Эдийн засагч Н.Энхбаяр: Хятадын нүүрсний талбарт Орос л орон зайгаа тэлэх боломж бий

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Сангийн яам болон, Эдийн засаг, хөгжлийн яаманд ирэх гурван жилийн макро эдийн засгийн төсөөллийг хүргүүлсэн билээ. Одоогийн эдийн засгийн бодит нөхцөл байдал болон ирэх жилүүдийн эдийн засгийн төсөөллийг хэрхэн харж буй талаар Эдийн засагч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяртай ярилцлаа.
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан манай улсын 2026-2028 оны макро эдийн засгийн төсөөллийг харлаа. Яг өнөөгийн эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс харахад энэ төсөөлөлтэй нийцэхээр харагдаж байна уу?
-Бидний ашиглаж байгаа загвар нь өөрөө урт хугацааны төсөл. Гурван жил гэдэг нь харьцангуй, жилийн эдийн засгийн тоон мэдээлэл дээр үндэслэж хийдэг загвар. Эдийн засгийн тооцоолол хийдэг олон загвар байна.Бусад улс орнуудын төв банк мөнгөний богино хугацааны бодлого дээр тулгуурласан загварыг ашигладаг. Богино хугацааны буюу сар тутмын өөрчлөлтийг илүү тодорхой гаргадаг. Харин манай улсын хувьд төсөөлөл урт хугацааных учраас суурь нь гэхэд 2024 оны эдийн засгийн суурь дээр тулгуурлаж байгаа. Тэгэхээр орж байгаа загварын өгөгдлөөс хамаараад магадгүй илүү өөдрөг гарах хандлагатай. Ялангуяа ковидын дараа эдийн засаг харьцангуй сэргэж, өсөлттэй буюу ДНБ, экспорт өссөн, төсөв тэлчихсэн үе. Эдгээр үзүүлэлтүүд орчихсон учраас ирэх гурван жилийн макро эдийн засгийн төсөөлөл өөдрөг гарсан байж болно. Хэрвээ энэ төсөөллийг 2025 оны хоёрдугаар хагаст ч юмуу, оны эцэст ч юмуу гаргасан бол арай өөр үр дүн гарах магадлалтай. Гэхдээ яг энэ гарсан тоо дүнг шууд тайлбарлачихаж байгаа хэрэг биш. Гадаад хүчин зүйлээс харгалзан үзэж байгаа. Тийм учраас үүсэж болзошгүй эрсдлийг тайлбарлаж байна.
-Манай улсад хамгийн ойр нөлөөлөл үзүүлдэг гадаад хүчин зүйл бол Хятадын эдийн засаг, тухайлбал гангийн эрэлт шууд байдлаар нөлөөлдөг шүү дээ?
-Тийм. Гадаад зах зээл дээрх үнэ ханш ямар байх зэрэг ерөнхийд нь багцалж макро эдийн засгийн зураглалыг гаргаж байгаа нь энэ юм. Хятад улс гэхэд гангийн эрэлтээ бууруулна гэдэг цаашдаа коксжих нүүрсний эрэлт, төмрийн хүдрийн эрэлт байхгүй болж байна гэсэн үг. Тэр тусмаа АНУ-аас явуулж байгаа худалдааны бодлогын нөлөөлөл дан ганц Хятад гэлтгүй Канад, Мексик, Европын холбооны улсаас авч байгаа ган төмөрлөг дээр татвар тогтоогоод байгаа учраас олон улс оронд гангийн илүүдэл үүсэх магадлалтай болчихож байгаа юм. Гангийн илүү бий болно гэдэг нь үнэ цэн нь буурна. Ингэхээр яг л Хятад шиг гангийн үйлдвэрлэлээ бууруулж эхлэх бодлого баримтална. Харин үүний үр нөлөө нь мэдээж манай улсад таагүй нөлөөллийг үзүүлнэ. Тиймээс энэ мэт нөхцөл байдлуудыг Засгийн газарт анхааруулж, Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад шаардлагатай төсөөллийг гаргаж өгч буй юм.
Мөн нөгөө талаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүн биш учраас дэлхийн зах зээл дээр маш их савладаг уул уурхайн бүтээгдэхүүн учраас үүнийг дагаад манай улсын эдийн засагт савлагаа үүсэх шалтгаан бий. Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор эдийн засагт эрсдэл бий болох нөхцөл байдал үүсэж магадгүй байна шүү гэдгийг л шийдвэр гаргагчдад анхааруулж буй.
-Та ярилцлагын эхэнд дурдлаа. 2024 он эдийн засгийн сэргэлттэй үе таарсан. Тэгэхээр ойрын гурван жилийн эдийн засгийн төсөөллийг энэ оны суурь дээрээс гаргачихаар төсөөллөөс доогуур байх эрсдэл үүсэхгүй юу?
-Одоогийн энэ өсөлтийн суурь нь 2017 онд Олон Улсын Валютийн Сантай байгуулсан өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотой. Манай улсын сүүлийн жилүүдийн өсөлтийн суурийг тавьсан гэсэн үг. Эргээд бид нар үр дүнгээ харах юм бол Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт 2018 онд эдийн засгийн шалгуур талаасаа маш сайн гарсан. Төсвийн алдагдалгүй, эдийн засгийн өсөлттэй, бүх үзүүлэлтүүд нь эерэг гарч байсан. 2018 оны энэ сайн суурь үзүүлэлтийг бүрдүүлж чадсанаар дараагийн жилүүдийн эдийн засгийн суурийг бүрдүүлж чадсан юм. Энэ хугацаанд гэнэт ковид гарснаар эдийн засгийн өсөлт хоёр жил саарсан.Үүнээс бусдаар эдийн засгийн өсөлт урт хугацаандаа сайн байсан. Яг энэ 2017 онд хэрэгжүүлж байсан бодлого буюу 2016 онд батласан Валютийн сан талаасаа Өртгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, манай талаас Эдийн засгийг сэргээх хөтөлбөр шиг хөтөлбөр манайд шаардлагатай юм байна гэдгийг харж болно. Төсвийг хамаагүй тэлж болохгүй, үрэлгэн байж болохгүй, нэг түүхий эдээс хэт хамааралтай байх нь маш савлагаатай юм байна. Гадаад өр одоогоор бага байгаа ч богино хугацаанд нэмэгдэх боломжтой байх нь. Голлох түүхий эд нь өөрөө ганцхан байгаа нь үнэ буурахад нь дагаад санхүүгийн үзүүлэлт муу гарах эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй. Иймээс 2025, 2026 онд болгоомжтой байх ёстой.
-Засгийн газрын зүгээс 14 мега төсөл хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засагт эерэг үзүүлэлт авчирна гэдэг. Орлого өгөөж яриад байдаг ч зардал нь хэрхэх вэ, төсөвт мөн тодорхой нөлөөлөл бий юу?
-14 мега төсөл чинь хөгжлийн бодлогын баримт бичиг болохоос төсөв биш. 14 мега төслийн 10 орчим нь хувийн хэвшлийн мөнгөөр хийгдэхээр байсан. Төсөвтэй хамааралгүй учраас 2025 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр яригдах асуудал. Цаг хугацааны хувьд хамт оруулж ирээд яриад байгаа учраас төөрөлдөөд байна. 14 мега төслийн мөнгийг бүгдийг нь улсын төсвөөс гаргах гээд ч байгаа юм шиг. Яг хууль дүрмийн дагуу буюу Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа баривал энэ 14 мега төслийг энэ хүрээнд л ярих ёстой. Уг хуульд зааснаар тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахдаа өмнө батласан энэ мөрийн хөтөлбөр Үндсэн чиглэлд тулгуурлаад зорилтоо тусгадаг. Дараалал нь ийм. Энэ дарааллыг холиод байгаа учраас олон нийтэд ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа хэрэг. 14 мега төсөл дээр тусгайлан зөвлөлөөс судлагаа хийгээгүй учраас нарийвчилсан зүйлийг хэлэх боломжгүй. Нийслэлийн ч бай, 14 мега төсөл ч бай бүгдээрээ өртөг зардлын дүн шинжилгээ хийх ёстой. ТЭЗҮ гэдэг дээр л өндөр ач холбогдол өгөөд байдаг. ТЭЗҮ бол барилга барихад, зам барихад шаардагдах өртөг хэд вэ гэдгийг л тооцдог. Гэтэл төсөл явахын тулд ард нь маш олон асуудал бий. Маш олон судалгаа шаардлагатай. Энэ агуулгыг өнгөрсөн жилээс хойш хэлээд яриад л байгаа. Ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ тооцоог нарийвчилж хийх ёстой. Шаардлагатай мөнгийг тооцох юм бол 70-80 их наяд төгрөг шаардах ажлууд төлөвлөчихсөн байна шүү дээ. Бодит төсвийн боломж нь өөдрөгөөр тооцоход л 50-60 их наяд. Тэгэхээр энэ хоёрын зөрүүг ойртуулж байж л бид гадаад өрийн дарамтгүй цааш явна. Өнгөрсөн оны намрын эдийн засгийн нөхцөл өөр байсан. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байсан үе. Эдийн засаг тэлж байсан үе. Гэтэл өнөөдөр тэр өөдрөг төсөөллөөр яваад байж болохгүй. Машинаар яривал хурдаа саах ёстой байтал хурдаа нэмээд байж болохгүй.
-Засгийн газрын зүгээс төмөр замын хил холболтын дараах 120 сая тонн нүүрсний экспортын хэт өөдрөг төсөөллийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс илүү багаар буюу өндөр дүндээ л 91 сая тонн гэж тооцсоныг анзаарлаа?
-Хятадын, Солонгосын гээд маш олон эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслээд харвал боомт тус бүрийн үнэ буурч байна. Гэтэл яг одоо Хятадын нүүрсний талбарт Оросын орон зай тэлэх л боломж бий. Хоёр улсын харилцаа харьцангуй сайн, Оросын тал дэд бүтцээ шийдвэрлэчихсэн учраас. Хятадын зарим судалгааны байгууллагын гаргаж байгаа судалгаагаар Австралийн нүүрсний үйлдвэрлэл, олборлолт талаасаа 2025, 2026 онд буурах хандлагатай байна. Энэ орон зайг номхон далайгаар ирж байгаа ОХУ-ын нүүрс нөхөх боломжтой. Америк, Канадын нүүрс татварын асуудлаас үүдээд төдийлөн нэмэгдэхгүй байх магадлалтай. Харин манай улсын хувьд дэд бүтцээр хязгаарлагдмал хэвээрээ байгаа учраас бидний орон зай зөвхөн Өвөрмонголд л байхаас Хятадын бусад мужид нүүрс нийлүүлээд байх боломж бага. 2022 оных шиг нүүрсний үнэ өндөр түвшинд хадгалагдах боломжгүй харагдаж байна. Биет хэмжээг айхтар нэмэгдүүлэх бодлого бидэнд хэрэггүй. Үнэ цэнээ унагаж байгаа юм. Нэг бодлогоор явж байгаа, нэг зах зээлд биет хэмжээгээ нэмэгдүүлэх тусам нүүрсний үнэ цэн унана.
-Гэтэл төсөв дээр эсрэгээрээ экспортын хэмжээ болон үнийг их өндрөөр тусгасан нь төсөвт тодотгол хийх үү үгүй юу гэдэг нөхцөл рүү уначихаад байна?
- Эдийн засгийн судлаачид бид макро эдийн засаг ярьдаг. Харин улс төрчид бол өөр. Бүх орны улс төрчид л ер нь ийм өөдрөг төсөөлөл хэлцгээдэг. Ард түмний төлөөлөл гэдэг утгаараа сайн сайхан зүйл хийх гэж байна гэж бодсоныхоо дагуу иймэрхүү өөдрөг төсөөллүүд ярьдаг л даа. Тэгэхээр үүн дээр зөв менежмент хийхийн тулд УИХ дээр Төсвийн байнгын хороо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэргэжлийн байгууллагын хэлээд байгаа макро эдийн засгийн зөвлөмж, эдийн засгийн шалгуур үзүүлэлтүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн амлалт хоёрын хооронд зөрүү үүснэ. Энэ зөрүүг ямар байдлаар шийдвэрлэх нь УИХ-ын зохицуулалтаас хамаарна. Мөрийн хөтөлбөр батлах үед эдийн засаг харьцангуй өөр байсан бол тэрнээс хойш өөрчлөгдсөн учраас энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, намрын төсөв аль аль нь чухал. Яагаад гэхээр 2026 оны төсвийг боловсруулахад яамдууд саналаа гаргана. Тэр саналын суурь нь төсвийн хүрээний мэдэгдэл өөрөө. Хаврын чуулганаар УИХ-ын батлах төсвийн хүрээний мэдэгдэл ирэх гурван жилд Эрчим хүчний сайд ямар хэмжээний мөнгө зарах вэ гэдэг хязгаарыг тогтоож өгөх гэж байгаа юм. За тус сайдад 10 их наядын багц хуваарилахаар боллоо гэж бодъё, тэгвэл энэ дүн дээр үндэслээд ирэх 2026 оны төсвийнхөө төсөөллийг баримжаалаад ороод ирнэ. Тэгэхээр нь ирэх жилд өсөх үү өсөхгүй юу гэдгийг шийдэх маш чухал цаг үе юм. Иймээс Төсвийн хүрээний мэдэгдлийг шийдвэрлэхдээ УИХ, Төсвийн байнгын хороо маш болгоомжтой, олон талаас нь анализ хийж шийдвэр гаргах ёстой.
-Төсөв дээр нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллароор экспортлоно гэж тусгасан ч өнөөдөр үнэ унаж, тонн тутмаас 25 ам.доллар алдаж байна. Гэтэл гол нийлүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өснө гэдэг хүлээлт тавиад байдаг?
-Уул уурхайн болон Эдийн Засаг, хөгжлийн яамны нэг зүйл дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа нь жилийн төсөв ороод ирэхэд яагаад нүүрсний экспортыг 83, 90 сая тонн гэж гээд асуухаар манай уул уурхайн компаниуд ийм гэрээ хийчихсэн байна гэж тайлбарладаг. Ийм байж болохгүй. Компани хоорондын гэрээ биелэж ч болно, үгүй ч байж болно. Бодит байдал дээр макро эдийн засаг гэдэг чинь огт өөр зүйл. Тэр тусмаа манай нүүрсний худалдан авагч зах зээлийн эдийн засаг биш, Үндэсний нэгтгэл шинэтгэлийн хороо гэдэг байгууллага нь удирддаг, нэгдсэн төлөвлөгөөгөөр явдаг улс. Тэгэхээр бид нар уул уурхайн өрсөлдөөнтэй бирж байгуулаад тэндээс үнэ цэн өсөхгүй. Уул уурхайн компаниуд 5, 10 сая тонн нүүрс нийлүүлнэ гэж гэрэээ байгуулаад энэ нь албан ёсоор хэрэгжихгүй. Бид Орос, Индонези, Австрали шиг нийт жилийнх нь дүнгээр 100 сая тонн гэдэг гэрээ хийчихсэн бол тэрэнд найдаж болно. Гэтэл бид нарт УИХ, Засгийн газрын түвшинд ийм гэрээ байхгүй шүү дээ. Компанийн түвшинд, микро түвшний менежментийн бодлогыг шууд аваачаад УИХ-ын төсвийн бодлого болгож ашиглаж байгаа нь буруу. Энэ дээр байнга зөрүү гарна. Компани болгон борлуулалтаа нэмье гэдэг бодлого гаргаж болно. Тэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ч юмуу, Сангийн яам нэгтгэж аваад бүгдээрээ 90 сая тонн болгоё гэдэг бол макро түвшний хувьд болохгүй. Нэг худалдан авагчтай учраас нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх бодлого л хэрэгтэй.
-Нүүрсний үнийн уналтыг алт, зэсээрээ нөхнө гэдэг нэг шийдэл бас яригдаад байна. Дахиад л уул уурхайн, савлагаатай бүтээгдэхүүнд бид орлогоо найдах боллоо. Өөр гарц гаргалгааг бид ярихгүй байна уу, харагдахгүй байна уу?
-Олон улсын байгууллагууд гаргалгааг нь хэлээд байдаг. Эдийн засгийн түншлэл бол Монгол Улсын стратегийн суурь юмаа гээд дүгнэлт хэлчихсэн. Жил болгоны төсвийг батлахдаа үүнийг мартаад байдаг. 2050 дээр урт хугацааны хөтөлбөрөө батлачихсан мөртлөө жил жилийн эдийн засгийн төлөвлөгөөн дээр ирэхээрээ “за тэр эдийн засгаа төрөлжүүлэх яах вэ, хамаагүй” нүүрсээ ахиухан зарчихъя, төсвөө тэлчихье гэдэг. Жижигхээн сонирхлын төлөө урт хугацааны стратегийг мартана гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөдөр экспортын орлогын 94 хувь нь уул уурхайн түүхий эд болчихсон явна гэдэг чинь байж болохгүй. Эдийн засаг хямарч байхад орлогын 80 хувь байсан. Гэтэл одоо бууруулна гэж ярьчихаад 90 хувь давуулчихсан. Эдийн засаг төрөлжөөгүй учраас хямралын шалтгаан чинь байна гээд олон улсын байгууллагууд зөвлөмж, дүгнэлт гаргаад л байдаг.
-Мөнгөний бодлогын зөвлөлөс бодлогын хүүг 2 хувиар нэмэгдүүлсэн. Уг шийдвэр нь үнэ өсөхтэй холбоотойгоор инфляц өсөх нь гэдэг тооцооллоор уг шийдвэрийг гаргасан. Гэтэл үнэ нэмэхийг хойшлуулчихсан. Энэ шийдвэрийн голлох нөлөө нь банкнаас зээл авч бизнесээ явуулдаг аж ахуй нэгжүүд дээр ирэхээр байна. Бодлогын хүү цаашид буурах төсөөлөл бий юу?
-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хараат бусаар дүгнэлт шийдвэр гаргадаг. Засгийн газар хэдийгээр үнийн нэмэгдлийг хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч Мөнгөний бодлогын зөвлөл дахиж хуралдаж байж л энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Зээл олголтын хурдыг сааруулах ёстой гэдэг нөхцөл байдал дээр л үндэслэж шийдвэр гаргаж байгаа. Хоёрдугаар сарын байдлаар зээлийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 38 хувиар өссөн байна. 38 их наядын зээлийн өрийн үлдэгдэлтэй. Энэ үлдэгдэл нь чанар нь муудахгүй хэвийн байвал сайн. Эдийн засгийн нөхцөл байдал муудахад энэ зээлийн чанар нь муудах эрсдэлтэй учраас үүнээс сэргийлж Мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн суд�##�гаатай юм ярьдаг улс төрчид хэзээ эдийн засагчдын үгийг сонсох вээ
Энэ нөхөр засгаас ц�##�ин авчихаад сошилоор солиорохоос өөр юмгүй. Хэрэв ЗГ чинь чиний зөвлөлийн зөвөлгөөг авч хэлэлцэхгүй бгаа бол нэрэа баа�####�ж явах хэрэггүй, зөвлөлөө тараагаад ТББ уудтай нэгд
Өөрөө бодлого боловсруулахад оролцдог, оролцох эрхтэй байж тэр ч болохгүй бна, энэ ч болохгүй бна гэж ч�##�чихнахаа болих хэрэгтэй.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Оросын тавиул Женко хятад танкны үлгэрээр биднийг айлгаж байх хооронд Орос "ах нар нь амжаад зам нтр тавьж байгаад нүүрсээ Хятадруу урсгачихсан ш дээ. Тэр нь ойрын хэдэн жилдээ инерцээрээ жирийнэ л дээ
Манайх хил холболтоо хийтэл бас хэдэн жил болно, ин гээд бодохоор Женкийн хорлол мөн ч дуусашгүй хөнөө лтэй, дундрашгүй уршигтай бнаа !!!
Тэгэлгүй яахав хайрт ах орос маань л болж байв�##� бид яахав түүний төлөө ч их зүтгэсэн дээ тиймээ хайрт ах оросчингуудаа
Суд�##�гаа, шинжилгээг сайн хийж чадахгүй байж амандаа орсноор ярих хэрэггүй. Бүхэл бүтэн төсвийн байнгын хороог авч явж байгаа хүн гэхэд их л ядруухан дүгнэлт хийдэг хүн юм