Б.Нарантуяа: Эхлээд биллиардын дэлхийн аварга болно. Дараа нь өөртэйгөө ижил шилдэг тамирчин бэлтгэнэ

100 айлд байрлах буйдхан биллиардын газарт тоглон буй хүмүүсийг харж зогсох арван хоёрхон настай Б.Нарантуяа охиныг дэлхийн хүмүүст Монголыг таниулна чинээ хэн ч санаагүй биз.
Тэрбээр биллиардын спортоор 19 дэх жилдээ хичээллэж буй бөгөөд өдгөө тив, дэлхийн хэмжээний долоон медальтай. Одоо "алтан медаль л дутуу байна" хэмээн тоомжиргүй инээж "яриа өгөх гэж байгаа хүн байна даа нүүрээ угаачхаад ирье" хэмээсэн нь түүнийг ямар тунгалаг нэгэн болохыг илтгэх шиг.
Б.Нарантуяагийн оролцох ээлжит тэмцээн болох Снукер биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотод энэ сарын 21-нийг дуустал явагдаж буй билээ. Түүнийг эл тэмцээнд явахаар бэлтгэж буй үест очиж уулзаж боломж тохиож ийн ярилцсан юм.
-Биллиардын спортоос төдийгүй амьдралдаа хүртсэн хамгийн анхны медалиа 12 настайдаа хүртсэн-

Миний бага нас 100 айл хавиар л өнгөрсөн. Бусдын адил цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Аав жолооч, харин ээж цэргийн ангид ажиллаж, ах эгчийн хамт тавуул амьдардаг байв.
Намайг эгэл амьдралаас түлхэн гаргах биллиардын спорттой би 12 настайдаа танилцсан. Нэгэн өдөр 100 айлын гудамжаар алхаж явахад аав найзуудын хамтаар биллиардын газар тоглож харагдах нь тэр. Тэднийг тоглож байх агшин гайхалтай байх бөгөөд "би яагаад тоглож болохгүй гэж" гэсэн нууцхан хүсэл намайг гижигдсэнээр аав надад зааж өгөх болов.
Үүний дараагаар би биллиардын Efes клубт харьяалагдан тоглох болж Дамдин, Дэлгэрдалай ах нараасаа олон зүйл сурсан юм. Одоо эргээд харахад өөрийгөө сойдог морь шиг явсаар нэг жилийг элээж миний сонирхон тоглож буй эл тоглоом спорт гэхийг ойлгож, тэмцээнд орж үзэв ээ.
2006 он Шайн биллиард клубийн цуврал тэмцээн. Аз тохиосон ч гэх юм уу бүү мэд хамгийн анх удаагаа оролцсон уг тэмцээнээс би мөнгөн медаль авсан юм даг. Тухайн өдөр өөрийн тамирчин болох эхлэлийг тавьж, мөн гэр бүлийнхнийхээ эсэргүүцлээс сугарч хоцорсон гэхэд болно.
Тухайн медаль биллиардын спортын төдийгүй амьдралдаа зүүсэн хамгийн анхны медаль байв. Тухайн үедээ жаахан хүүхэд байсан гэртээ ирээд л гэрийнхэндээ онгироод л "Одоо надтай бараг юм яриад хэрэггүй. Биллиардаа л тоглоно, цаашид уралдаан тэмцээнд орно" ухааны юм яриад л бүлт үсэрч байв аа. Гэрийнхэн ч " Тэг тэг, чадах хүртлээ л яв" гээд л дэмжсэн юм даг.
-Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг тэрхүү медалиар давсан гэлээ. Яагаад эсэргүүцэж байсан юм бол?
Намайг жаахан байхад Монголд биллиард ер спорт хэлбэртэй байгаагүй л дээ. Хүйтэн подвалд халамцуу ах нар тамхи татаж, архи уух зуураа тоглодог хэрэгсэл байсан.
Тийм орчинд жаахан охин байна гэхээр ямар ч гэр бүл дургүйцэх нь мэдээжийн хэрэг. "Миний охин дэмий юм биш үү" гэхэд нь үгүй гэж тас гүрийгээд л хичээлээс ирмэгцээ цүнхээ тайлж орхиод л биллиардынхаа газар руу гүйчихдэг байсан юм. Улмаар дээр дурдсанчлан медаль аваад өөрийнхөө чадаж буйг харуулах үед тэд миний хувь заяаг гарт минь атгуулаад үлдээсэн.
-Биллиардын хэчнээн төрлөөр хичээллэж байна. Мөн хэр олон тэмцээнд чансаагаа сорьж хэдэн медаль энгэртээ зүүв?
-Хамгийн анх пүүл биллиардыг тоглосон. Яваандаа снукер, карамболь, американ пүүл гэх зэрэг төрлүүдээр тоглодог болсон. Миний хувьд 2006 хойш зохиогдож буй тэмцээнүүдэд тасралтгүй оролцсон. Дандаа ялж , медаль гардсан гэж онгирохгүй ээ. Надад хожигдож явсан үе олон бий. Ялагдал ямар байдгийг, ялалт ямар амттайг дэс дараагаар нь л сурсан гэхэд болно.
Миний хувьд оролцсон тэмцээн авсан медалийнхаа тоог алдчихсан. Яасан онгироо юм бэ гэж бодож магадгүй ч би УАШТ, Клубуудаас зохиогддог нээлттэй тэмцээнээс ганзага хоосон буцсан удаагүй. Тухайн үед дотроо "гадагшаа гарах сан, дэлхийн хүмүүстэй чансаагаа сорих сон" гэх тэмүүлэлтэй байлаа.
-Одоогоор тив, дэлхийн чансааны долоон медаль бий. Таван хүрэл, хоёр мөнгө. Алтан медаль л дутуу байх шиг байна-

-Таныг анх биллиард сохирхож байх үед Монголд эмэгтэй тамирчид хэр олон байв?
-Намайг анх биллиардын спортод дурлаад хичээллэж байх үед цөөхөн л биллиардын тамирчин байдаг байсан. Манай 100 айлд хоёр, гуравхан эгч тоглодог. Дөнгөж сурч буй надад тэр эгч нар сүрдэм санагдах нь аргагүй байсан биз. Тэд нарыгаа хараад л "яг энэ эгч шиг л болно" гээд л цовхчиж явсан. Гэхдээ тэр эгч нар маань тэмцээн уралдаанд ордоггүй байсан. Тухайн клубтээ л тоглодог байсан. Гэтэл дараа нь тэмцээний үеэр эмэгтэй тамирчдыг олноор нь хараад гайхширсан. Ганц клубээрээ төсөөлөөд байсан хүн чинь тэмцээнд ороход бодол орвонгоо эргэж, дараагаар нь гадны орнууд руу тэмцээнд явж эхэлснээр жинхэнэ утгаараа "нүд нээгдсэн".
-Дандаа ялж медаль аваагүй гэж дээр дурдлаа. Шантрах тохиолдол гарч байв уу?
-Шантарч болох үе зөндөө л тохиолдсон. Хүмүүсийн зүгээс эмэгтэй хүүхэд юм байж согтуу хүн олонтой газар руу явлаа. Ингэж яваад амжилт үзүүлэхгүй бол яах юм гэх мэт нөлөөлөх гэж хичээж л байсан. Гэсэн ч зорилгынхоо төлөө зогсохгүй юм шүү гээд л зүтгэсэн. Хүмүүс нөлөөлөх гэж оролдсоныг эс тооцвол өөртөө бол бууж өгөөгүй явсаар л байна.
-Гаднын улсад хэзээнээс хүч сорьж эхлэв, дэлхийн чансаатай амжилтуудаасаа хуваалцахгүй юу?
-Гадагшаа тэмцээнд явах болгонд л хожигдоно. Гэтэл ойр тойрны хүмүүс сайн яваарай гээд л амжилт хүсээд явуулаад л байдаг. Хожигдоод л ирнэ.
Харин пүүл биллиардын төрлөөр Шайн клубийн тамирчин Уянгатайгаа Дэлхийн оюутнуудын аваргад 2015 онд оролцсон. Ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцохдоо багийн төрлөөр хүрэл, ганцаарчилсан төрөлдөө мөнгөн медаль хүртсэн нь надад өөрийгөө олох боломжийг минь олгосон.
Үүний дараагаар 2022 онд снукер биллиардын төрлөөр Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2023 Дэлхийн аваргаас хүрэл медаль авснаар медалиуд өнгө хоршин орж ирсэн. Одоогоор тив, дэлхийн чансааны долоон медаль бий. Таван хүрэл, хоёр мөнгө. Алтан медаль л дутуу байх шиг байна.
-Дэлхийн тамирчдаас Монгол тамирчдын ялгарах онцлогийг тодорхойл гэвэл?
-Нэг л үгээр илэрхийлэхэд болно. Монголчууд үнэхээр зоригтой юм билээ. Тамирчдыг хараад байхад шийдвэрлэх цохилтыг хийх явцад яг тэр зоригтой мөн чанар нь илэрдэг юм шиг санагддаг. Зарим орны тамирчид эл мөчид сандарч, хүчтэй цохилт эрсдэл бүхий алхам дээр эмээдэг бол манай Монголчуудын хувьд нэг их юм бодохгүй л ялалтын цохилт хийчихнэ. Хэнэггүй, аюултай тэр үйлдэл нь өөрсдийг нь авардаг.
-Тоглогч бүрд өөрийн гэсэн техник тактик бий шүү дээ. Тэгвэл таны тоглолтын тактикийн онцлог юу вэ?
Лонг шот гэж ярьдаг л даа. Холын шаригийг би маш сайн цохидог. Энэ миний дэлхийн тамирчдаас ялгарах онцлог. Бусад тамирчдын хувьд энэ тохиолдолд салгах, нуух, нуулттай хаях зэрэг тоглолтыг үзүүлдэг бол би шууд л цохиод оруулчихдаг. Энэ бас л Монгол хүний зоригтой чанар, тэнэг ч үйлдэл байж мэднэ.
-Хамгийн дурсамжтай тэмцээн, тоглолтыг нэрлэхгүй юу?
-Снукер биллиардын ДАШТ-ий үеэр Хонг конг улсын тамирчинд 2:0-ын харьцаатай хожигдож явахдаа эргэн дөрөв дараалж хожсон тохиолдол бий. Тухайн тамирчны хувьд снукер биллиардын ДАШТ-ий гурван удаагийн аварга хүн л дээ. Тэр тамирчинтай анх удаа таарахдаа тийм ялалтыг байгуулсандаа сэтгэл өег явдаг.
-ДАШТ Монгол зохиогдоход их сандарсан. Ард түмэн "эх орондоо тоглох юм чинь гээд" их итгэл хүлээлгэчихдэг юм билээ-

-2024 оны намар Монголд анх удаа Снукер биллиардын ДАШТ болсон шүү дээ. Эх орондоо дэлхийн хүмүүстэй өрсөлдөх нь ямар санагдав?
-Монголд Биллиардын ДАШТ болно гэдэг бол энэ спорт ямар хэмжээнд хөгжиж байгааг илэрхийлсэн болов уу. Эх оронд маань зохиогдож байгаа гэх утгаараа ард түмний зүгээс "Нараа маань нэг юм дуулгана даа" гэх итгэл хүлээлгэчихдэг юм билээ.
Хэцүү юм байна лээ. "Одоо яана аа" ч гэж бодогдоод, эсвэл "Би чадна аа" ч гэж хүч ороод. Сонин мэдрэмж төрсөн. Тэгээд л тоглосон, хүрэл медаль авсан. Ер нь бол алтан медаль авах зорилготой байсан. Яах аргагүй сайн тамирчинтай тунаж үлдсэн, бас муу ч тоглосон. Сандрал ихтэй. Анх удаа Монголд зохиогдож байгаа учраас гэх бодол аяндаа сандрал төрүүлж, дээрээс нь монгол үзэгчидтэй тоглолт үргэлжилж буй нь биеэ барих шалтгаан болдог юм билээ.
-Биллиардын спорт бусад спортоос ялгарах гол онцлогийн тухайд?
-Биллиард бол маш их тэсвэр, тэвчээрийн спорт. Ягаад гэвэл нөгөө хүнээ алдаа гаргасны дараа өөрт байгаа бүх хүчээ дайчилж хожлыг өөртөө авна. Ер нь өөрт байгаа бүхнээ л гаргана гэсэн үг. Хүмүүс хөдөлгөөн их зарцуулдаг спорт л хатуужил, тэвчээр шаарддаг гэж ойлгоод байдаг л даа.
Хүн харахад зүгээр суугаад л байгаа мэт боловч тухайн тоглогчийнхоо бодол, тоглолт бүрийг толгойдоо эргэцүүлж дараагийнхаа цохилтыг тооцоолж байдаг юм. Ерөнхийдөө биллиард бол тархи, чадвар хоёроо хослуулахын нэр. Нэг нь үгүй бол яав ч сайн биллиардчин болох боломжгүй.
-Биллиард тоглохын хамгийн сайхан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Сайн тамирчинтай таараад, тэр тамирчнаа хожно гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж. Гадны орнуудад тэмцээнд явах үедээ шууд дамжуулалт хийгээд, эсвэл стори хийгээд тэмцээнээ харуулах, таниулах боломж тэр бүр олддоггүй. Тоглолт дээрээ л анхаардаг. Харин өнгөрсөн намар манай Улсад зохиогдсон тэмцээний үеэр Монголчууд маань ирээд үзэхэд их өөр мэдрэмжийг төрүүлсэн.
Өнгөрсөн жилийн сүүлээр Австрали улсад тэмцээнд оролцсон. Тухайн улсад ажиллаж амьдардаг найзууд, намайг тосож авсан хүмүүс маань миний тэмцээний үеэр ирж үзсэн. Тухайн хүмүүс тэмцээний дараа надад “Бид биллиардыг ийм түвшний спорт гэж ер мэдээгүй юм байна. Хүмүүс архи уухдаа л тоглодог зүйл гэдгээр л мэддэг байжээ. Үнэхээр элит спорт байж. Бүр Монгол хүн ингэж сайн тоглох гэж” хэмээн уулга алдсан. Маш баяртайгаар үзээд гараад явсан.
Тэнд буй Монголчууд маань нэлээд завгүй амьдралын хэмнэлтэй юм билээ. Тийм хэр нь миний тэмцээнийг ирж үзээд, сэтгэл хангалуун гарахад л би өөрөөрөө ихэд бахархаж үлдсэн.
-Биллиардын спорт Монголд хэрхэн хөгжиж байна гэж харж байна?
-2015 оноос хойш гадагшаа тэмцээнд явж байна. Эхэндээ гадны улсад тэмцээн орох зам маань БНХАУ-д ирээд л мухардчихдаг байсан л даа. Ойрхон учир зардал мөнгө бага зарцуулдаг учраас л тэр л дээ. Ивээн тэтгэгч, дэмжлэг үзүүлдэг хүмүүс ч үгүй байж дээ, одоо санахад.
Одоо бол тэс өөр болсон. Өнгөрсөн 2024 онд л гэхэд 10 улс руу тэмцээнд явчихсан байна лээ. Миний хувьд одоогоор Elite клубтээ харьяалагдахаас гадна M-Armor ХХК-ийн тамирчин гэгдэж явдаг учир гадагш явах тэмцээнийхээ зардал, төсөвт санаа зовдоггүй болсон.
Оюутан байхад ээж аав минь сургалтын төлбөр төлөхийнхөө хажуугаар намайг гадны улс руу тэмцээнд явуулах зардал эрнэ. Заримдаа биллиардын спортод дуртай хүмүүст хандан “тэмцээнд явах гэж байна, та дэмжих үү” гээд асуугаад л явдаг байлаа. Эргээд харахад энэ дан ганц миний асуудал биш манай салбарын асуудал юм билээ.
Нэг үеэ бодоход тэс өөр болчихсон. Тамирчдын маань тоо өсөж, чадвар, чансаа нь ч дээшилж дэлхийн түвшинд хүрчихлээ. Гэхдээ тэднийг гаднын орнуудын өрсөлдөөнд хүргэж чадалгүй чөдөр тушаа болж буй ганц зүйл нь санхүүгийн боломж, дэмжлэг. Мөн холбооны үйл ажиллагааны доголдол, нэгдмэл биш байгаа нь шууд нөлөөлж байгаа юм шиг санагддаг.
Азийн аварга шалгаруулах снукер биллиардын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөөд ганцаараа л явна аа /инээв/
Угтаа бол Азийн аваргын тэмцээнээр жишээ татахад нэг улсад эмэгтэй дөрөв, эрэгтэй гурван тамирчин оролцох эрх олгодог. Гэтэл тамирчдад маань чадвар, чансаа бүрдчихсэн хэр нь санхүүгийн асуудалтай болохоороо явж чаддаггүй.Тэр асуудлаа шийдчихсэн ганцхан б.Наранцэцэгээр хязгаарлагдахгүй олон тамирчид амжилт үзүүлэх боломжтой юм шүү дээ.
- Биллиардын бүх оддын тоглолтыг зохион байгуулах. Ингэхдээ олны танил хүмүүсийг мэргэжлийн тамирчидтай нэг баг болгоод өрсөлдүүлэх мөрөөпөл бий-

-Удахгүй Катар улсад зохиогдох ААШТ-д оролцох гэж буй юм байна. Бэлтгэлээ хэр базаав, тэмцээний өмнөх догдлол мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Тэмцээнд орно гэдэг өөрөө маш гоё үйл явдал. Анх таних хүн, мэдэх зүйлгүй байхдаа бүгд шинэ санагдаж гайхширал дунд өнгөрдөг байсан. Эрх биш тэр улсаас энэ тамирчин ирж дээ л гэж харахаас цаашгүй. Харин одоо бол өрсөлдөгч тамирчидтайгаа сайн найзууд. Гэвч тэмцээн бол тэмцээн шүү дээ. Найр тавихгүй, гэхдээ хор санахгүй. Хожигдчихвол инээгээд, сайхан тэврэлдээд л өнгөрнө. Тэрийг харахаар маш их аз жаргалтай болчихдог.
Миний хувьд өдөр бүр найман цагийнхаа бэлтгэлийг тогтмол хийхийг зорьдог. Өмнө нь тэмцээн эхлэхийн өмнө догдлол сандрал зэрэгцээд л. Нэг тэмцээнд явахаар төлөвлөсөн цагаас эхлэн “яана аа, ямар амжилт үзүүлэх бол” гээд л янз бүрийн бодол толгойд орж ирдэг байсан. Одоо бол харьцангуй сандрал багатай “Тэмцээндээ сайхан хүн шиг л орчхоод ирье. Даацтайхан” гээд л зүтгэчихнэ.
-Гадны тэмцээнд оролцохоор очих үед бэрхшээл тулгардаг уу?
-Эхэндээ Элит клубийнхээ захиралтай хамт явдаг байсан. Гадаад хэлний мэдлэг тааруухан байсан учраас. Тэгээд л танил иш газар Монголчуудыгаа л гэнэ. Биллиардад дуртай хүмүүс маань ирээд тэмцээнийг маань үзээд дэмжинэ, буудал болон тэмцээн болж буй газар хооронд машинаараа хүргэнэ. Хүмүүс бүгдээрээ хүн чанартай, сайхан сэтгэлтэй болчихсон юм уу, эсвэл надтай дандаа сайхан хүмүүс нь тааралдаад байдаг юм уу бүү мэд. Саадгүй сайхан л яваад байдаг даа.
-Үлгэр дуурайлал авдаг тамирчин бий юу?
-Зан араншин, биеэ авч явах тал дээрээ хэн нэгнээс үлгэрлэх гэхээс илүүтэйгээр өөрийгөө дотооддоо л сайтар хичээдэг. Угаас худал хуурмаг, илүү дутуу занд дургүй тул өөрийнхөөрөө л байх дуртай.
Харин биллиардынхаа спортын хүрээн дэх үлгэр жишээ авдаг хүнийг нэрлэ гэвэл Снукер биллиардын ДАШТ-ий 12 удаагийн аварга Риан Эвансийг л гэж хэлнэ.
Яагаад гэвэл хамгийн анх гадагшаа тэмцээнд явж байхдаа тэр тамирчныг анх хармагцаа л биширсэн. Тухайн үед нас балчир, гадаад хэл ч муу байсан. Гэтэл Дэлхийн хэмжээний тамирчин хэн ч танихгүй намайг тоож яриа өдөх нь тэр. "Монголоос ирсэн юм уу, сайн тамирчдыг хожлоо, мундаг байна" гэх мэтээр урамшуулж байсан юм. Үүнээс гадна биеэ авч яваа байдал болоод тоглолт дунд гаргаж буй чадвар зэргийг нь харахад үнэхээр "супер" санагдаж байсан.
-Таны цаашдын зорилго юу вэ, ямар хүсэл мөрөөдөл тээж байна?
-Мэдээж Дэлхийн аварга болох зорилготой байгаа. Мөн Монголчууддаа биллиардын спортыг танин мэдүүлэх хүсэл байна. Бүр том мөрөөдөл гэх юм бол биллиардын бүх оддын тоглолтыг зохион байгуулах. Ингэхдээ олны танил хүмүүсийг мэргэжлийн тамирчидтай нэг баг болгоод өрсөлдүүлэх юм.
Үүнээс гадна яг өөртэйгөө ижил шилдэг тамирчин бэлтгэж гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ төлөвлөгөө маань нэлээд алсынх л даа.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье, Снүүкерээр дагнамаар байнаа. Дэлхийн чансаа өндөр болсон юм чинь пүүлээ болиод снүүкэрээ хөөвөл дээр санагдах юм.
АМЖИЛТ ХҮСЬЕ БИЛЯРДЫН ДЭЛХИЙН АВАРГА МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИН НАРАНТУЯА ГЭЭД ЦОЛЛУУЛНАА ЧИ ЧАДНАА ЭРЧ ХҮЧ ЭР ЗОРИГ ХАРАГДАЖ БАЙНА УУХАЙ УУХАЙ УУХАЙ МОНГОЛЫН ЧИНЬ УУЛ УС ДОГШИН САВДАГ ЧАМАЙГ ТҮШНЭЭ ЧИ ЧАДНАА