БНСУ: Хойд Солонгос цэргүүд дайны талбарт үзэгдэхээ больсон

БНСУ-ын тагнуулын алба мягмар гарагт /2025.02.04/ мэдэгдэл хийхдээ Украины дайнд ОХУ-ыг дэмжиж байлдахаас очсон Хойд Солонгосын цэргүүд Курск мужид үзэгдэхээ больсон гэжээ.
“New York Times” сонин энэ талаар анх мэдээлсэн юм. Тус сонин Украин болон АНУ-ын мэргэжилтнүүдийг мэдээлэхдээ Орос цэргүүдтэй хамт Курск мужид байлдсан Хойд Солонгос цэргүүд их хохирол амссан тул фронтын шугамаас татагдсан гэсэн байна. Тэгвэл БНСУ-ын Үндэсний тагнуулыг алба (NIS) энэхүү мэдээллийг баталсан мэдэгдэл гаргав.
“NIS” мэдэгдэл хийхдээ “Нэгдүгээр сарын дундаас хойш Курск мужид Хойд Солонгосын цэргүүд байлдаанд оролцож байгааг илтгэх баримт илрээгүй” хэмээсэн юм. Тус алба “New York Times”-ийн мэдээлэлтэй ижил дүгнэлт гарган цэргүүд их хохирол амссан бололтой гэжээ. Хойд Солонгос Курск муж руу 11 мянга орчим цэрэг илгээсэн. “NIS”-ийн үзэж буйгаар Хойд Солонгосын 300 цэрэг амь үрэгдэж, 2,700 орчим нь бэртжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.