Улс төрийн мэдээ

Танилц: Ж.Оджаргалын хуралдаандаа ирээгүй Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл өчигдөр хуралдсан байна. Хуралдаанд АПУ ХК-ийн П.Батсайхан, МАК-ийн Н.Цэлмүүн нар байлцсан нь нийгмийн сүлжээнд анхаарал татаад амжсан. Учир нь Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө стратегийн ордуудын 34-өөс 51 хүртэлх хувийг төрд авах хэлэлцээрийн, галтай улс төрийн өмнө зогсож байна. Мөн Ухаа худаг, “Энержи ресурс”-ийн асуудал, MCS-ийг цоллосон улс төрд АПУ-г ч хамтатган зарлаад байгаа. Нэг ёсондоо дайтаад буй бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэйгөө өчигдөр уулзсан болж таарав.

Гэхдээ Эдийн засгийн бодлогын зөвлөл гэж бүтцийн бүрэлдэхүүн өөрөө ийм юм. Үүнд MCS-ийн Ж.Оджаргал хүртэл бий.

Юун түрүүнд ямар үүрэгтэй, яаж ажиллах ёстой зөвлөл вэ гэдгийг Засгийн газрын тогтоолоор зааж өгсөн.

Тогтоолыг 2024.08.14-ний өдөр батлахдаа, “Зөвлөл нь эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж, цаг үеэ олсон зөвлөмж, арга зүй, мэдээллээр хангана” гэж заажээ.

Зөвлөл ажлын албатай байх бөгөөд улиралд нэг удаа хуралдана. Хуралдааныг Ерөнхий сайд, эзгүйд нь зөвлөлийн дэд дарга удирдах аж. Мөн зөвлөл шийдвэр гаргах ба энэ нь санал, зөвлөмж хэлбэртэй байна гэжээ.

Улмаар бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсан. Энэ хавсралтад өөрчлөлт ороод байгаа.

Тухайлбал, дэд даргаар нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг томилсон байсан. Харин Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээрийн талаар Д.Энхтүвшин шүүмжлэн дуугарч эхэлсний дараа түүнийг чөлөөлсөн юм. Оронд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ажиллаж байна.

Харин өчигдөр Гүйцэтгэх захирал гэж тогтоолд тусаагүй шинэ албан тушаал гаргаж, түүнд Д.Зоригтыг томилжээ.

Ерөнхийдөө энэ зөвлөлийг Ерөнхий сайд өөрөө, мөн Д.Зоригт, Х.Ганхуяг нар удирдахаар болчихлоо.

Нөгөө талаас бүрэлдэхүүнд хувийн хэвшлийн өргөн төлөөлөл багтдаг.

MCS-ээс бол хоёр ч хүн байгаа. “Энержи ресурс”-ийн Гүйцэтгэх захирал асан Г.Батцэнгэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ерөнхийлөгч гэдгээр багтсан. Мөн MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал бий.

Нөгөө талд дараагийн том групп болох “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч статусаар багтсан.

АПУ-гийн П.Батсайхан нь “Шунхлай холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгчийн статусаар, мөн МАК-ийн Н.Цэлмүүн байна.

Цаашлаад “Ньюком” группийн Ерөнхий захирал Б.Баатармөнх, “Нано интернэйшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батбаатар, “Рио Тинто” групаас Б.Болд, “Монголын эдийн засгийн форум” ТББ-ыг төлөөлж “Ард”-ын Ч.Ганхуяг нар байгаа юм.

Тэдэн дээр нэмээд Засгийн газрын сайд, агентлагийн зарим дарга нар, хөрөнгийн биржийн захирал зэрэг хүмүүс нийлээд Эдийн засгийн бодлогын зөвлөлийг бүрэлдүүлж байна.

Өчигдрийн хуралдаанд Ж.Оджаргал ирсэнгүй. Энэ цаг үед Ерөнхий сайдын хамгийн таагүй, эрсдэлтэй харилцаатай байгаа хүн бол тэр. П.Батсайхан, Н.Цэлмүүн, Ц.Баатарсайхан нар ирснийг бодоход Ж.Оджаргал завгүй гэхээсээ улс төрд өрнөөд байгаа шалтгаанаар л хуралдааныг алгассан болов уу. Нэгийг илтгэж байна.

Нөгөө талаар энэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн шийдвэрээр “байлдах” хүмүүстэйгээ хэлэлцээний ширээний ард суун ойлголцох тодорхой бүтэц нь энэ болох давуу талтай аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:01

Энэ дотроос монголд юм үйлдвэрээд (уул уурхай газар ухахыг хэлээгүй шүү) гадаад зах зээл дээр гаргаж в�##�ют оруулж ирээд монгол банкинд тушаасан дамчин бна уу. Нэг нь ч нэгч доллар олж ирээгүй. 30 жил нөгөө ядарсан тоотой хэдхэн монголчуудынхаа гар дээрээ авдаг хэдхэн бор төгрөгийг луйвардагчид. Бүгд дамчид. 30 жил монголчуудын буянаар баяжлаа. Нөгөө л хэдийнхээ кармааны мөнгийг шулсан дамчид луйварчид. Өөрсдөөсөө ичээсээ. Нэг ч гэсэн доллар гаднө зах зээл дээр авч ирээд монгол банкинд тушаачихаад пээдийгээч дамчидаа.

зочин
зочин
2 сар 19, 2025 12:03

харилцан ойлголцож байж л зөв шийдвэр гарна

Чинзо
Чинзо
2 сар 20, 2025 08:48

Үхсэн хойноо Монголын хэдэн хулгайч луйварчид л байна.Энэ зөвлөлд орчихоор чадвартай хүмүүс баймаар юм.Эсвэл хулгайчдаа бөөгнөрүүлж ийм нэр өгсөн юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button