Танилц: Сангийн сайд эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар гаргасан шийдвэр болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг хүргэе.
Тэрбээр "2025 оны хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого зарлага хэвийн байна. Хоёрдугаар сарын төлөвлөгөө биелсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй. Бүх урсгал зардал, санхүүжилтүүд хэвийн гэсэн үг. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол бага хэмжээгээр буурсан. Шалтгаан нь, 2023 онд манай төсвийн орлого ашигтай гарч байсан. Тухайн жилийн эцсээр орсон орлого 2024 оны эх дээр нэмэгдэж бичигдэж байсан юм.
Гол түүхий эд, ялангуяа нүүрсний үнэ ихээхэн унаж байгаа нь таатай зүйл биш. Гэхдээ эхний хоёр сарын байдлаар төсөвт цохилт учруулах хэмжээнд очоогүй. Төсөв тодотгох уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Төсвийн тухай хуульд заасан төсөв тодотгох таван нөхцөл шаардлага гэж бий. Энэ нөхцөл үүсээгүй байна. 3 их наядын орлого дутвал энэ нөхцөл рүү орно.
Өнөөдөр богино хугацаанд экспортыг нэмэгдүүлэх, төв банкны гадаад валютын нөөцийг сайжруулах ажлын хэсэг байгуулагдан, миний бие ахлан ажиллахаар боллоо.
Манай экспортын түүхий эдүүдийн биет хэмжээ хэвийн явж байгаа гэдгийг хэлье. Алтны үнэ нэн тааламжтай байна. 1150 ам.доллароор төсөвлөсөн боловч бараг 3000 хүрчхээд байна. Үүнийг Төвбанк ашиглаж, 1.8 тонн буюу төлөвлөснөөс зургаа дахин их алт экспортлоод байгаа юм. Энэ жил бид 18 тонн алтыг Төвбанкны нөөцөд авна гэж тооцсон. Үнэ өссөн нөхцөлийг ашиглаад үүнийг нэмэгдүүлэх юм бол тэрбум орчим ам.долларын орлого олох боломжтой.
Энэ онд манай дотоодын эдийн засагт гадаад нөхцөл байдал хэд хэдэн сувгаар нөлөөлж болзошгүй. Үүний хүрээнд бүх түвшинд аливаа үнэ тарифыг нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй байх тогтоол баталлаа. Энэ нь Евразийн хэлэлцээр ид үргэлжилж байгаатай ч холбоотой гэж ойлгож болно.
Төвбанк инфляцыг нам дор байлгах бодлогоо явуулж байна. Харин эдийн засгийн өсөлт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц дээр анхаарах нь Засгийн газрын ажил. Бид аль болохоор эдийн засгийн өсөлтийг хадгалах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах чиглэлд ажиллана. Бодлогоо уялдуулж ажиллана гэсэн үг.
14 мега төслийг эрэмбэлсний дүнд гаргаж ирээд, УИХ-аар батлуулсан. Нэг дор хөдөлчихгүй. Бүгд улсын төсвөөр бас явахгүй. Иймд 14 мега төслийг дахиж эрэмбэлэх гэдэг дээр биш аль болох хурдан эхлүүлж байж үр шимээ хүртэнэ. Юу юугүй төсөв тодотгох, урсгал зардлаа танах, зарим үйл ажиллагааг доголдуулах шаардлага байхгүй, ийм нөхцөл үүсээгүй байна.
Биржээр арилжаалсан нүүрс хугацаандаа очиж амжихгүй, тэр хугацаанд үнэ унаад алдагдал үүсээд байгаа. Биржийн ил тод байдал бүхий арилжаанаас ухарч болохгүй. Харин бид тохируулгууд хийх хэрэгтэй байна. Индексжүүлэхгүй бол цаашид худалдан авагч гарч ирэхгүй нь. Үнэ буурч байгаа үед худалдан авагчид орж ирэхгүй эрсдэл үүсээд байна. Энэ тал дээр судалгаа хийгдэж байгаа, удахгүй ЗГ-т танилцуулагдах байх.
Тавдугаар сард Евразийн хэлэлцээр Москва хотод хийгдэнэ. Худалдаа бол хоёр талтай. Импорт талаас нь хараад дотоодын ААН-үүд эмзэглэж байгаа нь зөв. Дөнгөж өндийж байгаа үе дээр нь тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хамгаалахгүй бол болохгүй. Харин нөгөө талдаа экспортоо маш сайн харах хэрэгтэй. Үүний цаана бараг тэрбум ам.доллар яригдана. Үүнийг Евразийн орнуудад татваргүй экспортлох боломж гарч ирнэ. Энэ хамгийн том үр өгөөж. Харин дотоодын ААН-үүдээ хамгаалах чиглэлд хэлэлцээр хийсээр байна. Өнөөдөр Л.Гантөмөр сайдын ярьснаар хамгаалах ёстой бүтээгдэхүүнүүдээ хэлэлцээрээс амжилттай хасаж байгаа гэсэн. Энэ гэхдээ эцэслэгдээгүй байгаа асуудал шүү.
Нөгөө талаас “Цагаан алт” хөтөлбөр дотоодын ААН-үүдийг хамгаалах чиглэлд маш сайн үр дүнтэй. 230 тэрбум төгрөгийн хүүгийн татаас энэ салбарт тавигдсан. Яг хүртээмжтэй байх тал дээр нь яам анхаарч ажиллах ёстой.
Татварын реформыг уг нь эдийн засгийн өсөлт иргэн бүрд бодитоор мэдрэгддэг байх чиглэлд хийж байгаа. Өнгөрсөн хугацааг харвал, маш богино хугацааны дараа энэ удаагийн татварын реформыг хийж байгаа онцлогтой. Хамгийн сүүлд 2019 онд татварын тогтолцоог шинэчилсэн" зэргээр ярилаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Борлуула лтгүй 'Цагаан а лт'аар яаж хөгжих юм. Гадаадад гаргахгүй бол дотоодод их сайндаа 20% борлоно. Ядаж байхад манайхан гадаад бараанд нугасгүй . Экспортод гаргах арга олохгүй бол тун удахгүй "Цагаан а лт " дампуурна.
Дампуурчаад нуугаад байна даа