Хүний эрхийн төлөө тэмцэгч Өвөр Монгол эрэгтэйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Японы парламентын дөрвөн гишүүн Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Хад нэртэй эрэгтэйг 2025 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна. Парламентын гишүүд БНХАУ-ын Коммунист намын удирдлага дор амьдарч буй өвөр монголчуудын эрхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэж буйг нь үнэлж нэр дэвшүүлсэн аж.
Өвөр Монголын ардчилсан холбооны ерөнхийлөгч болох Хад нь сүүлийн 30 жилийн турш хавчилт, шахалтыг туулж иржээ. Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн төв (SMHRIC) мэдээлснээр түүнийг 1995 онд үндэслэлгүй баривчилсан байна. Тэр 15 жилийн хорих ял, нэмэлт дөрвөн жил хорих, 11 жил гэрийн хорионд байх ял сонсож байсан юм.
Ийм хүнд хэцүү бэрхшээлийг үл харгалзан хүний эрхийн төлөө тэмцсээр байгааг нь үнэлж Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёоичи Шимада тэргүүтэй дөрвөн хууль тогтоогч түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна. Хадыг нэр дэвшүүлж байгааг Нобелийн комисс хүлээн авсан тухай цахим шууданг Энэтхэг-Номхон далайн хүний эрхийн мэдээллийн төвийн ерөнхийлөгч Хидэтоши Иший өнгөрсөн ням гарагт /2025.01.26/ мэдэгджээ.
“SMHRIC”-ийн захирал мэдэгдэл хийхдээ “Хироши Яамашида, Ёоичи Шимада зэрэг Японы парламентын дөрвөн гишүүд зургаан сая өвөр монголчуудын эрхийн төлөө насан туршдаа тууштай зүтгэж буй ноён Хадыг үнэлсэнд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Өвөр Монгол дахь хүний эрх, эрх чөлөөг дэмждэг, эрхэм анд нөхөд болох ноён Хидэтоши Иший, хатагтай Ёоко Иший нарт онцгой талархал илэрхийлье” гэсэн юм.
Эх сурвалж: SMHRIC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улсын монголчууд бид л энэ хүнийг мэддэггүй болохоос дэлхийн хүний эрхийн төлөө тэмцэгчид Хадааг сайн мэддэг юм билээ.
Уг нь бид энэ элэг нэгт тэмцэгчийг боломжит хэмжээнд дэмжмээр байгаа юм. Ядахдаа сэтгүүлчид энэ хүний тухай товч болов ч мэдээлж байгаачээ.