УЛС ТӨР

БАГЦ: 2020 оноос хэрэгжиж эхлэх онцлох хуулиуд

Ирэх оноос хэрэгжиж эхлэх онцлох хуулиудыг багцлан хүргэж байна.

1.ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон. Хуулийн энэхүү өөрчлөлтөөр татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн Татварын ерөнхий газар үзэж байгаа. Эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, татвар төлөгч ААН-ийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурийг нэмэгдүүлнэ гэж хууль санаачлагчид онцолсон. Эл хуулинд орсон онцлох арван өөрчлөлтийг дурдвал:

  • НЭГ. ГАДААДАД ТӨЛСӨН ТАТВАРЫГ ХАСАЖ ТООЦНО /150 гаруй улсад төлсөн татварыг Монгол Улсад төлсөн татвараас хасаж тооцох зохицуулалт шинээр орсон/
  • ХОЁР. ОРОН СУУЦНЫ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ 3 ХҮРТЭЛХ САЯ БАЙСНЫГ 6 САЯ ХҮРТЭЛХ БОЛГОВ
  • ГУРАВ. ОРОН НУТАГ ДАХЬ БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ /1000 км зайд алслагдсан аймаг суманд бизнес эрхэлдэг бол 90% -ийн татварын хөнгөлөлт үзүүлнэ/
  • ДӨРӨВ. ИРГЭН ХҮН ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЭЛЖ, ХӨРӨНГӨӨ ТҮРЭЭСЛҮҮЛЖ, ОРЛОГО ОЛСОН БОЛ АШГААСАА ТАТВАРАА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ
  • ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОРЛОГЫН НИЙТ ДҮНГЭЭР АЛБАН ТАТВАР НОГДУУЛАХ ОРЛОГЫГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХООР БОЛСОН
  • ЗУРГАА. СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ ТЭНЦЭХ ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛҮҮЛЭХЭД СУБЪЕКТИЙН ХҮРЭЭГ ӨРГӨТГӨСӨН
  • ДОЛОО. ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ ЗЭРГИЙГ ХУДАЛДАН АВСАН БОЛ БАРИМТААР НОТЛОГДОЖ БАЙГАА ТӨЛБӨРТЭЙ ТЭНЦЭХ ТУХАЙН ЖИЛИЙН ОРЛОГОД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭДЛҮҮЛНЭ
  • НАЙМ. НОГДОЛ АШГИЙН ОРЛОГОД 5 ХУВИАР АЛБАН ТАТВАР НОГДУУЛНА
  • ЕС. ЧӨЛӨӨТ УРАН БҮТЭЭЛЧИД ОРЛОГООСОО ЗАРДЛАА ХАСУУЛЖ, АШГААСАА ТАТВАР ТӨЛЖ БОЛОХООР ЗОХИЦУУЛСАН
  • АРАВ. ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ БҮХ ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ТАВИХГҮЙ

2. ИРГЭДИЙГ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛГЭД ХАМРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын чуулганы (2019.10.17) нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо юм. Тэгвэл он гараад иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.


3. ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮР ХҮҮХДИЙН МӨНГӨ АВНА

Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс гэр бүлийн орлогоос хамаарч хүүхдийг хасах биш Хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхэд бүх Хүүхдийн мөнгө авна. УИХ-ын чуулган хуралдаанаар С.Бямбацогт тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан юм.

Ингэснээр амьжиргааны түвшинг нь харгалзан олгож байсан хүүхдийн мөнгийг 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохоор болж байгаа. Үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг 2020 оны төсөвт суулган баталсан. Тогтоолын төслийг санаачлагчид өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна гэж тооцжээ.


4. ЗАРИМ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙГ НЭМЖ ХОХИРЛЫГ АРИЛГАЛАА

Ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ээжүүд маш бага тэтгэвэр авч байгаа билээ. Уг шударга бус явдлыг зассан хуулийг баталж, 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэвэрийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авахаар боллоо.

  • -Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох;
  • -Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох;
  • -Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс;
  • -Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.
  • -Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.

5. ҮДИЙН ЦАЙГ-ҮДИЙН ХООЛ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ

Хуулийн төсөл 2020 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Бага, дунд боловсролын тухай хуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож, бага ангийн сурагчид буюу 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоол иддэг болох юм байна. Монгол Улсын Их Хурлын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулна.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Үүнд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суутгах бөгөөд жилд дунджаар 65 тэрбум төгрөгийг суутгаж, нийт 300 гаруй тэрбум төгрөгийг суулгахаар төлөвлөжээ. 

“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон шим тэжээлтэй хоолоор үйлчлэх жишгийг дагаж Үдийн цайг Үдийн хоол болгох хууль баталлаа. Энэ бол Эрүүл, боловсролтой ирээдүйг бэлтгэхэд чухал ач холбогдолтой хууль билээ.


5. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлнэ.

Мэдээж 10 гаруй жил, 3-4 парламент дамжиж яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ Парламентын түүхэн гавьяа. Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан.

Улс төрийн намтай холбоотой Үндсэн хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд

  • Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. (2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ)
  • Намын дотоод зохион байгуулалт нь ардчлсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

УИХ-ын сонгуулийн талаар дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна

  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
  • УИХ-ын сонгуулийг явуулахаас өмнөх нэг жилийн хугацаанд УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

УИХ-ын онцгой бүрэн эрхтэй холбоотой орсон өөрчлөлт

  • Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд зааж өгсөн.
  • Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн алдагдал, зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.

Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол
  • Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд хэрэгжинэ).

7. ТЕНДЕРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуул ирэх 2020 оны зургадугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Тендертэй холбоотой авилгалын асуудлыг таслан зогсоох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан аваад чанаргүй гүйцэтгэсэн компаниудын хар жагсаалт гаргах, бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь сольсон.

Тус хуулиар худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй тухайн бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулдаг байх, тэдэнд давуу эрх олгодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хуулийг зөрчдөг байдлыг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэх аж.

Түүнчлэн тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах юм байна.


8. ОЮУ ТОЛГОЙ ОРДЫН АШИГЛАЛТАД МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ ХАНГУУЛАХ ХУУЛЬ

Дэлхийд эхний 10-т орох том орд атлаа Эрдэнэтээс бага үр ашгийг өгч байгаа учраас УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах үүргийг өгсөн нь олон нийтэд үнэлэгдэж буй чухал шийдвэр байлаа.

УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Оюу Толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэж, гишүүд 100 хувийн саналаар баталсан билээ. Уг тогтоолд далд уурхайн санхүүжилтийн талаар 2015 онд байгуулсан нэмэлт төлөвлөгөөг сайжруулах, “Оюу Толгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй байх, Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, АМНАТ-т оруулах хувилбарыг судлах зэрэг чухал заалтыг тусгасан юм.

Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн нэмэлт өөрчлөлт болон 2015 онд гарын үсэг зурсан “Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г бүх талаар хүчин төгөлдөр гэж үзэж байгаа юм.


9.СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

  • 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно
  • Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна.
  • Сонгуульд бэлдэх үе шаттай ажлуудын хэрэгжих хугацааг тодорхой болгосон.
  • Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. 
  • Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
  • Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон.
  • Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно.
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
  • Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн.
  • Саналын хуудас нэг ширхэг байна.
  • Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно.
  • Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно.
  • Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй.
  • Сонгуультай холбоотой маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button