Top StoriesНийгэм ярилцлага

Мал зүйч Д.Ренчиндорж: Доройтсон малд цагаан тариа, ивомек хийж, архи өгөх нь хамгийн буруу үйлдэл

Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд малчид малаа тэнхрүүлэх, онд оруулах гэх мэт нүр их ажилтай нүүр тулдаг. Цас зудны нөхцөл хүндэрч байгаа энэ үед Монгол Улсын зөвлөх мал зүйч, дэд профессор Д.Ренчиндоржтой ярилцлаа.

Тэрбээр ХААИС, МАА биотехнологийн сургуульд 45 жил багшилж, одоо зөвлөх мал зүйчээр ажиллаж байгаа юм. Ийнхүү бид малчдад хэрэгтэй зөвлөгөө болон малыг хүйтнээс урьтаж угтуулан тэжээх зэргээр ярилцлаа.

-Өвлийн дунд сард зарим аймгууд цагаан зудтай байгаа энэ үе малчдын хувьд хүндхэн байдаг. Тэгэхээр зудтай үед малчид энэ үеийг хэрхэн малын хорогдол багатай давж гарах вэ гэдэг асуултаар хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Энэ жилийн хувьд 13 аймгийн 40 гаруй сум зудын байдалтай байна. Ойрын өдрүүдэд нэлээн хүйтэн байлаа. Юун түрүүнд нийт малчдадаа сүрэг мэнд үү, бие амгалан сайн уу.

Одоо ид мал төллөх цаг буюу эхний мал төллөж эхэлж байна. Иймээс эх малын биеийг сайтар тэнхрүүлэх, нялх төлийн өсөх бойжих үеийн хөгжил гүйцсэн байх нөхцлийг хангахын тулд угтуулан тэжээх ажлыг явуулах ёстой. Угтуулан тэжээх ажилд бог мал бол 30-45 хоногийн өмнөөс нэмэлт тэжээл өгнө. Ингэж нэмэлт тэжээлээр угтуулан тэжээснээр эхийн тарга хүчийг тогтоон барих. Хоёрдугаарт ургийн сүүлчийн үеийн хөгжлийг бүрэн дүүрэн байлгах ач холбогдолтой. Угтуулан тэжээлгийг явуулахдаа эх малд 0.5-0.8 кг сайн чанарын ногоон өвс, хүчэл тэжээлийг 0.2-0.5 кг тухайн малынхаа нас хүйс, амьдын жин, ашиг шимийн түвшинд нь харгалзан өгнө. Угтуулан тэжээсний дараа нялх төл гараад ирэнгүүт долоо хоногийн дотор борог тэжээлд оруулах ёстой. Эхийн сүү хангалттай байлаа ч гэсэн хурганы өсөлтийг бүрэн дүүрэн хангах шим тэжээлийг авч чаддаггүй учраас долоо хононгуут нь хивгийг давстай бүлээн усаар зуурч бага багаар нь онгоцонд тавьж өгөх хэрэгтэй.

-Нялх төлийг сайн бойжуулахад тустай гэж үү?

-Ингэснээр нялх төл эхийн сүүний хажуугаар тэжээл идснээр ходоодны үйл ажиллагаа сайн хөгжинө. Энэ чанараараа зуны бэлчээрт гарсан өдөр бие дааж, бэлчээрээс өөрт хэрэгтэй шимт бодисыг авч чаддаг. Нөгөө талаараа угтуулсан малын төл амьдрах хөгжил сайтай байдаг. Тиймээс 9-10 сартай хурга 40-45 кг хүртлээ сайжирдаг. Төлөг шиг мах авч, үйлдвэрлэлд ашиглаж болдог. Мөн нөгөө талаараа арьс шир сайн байна. Бас угтуулан тэжээсэн учир өвчлөхгүй, өвчлөхгүй учраас бие бялдар зэрэг хөгжих давуу талтай. 

Харин адууны тухайд бол эрт үеэсээ монголчууд адууг тэжээдэггүй. Харин одоо л хурдан морь уралдуулах нэрийдлээр гадаадын элдэв юмсаар тэжээж эхэлсэн. Эрт үеэсээ адууг бог малын бэлчээрээс хол бэлчээр сайтай газраас тайван байлгаж оторлож ирээд, гүү унагалахын өмнө ойртуулж авчирдаг.

-Их нарийн арга ухаан байж шүү дээ. Залуу малчид ялангуяа туршлагатай малчдаас, мал зүйчээс зайлшгүй сонсож, мэдэж баймаар санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Үхрийн тухайд саяны хэлсэнчлэн угтуулан тэжээх хэрэгтэй. Гэхдээ нэг үнээнд хээлийн байдал болон тарга хүч, бие бялдрыг нь хараад 3-5 кг өвс, 1-1,5 кг багсармал тэжээл өгнө. Сайн чанарын өвсийг өгөхдөө сараалжинд өгвөл их сайн байдаг. Яагаад гэвэл мал хоорондоо чихэлдэхгүйгээр тайван иднэ. Сараалжныхаа доод талд онгоцтой байвал илүү их сайн. Өвсний нунтаг хэсэг нь онгоцондоо үлдсэн дээр нь хүчил тэжээлээ нэмж хийгээд үхэр малдаа өгнө гэсэн үг. Малчиндаа ч гарзгүй, малдаа ч нэмэртэй шийдэл л дээ. Хүчил тэжээлийг өгөхдөө 0.2-0.5 гэсэн байдлаар малдаа өгнө. Гэхдээ нэг анхаарах юм нь хүчил тэжээлийг хуурайгаар нь өгч болохгүй. Исгэх, хөрөнгөжүүлэх гэх мэтээр нэмэлт ашиглан өгөх хэрэгтэй. Бас тэжээлийг өгөхдөө тогтмол цагт тогтмол хэмжээгээр өгнө. Ингэхдээ аль ч малд хошуучаар өгөх хэрэгтэй. 

Ерөнхийдөө малыг угтуулан тэжээснээр сүү саальны гарц сайн, арьс ширний чанар сайн, мах сайтай мал болж өснө. Ингэснээр малчид цөөн тооны малаар эдийн засгаа нэмэгдүүлэх боломжтой. 

-Малчид "Энэ онд орохооргүй болчихлоо" гэж зарим тарга тэвээрэггүй малыг хэлдэг. Ингэж тарга хүчгүй болсон малыг яаж хахир өвлийг давуулж, хавартай золгуулах вэ?

-Одоо нэгэнт цасанд дарагдсан нөхцөлд төллөх эх малаа авч үлдэхийг бодох хэрэгтэй. Нэгэнт дор орчихсон ядарч доройтсон өсвөр мал төлийг тэжээл хүн хүчний хүрэлцээ хүрэхгүй бол бараг л орхих шаардлагатай болно. Үндсэн сүрэг хээлтэгч, хээлтүүлэгчээ л авч үлдэхийг юуны түрүүнд анхаарах хэрэгтэй. Доройтсон малын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдсан байдаг учраас тэжээлийг маш бага хэмжээгээр тогтмол цагт өгөх нь зүйтэй. Гэхдээ би хэдэн арга хэлж өгье. Манай мундаг малчид бол мэднэ. Халгай, шарилж, лууль, агь, таана, хөмүүл зэрэг шимт ургамлаар ханд бэлтгээд өгвөл их тустай. Буцламгай халуун усанд ургамлаа хийгээд хутгана, буцалгах шаардлагагүй. Тэгээд шүүгээд өсвөр малд 100-200 грамм, бог малд 1-2 литр, бод малд 2.5-3 литрийг өгнө. Шар тос, тарваганы тос, адууны тосоор баяжуулсан өтгөн хар цай байж болно. Үүн дээрээ нэмээд сахар, глюкозыг хийгээд өгчихвал мал түргэн тэнхэрдэг.

Хүчит тэжээлийг өгөхдөө эхлээд заавал услах шаардлагатай. Буудай, багсармал тэжээлийг өгөхийн тулд урьдчилан боловсруулна. Яаж гэхээр хүчит тэжээлээ 35-40 градусын бүлээн усанд дэвтээгээд шүүнэ. Хурга, ишгэнд 20-50 грамм, бог малд 100-200 грамм, бод малд 300-500 граммыг тогтмол цагт, тогтмол хугацаанд өгнө. Энэ тэжээлийг өгөхөөс өмнө заавал ч үгүй 8-10 градусын бүлээн усыг  хужир юмуу давсаар амтлаад өгвөл илүү шингэцтэй, тохиромжтой байдаг. Хэдхэн хоногоос мал төллөөд эхэлнэ. Энэ үед сүү орлох тэжээл хэрэглэнэ. Малын хураасан сүүг сайн шингэлээд дээр нь глюкоз юмуу сахар хийгээд угжих, айраг, цагааг ашиглаад сүү орлох тэжээл хийж болно. Мөн вандуй буюу шар буурцагийг дэвтээгээд машиндана. Дараа нь бүлээн усанд хийж буцалгаад шүүж аваад угжиж болно. Дээрээс нь загас, тарвага, адууны тос бага зэрэг нэмээд өгчихвөл илүү шингэцтэй. Шар будааг чанаж машиндаад бүлээн усанд хийж жаахан давс хужир сахар хийгээд ингээд төлөө ч угжаад малдаа ч өгч болно.

-Бүр доройтсон малыг монголчууд бас хээр орхидоггүй шүү дээ. Өвдөж, турж эцсэн малыг яавал зохилтой вэ?

-Ядарч доройтсон мал нэгэнт хэвтээд босохгүй бол хамгийн сайн арга бол судсаар нь глюкоз хийдэг. Яг хүнд хийдэг хоёр хоног өдөрт хоёр удаа хийчихэд дороо л босоод ирнэ. Тэгээд тэжээлээ бага багаар өгөөд аль болохоор хөдөлгөх, хөдөлгөөнд оруулахыг хичээх хэрэгтэй. Тал талаас нь өргөж босгоод, аль болох өөрөөр нь нэг хоёр алхуулаад ирэхээр малын биеийн хөдөлгөөний үр дүнд бие зохих темпаратурт хүрдэг. Ингэснээр малын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа ч сайжирна. Хөдөлгөөн хийгээд дулаанаа аваад ирэхээр мал аяндаа өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг зохицуулах чадвартай болно. Өвсийг хэрчээд өгвөл их сайн. Ялангуяа бог мал, хээлтэй үнээнд бол хэрчээд өгөхөд идэмж нь маш сайн байна. Ингэхдээ бог малд 2-4 см, бод малд 8-10 см хэрчээд өгчихвөл хаягдал ч гардаггүй. Хэрвээ хаягдал гарчихвал бүлээн усанд хийж дэвтээж хандлаад хүчит тэжээлтэйгээ холиод өгч болно. Хандалсан усандаа глюкоз юмуу сахар, давс хужир нэмээд өгвөл хаягдалгүй бүрэн ашиглах боломж бүрдэнэ.

-Тэнхээ оруулах гэж байна гээд өвс тэжээлийг нь ахиу өгөөд байдаг нь зөв юм болов уу?

-Манайханд нэг алдаа байдаг. "Эвий минь энэ өнчин" гээд тэжээлээ нэмж өгөөд, "Энэ хөл дээрээ босчихлоо" гээд тэжээлээ хасаад байдаг. Ингэж болохгүй. Яг тогтсон цагт ижил хэмжээтэй тэжээлээ өгөх хэрэгтэй. Тогтмол тэжээгээд байвал мал хивлэгтэй байна. Хивлэгтэй байхынхаа хэрээр гэдэс дотор байгаа эслэг задарч, биед хэрэгтэй арав орчин амин хүчлүүдийг сэргээж, бие нь тэнхэрдэг. Хэвтчихсэн малын ходоод нь муу байдаг. Ходоодонд нь хоол задалж байдаг фирментүүд нь байхгүй болёихсон учраас юу ч идэж, яаж ч тэжээж байсан мал нь муудчихдаг. Тиймээс сайн чанарын ногооны ханд, аарц цагаа, айрагны нитэг, цагаан тосны гүзээ, тарваганы ходоодны ханд зэргийг хандалж өгөх хэрэгтэй. Бага малд бол 200-400 гр өгөх нь хэвийн хэмжээ гэсэн үг. Ингэж ханд өгснөөр ходоодны фирментүүд нь ялгарч, гэдэснийх нь гүрвэлзэх хөдөлгөөн сайжирна. Ингээд бага багаар аажим, аажмаар нэмж тэжээх хэрэгтэй. Хэрвэ их хэмжээгээр тэжээл өгчихвөл, ходоод нь боловсруулж чадахгүй, шууд гаргачихаж байгаа юм. Ямар ч нэмэргүй л гэсэн үг. Мал сэргэхээрээ андашгүй. Үсэнд нь сор ороод, нүд нь сэргэчихдэг. Тэр үед нь л өвс тэжээлийг нь нэмэх хэрэгтэй.

-Малд цагаан тариа, ивомекийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй-

-Доройтсон малыг янз бүрийн л аргаар тэнхээрүүлэх гэж үздэг. Гэхдээ бас болох болохгүй арга гэж бий байх аа?

-Хүн чинь малдаа хайртай халуун сэтгэлтэй шүү дээ. Өндөг өгөхдөө Боргио гэдэг шар айрганд нэг өндөг хийгээд хутгачихдаг. Сайхан хөөсрөөд ирэхээр нь бод малд 500 гр, бог малд 100-150 граммыг өгдөг. Гэхдээ өгөхдөө орой өгдөг. Түүхийгээр нь өгч болохгүй. Архи өгдөг бол маш буруу. Манайхан муудаад ирсэн малд архи өгчихөөр бие нь сэргэдэг гэдэг. Тэр нь үнэхээр буруу.

Цагаан тариа ивомекийг хийх хэрэггүй. Цул хор шүү дээ. Нөгөө мах сүүг нь авах юмгүй болгочихдог. Тэрнийхээ оронд эх орнодоо үйлдвэрлэсэн "Тарга бэлдмэл" гээд байгаа. Түүнийг өгөх хэрэгтэй. Эсвэл хуурай глюкозоо усанд найруулаад өгч болно.

-Эх мал хээл хаях тохиолдол бишгүй боллоо гэж малчид сүүлийн жилүүдэд ярих болсон. Энэ юунаас болдог юм бол оо?

-Яагаад хээл хаядаг вэ гэхээр нэгдүгээрт эхийн тарга хүчнээс болж байгаа. Ес, аравдугаар сараас эхлээд хуц ухнаа тавьж эхэлдэг. Энэ үед малаа сайн таргалуулсан байх хэрэгтэй. Ингэхийн тулд хаврын цагт сайтар ногоолуулсан байна. Одоо үед мал ногоолуулж байгаа айл байхгүй. Тэгэхээр сайтар малаа идүүлж байх л хэрэгтэй.

Яг үүнийг зааж, зааварлах малын эмч, зоо техникч хоёрыг салгачихсан учраас малчид мэдлэг дутуу байдаг. Мал эмнэлгийн ерөнхий газар гэж байгаа ч гэсэн мал үржил бүртгэлийн газар нь хэлтэсийн хэмжээнд байгаа. Угтаа бол мал эмнэлэг, үржлийн газар байсан юм. Гэтэл нэг дарга гарч ирээд л үүнийг байхгүй болгочихсон. Тэгэхээр одоо мал эмнэлэг үржлийн газрыг хуучин хэвээр нь ажиллуулах хэрэгтэй гэж үг даймаар байна.

-Ер нь гэрийн нөхцөлд гар доорх зүйлсээр, арга ухаанаар малаа тэнхрүүлж болохоор санагдлаа. Заавал айхтар үнэтэй бэлдмэл, витамин худалдаж авах хэрэггүй гэж бодогдлоо?

-Угтаа бол тийм шүү дээ. Бүр гэрийн нөхцөлд картон цаас гэдэг хялбар шингэдэггүй эслэг. Хялбар шингэдэггүй ислэгийг дангаар нь өгч болохгүй. Хэвэлт сайн, хоол боловсруулах ажиллагаа нь хэвийн байгаа бод малд ялангуяа үхэрт картон цаасыг сайн дэвтээгээд өгч болно. Эсвэл жижиглээд махны машинаар машиндаад хүчит тэжээлтэй холиод өгчихөөр ходоод гүзээнд байгаа бичил биетнүүдийн үндсэн хоол болдог. Тэгэхээр ходоод хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа идэвхжүүлнэ.

Арвай, улаан буудай, овьёос, хөх тарианы будааны хаягдлаас нэг литрийг авч 10 литр бүлээн усанд хийж дээрээс нь исгэгч 2 халбагын нэмээд галын дэргэд 4-5 цаг болгоно. Манай хууччуулын  ярьдгаар “баардай” гэх энэ бэлтгэсэн тэжээл малд тустай. Хивгийг 15 литр усанд 500 граммаас нэг литрийг хийгээд исгэгчнээс хоёр халбагыг нэмж 25-32 градусын бүлээн усанд хийгээд галын дэргэд тавьж исгэнэ. Ингэхэд тэжээлийн чанар сайжирна, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөтэй. Шилмүүст модны шилмүүс навчаар ханд хийж өгдөг. Ялангуяа ногоон модны шилмүүс бол маш их үр дүнтэй. Хатсан навчны ханд ч байж болно. Хивэгч мал бол тэдгээрийг бүгдийг нь шингээж боловсруулах чадалтай. За зуданд тарган мал их үхдэг. Үүний махыг нь өөхнөөс нь салгаж дангаар нь машиндаад зутан хийж өгч болно. Сайн чанасан ялзарсан махыг хүчит тэжээлтэй холиод өгдөг. Өгөхдөө бог малын махыг бодод, бод малынхыг богт өгвөл илүү зохистой. Мөн үхсэн малын цус, сэвсийг ашиглана. Сэвсийг цусаар нь зуураад хөлдөөгөөд гадаа тавьчхаж болно. Эсвэл шингэн тэр чигээр нь өгч болно. Үүнийг ч гэсэн бог, бодоор зөрүүлээд өгөх хэрэгтэй. Төмпөнд хийгээд сайхан зуураад тавьчихад мал өөрөө мэдээд  иддэг. Эхний удаа бог мал 50-100 грамм, бод малд 0.7 кг өгчихөд л болно доо. Махыг ялз чанасныхаа дараа сайн машиндаад хүчит тэжээл, бүдүүн тэжээл өвс сүрэлтэйгээ бага хэмжээгээр холиод өгч болно. Яагаад гэвэл махны 28-38 хувь уураг агуулдаг учраас малын хэрэгцээг хангах боломжтой.

-Өвлийн хүйтэнд мал төллөх үеэр малчид их зутардаг. Нялх төлөө л гэхээс малчид ч их ядардаг, ачаалалтай үе шүү дээ. Энэ үеэр малчдад хүйтнийг даван гарах зөвлөгөө өгвөл?

-Малчид хувьдаа хоол хүнсээ эрт базаачих хэрэгтэй. Идшээ хийлээ. Араас нь бууз банш бэлдээд сайтар хадгалчих хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн муу малтайгаа зууралдаад өөрсдийгөө их хаячихдаг. Тийм байдалд хүрэхгүйн тулд гурилаа, махаа бэлдчихнэ их амар. Хаашдаа л өвлийн хүйтэн, зудтай хүндэвтэр байдаг шүү дээ. Мал муудлаа гэхийн оронд өөрсдийгөө халамжлах хэрэгтэй шүү дээ.

Бас өвөлжөө, хаваржааныхаа хашаанаас 30-50 метрийн цаана салхиныхаа гол чиглэлд нэг шонг бат бөх босгох хэрэгтэй. Тэрний нөлөөгөөр гурвалжилж хашаа хороог чинь тойроод цас хунгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Энийг эрт дээр үеэс манай малчид хэрэглэж ирсэн. Мөн саравчныхаа урд орой дээр дарцаг хийсгэчих. Дарцагны хөдөлгөөнөөр нөгөө хуйларсан цас чинь хотонд унахгүйгээр өнгөрч хунгарлах нөхцөл бүрдэнэ. Цас шуурганы үед хашаа саравчаа аль болох нүүрэвчтэй байлгаж үүнийгээ буулгах шаардлагатай. Зүүний сүвэгчээр жавар ордог гэдэг чинь үнэн үг. Хашаа хороогоо нэг тойрч үзээд нүх энэ тэр байвал таглачихад гэмгүй. Жаахан сийгчихэд мал даардаг байхгүй юу. Цасаар хороо нөмөр халхавч хийгээд малаа хамгаалж байсан туршлага манай малчдад их бий. Цасаар өндөр хашлага хийж өвсөөр доторлоод төлийн пүнз барьчихдаг арга туршлагууд байгаа. Нялх төлийг жавар гадны нөлөөнөөс хамгаалахын тулд цасаар эхлээд хана босгож дээр нь хэдэн хөндлөн мод тавиад цасаа том томоор нь ховхолж аваад тавьчихад маш дулаахан. Гаднаас хүйтэн агаар нэвтрүүлдэггүй.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 11, 2025 15:22

өчнөөн жил өгөөд мах сүү бүгдийн хэрэглээд одоо зүгээр л бна яах гэж ингэж хуцдаг юм

Зангараг
Зангараг
2 сар 11, 2025 21:31

Энэ зөнөг өвсөн тэжээлтэй м�##�д мах чанаж өг гэж донгослоо, м�##�чдыг доромжилж, м�##�ыг нь араатан гэж солиорч байна.

Зочин
Зочин
2 сар 11, 2025 22:35

Загасан тос маш сайн. Эртнээс загасан тосыг муудсан м�##�д өгдөг уламжл�##�тай байсан бөгөөд м�##�ыг богино хугацаанд сэргээдэг юм байна лээ.

96696832
96696832
2 сар 12, 2025 19:49

Uildverlel deer baga l bsan hun shg bn

Зочин
Зочин
2 сар 13, 2025 00:06

М�##� доройтохоороо хачиг ш�##�з ширх парзитад нэрвэгдэх нь түгээмэл ивомик тарих нь эмчилгээний журмаар л тэршүүдээ тэжээлийн зорилгоор биш уг тариа 14 хоногт бүрэн гардаг байгаа м�##�чид бүгд л мэднэ.цагаан тариа буюу олон үйлдэлт антибиотикыг өвчилсөн м�##�даа л хийнэ хавтгайруулж нийтэд хийдэггүй ер нь зарим нэг мэрэгжилийн гэх хүмүүс таамгаар бурж нийтэд буруу ташаа ойлголт их өгөх юм

Зочин
Зочин
2 сар 13, 2025 16:27

Хүчит шонхор ямарч шинжилгээ хийхгүйгээр 60к шууд хурааж авч оруулдагыг анхаарах цаг болсын бишүү ЭМСайдын гэр бүлийн бизнес гсн бха..иргэд тэрэнд нь хууртаад шинжилгээ бат�##�гаатай мах авч бна гэж бодоод..

Холбоотой мэдээ

Back to top button