Top StoriesУЛС ТӨР

Тойм: Олон ургалч парламентийн хүчийг Д.Амарбаясгалан зөв залуурдахгүй юм бол...

Монгол Улсын парламентийн түүхэн дэх хамгийн олон УИХ-ын гишүүнтэй, өөрөөр хэлбэл олон үзэл санаа нэг танхимд чуулсан анхны үзэгдэл.

Өчигдөр 126 гишүүнтэй парламентийн намрын чуулганы хуралдаан хаалтаа хийж, алдаа оноогоо дэнслэв. Сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэнэ гэдэг асуудал өөрөө тун бүрхэг, сонгогчдын дунд удтал хэлэлцүүлэг болсон ч эцэст нь парламентаа зориглон бүрдүүлж чадсан.

Ерөөс, өмнөх алдаагаа давтахгүй сонголт бүрийн өмнө тулсаар, сайжирч өөрчлөгдөх боломжит хувилбар бүрийг туршиж үзэх сонгогчдын итгэл энэ удаагийн парламентад асар их жин дарж буй.

Намрын чуулганы нээлт дээр Д.Амарбаясгалан бүрэн эрхийн дөрвөн жилдээ УИХ-д ямар шаардлага, цензур тавихыгаа огт тойруулалгүй парламентийн хуучинсаг сэтгэлгээ, ойлголтыг хална гэдгээ илэрхийлж, үндсэндээ танхимаа “базна” гэсэн санаагаа шууд илэрхийлсэн.

Өмнөх парламентуудын төсөөтэй тал нь эрх баригч намын нөлөө жин дарж, сөрөг хүчний няцаалтууд дөрвөн жил өрнөсөөр таардаг байв.

Ийм ээдрээ дундуур анхнаасаа орохгүй гэдэг амбицаа Д.Амарбаясгалан намрын чуулганы нээлт дээр зовуурьгүй хэлчихсэн нь энэ парламентийн чигийг тодорхойлсон.

Намрын чуулганы хаалт дээр Д.Амарбаясгалангийн хэлсэн үг 126 гишүүнтэй парламентийн хүч нь хаана аа вэ гэдэг мессежийг ч өгсөн юм.

Данхайсан төсвөө буцааж, дахин тануулаад батлуулчихдаг, улс төрийн хүрээний гуйлгад эсрэг кноп дардаг, яаралтайгаар оруулж ирж гулсуулдаг хуулиудыг унагаачихаж чадаж байгаа нь өнөөдөр сонгогч өөрийн төлөөллөөр дамжуулан өөрсдийн шийдвэр гаргах эрхийг гартаа авч буйн жишээ мөн. Яаж ч олонхийг лоббидсон нэг л гишүүний санал, үзэл хандлага ямар чухал гэдгийг намрын чуулганаар батласан хийгээд унасан хуулиудаас харж болно.

Энэ удаагийн намрын ээлжит чуулганаар хамгийн олон удаа олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээрийг баталлаа. Том төслүүдээ хөдөлгөх хамгийн том субъект нь УИХ гэдгийг ч Засгийн газарт бат нот харуулав. Парламентаар хэлэлцэгдэж буй асуудлыг гишүүд олон талаас нь “мөлжиж”, нарийвчлан нягтлах, учир холбогдлыг нь зах зухаас нь хөвөрдөж гаргадаг энэ байдал нь өөрөө нэг нам зүтгүүлээд л дийлчихдэг, тийм дөнгүүр биш гэдгийг сайтар харуулах ёстой.

“Адгийн 76” гэдэг ойлголтыг халах, олон төлөөлөл сонгосны эцсийн үр дүн нь өөрөө улс төрийн түүхийн нэг хуудас болох юм.

Ингээд харахаар энэ 126 гишүүний хүчийг хааш нөөж, хааш чиглүүлэх вэ гэдэг сорилт Д.Амарбаясгалангийн бүрэн эрхийн хугацаанд үргэлжид түүнийг дагана.

Засгийн газар руу тал зассан шийдвэрүүд дээр Д.Амарбаясгалан дэндүү нялуун байгаа нь үнэн. Нэг үеийн, нэг намын, нэг үзэл санааны төлөөлөл гэдгээрээ Л.Оюун-Эрдэнэд бараа болж буй ч үүрэг чиглэлээр хэзээд хязгаар заагтай байх хоёр салангид ойлголтыг яавч нэг үзүүр рүү түлхэж болохгүй.

Анх удаа өргөн бүрэлдэхүүнээр байгуулагдсан УИХ эрээвэр хураавар, олон талт тархай бутархай юм шиг авч санал, шийдлийн эцсийн цэг дээр бүгд огтлолцож байгаа цагт энэ нийлэмж нь өөрөө Монголын эрх ашгийн төлөө л байхаас гарцаагүй. Энэ эрх ашгаас давсан амбиц илүүц.

14 мега төсөл өөрөө Засгийн газрын л үүрэгт ажил. УИХ бол хяналтын үүргээрээ л ажиллах ёстой.

Хаврын чуулганы төгсгөлд одоогийн парламентийн “дүн гарна”. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудлууд дээр чигч байдлыг улам хадгалах, намын шаардлагаар орж ирж буй томилгоо сэлтэд УИХ бүрэлдэхүүнээрээ цензуртай байх шаардлага ч үүснэ. Намын шийдвэр данхайж, төлөөллийн шийдвэр жулдах ёсгүй.

Олон нийтийн анхаарлын төвд байх соргог хуулийн төслүүд энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэгдэх тов бий. “Гал”-тай хуулиуд ч орж ирнэ. Үүнд л, парламент үндсэн чадамжаа бүрэн дайчлах эсэхийг харах хүлээлт бий.

Эцэст нь, 126 гишүүний нэгдэл бүхий цоо шинэ парламентийг үндсэн чиг үүрэг рүү нь залуурдагч байх эсэх нь Д.Амарбаясгалангийн улс төрд цэг тавих уу, таслал тавих уу гэдэг нэг том челлэнж юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 25, 2025 09:48

Хэлэлцүүлэг ч болоогүй шүү. Өөрсдийгөө зөвтгөж ярьсаар байгаад аваачаад чихчихсэн.

Зочин
Зочин
1 сар 25, 2025 10:01

Daisogiinhan hovdiin must sumiin guilagchinguud

Зочин
Зочин
1 сар 25, 2025 23:12

Хурлых нь ирц багадаа 70-80% хүрэхгүй танхай хүмүүсийн цуглаан болжээ. 0ны төсөв бат�##�чихна, шүүмжилэхээр засаад бат�##�чихна. Хамтарсан ЗГ байгуулж ард түмний сонголт руу нулимсан. Бүгд ОюунЭрдэнэ, Хүүк 2т шууд захирагдана. Хурлын даргыг түй ч тоохгүй...

Бат
Бат
1 сар 26, 2025 09:11

Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч

Холбоотой мэдээ

Back to top button