Bne Intellinews: Монгол Улс нүүрсний экспортоо 160 сая тоннд хүргэхээр зорьж байна

“Bne Intellinews” агентлаг “Төмөр зам Монголоос БНХАУ-руу хийх нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ” гэх гарчигтай нийтлэл оруулсан байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Монгол Улс БНХАУ-тай хамтран томоохон төмөр зам барих тохиролцоонд хүрч, нүүрсний экспортоо улам нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Энэ тохиролцоо нь Монголын эдийн засагт томоохон түлхэц болж өгнө гэж үзэж байгаа юм. Гэхдээ тус улсын эрх баригчид үүгээр зогсохгүй, илүү амбицтай төлөвлөгөө боловсруулж байна.
Өнгөрсөн жил Монгол Улс БНХАУ-руу нийт 79 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд амжилт тогтоосон. Шинээр баригдах төмөр зам ашиглалтад орсноор жил бүр 30 сая тонн нүүрс нэмэлтээр гаргах боломжтой болж, одоогийн ханшаар тооцвол 1.5 тэрбум ам.долларын орлого олох юм. Үүнээс гадна, говьд төлөвлөж буй хоёр төмөр замын гарц нээгдсэн тохиолдолд 2030 он гэхэд нүүрсний экспорт 120 сая тоннд хүрнэ гэж албаны хүмүүс тооцоолжээ.
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан “bne IntelliNews”-д өгсөн ярилцлагадаа, “Одоогийн байдлаар манай нүүрсний экспортын хүчин чадал 80 сая тонн. Үүнийг 160 сая тоннд хүргэх зорилготой байгаа. Үүний тулд шинэ ордууд нээж, уурхайнуудыг өргөтгөх шаардлагатай” гэсэн юм.
Тэрбээр БНХАУ-тай байгуулсан шинэ төмөр замын хэлэлцээрийг их ач холбогдолтой гэж тодорхойлсон байна. Учир нь Монгол Улс өнөөг хүртэл нүүрсээ голчлон авто замаар тээвэрлэж ирсэн юм. Ц.Туваан “Монгол Улс нэг хүнд ногдох орлогыг 10,000 ам.долларт хүргэх зорилготой. Төмөр зам энэ зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээжээ.
Шинэ төмөр зам нь Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганц модны боомтын ойролцоо, Улаанбаатараас 644 км-ийн зайд баригдана. Нийт 19.5 км урттай энэ төмөр зам хоёр улсын хилээр дамнан холбогдох юм.
Сүүлийн жилүүдэд Бээжин Монголын нүүрснээс ихээхэн хамааралтай болоод байна. Учир нь 2020 онд Австрали, БНХАУ-ын хооронд худалдааны маргаан үүссэний дараа Монгол Улс Хятадын нүүрсний хэрэгцээний 60 хувийг дангаараа хангах болсон.
2022 онд Монгол Улс БНХАУ-руу 31.7 сая тонн нүүрс экспортолсон бол 2023 онд энэ тоо 66.7 сая тоннд хүрч, 2024 онд 83 сая тонн болж өссөн байна.
Одоо байгаа дэд бүтцээрээ Монгол Улс Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын хил хүртэл нүүрсээ төмөр замаар тээвэрлэж, хил дээр ачиж буулгах агуулахад хүргэдэг. Үүнээс цааш нүүрсийг авто замаар БНХАУ-ын нутагт оруулж байна. Төмөр замаас гадна Тавантолгойгоос хил хүртэл 234 км замыг машинаар нүүр ачдаг. Ингэж машинаар тээвэрлэхэд тонн тутамд 32 ам.доллар зарцуулдаг бол төмөр замаар тээвэрлэхэд ердөө 8 ам.доллар л болно.
Шинэ төмөр замыг БНХАУ-ын “China Energy” болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани хамтран барина. Монгол Улс хил дотроо барих төмөр замын ажлыг 979 тэрбум төгрөг (282.4 сая ам.доллар)-өөр санхүүжүүлэх юм. Харин БНХАУ өөрийн талд шаардлагатай дэд бүтцийг барина. Тэнд нүүрс хадгалах, тээвэрлэх томоохон байгууламжууд аль хэдийн бий. Барилгын ажил 4-р сард эхэлж, 2-3 жил үргэлжлэх төлөвтэй.
Энэ нь Монголын БНХАУ-тай холбох хоёр дахь төмөр зам болох юм. Анхны төмөр зам 1955 онд Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин Улаанбаатараас Бээжин рүү холбогдсон байдаг.
"Монгол Weekly" сэтгүүлийн ерөнхий редактор, улс төрийн шинжээч А.Амар уг төмөр замын төслийг зөвхөн эерэг нөлөөтэй гэж үзэж байна. А.Амар "Энэ төмөр зам тээврийн зардлыг эрс бууруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлэн, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмэр оруулна. Мөн Монгол Улс экспортын маршрутаа төрөлжүүлэх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой” гэсэн юм.
Тавантолгойг төмөр замаар БНХАУ-тай холбох санаа анх 2000-аад онд гарч байсан ч санхүүжилт, улс төрийн өөрчлөлтүүдээс болж удааширсаар, эцэст нь 2022 онд л Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон байна.
2023 оны сүүлээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ шинэ төмөр замын төслийг засгийн газрын тэргүүлэх чиглэлийн ажил хэмээн зарласан. Энэхүү төмөр зам нь түүний засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг бөгөөд бусад төсөлд эрчим хүч, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд багтаж буй.
Монгол-БНХАУ-ын төмөр замын гэрээг нь урт хугацааны худалдааны хэлэлцээрүүдтэй хамт хийжээ. А.Амарын хэлснээр, энэ нь Монгол Улсын нүүрсний экспортыг тогтвортой байлгаж, “China Energy” компани тодорхой хэмжээний нүүрсийг урт хугацаанд худалдан авах баталгаа болж өгнө. Тэр “Энэ гэрээ Монголд нүүрсний үнэ тогтвортой байх, орлогын урсгалыг урьдчилан таамаглах боломж олгоно” гэжээ.
Эх сурвалж: bne Intellinews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za .araichdee