Ч.Батнайрамдал: Ядаргаа даамжирсаар сэтгэцийн олон өвчний суурь болдог

“Анагаах мэдлэг” энэ удаад АШУҮС-ийн Монгол анагаах ухаан төв эмнэлгийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Ч.Батнайрамдалтай ядаргаа сэдвээр ярилцлаа.
-Ядраад байна, ядаргаа л байх гэж хэрнээ энэ чухам хэрхэн үүсдэг талаар мэдээлэл муутай. Тэгэхээр бид энэ ядаргааны талаар ямар ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй юм бол?
-Хүмүүс ажил, амьдралын хэв маяг дээр үндэслээд ядраад байна, сульдаад байна гэдэг. Энэ ядарч, сульдаж байгаа нь өөрсдийн ажил амьдрал, хоол унд, амьдралын хэв маягаас шалтгаалдаг зүйл. Ер нь бол мэдрэл сульдлын хам шинж буй невроз, невридистони гэсэн оношуудад хамруулж авч үздэг. Уламжлалт анагаах ухаанаар бол хий, шар, бадгана махбодийн арвидах, хорогдох, хямралдах шалтгаанаас болж байгаа өвчин эмгэг юм. Нойргүйдэх, эвшээх, суниах, алжааж ядрах эсвэл үдээс хойш ажлын бүтээмжгүй болчихлоо унтаад баймаар, бие сул оргиод байна гэж ирдэг. Эдгээр шалтгаанууд нь өөрсдөө хоол ундны дэглэм, амьдралын хэв маяг буруу алдагдсантай холбоотой үүсдэг. Өнөөдөр хүмүүсийн стресс буюу сэтгэлийн хүчдэл их байна. Нийгмийн болон орчны амьдралын хүчин зүйлс үүнд их нөлөөлдөг.
-Толгой дараалан тохиож буй шинэ тэмдгүүд байна. Бид хэрхэн сульдахгүй, нозоорохгүй эрч хүчтэй бүтээмжтэй байх вэ?
-Өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх гэдгийг сайн ярих хэрэгтэй. Идээ ундаа гэдэг зүйл үүнд маш чухал. Заавал өглөө цай ууж, хоол иднэ. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, оройн хоолыг дайсандаа гэж үг бий. Монгол хүн өглөө өлөн элгээ тайлна гэдэг нь 5-7 цагт цөс ялгарч байдаг учраас цөсний зогсонгишилоос ангижрахад тустай. Хэчнээн ажилтай яаруу байсан ч өглөө цай ууж, юм иддэг байх хэрэгтэй. Дээрээс нь энэ эрс тэс уур амьсгалын хэлбэлзэлд монгол хүн өглөө хийн цагт сүүтэй цайг мэхээрийн гурил ч юмуу хужир, нохойн хошуу, айргийн тос, шар тос самраад зориуд аяга сайхан цайг уух хэрэгтэй. Тэгээд хоол унд идэж өөртөө цаг гаргах нь чухал. Ер нь хүн дархлаагаа хэвийн байлгахад хоол ундаа сайн идээд, зөв унтаж амрах чухал.
-Зөв унтах гэдэг нь?
-Хүний физиологийн унталт 6-8 цаг байх ёстой. Нойрны чанар гэдэг маш чухал. Хүмүүс унтсан хэрнээ бие амарсангүй, өглөө ямар ч идэвхгүй босч ирлээ гэж ярьдаг. Энэ бол нойрны чанар болохгүй байна гэсэн үг. 6-8 цаг нам бөх гүн унтаж байж чанартай амарна. Хэт их орой орондоо орчхоод нойр хүрэхгүй байна гэдэг. Унтахаасаа өмнө магадгүй тв үзэж, утсаа үзээд байхаар нойр сэргэшдэг. Унтахын тулд бэлтгэх хийх хэрэгтэй. 21.30 цагаас шүдээ угаагаад, ороо засаад, бүлээн усанд хөлөө дүрэх, намуун таатай аялгуу сонсоод 22.00 цагт орондоо ороход нойрны чанар мэдэгдэхүйц сайжирна. Нойрны эмгэг дотроо олон янз, нойрын чанар буурснаар эмнэлзүйн шинж тэмдгүүд нэмэгдэн даамжирч өвчин болно.
-Сэтгэл санааны байдлаа хэрхэн анхаарах вэ?
-Тайван байх. Стресс гэдэг сэтгэлийн хүчдэл эерэг, сөрөг гэж байна. Хэт их баярлах зэрэг нь эерэг стресстээ орно. Баярт үйл явдалд оролцоно, шагнал авна гэдэг ч юмуу сэтгэл нь хөөрөөд нойр нь хүрдэггүй. Сэтгэлээ тайван, нэгэн чигт зөв байлгахын тулд сэтгэлээ удирдах, амьсгалын дасгал, тайвшруулах, төвлөрүүлэх дасгал бясалгалууд хийх мөн аливаа зүйлийг эерэг талаас нь харах, бүтнэ, сайхан болно гэсэн сэдэлтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн тайван бус байдал удаан хугацаанд үргэлжилвэл мэдрэл сэтгэцэд нөлөөлнө, эргээд эмгэг үүснэ. Сэтгэлийн үйл тэнцвэртэй байлгах асуудал юм. Бие, хэл бол сэтгэлийн зарц гэж ярьдаг. Сэтгэлдээ юу гэж бодсон нь хэлээр ярьж, биеэр үйлдэж илэрдэг. Мэдээ мэдээлэлд цензуртай хандах, кино, жүжиг, цахим орчны нөлөөлд автахгүй байх, сэтгэл санаанд нөлөөлөх аливаа зүйлийг үзэхгүй байх нь хамгийн чухал юм.
-Ядаргаа нь ясандаа тулсан гэж их ярьдаг. Архаг ядаргаатай удаан явлаа ч гэдэг?
-Дээр ярьсан зүйлс л өвчин үүсэх шалтгааны нөхцлүүд нь болдог. Шалтгаан гэдэгт уламжлалт анагаах ухааны онолоор амин хувиа бодох “Би” хэмээхээс сэтгэлээс хүсэл тачаал, уур, мунхаг гарч хий, шар, бадган үүсдэг, шалтгаан нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад буюу гэнэтийн нөхцлөөр өвчинг үүсгэдэг. Орчин цагийн бидний ойлголтоор бол тайван хэвийн бус байснаас стресс /сэтгэлийн хүчдэл/, дипресс буюу сэтгэл гутрал, вегитатив ургал мэдрэлийн үйл ажиллагаанууд хямарснаас үүсэж байгаа мэдрэл сульдлын хам шинжийн эмгэгүүд юм.
-Өвлийн шөнө урт тул тойгны шөл, зутан шөл уугаарай-

-Хий, шар, бадганы ойлголт маш чухал юм байна?
-Дан гурав, хавсарсан гурав, хурмал нэг гээд долоон биеийн өвөрчлөлд хувааж ярьдаг. Дан хий гэж байхгүй гэж үздэг. 90 хувь хий, 10 хувь бадгана, 80 хувь хий, 20 хувь шар гэдэг ч юмуу. Хавсарсан гэдэг нь 70:30, 60:40-ийн харьцаатай, хурмал гэдэг нь 33:33:33 тэнцвэртэй байхыг хэлнэ. Бид голдуу хавсарсан өвөрчлөл нийтлэг бий. Улирлаар авч үзвэл уламжлалт анагаах ухаанд 6 цаг бий.
- 12 сарын 16-наас 2 сарын 15 хүртэл өвлийн адаг
- 2 сарын 16-наас 4 сарын 15 бол хавар
- 4 сарын 16-наас 6 сарын 15 бол тэнцэл дэгжрэл
- 6 сарын 16-наас 8 сарын 15 зун
- 8 сарын 16-наас 10 сарын 15 намар
- 10 сарын 16-наас 12 сарын 15 өвлийн эхэн гэсэн ийм зургаан цаг буюу улирал бий.
Хий, шар, бадган 3 махбод хурах, хөдлөх, амирлах гэсэн зарчмаар явна. Яг одоо бадган махбод хурж байгаа. Хүмүүс хөдөлгөөн бага хийж, хүнд, тослог идээ ундаа тэргүүтэн сэрүүн хавсарснаас бадган хурдаг. Бадган хавар хөдөлж, тэнцлийн цагт амирлана. Хий тэнцлийн цагт хурж, зун хөдөлж, намар амирлана. Энэ цагт ямар хоол хүнс идэж, амьдралын хэвшил ямар байгаагаас шалтгаална. Би хүмүүст маш энгийнээр ойлгуулахыг хүсдэг.
Тэгэхээр өвлийн улиралд илчтэй, халуун чанарын мах шөл, идээ ундааг хэрэглэж, дулаан хувцаслаж даарахгүй явж, нойр сайн авах хэрэгтэй. Өвлийн шөнө урт, тиймээс энэ тухай номонд шөл уугаарай гэж бичсэн байдаг. Тиймээс тойгны шөл, зутан шөл уух хэрэгтэй. Халуун чанартай адууны мах, бүлээн чанартай хонины мах зохистой. Мөн аньс, нэрс, чацарганы шүүсийг буцалсан усанд хандалж уух, нохойн хошууг цайндаа буцалгаж уух зэргээр хоол ундаараа зөв байх юм.
-Хүмүүс ядраад байна дусал хийлгэчихье л гэдэг. Энэ зохисгүй хэрэглээ бололтой?
-Дусал шингэн гэдэг хүний биед ороод 12 цаг эргэлдээд биеэс гадагшилна. Дусал хийлгэх нь буруу гэж хэлэхгүй ч хэмжээнд нь хэрэглэвэл эмчилгээ, хэтрүүлбэл хор. Эм тариаг дур мэдэн хэрэглэснээр эмгэг үүсэх талтай. Өндөр тунтай витаминууд их уудаг. Үүнийхээ оронд түүнийг агуулсан хоол ундаа идэх нь илүү үр дүнтэй. Витаминууд шингэхдээ ходоодыг их цочроодог. Ядраад байна гээд л янз бүрийн тариа хийлгэж байна. Хийлгэж болно, гэхдээ ямар хэмжээгээр юуг нөхөх гэж байгаагаа эмчийн заавраар хэрэглэх нь зөв алхам юм.
-Уламжлалт анагаах ухаанд хэрхэн эмчилдэг вэ?
-Эмчлэхийн тухайд нойргүйдэл гэхэд хий арвидсантайхолбоотой байдаг. Хийг дарах идээ, ундаа, эмийг өгнө. Дээрээс нь монгол төөнө, халуун тосон бариа, шимжүүлэх бариа, зүү гэх мэтээр эмчилнэ. Энэ бүгдийг ч гэсэн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний гам гэж бий. Салхи жаварт цохиулахгүй, хүйтэн ус зэргийг хэрэглэхгүй байх ньмаш чухал.
-Ядаргааг эмчлүүлэхгүй явсаар юунд хүрэх вэ?
-Сөрөг үр дагавар нь өвчин эмгэг үүснэ. Даамжраад сэтгэцийн олон өвчний суурь болно. Тиймээс биед жаахан зовиур байвал эмчид үзүүлээд зааврын дагуу хоол ундаа идээд, эмчилгээгээ авах нь зохистой. Хүмүүс дур мэдэж янз бүрийн эмчилгээ хийлгэх нь маш буруу гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүрийн биеийн онцлог, билэг чанар, мөн чанар, төрөлх чанар өөр, өөртул. Жишээ нь, шар ихтэй элэг цөс, нойр булчирхайн эмгэгтэй хүн хамаагүй хоол идэж болдоггүй учраас тийм зүйлийг идэх, хэрэглэх сайн гэж нэрлэж зөвлөхөд учир дутагдалтай.
Малын халуун цус уугаад дүлийрчихсэн хүн ирж байсан. Дур мэдэж хэрэглэх ийм аюултай байдаг. Шууруулах буюу хоол сойх, тураах эмчилгээг өвлийн улиралд хийж огтхон ч болохгүй.Тэхийн шээг бөөрөнд сайн л гээд мэдээлэл болгоод ярьчихдаг. Гэтэл таарах, таарахгүй гэж асуудал бий. Бие махбодь бүрийн мөн чанар, төрөлх чанар, билэг чанар өөр, өөр. Тиймээс Доржид таарсан эмчилгээг бүх хүнд зөвлөж болдоггүй. Эмчилгээний хугацаа эдгэрэх ч хувь хүний биеийн онцлогоос шалтгаална. Хүний биеийн төрөлх чанар гэдэг дахин давтагдшгүй байдаг онцлогтой.
АШУҮИС-ийн "Монгол анагаах ухааны төв" эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг монгол улсын хэмжээнд 100 ор, 4 тасаг, 60 эмч эмнэлгийн мэргэжилтэнтэйгээр 46 нэр төрлийн эмчилгээг хийж байна. Нийт өвчлөлийн байдлаас харахад 46% нь цагаан судлын буюу мэдрэлийн шалтгаантай өвчин эмгэг харвалтын дараах саа, саажилт, нүүрний мэдрэлийн саажилт, мэдрэл сульдлын хам шинжийн өвчин эмгэг, мөрний үрэвсэл зонхилж, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг, архаг хуучтай өвчин эмгэг давамгайлж байна.
Тус эмнэлэг мэдрэлийн гаралтай булчин сулралын хам шинжтэй өвчтөнд туйплан эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Хүмүүс уламжлалт анагаах ухаан гэхээр зүү тавих, бариа засал хийх төдийхнээр төсөөлдөг. Энд бөөлжүүлэх, туулгах, хануур, шивнүүр, бигнүүр, самнуур, дэвтээлгэ, шимжүүлэх, хүчжүүлэх, тосон, цэгэн, шөлөн, сүүн зэрэг арваад төрлийн бариа засал хийдэг.
Уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн эмч нар гавъяат эмч 1, профессор 5, тэргүүлэх, ахлах зэргийн эмч нар, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш нар хамтран ажиллаж эрдэм шинжилгээ, нотолгоонд суурилсан судалгаа, инноваци хамтарсан цогц үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.