрын дэд захирал Д.Бат-Өлзий, Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга Т.Баяржаргал, Эрдэнэс Тавнтолгой компанийн гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Эрдэнэс Тавнтолгой компанийн Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Э.Түвшинжаргал, Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийн Борлуулалт маркетингийн тээврийн газрын дарга О.Цэрэндондог нар оролцож байна.

УИХ-ын гишүүд ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Энэ төмөр замын асуудлыг олон утга агуулгаар нь хараад эсэргүүцэж байгаа хүн ховор байгаа байх. Гэрээ хэлцэл дунд харууштай зүйлс мэдээж бий. Бид нүүрс борлуулах гэрээг урт хугацаандаа хийгээд явна. Эхний хэдэн жилдээ тогтвортой явах байх. Хэдэн жилийн дараа энэ үнийг буулгаад, нүүрс экспортолж, борлуулдаг үндэсний аж ахуй нэгжүүдэд нөлөөлөх үү. Энэ тал дээр ямар зохицуулалт байгаа вэ. Дөрвөн боомтоор гаргана гээд байгаа нүүрс дээр бусад улсын үнэтэй уялдуулах боломж бий юу?

Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Гурван хэлэлцээрийн хоёрдугаар асуудалд нүүрс худалдах, худалдан авах гэрээний талаар байгаа. Олон улсад нүүрсний худалдааг урт хугацаанд гэрээг арилждаг зүйл бий. Яам дээрх судалгаагаар эрчим хүчний нүүрс ногоон эрчим хүч рүү чиглэж байгаа учраас 2035-2040 онд эрчим хүчний нүүрсний хэрэглээ аажим буурах хандлага харагдаж байгаа. Харин гангийн үйлдвэрт хэрэглэдэг коксжих нүүрсний хэрэглээ хэвээрээ байна гэсэн судалгаа байгаа. Одоо борлуулахаар яригдаж байгаа 27 сая тонн нүүрс бол 5 жилийн хэрэглээ. Жилдээ 5-6 сая тоннын нүүрсний борлуулалтын асуудал яригдаж байгаа. Төмөр зам ашиглалт ороод ирэхээр авто тээврээр борлуулж, ачиж хүргэж байгаа нүүрсний асуудалтай зэрэгцээд явна. Цаашид бусад боомтуудынхаа хил холболтоо хийгээд явахаар нүүрсний экспортоо 120-165 сая тонн хүртэл нэмэгдүүлээд явна гэж байгаа. Тэгэхээр бусад компаниудын үнэ, арилжаа явсан хэвээр байна. Үнийн аргачлалын хэсэг дээр хоёр тал эцэслэн тохироогүй байгаа. Хятадын талаас авч байгаа бусад компаниудын үнийн жишгийг тавья гэдэг санал тавьсан. Энэ үнэ тогтмол байхгүй бөгөөд 3 сар тутам мэдээллээр шинэчлэгдэж, өөрчлөгдөх үнэ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Үнийг өсгөх үүрэгтэй шүү дээ. Биржийн үнэд дөхүүлэх ёстой. Эрдэнэс Тавнтолгой компани ирэх онд хэдэн тонн нүүрс экспортлоно гэж харж байгаа юм. Нэгдүгээр улиралд хэдэн тонныг гаргах юм. Төмөр замын холболттой холбоотойгоор Биржийн тухай хуулинд өөрчлөлт орчихсон байгаа. Байнгын хороон дээр бартер байхгүй гэж хэлж байсан. Үүнийгээ албан ёсоор хэлээрэй. Ирэх онд орлого тасарлаа гэсэн юм ярихгүй биз дээ. Сорчилж нүүрс авахгүй, гаргаж байгаа нүүрсээ бүгдийг нь өгнө гээд байгаа.

“Эрдэнэс Тавнтолгой” компанийн гүйцэтгэх захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: “Эрдэнэс Тавантолгой” компани биржийн арилжаа эхэлснээс хойш 25 сая тонн нүүрс биржээр арилжаалсан байгаа. Үүний 10 сая тонныг 2023 онд, 15 сая тонныг 2024 онд арилжаалсан. Үүн дотор коксжих нүүр 3 сая, сул коксжих 9 сая, эрчим хүчний нүүрс 3 сая гээд сорчлохгүйгээр борлуулах бодлогыг баримталж ажиллаж байгаа. “Чайна Энержи”-гийн 5 сая тонн нүүрсний борлуулалтыг тооцохгүйгээр компанийн зүгээс 30 сая тонн нүүрс борлуулна гэсэн төлөвлөгөө оруулаад батлуулахаар хүлээж байна. Ингэхээр ирэх онд 35 сая тонн нүүрс борлуулна гэсэн тооцоо бий. ЭТТ компанийн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсонтой холбоотойгоор биржээр борлуулах борлуулатын шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн. Үүнтэй нийлээд 4.3 сая тонн нүүрсийг борлуулах зорилтыг тавьж ажиллаж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button