Улс төрийн мэдээУРЛАГ

Анализ: Алт учраас шүтээн, шүтээн учраас...

Чингис хааны алтадмал хөшөөг урласан Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд “Энэ удаа түүний идэрмэг үеийг төсөөлж, хийлээ. Төрийн ордны үүдэнд байх Чингис хаан бол хаадын хаад гэдгээр нэлээд хойш налж суусан, хурууны үзүүр хөдөлгөх төдийд дэлхийн хэргийг шийддэг болсон цаг үеийн төрх байдал. Харин энд Их Монгол улсыг нэгтгээд удаагүй, эрэмгий дайчин хэвээр, урагш тэмүүлсэн, багагүй ширүүхэн төрхийг дүрсэлсэн юм” гэж хэллээ.

Могой жилийн сар шинээр “Чингис хаан” музейн долоон давхарт “Их өргөө” дугуй танхимыг нээсэн. Ингэснээр тус музей сая бүрэн цогц болж байгаа юм. Харин энэ хүртэл Чингис хааны долоон метр өндөр алтан хөшөө бэлэн болох учиртай гэсэн хүлээлт байлаа.

Өөрөөр хэлбэл энэ ажил “Чингис хаан” музейн зураг төсөл хийгдэж, агуулгыг нь ярилцаж байх үед батлагдаад, хийгдэж байв.

Итали улсын Флоренц хотод цутгаж, алтадсан болохоор монгол урчуудын хөдөлмөр ороогүй гэж ойлгох хэсэг ч гараад ирлээ. Түүнчлэн “Алтаар хөшөө хийж баярхах бэл бэнчинтэй улс мөн бил үү, бид”, “Яасан ууртай, бухимдуу дүртэй юм”, эсвэл “Корсет өмсгөхдөө яах вэ дээ” мэтийн байр суурь, сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна.

Төрийн ордны үүдэн хэсэг дэх Чингис хийгээд их хаадын баримлыг бүтээсэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд анхлан тендер зарлахад өөрийн зураг төслийг илгээжээ. Улмаар түүний энэ хувилбар батлагдсан байна. Түүхэн сэдвээрх, мөн орон зайн том хэмжээний монументаль бүтээлийн төрөлд Монголын урдаа барих барималчдын нэг бол Л.Болд мөн юм.

Харин өнөөгийн Монголд долоон метр өндөр хүрэл хөшөөг цутгах, цутгаад алтаар жигд бүрэх технологийн боломж байхгүй гэдгийг тодотгож байлаа.

Иймд Флоренцын “Art’u di Gaetano Salmista” урланд хандаж, Чингис хааны хөшөөний цутгах ба алтдах үйл явцыг хариуцуулжээ. Энд гурав орчим жилийн турш Л.Болд хамтран ажилласан байна.

Монголчууд бол бурхан урлалын арвин туршлага, өөрсдийн дэг сургуультай ард түмэн. Өндөр гэгээн Занабазарын бүтээц, хийц өнөөдөр ч дэлхийн анхаарлыг татдаг. Тэнд бол алт яригдана. Түүнээс хойш түүхэн цаг үеийн хувьд ороо бусгаа үеийг туулж, бүтээх биш устгах талдаа илүү явж ирсэн билээ.

Өөрөөр хэлбэл Занабазараас хойш алтаар шүтээн урласан түүх байхгүй.

Нөгөө талд, дахин алт гэдэг хийцийг өнөө үед сэргээж байгаа нь шүтээний бэлгэдлийн шинжийг агуулжээ. Тухайн цаг үед гагцхүү бурхдыг дүрсэлж байсан нь угтаа нийтийн хийгээд төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шашин, шүтлэгтэй холбоотой. Харин өнөөдрийн монголчуудын нэгдэж очих цэг нь Чингис хаан гэдэг дээр эрдэмтэн судлаачид, улс төрийн зүтгэлтнүүд ч саналаа “хураасан”. Энэ утгаар, үе шаттай хийж буй Чингис хааныг дээдэлж, нийтийн оюун санаанд эрхэмлэн хүндэтгэх ажлын нэг хэсэг нь энэ болж байна.

Тийм учраас шүтээн баримал. Шүтээн учраас алтаар хийсэн.

Нөгөө талдаа үзмэр юм. Ийм хоёр өнцгөөс харж, Чингис хааны хөшөөг урлажээ.

Үзмэр учраас Чингис хаанд холбогдох түүхэн хийгээд бэлгэдлийн олон элементүүдийг шингээсэн байна.

Хөшөө нь монголчуудын дүрслэхүйн урлагийн уламжлалт тиг болох тэгш хэмт зохиомжтой, бодит хийцтэй бөгөөд хөшөө, Их Монгол Улсын алтан тамга, Их хааны сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурь зэргээс бүрджээ. Мөн “Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далайн ханы зарлиг ил булха иргэнд хүрвээс биширтүгэй, аюутугай” бичвэр бүхий дардастай, арслан дүрст бариултай тамга нь Их Монгол Улсын төрийн бэлгэдэл болно.

Сэнтийн төв хэсэгт Чингис хааны онги тамгатай наран, салхины угалзарсан дүрс бүхий саран, Чингис хааны бадраасан аугаа үйлсийг илэрхийлсэн салхинаас бадамлан урган гарч буй галын дүрслэл харагдаж байна. Үүнийг “Чингис хааны үйлд хэрэг, түүний байгуулсан Их Монгол Улс мөнхөд дуурсагдан дээдлэгдэх, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн төр, улс үүрд оршихыг бэлгэдсэн” гэж ЕТГ-аас мэдээлжээ.

Цаашлаад хөшөөнд дүрслэгдсэн Чингис хааны дээл хувцас зэргийг түүхэн эх сурвалж, археологийн малтлага судалгаагаар олдсон баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан урласан гэлээ.

Тухайлбал эш хөрөгт дүрсэлсэн малгай, богино ханцуйт гадуур дээлтэй, тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээ бүхий дотуур дээлтэй, угалз хээгээр чимэглэсэн хавтага, хааны онги тамга бүхий хутга, өсөн дэвжихийн бэлгэдэл ургамлан угалз хээт алтан бүстэй, эгэл хийцтэй арьсан гуталтайгаар хийжээ.

Чингис хааны сэнтийг бол Бурхан Халдун уулын угалзарсан дүрст орой, мөнх тэнгэрийг бэлгэдсэн үүлэн хээт эмжээр, одод эрхэсийг бэлгэдсэн шувуун дүрст болон түмэн наст хээгээр чимэглэжээ.

Өнөөдөр Чингис хааны алтадмал хөшөөг хараахан олон нийтэд нээлттэй болгоогүй байна. Арав хоногийн дараа “Их өргөө” танхим нээлттэй болно гэлээ.

Харин гэрлийг унтраасан хойно ч харанхуйд хөшөө гэрэлтэн харагдаж байгаа нь нэгийг бодуулна. Өөрөөр хэлбэл, алтаар бүрсэн хөшөөг хэрхэн гэрэлтүүлэх гэдэг нь тусдаа стандарт байдаг байна.

Иймд мөн Италийн гэрэлтүүлгийн компани ирж тохируулж өгсөн бөгөөд, дотоодын “Азура” ХХК ажиллажээ. Иймд гэрлийн тусгалын өнцгөөс шалтгаалж бүтээлийн ур хийц янз бүр харагддаг байна. Тийм ч учраас гэрэл зурагт буусан өөр өөр дүр төрхүүд маргааны сэдэв болоод буй.

Энд нэг л зүйл бий нь, түүхэн хүнийг алтаар урлах ихээхэн эрсдэлтэй алхам гэдгийн баталгаа бөгөөд сургамж. Харин Занабазарын бүтээлүүд ч тухайн үедээ ийн гялалзан гэрэлтэж байсан болов уу. Түүхэн хүний урлал төсөөллийн хэв шинжийг хэтийдэн баримталж болохгүй, нөгөө талаар монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бодит хүн учраас ийм зөрчил үүсэж байна. Харин алтаар урласан гол зорилго шалтгаан нь шүтээн болгон дээдлэхэд зангидагдаж буй талаар дээр дурдсан.

Иймд нэг талаас шүтээн, нөгөө талаас түүхэн хүний концепц энд багтаж ядан байгаа. Нөгөө талаас, яг ийм концепц барьсан дэлхийн бусад улс орон ч цөөн юм.

Чингис хааны долоон метр алтадмал хөшөө Монголбанкны эрдэнэсийн санд бүртгэлтэй байна. Өртгийн талаарх мэдээллийг ЕТГ-аас мэдээлэхгүй байгаа юм.

Энэхүү ажлын гол санаачлагч гэдгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрлэгдэх бол Монголбанк чухал үүрэгтэй оролцжээ.

“Заавал алтаар хийнэ” гэдгээс эхлээд энэхүү дугуй өргөөний интерьер ч уран бүтээлчдийн өмнө тулгагдсан байна. Л.Болдын хувьд “Намайг ажил авахаас өмнө энэ бүгдийг шийдсэн байсан. Би байсан бол өөрөөр хийнэ” хэмээжээ.

Алтадмал шүтээн байрлах танхимын засал, гэрэлтүүлэг хүртэл нөлөөтэй гэдгийг дээр дурдсан. Харин энэ бүгд уран бүтээлчийг ажлаа эхлэхээс өмнө батлагдчихсан учраас яг ч бүрэн дүүрэн өөрийн санаагаар бүтээх бололцоо хомс байсан нь анзаарагдаж байна.

Нэг ёсондоо өгөгдсөн нөхцөлд тааруулж ажилласан гэсэн үг. Эндээс гэхэд л дүрслэх урлагийн тухай мэдлэг ойлголт төрийн хэмжээнд ихээхэн бага байгааг харж болно.

Ямартай ч төрийн хэмжээнд Чингис хааныг алтаар бүтээж, шүтээн баримал болгоё гэсэн нь бодлого мөн. Энэ нь харин түүхэн хүний хөргийн тухайд амаргүй ажил юм байна. Монголчуудын хувьд үүнийг шүтээн гэдэгт нь илүүтэй анхаарал хандуулж, хүлээж авбал зөв болох дүр зурагтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2025 10:04

Яахын аргагүй корсеттэй хаан байна даа

Хөшөө
Хөшөө
3 сар 7, 2025 16:18

Хүрэл байсан бол сонин байх байж. ийм хэтэрхий гялтгар шар матери�##� зүүн өмнөд Азийн буддын бурхны баримлууд шиг харагдаж байна

Бодит байдал
Бодит байдал
3 сар 7, 2025 17:56

Монголчуудын шүтээн

Холбоотой мэдээ

Back to top button