СПОРТСурвалжилга, Нийтлэл

Монголын спортын энэ оны онцлох 10 ҮЙЛ ЯВДЛЫГ “Eguur.mn” сайт нэрлэж байна

Монголын спортын салбар 2019 онд бахдам амжилтаар дүүрэн байлаа. Үүний сацуу олныг талцуулсан, шүүмжлүүлсэн алдаатай, ээдрээтэй, саар зүйл ч цөөнгүй болов. “Eguur.mn” сайт энэ бүгдийг дэнслэн байж Монголын спортын салбарт болсон энэ оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

НЭГ: МОНГОЛ УЛС БАГИЙН СПОРТЫН ТӨРЛӨӨР ОЛИМПЫН ЭРХ АНХ УДАА АВАВ

Монголчууд бид багийн спортын төрлөөр олимпод оролцох бүү хэл ДАШТ-д хүч сорих нь мөрөөдөл мэт байсан цаг саяхан. Одоогоос гуравхан жилийн өмнө хэн нэгэн “Манай сагсан бөмбөгчид Азийн АШТ-д түрүүлнэ, олимпын эрх авна” гэж хэлвэл хүмүүс хэрхэн хүлээж авах байсан бол. За, баримжаатайхан бурна шүү гээд дооглох байсан болов уу. Тэгвэл тэр бүхэн одоо мөрөөдөл биш болсон.

Монголын сагсан бөмбөгчид 3х3 төрлөөр дэлхийд чансаагаараа эхний тавд багтан, олимп, ДАШТ-ээс бусад томоохон тэмцээнээс медаль хүртсэн нь үүний илрэл. Түүгээр ч үл барам нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй дэлхийн гран прид болон Азийн АШТ-д түрүүлж, эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020”-д өрсөлдөх эрх авсан нь яах аргагүй түүхэн амжилт. Ингэснээр тэд Монгол Улсын багийн спортын түүхэнд олимпын эрх анх удаа өвөртөлсөн юм.

Хэрвээ Япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулаагүй бол монгол эрчүүд ч мөн чансаагаараа олимпын эрх өвөртлөх байв. Дэлхийд чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдэн Токиогийн олимпод өрсөлдөх болзол хангачихсан байсан юм, уг нь.

Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт ингэж өндөр хөгжин, манай тамирчдын амжилт, ур чадвар дэлхийн хэмжээнд хүрнэ чинээ таамагласан хүн хэд байгаа бол. Манай тамирчид Азийн АШТ, хэр баргийн олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэхийг спортын хорхойтнууд одоо төдийлөн тоохоо больж. Төрийн дууллаа эгшиглүүлэхийг л тамирчдаасаа хүсэн, олимп, ДАШТ-ээс медаль хүртээсэй хэмээн дээлийнх нь захыг мушгин хүлээсээр. Олимпын эрх авах боломж манай эрэгтэй тамирчдад бүрэн байгаа. “Токио-2020”-д оролцох эрх хүртэх хоёр ч тэмцээн тэднийг хүлээж байна.

ХОЁР: ДЭЛХИЙН АВАРГА ЖҮДОЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛЛОО

Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Моллаей Саеид Монголын иргэншил авч, манай улсыг төлөөлөн тэмцээнд оролцох болсон нь жинхэнэ дуулиан байлаа. Өөр орны тамирчин Монголыг зориод ирсэн, манай улсын иргэн болсон анхны тохиолдол.

Дүрэм ёсоор Моллаей Саеид Монгол улсын иргэншил авсан тохиолдолд дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай байв. Г.Отгонцэцэг Казахстаны тамирчин болохдоо чансааны оноо нь тэгээс эхэлснийг спортын хорхойтнууд сайн мэднэ. Тэгвэл IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон түүнийг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээсэн юм.

Монголын жүдо бөхийн 81 кг-д ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн манай улсын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн нарын цөөнгүй шилдэг бий. Ази, олон улсын тэмцээнд түрүүлэх хэмжээнд хэн нь ч барилддаг. Харин өнөөг хүртэл хугацаанд монголчууд 81 кг-д олимп, дэлхийн аваргаас медаль хүртээгүй яваа. Эл бараан цувралыг зогсооход төдийгүй монгол жүдочдын амжилт, ур чадварыг улам ахиулахад Моллаей Саеид чухал нөлөөлөх нь мэдээж. Монголын жүдод түүний орон зай бий.

27 настай Моллаей Саеид өнгөрсөн сарын 20-нд өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон. Иранчуудад нүд үзүүрлэгдэн, заналхийлүүлж, хүнд байдалд байхад нь түүнд Монгол Улс алгаа тосов. Моллаей Саеид манай улсын нэрийн өмнөөс оролцсон анхны тэмцээн нь БНХАУ-д болсон “World masters” байв.

ГУРАВ: ДОПИНГОД СӨХӨРСӨН, ДӨНГӨЛҮҮЛСЭН МОНГОЛ НААДАМ

Жил жилийн наадмын дараа допингийн асуудал монгол түмнийг талцуулж, бухимдуулдаг. “Үнэн хүчээр цол хүртэв үү. Хориотой бодис хэрэглээд дийлдэхгүй байна уу” гэх хардлага наадамчин олны дунд ам дамжин яригддаг шүү дээ. Гэхдээ өнөө жилийнх хамгийн их дуулиантай нь. Улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн нь энэ асуудлыг улам хурцатгав. Тэднээс хориотой бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ. Ер нь улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн түүх үгүй. Хаана хаанаа яахаа, тэднийг хэрхэн шийтгэх учраа олохгүй сандарч байна.

Э.Оюунболд “Миний шинжилгээг сольчихлоо” гэж мэдэгдсэн нь оргүй үг биш бололтой. Үүнийг үнэн байж болохыг баталсан нэгэн асуудал дуулиан дэгдээж байна. Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ. Журам ёсоороо аль ч спортын тамирчдын А сорьцын хариу албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах учиртай. Гэтэл наадмын дараа шахам “Хоёр бөхөөс допинг илэрч, Э.Оюунболд шинжилгээнд бүдэрч” гэх дуулиан дэгдсэн. Үүнийх нь дараа улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд “Надаас допинг илрээгүй” гэж ам уралдан мэдэгдэл хийсэн. Д.Цэрэнтогтох хүртэл мэдэгдэл хийн, өөрөөсөө булзааруулсныг  уншигчид сайн мэднэ. Улмаар Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрын гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Тэдний шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай харьцуулан, тулгахаар болсон юм. Энэ ажил одоо ид үргэлжилж байна.

Үүнтэй зэрэгцэн нэгэн асуудал олны анхаарлыг татаж, дуулиан тарьсан нь допингийн шинжилгээ авдаг эмч нар хахууль авдаг эсэх. АТГ-ын шалгалтын явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байгаа юм. Тэдний нэг нь Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний гавьяат эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат гэх мэдээлэл ч бий.

Допингийн асуудалд орооцолдсог Э.Оюунболд Хэнтий аймгийн оны шилдгээр тодорч, “Хаан шонхор” шагнал хүртэн, Төв аймагт болсон барилдаанд зодоглоод түрүүлсэн нь олныг ихэд талцуулна лээ.

ДӨРӨВ: ЖҮДОГИЙНХНЫ ЖУДАГ ХАНХАЛСАН, ҮЛГЭР ЖИШЭЭ ШИЙДВЭР

Монголын жүдо бөхийн холбооныхонд төдийгүй жүдочиддоо, жүдогийн спортод хайртай, монголчууд бид.  Энэ л спортоос монголчууд олимпын анхны аваргаа өлгийдсөн. Жүдочид маань жилийн жилд өндөр амжилт гарган, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсээр өдий хүрсэн. Тэд өнөө жил ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн. Үүнийгаа чамлан, хариуцлага алдлаа гээд МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн нь тун содон хийгээд бусдад үлгэр жишээ болсон шийдвэр байлаа. Хариуцлагаа ухамсарлаж, монгол түмнийхээ итгэлийг дааж яваа нь тэдний амжилтын үндэс ч байж мэднэ. Жүдогийн шигшээ багийнхан бүрэлдэхүүнээ шинээр бүрдүүлэхдээ ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарыг, туслах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин М. Бундмаа, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нарыг томилсон юм.

 Үнэндээ жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өгөх хэмжээний хариуцлага алдаж, алдаа гаргаагүй. Энэ жил монгол жүдочид ДАШТ-д тааруу амжилт гаргасан нь үнэн ч дасгалжуулагч нарт хариуцлага тооцох хэмжээнийх яавч биш.

Жүдогийнхон 2017 онд ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, сүүлийн зургаан жилийн ДАШТ-ээс медалийн буухиа таслаагүй. Тэгээд бүр “Лондон-2012”-оос мөнгө, хүрэл, Риогийн дэвжээнээс Монголын хоёрхон медалийн нэгийг хүртсэн дээ. За, тэгээд Азийн АШТ, гран при, “Их дуулга”-д гаргасан амжилт нь нэлээд жин дарна. Энэ бол том үзүүлэлт, шигшээгийн дасгалжуулагчид сайн ажилласны баталгаа.

Дуу нэгтэйгээр хариуцага хүлээн, ажлаа өгдөг ийм жишиг тогтоосон холбоо байтугай байгууллага Монголд хэд байгаа бол. Нэг нь ийм санал тавихад “За, бид алдаа гаргасаан. Ажлаа өгье” гээд бүгд зөвшөөрсөнд нь алга ташъя. Жүдогийнхон атгасан гар мэт эв нэгдэлтэй, санаа нэгтэй байгаагийнх нь илрэл. Тэгээд бүр МҮОНРТ-ээр дамжуулан монгол түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн, мэхийсэнд нь талархъя. 

ТАВ: МОНГОЛ УРАЛДААНЧ ДЭЛХИЙН ЦОМООС АНХ УДАА МЕДАЛЬ ХҮРТЭВ

Эмэгтэй байтугай эрэгтэй хүн хичээллэхэд амаргүй, эр зоригийн спортын нэг нь авто, мото спорт. Монгол бүсгүй Бямбасүрэнгийн Бат-Ундрал мото спортоор хичээллэн тэр ч бүү түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр Монгол, Хятад, ОХУ-ын нутагт, 5000 км зам туулан уралдсан “Silk Way Rally 2019” Дэлхийн цомын аварга шалгаруулах уралдааны мотоциклын төрөлд нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв. Ингэснээр авто, мото спортоор хичээллэдэг Монголын хуруу дарам эмэгтэй тамирчдын нэг тэрбээр Б.Бат-Ундрал Монголын авто, мото спортын түүхэнд Дэлхийн цомоос медаль авсан анхны уралдаанч боллоо.

Тус уралдаанаас медаль хүртэхийг манай үе үеийн тамирчид зорьж, зүтгэсээр өдий хүрсэн. Энэ амжилтад эмэгтэй тамирчин хүрч, улсдаа анхдагч болсноор нь бахархахгүй байх аргагүй.

“Дакар ралли”-д хурд сорих мөрөөдөлтэй Б.Бат-Ундрал Европ тивийн ноён оргил “Эльбрус”-т мөрөө гаргасан авьяаслаг, элдэвтэй бүсгүй. “Үхлийн уул” гэгддэг “К-2” оргилд гарах мөрөөдөлтэй түүнийг Малайзад болсон бартаат замын олон улсын уралдаанаас холимог багийн төрөлд түрүүлсэн юм.

ЗУРГАА: МОНГОЛЫН ШИРЭН БЭЭЛИЙТНҮҮДЭЭС ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ

Монголын спортынхны “Оскар” гэгддэг “Бөртэ чоно” наадмын өнөө жилийн шилдгийн шилдэг тамирчнаар ОУХМ Э.Цэндбаатар тодорч, шилжин яван цомын эзэн болсон. 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Азийн аварга болсон тэрбээр Монгол Улсын хамгийн шилдэг тамирчнаар тодорсон юм.

Өнгөрсөн жил Монгол Улсын 11 удаагийн аварга, ДАШТ-ий медальт Монголын анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэг “Бөртэ чоно”-д анх удаа нэр дэвшээд шилдгийн шилдгээр шалгарсан. Ингэснээр Монголын боксчдоос хоёр жил дараалан шилдгийн шилдэг тамирчин төрсөн нь яах аргагүй давтахад бэрх амжилт.

ДОЛОО: П.ОРХОНЫ БАРИЛДАХ ЭРХИЙГ ДӨРВӨН ЖИЛЭЭР ХАСАВ

Өнгөрсөн жил болсон Азийн наадмын үеэр Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхоноос допинг илэрсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо саяхан хуралдахдаа түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасахаар шийдвэрлэв. Улмаар “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг түүнээс хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгов. Ингэснээр П.Орхон 2022 оны есдүгээр сарын 16 хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцох эрхгүй боллоо. Тэрбээр допингийн асуудлын улмаас 2018, 2019 оны ДАШТ-д оролцоогүй. Харамсалтай нь, мөн “Токио-2020” олимп, 2021 оны ДАШТ-д зодоглох боломжгүй боллоо. П.Орхон хувийн амьдралдаа анхаарч байгаа. Тэрбээр энэ жил хуримаа хийн, саяхан үрийн зулай үнэрлэсэн юм.

НАЙМ: СПОРТЫНХОН БЭЛГИЙН ДАРАМТЫН ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЖ ЭХЛЭВ

Манай улсад далд хэлбэрээр оршиж байсан бэлгийн дарамт, түүнтэй холбогдох хэргүүд аажим аажмаар ил болж, төрийн өндөр албан тушаалтнууд ч нэр холбогдох болсон. Тэгвэл нийгмийн хамгийн гэгээтэй салбар болох спортынхны дунд бэлгийн дарамт гэх зүй бус үзэгдэл далд хэлбэрээр олон жил оршиж байсан нь ил боллоо. Нэрээ нууцалсан тамирчдын яриа, спортоо гомдолтойгоор орхисон охид бүсгүйчүүд үнэнийг бага багаар илчилсээр байна. Ажлын байрны бэлгийн дарамт, хүйсийн тэгш эрхийн чиглэлээр 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, жендэрийн шинжээч, судлаач М.Болормаа “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” сэдвээр жендэрийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээ танилцуулсан. Уг судалгаагаар Монголын спортод бэлгийн дарамт бугшсаныг илрүүлсэн юм. Судалгааны ганцаарчилсан уулзалтад хамрагдсан есөн хүн спортын салбарт бэлгийн дарамт байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн. Мөн бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, эмээхдээ хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон талаар сонссон 20 тамирчин байжээ. Харин энэ төрлийн дарамтад өртсөн талаар гомдол ирж байсан уу гэж асуухад удирдах албан тушаалтнуудын 50 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Улмаар энэ асуудлыг “Засгийн газрын мэдээ” сонин нийтэд зарлан, цуврал нийтлэл бэлтгэсэн. Үүнийг нь спортын салбарынхан өдгөө ч дэмжин, дуу хоолойгоо нэгтгэсээр байгаа юм.

ЕС: ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ИРГЭНШЛЭЭ СОЛЬЖ, КАКҮРЮҮ М.АНАНД ЯПОНЫ ИРГЭН БОЛОХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Монголын тамирчдаас хамгийн сүүлд иргэншлээ сольсон эрхэм бол их аварга Хакүхо М.Даваажаргал. Ер нь тэрбээр Японы иргэн болох нь цаг хугацааны л асуудал байсан нь үнэн. Аварга энэ талаар “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцохдоо цухуйлгаж байсан удаатай. Японы иргэн болох аваргад амаргүй байсан нь мэдээж. Яалт ч үгүй ояката болох, залгамж халаагаа бэлтгэхийн тулд иргэншлээ солихоос өөр арга байгаагүй. Усыг нь уувал, ёсыг нь дагахаас өөр аргагүй. Үүнийг зүгээр зүгээр нэг ояката болох, шавь бэлтгэхээр хэмжих нь өрөөсгөл. Алсдаа бүр ч том боломж, орон зай Хакүход төдийгүй Монголын сүмочдод нээгдэж байгаа нь мэдээж. Японы мэргэжлийн сүмогийн холбоонд нөлөө бүхий эрхэм болчихвол манай улсын олон сүмочид тустай, амжилт гаргах үүдийг нээх нь лавтай.

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн олон түүхэн амжилтыг эзэмшин, өнөө цагт хамгийн өндөр амжилт гаргаж яваа бөх бол Хакүхо мөнөөс мөн. Илүү олон дээд амжилт эзэмших, одоогийнхыгоо улам ахиулах боломж аваргад бий. М.Даваажаргал энэ жил иргэншлээ сольж, Японы иргэн болсон. Наран улсын бөх гэж цоллуулаад өнгөрсөн сарын башёд 43 дахиа түрүүлсэн. Монголын сүмочид дээд зиндаанд нийтдээ 86 түрүүлсний яг тэн хагас нь Хакүхогийнх гэж бодохоор сүрдмээр, бахархахгүй байх аргагүй. Монголын сүмочдоос Японы иргэн болох хүсэлт гаргасан өөр нэг бөх бол Какүрюү М.Ананд. Ерөнхийлөгч түүний хүсэлтийг ёсчлох эсэхээ хараахан шийдээгүй байгаа.

АРАВ: ОЛИМПЫН ЭРХИЙН ДАЛЛАГАТАЙ БУУДЛАГЫНХАН

Монголын буудлага спортын тамирчид 2019 онд тун ч өнгөтэй, одтой байлаа. Тэд энэ жил “Токио-2020” олимпод онч сорих дөрвөн эрх авсан нь яах аргагүй бахдам амжилт. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ О.Есүгэн нар Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ, Ц.Анударь, Э.Даваахүү нар Дэлхийн цомд өрсөлдөхдөө олимпын эрх авсан юм. Үүний сацуу Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь давтахад бэрх амжилт. Олимпийн наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button