Улс төрийн мэдээ

Айлчлалын тойм: Соёл урлаг, түүхээ онцолж, 100 гаруй жилийн найрсаг харилцааг бататган сэргээлээ

Манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж дууслаа. Тус улсын ерөнхийлөгч Петр Павел манай талыг урьсны дагуу энэхүү айлчлал зохион байгуулагдсан юм.

Чех бол Европын холбооны гишүүн орон тул манай гуравдагч хөрш. Мөн Европын орнуудаас хамгийн олон монгол хүн оршин суудаг улс. Тэр утгаар дипломат харилцаа тогтоосон 1990 оноос хойш (түүнээс өмнө Чехословак байхад нь ч дипломат харилцаатай явсан), бидний хувьд Чех яах аргагүй чухал орон болж хувирсан.

Харин энэхүү айлчлалаар 100 гаруй жилийн уламжлалт найрсаг харилцааг сэргээн баталгаажуулж, соёл урлаг, оюун санааны олон тэмдэглэлт үйл ажиллагааг хийлээ. Түүнчлэн эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаа ч илэрхийлсэн. Мэдээж хоёр орны харилцааг "Иж бүрэн түншлэл"-ийн хэмжээнд ахиулан тунхагласан нь онцлог байв.

Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүллээ

Айлчлалын сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. 98 настай М.Краутер 1960-аад онд Монгол-Чехословакийн геологийн хамтарсан багийг ахлагчаар ажиллаж байжээ. Хамтарсан баг хоёр жилийн дотор Эрдэнэтийн зэсийн үндсэн ордыг илрүүлж, зураглалыг нь хийж байв.

Ерөнхийлөгчийг Монголоос мордохын өмнө энэхүү геологичид хүндэтгэл үзүүлэхийг уриалж байсан. Үүн дээр ч мэдрэг хандсан нь гадаад, дотоод аль аль талдаа оновчтой алхам боллоо.

Цаашлаад Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий монгол, чех иргэдийг төрийн одон, медалиар шагнасан юм.

Шагнагдсан эрхмүүдийн нэртэй энд дарж танилцах боломжтой.

Морин хуурын чуулга 100 дахь гадаад тоглолтоо Прагийн шилтгээнд хийлээ

Харин соёл урлаг, оюун санааны агуулгаар морин хуурын чуулга тоглолтоо хийж, "Чингис хаан" музей үзмэрүүдээ дэлгэсэн нь анхаарал татлаа.

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилуулав. Тоглолтыг Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхсон.

Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барьжээ.

Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.

"Чингис хаан" олон улсын үзэсгэлэнг зургадугаар сар хүртэл толилуулна

Мөн Чехийн Үндэсний музейд “Чингис хаан" олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж байгаа. Үзэсгэлэнг 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.  

“Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ гэж ЕТГ-аас мэдээлжээ.

Нээлтийн үеэр мөн 2027 онд Прага хотноо 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурсан юм.

“Уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай”

Айлчлалын хүрээнд хоёр орны ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийснээс гадна хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурсныг онцолъё. Түүнчлэн, дипломат харилцааны шатлалаа ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн нь тэмдэглүүштэй байна.

Айлчлал эхэлсэн өдөр ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт уйгаржин монгол бичгээр үг бичиж үлдээсэн. Үүндээ “...монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэжээ.

Улмаар албан ёсны хэлэлцээ эхэлсэн бөгөөд, харилцааны бэлгэ тэмдэг болох хэмжээний харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ, салбар салбарт идэвхтэй хамтран ажиллана гэж харилцан хэллээ. Мөн НҮБ хийгээд олон улсын нөхцөл байдал тойрсон сэдвээр тодорхой санал солилцоод амжсан байна.

“Иж бүрэн түншлэл” тогтоож, хавтгай тэмээг хамгаалах зэрэг нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичиг байгууллаа

Харин дараах тунхаглал, хэлэлцээр, санамж бичгүүдэд гарын үсэг зурсан.

Нэгт, “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал. Үүгээр дипломат харилцааны шатлалаа ахиулж, баталгаажуулсан.

Хоёрт, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”. Энэ хүрээнд гэмт хэргийг илрүүлэх, олж тогтоох чиглэлд хоорондоо шууд харилцаж, шуурхай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн. Мөн кримонологи, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар судалгаа хийнэ, мэргэжилтнүүдийг сургана.

Гуравт, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”. Үүгээр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг Чехэнд сургах боломжоор хангав. Мөн жил бүр хоёр улсын хэл, соёлыг суралцах зуны сургалт хамтран зохион байгуулахаар боллоо.

Дөрөвт, “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд ХАА, МАА-ын чиглэлээр хамтарч ажиллахаа бататгаж, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана.

Тавт, “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Үүгээр бол дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалахын тулд хамтарч ажиллана. Чех бол тахь сэргээн нутагшуулсан туршлагатай юм байна.

Зургаад, “Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”. Энэ хүрээнд спортын холбоод болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ, менежмент болон цахимжуулалтад мэдлэг туршлага солилцоно.

Ийнхүү нэг тунхаглал, хоёр хэлэлцээр, гурван санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

Петр Павел: Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичиж байсан, 75 гэлтгүй жилийн харилцаатай

Албан ёсны хэлэлцээний дараа Чех улсын ерөнхийлөгч Петр Павел хэлэхдээ “Бид газар зүйн хувьд алс хол ч 75 жилийн турш харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирлээ.

1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн удаатай. 75 гэлтгүй удаан хугацааны харилцаа бидэнд бий. Цаашид ч өргөжүүлэх өргөн боломж байна.

Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг  монголчууд нөхөж байгаа.

Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн” гэж дурдсан нь анхаарал татлаа.

У.Хүрэлсүх: Эрдэнэтийн ордыг Чехийн хамтарсан баг илрүүлсэн. Манай 14 мянган иргэнд ямагт санаа тавьдагт талархъя

Харин манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлсэн. Дарханы цемент, арьс ширний үйлдвэр болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг олон бүтээн байгуулалтыг чех анд нөхдийн дэмжлэгтэй байгуулсан.

Цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа.

Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулах талаар ярилцлаа.

Чех улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэжээ.


Ийнхүү удаан хугацааны хамтын ажиллагаатай, гуравдагч хөршийн томоохон баталгаа болсон Чех улстай “Иж бүрэн түншлэл” тогтоож, хэд хэдэн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэхээ баталгаажуулснаас гадна өөрийн орны гадаад бодлогын амбицыг оновчтой илэрхийлсэн түүхэн айлчлал болон өндөрлөж байна.

Чех Улс 10 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай.  Чехийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 343 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 57 орчим мянган ам.доллар. Дундаж цалин нь 45 мянга гаруй крон буюу ойролцоогоор 2,000 ам.доллар. Тус улс 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбоонд элссэн. Гишүүн орны хувьд Европын нэгдмэл зах зээлд оролцдог боловч еврогийн оронд үндэсний мөнгөн тэмдэгт болох чех кроноо хэрэглэсээр байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button