Д.Шагдарсүрэн: Могой жилд ган, зуд болохгүй. Өнгөрөгч жилтэй адил байна

Шинийн нэгэнд малчид тэр жилийн байгаль цаг уурын талаар “Д.Шагдарсүрэн гуай ярьж байна уу” гэж нэгнээсээ асууж, түүний нэвтрүүлгийг хүлээн суудаг. Хэзээнээс малчдынхаа амьдралыг тэднээс дутахгүй мэддэг болж, олонд хүндлэгдсэн нэрт сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэнтэй XVII жарны модон могой жилийн эхэнд ярилцлаа.
Тэр сэтгүүлчээр ажиллаж эхэлснээс хойш хөдөө аж ахуй, байгаль цаг уур, экологийн тэнцвэрт байдал, малчдынхаа төлөө энэ амьдралаа зориулж яваа хүн. Мөн тэрбээр тэнгэр шинжих өвөөс суралцаж байгаль цаг уурын ерөнхий байдлыг таамагладаг болсноороо олонд танил.
Түүний ярилцлагыг хүргэе.
-Таныг зарим малчид тэнгэр шинжээч, цаг уурч гэх юм. Ер нь сэтгүүлч гэдэг алдраас нь урдаар энэ талаар нь малчид маань мэддэг болж. Та тэнгэр шинжиж байгаль цаг уурын байдлыг таамаглан мэдэхийг хаанаас яаж суралцаж байв?
-Би Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр гээд хойд талын сумдын тэнгэр шинждэг уламжлалтай малчин ардуудаас дараа жилийн тэнгэр шинжих ухааныг нь жаахан суралцсан хүн. Тэдгээр малчид дор хаяж 300 жилийн тэнгэр шинжих өвтэй хүмүүс. “Манай өвөө тэгдэг байсан юм. Өвөөгийн өвөө тэгдэг байсан юм гэнэ лээ” гэж ярьдаг. Тэр ярианаас нь харахад дор хаяж 300 жил үргэлжилсэн байгаль ажиглах өв юм байна лээ. Би тэр хүмүүстэй танилцаад 34 жил болж байна. Анх тэнгэр шинжих өв тээсэн малчид байдгийг сонсоод 1990 оны намрын дунд сарын 15-нд очиж байлаа. Тэдний үгийг сонсож жилдээ нэг удаа Бага залаа ууланд дээр очиж хонодог байсан. Одоо хөгшрөөд явж чадахаа больсон.
-Тэнгэр шинжих ухааныг суралцаж явсан талаар та ярихдаа жилийн нэг өдөр уулан дээр гарч хонодог гэлээ. Нэг өдөр уулан дээр хоноод дараа жилийнхээ цаг уурыг таамагладаг гэсэн үг үү. Эвсэл зүгээр тэр жилийнхээ цаг уурыг шинжиж байна гэсэн үг үү?
-Малчин хүн өглөө болгон л тэнгэр хангайгаа шинжиж байдаг юм. Тэрнээс биш ганц Намрын дунд сарын 15-ны шөнө уулан дээр хоноод хойтон жилээ таамагладаг хүн гэж байдаггүй. Харин амьдралынхаа туршид байгалийн бүх зүйлийг ажиглаж туршлагаараа таамаглах нь арай бодит. Би тэнгэр шинждэг малчдыг тархиндаа компьютертой хүмүүс гэж бичиж байсан юм. Учир нь тэдгээр малчдын ой санамж айхтар. Тэнгэр шинжихдээ тээр жил өвс, ургамал байгаль ямар байсныг амьдралтайгаа холбож санадаг. Тэр жил манай тэр хүүхэд төрж байхад ч гэдэг юм уу. Тэр жил манайх тэнд нутаглаж байхад эсвэл нүүж байхад гэх мэт байдлаар амьдралтайгаа холбож тэр жил тийм жил байсан гэдгээ санаж байдаг. Эндээс улбаалж энэ жил ийм жил байна гэж таамагладаг.
-Шинийн нэгний өглөө хуц, ухна хаашаа харж хэвтсэнийг харж тухайн жилийн цаг уурыг ерөнхийд нь таамаглах гэж бас нэг сонин зүйл байдаг. Үүний хувьд?
-Ер нь нэг тийм прогноз чанартай ажиглалт байдаг гэж би боддоггүй. Тэр бол яг тухайн үеийн байдлыг л харуулж байгаа юм. Жишээлбэл, хоттой хонь тал нутагт хашаанд орохгүй гадуур тарж хэвтээд хоновол дулаахан байгаагийн шинж. Түүнийг нь малчид ажиглаад одоо дулаахан байгаа юм чинь мөддөө дахин хүйтрэхгүй гэж таамагладаг. Богинохон зуур мал мөргөлдөж, тонгочих, өглөө бэлчихдээ үсчих нь харин ойрхон тэнгэр муудахын дохио. Тэр нь агаарын доод давхар чийгтэй болчхож байна гэсэн үг л дээ.

Энэ мэтчилэн жаахан зүйлсээр ойрын цаг агаарыг шинжиж болдог. Тухайлбал, шумуул доогуур нисэж байвал тэнгэр муудна. Яагаад гэвэл агаарын доод давхарга чийгшээд шумуулын далавч норчихсон гэсэн үг. Тэгэхээр өндөрт нисэж чадахгүй. Далавчаа даахгүй зовж байгаа нь тэр. Тэрийг бид ажиглаад далавчаа даахгүй байгааг нь ойлохгүй ч удахгүй тэнгэр муудах нь гэдгийг нь мэдчихэж байгаа юм. Тэнгэр шинжих гэдэг нь ийм л амьдралын ажиглалтууд байдаг.
-Гарч буй Модон могой жилийн байгаль цаг уур ямар байх бол. Та юу гэж таамаглаж байна?
-Яахав явсан хэдэн газраас дүгнээд харвал өнгөрсөн жил зуншлага сайхан байсан. Говь, хангайгүй сайхан зун боллоо. Би долдугаар сард Даланзадгадад очоод Ёлын ам, Нүцгэний талаар явсан. Тэгэхэд ногоо хачин сайхан ургасан байсан. Наашаа бас Мандалговьд очиж хоёр, гурав хоноод тэндээсээ Ононгын талд ирж ганц нэг хоноход жинхэнэ таана цэцэглэчихсэн. Бүр тоо ургачихсан байсан. Хачин гоё зун болсон. Улаан нуур бараг дүүрсэн байх гэж хүмүүс ярьж байсан. Онги гол саваа дүүргэж урссан даа. Зун нь тийм сайхан байсан болохоор хүмүүс бараг өвлийг мартчихсан байх.
Өөлөх юмгүй сайхан өвөл. Харин хавартаа яадаг бол гэж бодмоор. Яагаад гэвэл өвөл цас орохгүй болохоор байгаа юм аа идчихдэг. Хавар малын тарга тэвээрэг хамгийн муу дээрээ очсон байхад зулгаах өвс байхгүй бол хэцүү шүү дээ. Тиймээс хавар жаахан хатуу байж мэднэ.
Уг нь цагийн юм цагтаа гээд өвөлдөө цастай. Хавартаа хөрсөндөө чийгтэй. Зундаа ногоотой байвал жил шиг жил гарна шүү дээ.
-Хавар хэцүүхэн байвал зундаа мөн тааруу байх нь ээ?
-Энэ жил цас ихтэй газар байхгүй учраас зундаа газрын гарц тааруухан болох болов уу. Өвөлдөө цастай байгаа газар Баянхонгорын хойд тал, Завханы хойд тал, Хөвсгөл энэ хэд жаахан цастай байгаа юм шиг байна. Завханы Цэцэн-Уул сумаас хүмүүс ярьж байдаг юм. “Сайхан цастай байна” гэж. Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг гээд хойд талын сумд нь бас 10 гаруй см цастай байгаа юм байна лээ. Тэрний хүчинд ногоо эрт идэж магадгүй. Цас ороогүй газрууд бол хэцүү л дээ. Зун хэцүү. Бороо хур орох улиралдаа орчихвол гайгүй сэргэх л байх. Тэгэхгүй бол хар өвөлжих гэдэг тийм өөдтэй юм биш.

-Тэр жилд зуд болно. Харин энэ жилд гайгүй гэж малчид ярьдаг. Та ч энэ талаар мэдэх байх. Үүгээр бол зуд ямар жил тохиож байна?
-1944, 1968, 1976 он гээд Бичээр нэрлэгддэг он жилүүдэд онцгой хүйтэн. Онцгой цастай. Онцгой хатуу байсан. Одоо “Бичин жилийн зуд” гэж ярьдаг шүү дээ. Энэ нь 12 жилийн давтамжтай болдог зуд.
Учрыг нь тайлбарлавал наран дээр болдог дэлбэрэлтүүд байна. Нар гэдэг чинь цөмийн дэлбэрэлт л болж байдаг галт бөмбөлөг шүү дээ. Нарны дэлбэрэлтийг хэмждэг үзүүлэлтээр бол ойролцоогоор 11.5 жилд нэг удаа уур амьсгал өөрчлөлт болж, өвөл, зун хатуу болдог. Тэр нь луу, могой, морь, хонь, бич, нохой, гахай, хулгана, үхэр, бар, туулай гэдэгтэй ойролцоо давхацдаг. Энэ жил гантай. Энэ жил өнтэй гэдэг нь тийм физикийн уялдаатай байдаг юм.
Ер нь энэ байгалийн зуд гэдэг чинь үндсэндээ шалгаруулалт л хийгээд байгаа юм шиг санагддаг. Малыг нь, хүнийг нь ч гэсэн. Заавал царигтай нь үлддэг. Гайгүй ажилсаг нь л зудад гарз багатай ордог. Тийм учраас байгаль шалгаруулалт явуулаад дүнгийн тавьчихдаг юм шиг байгаа юм.
-Жилийн хувьд гарч буй Модон могой жил ямар жил байх вэ. Ган, зудын давхцал тохиох уу?
-Модон могой гайгүй жил гарна. Ойрдоо ган, зуд болохгүй. Могой жил өнгөрч байгаа жилтэйгээ их адилхан жил болох байх.
-Сүүлийн жилүүдэд гэнэтийн байгалийн аюултай үзэгдэл мэр сэр гарах боллоо. Энэ юунаас болж байна?
-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бидэнд мэдрэгдэж байна. Цаашдаа ч улам ихсэнэ. Цаг агаарын онц аюултай үзэгдлийн давтамж газар сайгүй ихэснэ. Бөмбөрцөгийн баруун хагасад ч гэсэн ийм зүйл болж байгаа. Төв азийн их газарт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бүр их байна.
Үүнээс хамгийн мэдрэмтгий нь Монгол орны нутаг. Манайх их өндөрлөгт байдаг учраас дэлхийн агаар мандлын өөрчлөлтөд хамгийн мэдрэмтгий байдаг. Тиймээс цаашид зуны их огцом халалт араас нь их мөндөр ажиглагдах магадлал улам ихэснэ.
Цаашид цаг агаарын энэ онц аюултай гамшигт үзэгдлүүд ихсэх нь баараагүй тул бид тэсвэрлэж үлдэхэд суралцах хэрэгтэй. Мал гэхэд л баргын мөндөрт цохиулаад үхдэггүй малтай болмоор байна шүү дээ. Тэгэхээр байгалийн энэ хатуу ширүүн нөхцөлийг сөрөн зогсох гэх юм уу. Тэсвэрлэж гарах аж ахуйг малчид маань эрхлэх хэрэгтэй байна.

-Харин өвлийн их хүйтний хувьд. Тухайлбал түрүү жилийн өвөл өнгөрсөн жилүүдээс хавь илүү хүйтэн боллоо?
-Энэ их хүйтэн бол Сибиртэй холбоотой. Манайх Сибирийн залгаа нутаг учир тэндээс хүйтэн агаар орж ирж байгаа нь тэр. Өнгөрсөн жилүүдэд ч орж ирдэг л байсан. Цаашид ч хэвээр байна байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бух хөгширхөөрөө хөнгөлүүлээд хоршоонд явдаг шиг Шагдарсүрэн гуай тэтгэвэрт гарахаараа цаг уурч биш мэргэ төлөг үздэг асман лам болоо юу даа ?
Буурлаас үг сонсоход буруудах юун
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten
1 сарын цаг агаарын байдлыг урьдчилан мэддэг газар дэлхийд байхгүй дээ. Манайхан бол жилээр нь хэлээд байх юм кх кх