Нийгэм мэдээ

Донорын элгийг дурангаар тайрах мэс заслыг хийж эхэллээ

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлснээс хойш 2025 оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ.

Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг.Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд  өчигдөр анхны хагалгаагаа амжилттай хийсэн байна.

Тус төвд хийгдэж буй анхны мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн мэс заслын зөвлөх профессор Kwang Woong Lee, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран хийж зөвлөн туслалаа.

Цаашид уг мэс заслыг бүрэн нутагшуулах зорилгоор ХСҮТ нь БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Профессор Kwang Woong Lee-ийн багийнхан 2015 оноос амьд донорт дурангийн аргаар баруун элэг тайрах мэс засал хийж эхэлсэн бөгөөд робот болон дурангийн аргыг ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж буй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай мэс заслын цөөхөн багуудын нэг юм.

З.УЧРАЛ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button