УЛС ТӨР

ТӨХК-ийн хуулийг сайжруулах уу, муутгах уу гэдэг хариуцлагыг Н.Учралаас нэхнэ

Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд яамдуудын төсөвт суулгаагүй мөнгөө дамжуулан авах арга хэрэгсэл, намуудын сонгуульд ашигладаг мөнгө гуйвуулгын газар болсон гэж яригдаад удлаа.

Ингэж гал авалцуулан чичлэгдэж байгаа ТӨХК-иудыг шинэчилнэ, хариуцлагын тогтолцоог нь улам чангатгана гэж хамгийн чанга дуугарсан хүн бол ЗГХЭГ-ын дарга Н.Учрал. Хэд хэдэн удаагийн Засгийн газрын хуралдааны дараа Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад барив. Шинэчлэлийн процесс өрнөх нь гэдэг өндөр хүлээлтэд Н.Учрал эргээд өөрийн хүнээ сандал суудал руу түлхэж, муухан эхлэлийг харууллаа.


Шинэ хууль биш

Одоогоор уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхээр хүлээж буй. Үүний өмнө Эдийн засгийн байнгын хороогоор орохоор ёстой. Тиймээс байнгын хорооны гишүүдээс хуулийн талаар лавлахад, “энэ хуулийн төсөл дээр нэлээд ажиллаж, засварлахаар харагдсан. Тиймээс намрын чуулганд хэлэлцэж амжихгүй. Хаврын чуулган руу орж таарах байх" гэсэн юм. Шүүсийг нь шахах хууль, бас хэний ямар ашиг сонирхол энэ хууль дээр цухалзаж байна гэж УИХ-ын гишүүд ч сонжиж буй нь илт.

Уг хуулийг “бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах” хэмээн сүржин болсноос биш Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн нэрийг нь өөрчлөөд оруулж ирсэн төдий.

Яамд дээр улсын төсөвт үйлдвэрийн газар нэртэй, улс төрийн аж ахуйн тооцоот, төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлнэ. Төрийн өмчит компани гэх статус дотор ашиггүй, алдагдал хүлээдэг компани байхгүй болно гэдэг том зорилт нь өөрөө өнөөдөр бодит үйл хэрэг болж чадах уу. Учир нь өнөөдөр ТӨХК нь төрийн оролцоогүй, бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч чадамжгүй болчихсон газрууд.


ТӨХК-иудыг чанаржуулах бус төрийн албан хаагчдыг цомхотгох давхар сонирхол

ТӨХК ерөөсөө тэр чигтээ улс төрийн нөлөөлөл бүхий хүмүүсийн орогнодог газар болчихсон гэхэд хилсдэхгүй. Энэ дүүрэн орон зайг султгаж, илүү шинэ, цэвэр орон зай болгох дээр үе үеийн УИХ, ЗГ хэлэлцэж, ярилцаад шийдэл ололгүй энэ хүрсэн. Гэсэн атлаа хөндөж, шүүрч авдаг топ сэдвүүдийн нэг. Одоогийн Засгийн газраас хүлээх хамгийн том хүлээлтүүдийн нэг нь яах аргагүй ТӨХК-ийг бүтэц болоод үүрэг чиглэлийнх нь хувьд шинэчлэн сайжруулах гэдэг нь гарцаагүй.

Уг нь шинэчлэн өргөн бариад байгаа дээрх хуулийн төсөл ашигтай байж чадвал төсвөөс бодитоор танагдаж, төрийн өмчит компаниуд цөөн бүрэлдэхүүнээр алдагдалгүй ажиллаж, хувийн хэвшилд зайгаа тавина гэсэн үг. Тиймээс П.Сайнзориг нарын залуу гишүүд өмнөх үеийнхнийхээ хийгээгүй хийж, тус хуулийг хурдан хэлэлцүүлж чадвал улс төрийн манлайлал үзүүлэх боломж ч мөн. Улс төрийн намууд доторх залуу гишүүдийн амбиц ч эндээс харагдана. Өмнөх үеийнхээ төрд шургуулсан татлаа, түтлээ, ТӨХК-иудад томилсон дарга нарыг халж сэлгэх, салхи оруулах, улмаар дараа үедээ улс төрийн энэ том тоглолтууд болдог талбар руу хүч түрэн орж ирэх сонирхлоо ч ил далд илэрхийлж буй нь энэ.

Тэгэхээр залуу гишүүд ТӨХК-ийг сайжруулах, задлах, илүү нягтруулж, санхүүгийн өгөөжтэй болгож, хувийн компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгч чадах уу гэдэг нэг сорилт, асуулт, хүлээлт.

-Хуульд юу өөрчлөгдөх вэ-

Өргөн баригдсан хуулийн төслийн юу нь шинэ, сонин юм бэ,

  • ил тод, нээлттэй байх;
  • үр ашигтай байх;
  • зах зээлд шударга өрсөлдөх, аливаа хэлбэрээр давуу эрх эдлэхгүй байх;
  • монополь, эсхүл давамгай байдлаа урвуулан ашиглахгүй байх;
  • компанийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах, удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх;
  • улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх;
  • компани төрийн болон орон нутгийн хүлээх үүргийг хариуцахгүй байх;
  • Засгийн газрын бүрэн эрх, орон нутгийн эрх хэмжээ компанийн удирдлагын бүрэн эрхээс тусгаарлагдсан байх;
  • хараат бус хөндлөнгийн хяналттай байх;
  • үр ашиггүй зардал гаргахгүй байх;

Компанийн зарчимд улс төрийн нөлөөлөл оруулахгүй. Удирдлага нь бие даасан байх. Удирдлагын ажилд эрх бүхий байгууллагууд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан. Энэ хуулийг барьж, батлуулах хамгийн том сонирхол яг энд л харагдаж буй. Улс төрийн нөлөөллийг багасгах. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн босгыг өндөрсгөнө гэж Н.Учрал хэлнэ лээ. Төрийн албаны шалгалтад тэнцээгүй атлаа ТӨХК-иудын аль нэгд нь хэлтсийн даргаар очоод суучихдаг хуучны жишгийг хална л гэсэн үг. Гэхдээ энэ хуульд компанийг байгуулах эсэх болон үйл ажиллагаа явуулах дүрмийг Засгийн газар шийднэ гээд заачихсан нь төр шууд гараа татчихаж байгаа хэрэг биш гэдгийг ч бас харуулж буй.


-ТӨХК-ийн хуулийг шинэчлэхдээ Засгийн газрын үүрэг оролцоог улам нэмнэ-

Улс төрийн нөлөөллөөр даргыг нь сонгодог жишгийг болино гэж ярьсан ч цаасан дээр зөрчилдөнө. Учир нь Засгийн газрын үүрэг оролцоо, шууд удирдлагын түвшинд болоод бодлогын түвшинд илүүрхэнэ гэсэн байна.

Хуульд төрийн болон орон нутгийн өмчит компанийг шинээр байгуулах болон татан буулгах эрх Засгийн газар болон ИТХ-д байна гэж зааснаас харж болно.

Тухайлбал, төрийн өмчит компани үүсгэн байгуулах эрхийг Засгийн газар өгөх бол орон нутгийн өмчит компани үүсгэн байгуулах эрхийг тухайн орон нутгийн ИТХ гаргана. Ингэхдээ компанийг хугацаатай байгуулах бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан тохиолдолд дээрх эрх бүхий байгууллагууд хугацааг сунгах эсвэл татан буулгах эсэхийг шийдвэрлэх аж. Мөн компанийн баримтлах дүрмийг Засгийн газар болон ИТХ батална гээд заачихсан.

Өөрөөр хэлбэл, төр өөрөө төрийн болон орон нутгийн өмчит компанийн дүрмийг гаргаж, гаднын хяналтгүй шууд удирдах нь хэвээр гэсэн үг. Цаашид "ТӨХК-иудыг Засаг мэднэ" гэдэг заалт нь өөрөө Н.Учралын дэвшүүлээд байгаа хуулийг шинэчлэх суурь зарчимтай зөрчилдөж байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 22, 2025 09:34

hentiin haanchlaliin yeiin 2-r pop

Зочин
Зочин
1 сар 22, 2025 11:59

Нэрнээсээ эхлээд маш түүхий хуулийн төсөл байна лээ. Олигтойхон мэдлэгтэй эдийн засагч, хуульчид Учкад байхгүй дээ. Хэдэн цүнх баригч �##�бан хаагчид нь энэ хэмжээний хужль хийж барахгүй

Холбоотой мэдээ

Back to top button