Top StoriesНийгмийн

М.Сарнай: Сүүн шүдийг хайрлахгүй орхисноос болж амны хөндийн өвчлөлийн эхлэл тавигддаг

Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна.

Тодруулбал, улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүдний цоорол болон гажиг ихэсч байгаатай холбогдуулан "We Smile" шүдний эмнэлгийн Нүүр амны гажиг судлалын их эмч М.Сарнайтай ярилцлаа.

-Шүд, амны хөндийн эмгэг гэж юу вэ. Ямар, ямар өвчлөлүүд багтах вэ?

-Шүд амны хөндийн эмгэг гэдэгт амны хөндийд байгаа бүх эрхтнүүдийн өвчлөл багтдаг. Үүнд нь шүд, буйл, хэл, тагнай, хацар, завьж, уруул болон бусад зөөлөн эд зэрэг орно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр өвчлөлийн мэдээ тайланг нэгтгэн гаргадаг. Үүнд шүд амны хөндийн эмгэгийн тэргүүн эгнээнд шүд цоорох өвчин буюу монголчуудын хэлж заншсанаар шүд хорхойтох өвчин орно, үүний араас шүдний тулгуур эдийн өвчин, шүдгүйдэл жагсдаг.

-Зарим тохиолдолд дийлэнх хүмүүс амны хөндийн ариун цэвэрт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих талаар тайлбарлавал?

-Дээр дурдсан шиг амны хөндийд байгаа эрхтнүүдэд тус бүрд нь тохирсон арчилгаа, цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Гэвч хүмүүс зөвхөн өглөө, оройдоо шүдээ угаана гэсэн ойлголттой байдаг. Энэ нь нэг талаараа өвчлөх суурийг тавьдаг. Шүдний нарийн зай завсар болон хэлний өнгөр зэргийг байнга цэвэрлэснээр амны хөндий дэх хүчиллэг орчныг бууруулж, өвчлөлөөс хамгаална.

-Амны хөндийн эмгэгээс болж, ямар өвчнөөр өвдөх эрсдэлтэй вэ?

-Амаар орж ирж байгаа халдварууд хүний биед дамжин халдвар цааш дамжих зам болно. Иймд амны хөндийд байгаа шүд, буйл үрэвсэлтэй бол халдвар биед байнга хадгалагдаж байна гэсэн үг. Шүдний өвчлөлөөсөө болоод тулгуур эд буюу нурууны гэмтэлтэй болсон хүмүүс ч байдаг. Шүд бол ерөөсөө бүхий л эрхтнийг захирах эрхтэн. Шүд эрүүл бол бие эрүүл гэх үг зүгээр ч нэг гарчхаагүй шүү дээ.

-Сүүлийн жилүүдэд хүүхдүүд шүдний өвчлөлөөр их өвдөж байгаа гэсэн тоон мэдээлэл байдаг. Дөнгөж ургасан сүүн шүд нь хүртэл цоорчихсон байдаг. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-40 жилийн өмнө бол хүүхдийн шүд өвдөх, түүнийг эмчлэх шаардлага байгаагүй гэж ахмад эмч нар ярьдаг байсан. Одоо яагаад хүүхдийн шүд илүү их өвчлөмтгий байна вэ гэхээр манай орны хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, төрөлд маш их өөрчлөлт гарсантай холбоотой гэж боддог. Түүнчлэн хүүхдийн шүдний бат бөх чанар нь насанд хүрсэн хүнийхээс хэврэг, шүдний хатуу эдийн зузаан нь нимгэн байдаг. Тэгэхээр хүүхдийн шүдний бүтэц, онцлог байдал нь шүдний өвчлөлд өртөхөд насанд хүрэгчдийнхээс амархан гэсэн үг.

Сүүн шүд нимгэн, наранд нэвт харагддаг шүү дээ. Тийм учраас гэмтэхдээ хурдан. Мөн байнгын шүд шиг биш учраас жаахан өвчлөхөд, л сувгийн эмчилгээний заалттай болдог.

Угтаа бол хүний шүлс ялгаралт хэдий чинээ сайн байна төдий чинээ шүд, амны хөндий угаагдан хоолны үлдэгдэл, бактерийг цэвэрлэх байдал сайн байдаг. Гэтэл бага насны хүүхдийн биеийн өсөлт хөгжлийн онцлогтой холбоотой шүлс ялгаралт нь насанд хүрсэн хүнийхээс бага байдаг.

-Тэгэхээр хүүхдийн шүдийг хэдэн наснаас эхлэн угааж, арчлах хэрэгтэй вэ?

-Хүүхдийн шүдний эмч нар шүд угаах гэж ярихаас илүү амны хөндийг цэвэрлэх, арчлах гэж ярьдаг. Учир нь хүүхдэд юм бүхэн шинэ, соргог байдаг. Шүд угаах ч мөн адил. Тэгэхээр хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд амны хөндийг цэвэрлэх, арчлах нь хүүхдийг шүдээ цэвэрлүүлж сурахад бэлтгэх үе юм. Шүд ургаж гарч ирэхээс өмнө тухайн хүүхдийн жавж, хэл, амны салстыг цэвэрлэх дадалд сургана гэсэн үг. Шүд ургаж эхлэнгүүт түүнийг нэг бүрчлэн цэвэрлэхийг зөвлөдөг.

Нялх хүүхдүүд өөрсдөөсөө шүлсээ ялгаруулж, амаа цэвэрлэж чадахгүй шүү дээ. Тиймээс зөөлөн марлаар амыг нь арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол сүүний тал нь аманд үлдэж, түүнээс нь болж хүүхдийн цахиур цухуйхад нь сөргөөр нөлөөлөх, амны хөндий гэмтэх эрсдэлтэй. Хүмүүс угжны цоорол гэж ихэвчлэн нэрлэдэг. Үүнээс сэргийлэх нь ерөөсөө л арчилгаанаас хамааралтай.

-Бага насны хүүхдүүдийн шүд харлаж үйрсэн, унасан байдаг. Үүнийг эцэг эхчүүд сүүн шүд юм чинь гээд төдийлөн тоодоггүй. Яагаад хүүхдийн шүд тэгж их харлаж, юунаас болж үйрч унадаг вэ?

-Хүүхдийн сүүн шүд нь нэг зэрэг бүгд шинэ шүдээр солигддоггүй. Нэг нэгээр ээлж дараалан тодорхой цаг хугацаанд солигддон, сүүн шүдний оронд нь байнгын шүд нэг нэгээр гарч ирнэ. Тэгэхээр аманд шинэ байнгын шүд хуучин сүүн шүд зэрэгцээд холилдож байрладаг тул шүд солигдлын энэ үе буюу 6-12 насны үеийг холимог зуултын үе гэдэг. Энэ үед хэрэв сүүн шүд цоорхой бол хажуугийн зэргэлдээ шүдийг цооруулна. Тиймээс шинээр гарч ирсэн байнгын шүд зэрэгцээд байрлаж байгаа сүүн шүдний халдварыг авч амархан цоорох эрсдэлтэй гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн шүд ямар нэгэн байдлаар өвдөж зовуурилсан бол эмчид яаралтай хандах нь олон эрсдэл, эмгэгээс сэргийлэх боломжтой. Ер нь өвдсөний дараа эмчлүүлснээс илүү цоорохоос өмнө урьдчилан сэргийлэх нь үр дүнтэй.

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухайд?

-Шүдний өвчлөл бол 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, хийсч биш хэлж ирдэг гэж ахмад багш нар хэлдэг юм. Яагаад гэвэл бид өдөр бүр өөрийн, болон хүүхдийнхээ аманд байгаа шүд нэг бүрийг шууд, нүдээрээ харах боломжтой. Харахад шүд бүхэлдээ болон аль нэг хэсэгтээ  өнгө өөрчлөгдсөн эсвэл бүрэн бүтэн байдал нь алдагдсан байвал маш яаралтай шүдний эмч дээр очиж шалгуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хоол унд идсэний дараа тогтмол шүдээ бүрэн гүйцэд угааж цэвэрлэхэд л хангалттай хэрэгтэй. Хооллосны дараа бид аяга тавгаа угаадаг шигээ шүдээ угаах хэрэгтэй. Цэвэр шүд цоордоггүй гэсэн үг байдаг. Хамгийн энгийнээр хоол унд идэж уусны дараа шүдэнд наалдаж тогтсоныг арилгах хэрэгтэй.

 -Хүүхдийн шүд хожуу шүдлэх мөн зайтай ургах тохиолдлууд гардаг. Энэ талаар тайлбарлавал?

-Хүүхдийн хамгийн эхний сүүн шүд зургаан сартайд ургах ёстой. Гэтэл энэ хугацаанаас хожуу, болон эрт шүдлэх ч тохиолдол байдаг нь эрүүл болон эмгэг байдлаар илэрдэг. Тиймээс хүүхдийнхээ шүдийг бүрэн цухуйж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй.

Харин сүүн шүд зайтай ургах нь тийм ч том асуудал биш. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн шүд амандаа багтахгүй жижиг зай талбайтай болсон. Үүнээс үүдэж, шүдний гажиг ихээр үүсэх болсон. Тиймээс сүүн шүд нь зай талбай ихтэй ургаж байвал сайн л гэсэн үг. Байнгын шүд ургах зай ихтэй болох учраас гажигтай болох эсрдэл буурна.

-Шүдний гажиг яагаад сүүлийн жилүүдэд олшрох болсон бэ?

-Биднийг жоохон байхад хатуу ааруул хазаж, хавирга мөлждөг байсан даа. Тэр нь үндсэндээ шүдний бат бөх чанарт нөлөөлж байсан. Нөгөөтэйгүүр шүдний зай завсарыг ч засдаг байсан. Сүүлийн жилүүдэд хооллолт болон хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн учраас хэт зөөлөн юм идэж, хэрэлэснээс үүдэж, бат бөх чанараа алдаж, гажигтай болж эхэлдэг. Хүмүүс аль болох гажигаасаа үүдэн шүдээ авхуулахгүй байх хэрэгтэй. Шүд авхуулснаар эрүү нүүрэнд өөрчлөлт орж эхэлдэг шүү дээ.

-Эрүү нүүрэнд тохиох гажигийн тухайд дэлгэрүүлбэл?

-Хүний шүд хоол тэжээлийг бутлаж жижиглэх, хэл ярианд оролцох, гоо сайхан харагдахад гол үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл шүд цоорсон тохиолдолд шүдний бүрэн бүтэн байдал алдагдаж, өнгө нь өөрчлөгдөнө. Түүнчлэн шүдээр юм хазах, зуух, зажлах үед өвдөлт зовуурь үүсдэг тул хоол, хүнсийг нунтаглаж жижиглэх чадамж буурч, залгигдах хоолны нэгж бүтцийн хэмжээ том ширхэгтэй болно, зажлах үед үүсэх зовууриас үүдэн хүүхэд хоолонд дургүй болно. Энэ өөрчлөлт аажим аажмаар явагддаг, гэнэт нэг өдөр мэдрэгдэхгүй тул эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй. Ингэснээр хүүхдийн биеийн өсөлт хоцрогдох, шүд эрүү нүүрний гажигтай болох эрсдэл үүсдэг. Ингэснээр гоо сайхан, гаднах харагдах байдалд ч нөлөөлнө.

-Шүд угаахдаа нийтлэг гаргадаг алдаа юу байна вэ?

-Шүд угаах бол амар ажил биш. Хүмүүс шүдээ дарж угаах нь сайн гэж боддог ч үнэндээ буйлыг үрэвсүүлж, өвчлөх эх үндсийг тавьдаг. Ямар төрлийн шүдтэй, хэрхэн яаж, юугаар, юу хэрэглэж угаах вэ гэдгийг эмчээс ирж зөвөлгөө авах хэрэгтэй. Ингэснээрээ өөртөө тохирсон бүгдийг хэрэглэж амны ариун цэврийг хангах юм.

-Шүдний сойз болон оог хэрхэн сонгох вэ?

-Хүүхдийн сойз олон төрөлтэй, олон янзын сонголттой байдаг. Дөнгөж цахиур цухуйх үед зөөлөн силикон үстэй сойз, шүд бүрэн ургаж юм хазаж чаддаг болох үед жирийн үстэй сойзыг хэрэглүүлж болно.

Харин ооны тухайд гэвэл маш олон төрлийн оо худалдаалагдаж байгаа. Томчууд фтортой оог хэрэглэж, багачууд фторгүй оогоор угаах хэрэгтэй. Мөн сүүлийн жилүүдэд цайруулах үйлчилгээтэй оог ихэд хэрэглэх болсон. Тэр оог нэг хоног өнжөөд угаах хэрэгтэй. Орой болгон цайруулах оогоор угаавал шүдний паалан эмтэрнэ шүү дээ.

-Амттан идсний дараа хүүхдүүд шууд л оо, сойзоо барьж байгаа харагддаг. Энэ нь хэр зөв үйлдэл вэ?

-Хүүхдүүд гэлтгүй томчууд вино, кофе уусныхаа дараа бүлээн ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээрээ амны хөндийд цуглаж байгаа хүчлийг сааруулдаг. Том, томоор нь залгилах бус амаа зайлсан маягтайгаар усыг уух хэрэгтэй. Хүүхдэд ч ялгаагүй хар цай болон ус уулгаж, амыг нь зайлуулах хэрэгтэй. Тэгж байж л өнөөх хүчлийг бууруулж, цоорлоос аварч чадна.

-Уншигчдад зориулан нэмэлтээр өгөх зөвлөгөө танд бий юу?

-Өсвөр насныхан болон насанд хүрэгчид зургаан сардаа нэг удаа заавал эмчид үзүүлж хэвшээрэй. Шүдний өвчлөлөөр өвдөхгүй байх боломж бий. Харин өвдөж, бүр хүндэрснийх нь дараа ирвэл биед ч зовуурьтай. Санхүүд ч өндөр зарлагатай. Харин бага балчируудыг аль болох ойр ойрхон үзүүлж, хяналтанд байлгах хэрэгтэй. Багаас нь шүдний эрүүл ахуйг сахиж, элдэв өвчлөлөөс нь хамгаалах боломж байдаг шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button