УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос: 800 хүртэлх мянган төгрөгийн орлоготой иргэдийг татвараас 100 хувь хөнгөлөх хууль боловсруулж байгаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.


Нэмэлт: 16:30 цаг

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Өнөөдрийн хуралдаанаар гурван чухал тайлан танилцуулагдаж, байнгын хороодын дүгнэлт орж ирлээ. Үүнтэй холбоотой бүх сайд ирсэн байна. Тиймээс нэг асуулт асууя. Бизнес хөрөнгө оруулалтын орчин. Татвар нийгмийн даатгалын шимтгэл хийх зорилтын 3.2.1.4 дээр бага дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтална гэсэн байгаа юм. Энэ зорилтын хэрэгжилтийн явц нь өнөөдөр 70 хувьтай байна. Хэрэгжилтийн явцыг харахад харьцангуй өндөр тоо. Тиймээс миний сонирхол татаад байгаа нэг асуудал нь ХХОАТ-ын хуульд өөрчлөлт орсон юм уу. Өөрөөр хэлбэл хуульд заасан татварын хэмжээ буурч чадсан юм уу. Эсвэл одоо хэрэгжиж байгаа ХХОАТ-ын хуулийн заалтын дагуу жилийн 36 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байгаагаа иргэдийг татварын ачааллын бууруулаад байгаа гэж үзэж байгаа юм болов уу.

Татвар нийгмийн даатгалын шинэчлэл хийх зорилтын 3.2.1.6 энд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулахдаа уян хатан хөнгөлөлттэй байна гэчихсэн. Гэтэл өнөөдөр үүний хэрэгжилт нь 30 хувьтай. Ганц энэ заалтыг өнөөдөр хувийн хэвшил, компаниуд асар их хүсдэг. Яагаад гэвэл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний дагуу гээд НДШ тооцож авч байгаа ажил олгогчид дарамт болсон ганц заалт энэ. Энийгээ одоо засаад, янзлаад оруулаад ирж болдоггүй юм уу?

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Сангийн яам, Засгийн газар, мөн УИХ-аас Х.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ он гараад нэгдүгээр сард татварын шинэчлэлийн асуудлаар орон даяар хэлэлцүүлэг хийсэн. Нийтдээ татварын шинэчлэлийн үеэр 11 мянга гаруй иргэн, ААН оролцож 170 мянга гаруй санал өгсөн. Үүн дээр анализ хийж, одоо хэрэгжиж байгаа татварын хууль дээр бид ямар байр суурь барих уу. Бизнес болон хувийн иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг байдлаар ажиллаж байна. Нийт ирсэн саналыг ангилаад үзэхээр татварын хувь хэмжээг бууруулъя гэдэг дээр 56 хувь нь санал өгсөн. 17 хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлэх, 15 хувь нь татвар гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, 12 хувь татварын хууль тогтоомжийг ойлгомжтой болгох гэдэг байдлаар санал ирсэн. ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулах санал 12 хувьд нь байгаа. Голлох хувь хэмжээ нь НӨАТ-тай санал ирсэн. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэмэгдүүлж өгөөч гэдэг асуудал дээр 29 хувь нь санал өгсөн. Үүний дагуу Засгийн газар хэлэлцүүлэг хийж, саналаа боловсруулаад Х.Ганхуяг гишүүний ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна. Энэ асуудлыг УИХ-д өргөн барих хэмжээнд ажиллаж байна.

Мөн ХХОАТ-ын одоо үйлчилж байгаа хуулийн 23.1-т заасан хөнгөлөлт нь бага, дунд орлоготой иргэдийг дэмжих зорилгоор хэрэгждэг. Мөн цалингийн орлоготой иргэдийг дэмжих зорилгоор хэрэгждэг. Цалингийн орлоготой иргэдийн татварын ачааллын 5 хүртэлх хувиар бууруулж хөнгөлдөг байгаа. Энэ хөнгөлөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 700 гаруй мянган иргэн хамрагдаж, 115 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тоон мэдээллийг танд танилцуулж байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

-Яг миний асуултад тодорхой хариулт өгсөнгүй. Та шатлалаа мэдэж байгаа байх. Сарын 500 мянган төгрөгийн цалинтай иргэдэд л сард 240 мянган төгрөгийн хөнгөлөлт чинь очно. Харин сарын 3 сая төгрөгийн цалинтай иргэдэд сард ердөө 10 мянган төгрөгийн хөнгөлөлт очиж байна. Тэр бүтэн хөнгөлөлт аваад байгаа 500 мянган төгрөгийн цалинтай хүн гэж ер нь байгаа юм уу. Хэд байгаа юм. Хэдэн хувийг нь эзлээд байна.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Сарын орлого нь 500 мянган төгрөг хүртэл хамрагдаж байгаа иргэдийн хамрагдалт нь 193 мянган хүн байна. Сарын 800 мянган төгрөгийн орлоготой иргэд 303 мянга байна. Нэг сая төгрөгийн орлоготой иргэд 52 мянга байна. 1.5 саяын орлоготой иргэд 123 мянга байна. 2 сая төгрөгийн орлоготой нь 105 мянга байна. 2.5 сая төгрөгийн орлоготой нь 99 мянга байна. 3 сая төгрөгийн орлоготой иргэд 76 мянга байна гэдэг статистик мэдээ байна. Хувь хүмүүсийн 800 хүртэлх мянган төгрөгийн орлогыг татвараас 100 хувь хөнгөлөхөөр татварын хуульд боловсруулан ажиллаж байна. Нийт цалингийн орлоготой иргэдийн 90 орчим хувь нь 3 сая төгрөг хүртэл цалингийн орлоготой байна.


Нэмэлт: 15:20 цаг

-С.Одонтуяа: Гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчинд холбож, жил бүр карбон кредитээс мөнгө авдаг болно-

Зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Тоогоор илэрхийлэгддэг эдийн засагтай холбоотой олон хүчин зүйлс дэлхий нийтэд явж байдаг. Тэр тусмаа хүлэмжийн хий, CO2-ын ялгаруулалт, хүлэмжийн хийн давхар исэлтэй холбоотой эдийн засгийн харилцаа. Энэ харилцааны цаана карбон кредит гээд бүхэл бүтэн том зах зээл үүсчихсэн явж байна. Тэгэхээр Монгол Улсын хувьд яг энэ уур амьсгалын өөрчлөлтөд их хэмжээний нөлөө үзүүлж байгаа улс орнууд буюу агаар бохирдуулж байгаа улс орнуудын төлөх төлбөр, татвар буюу карбон кредит нь ямар хэмжээний дүн байдаг вэ. Эндээс Монгол Улс авч болох цаашлаад ногоон санхүүжилт рүү тэр дүнг нь оруулах ямар боломж бололцоо байдаг вэ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад олгогдсон зээлийн нэг орчим хувь нь ногоон санхүүжилтийн хүрээнд ашиглагддаг. Энийг 10 орчим хувь нэмэгдүүлэх боломжтой гэж уншиж байсан. Монгол Улс өнөөдөр энэ эдийн засгийн боломж бололцоонуудыг хэрхэн яаж ашиглах боломжтой вэ. Иргэд үүнд яаж оролцох боломжтой вэ гэдэг тал дээр тодорхой тоо бүхий мэдээлэл өгөөч.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд С.Одонтуяа:

-Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчноо хамгаалахад гарах зардлыг улсын төсвөөр ямар ч орон хийж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь нэг сан байгуулаад сангийн санхүүжилтээр ажил явуулдаг байсан бол одоо мөн л энэ нь ямар ч хүрэлцээгүй, боломжгүй болсон. Тиймээс заавал оролцогч талуудын сонирхлыг багтаасан хөрөнгө оруулалт байх ёстой юм гэдэг дээр санал нэгдсэн. Үүний нэг карбоны арилжаа байгаа. Гадаадынхан манайд ирээд карбоны талаар маш олон санал тавьсан. Манайд яг энэ талын хууль эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яам, манай яамтай хамтраад уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг боловсруулаад одоо дуусах шатандаа явж байна. Энэ хуульд таны хэлсэн бүх зүйлийг зохицуулах боломжуудыг нээх гэж байгаа. Энэ хуулийн нэг бүрэг нь карбоны арилжаатай холбоотой бүрэг байгаа. Бусад орнуудын хувьд энэ бол Засгийн газруудын хувьд маш том арилжааны хэлбэрт орсон.

Тухайлбал, Сингапур карбоны арилжаанд идэвхтэй ажиллана. Энэ салбартаа нэг тэрбум төгрөг зарцуулна гээд 22 улстай карбоны хэлэлцээ хийсэн байна. Япон бол 29 улстай, Швейцар 17 улстай гээд дэлхийн улс орнууд энэ том арилжааны зах зээл рүү ороод эхэлсэн.

Зарим улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалт өндөр байгааг ашиглаж бусад орнууд карбонаар буюу татвараар мөнгө олох хэлбэр лүү орсон. Манайд гэр хорооллыг сэргээгдэх эрчим хүчинд холбох төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл айлаас нь мөнгө гаргахгүйгээр айлуудыг яндангүй бүс болгоод карбон кредитээс жилийн 900 сая доллар авч явах арилжаа. Мөн орчин үед улс орнууд өр зээлээ наймдаалцдаг болсон. Жишээлбэл сая манай Сангийн яам, Эрүүл мэндийн яам хамтарсан хөтөлбөр эхлүүлж эрүүл мэндийн салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хийгээд өр зээлээ хасуулах байдлаар ажиллаж байна.

Нэмэлт: 14:00 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх XVII бага хурлыг Улаанбаатарт зохион байгуулж, Монгол Улс даргална-

Зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулган үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдэгдэл хийлээ.

-Эх дэлхийнхээ насыг уртасгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж олон улсын өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хараахан хүрч чадаагүй байна. Монгол Улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн төрөлжилт, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудал нь мөн бид бүгдийн тулгамдсан асуудал байсаар байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлт алс хол сонсогддог байсан боловч сүүлийн жилүүдэд өвлийн улирлын хүйтний уламжлалт ойлголт эвдэгдэж, нүүдлийн ахуйд тулгуурласан малчдын амьдралд томоохон нөлөө үзүүлж байгааг бид бүгд мэдэж байгаа. Үерийн асуудал ч дулааны улиралд нэмэгдэж хот барилгын асуудлыг шинэчлэх асуудлыг мөн дагуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий даяар сорилт, бэрхшээл болж буй гурван асуудал байна.

Нэгдүгээрт, Цаг уурын эрс тэс байдал ба байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж далайн шуурга, хар салхи, хүчтэй аадар бороо, хэт халалт, ган гачгийн хор хөнөөл олон бүс нутагт хүмүүсийн амьдрах орчин, амьжиргаанд нөлөөлж, ундны усны хомстол үүсэж байгаа шалтгаан болж байна. Мөн мөнх цас болон голын хайлалтаас шалтгаалж дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувь эрсдэлд орж байгааг олон улсын байгууллагууд сануулсаар байна.

Хоёрдугаарт, Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж зарим бүс нутагт хүн амийг нүүлгэн шилжүүлэх асуудал олон улсын тулгамдсан асуудал болж байна. Далайн усны түвшин нэмэгдэж, арлууд далайн эргийн хотууд усанд автах аюулд орж, ган гачгаас шалтгаалан хөрсний үржил шим буурснаар хөдөө аж ахуйн үйл ажиллагаа доголдож хүнсний хомстол үүсэж байгаа тул хүмүүсийн аюулгүй тайван амьдрахын төлөөх олон улсын шилжин суурьших үйл явцыг олон нийт анхааралтай ажиглаж дүгнэлт хийж байна.

Гуравдугаарт, Биологийн төрөл зүйлийн хомстол бий болж, эко системийн тэнцвэр алдагдаж байна. Ойн түймэр, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлтөөс болж зэрлэг ан амьтад устах аюулд орж, ургамал амьтны амьдрах орчин өөрчлөгдөж олон улсын тархац хязгаарлагдмал болж эхэлж байна.

Эдгээр асуудал нь зөвхөн байгаль орчин төдийгүй. Дэлхийн эдийн засаг, нийгэм, улс төрд хүчтэй нөлөөлж тогтвортой хөгжлийг сааруулж, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологийн шийдлүүдийг нэн тэргүүнд хөгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлж, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Уул амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үер ус, ган, зудын давтамж нэмэгдэж цаг агаарын талаар уламжлалт ойлголт эвдэгдэж нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн малчдын аж амьдралд томоохон сорилт бий болж байгаа талаар манай үндэсний байгууллагууд болон холбогдох яамдууд судалгаа хийж нөлөөллийн үнэлгээ гаргаж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд 2.4 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт газрын доройтолд өртөөд байна. Хүлэмжийн хийн нийт ялгарал 1990 оноос хойш 82.1 хувиар нэмэгдсэн нь хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн хэрэглээ. Малын тоо толгойн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. Нийт хүлэмжийн хийн 51.1 хувийг хөдөө аж ахуйн салбар, 44.7 хувийг эрчим хүчний салбар үлдсэн хувийг аж үйлдвэржилтийн болон барилга тээвэр, хог хаягдлын салбар ялгаруулж байна. Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, эрчим хүч усан хангамжийг сайжруулах чиглэлээр хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах нь хамгийн их цөлжилттэй байгаа говийн бүсийн эрчим хүч болон усны асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар төлөвлөж байна. Тиймээс 2024 оны УИХ-ын дараа байгуулагдсан Хамтарсан Засгийн газар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, дасан зохицох асуудлыг тэргүүлэх чиглэл болгож, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаа уялдуулан, түншлэн ажиллах зорилгоор уур амьсгалын асуудлыг бодлогын түвшинд гаргаж тавьсан билээ.


Нэмэлт: 13:00 цаг

-Б.Чойжилсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлөөс болж надад болон салбарт дарамт ирдэг-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Б.Чойжилсүрэн сайдад маш яаралтай эрчим хүчний яамны авлига авсан ажилтнуудаа дотоод аудитаар шалгуулж солиод үнийн өөрчлөлтийг хийхийг зөвлөсөн ч хийсэнгүй. Эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байгаа. Жишээ нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баруун бүсийн захирал болгоод өгөөч 300 сая төгрөг өгье” гээд явж байдаг юм байна лээ. Тэр Н.Тавинбэх сайд чинь сэргээгдэх эрчим хүчний бүх зөвшөөрлийг нь өгөөд дуусчихсан.  7, 8 компани ажлаа хийгээгүй. 2008 оноос хойш нэг ширхэг ч хадаас хадаагүй компани зөвшөөрөл авчхаад 18 жил болж байхад тэрийн цуцлах эрх нь Н.Тавинбэх сайдад байхад таван жилийн хугацаанд юм хийсэнгүй.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Б.Пүрэвдорж гишүүний асуултад хариулъя. Янз бүрийн ийм хардлага, шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй. Хүлээж авна. Гэхдээ хардсан бол яг тодорхой ийм ийм баримт байна гээд гаргаад ирвэл би тэр дагуу салбарынхнаа шалгуулахад бэлэн байна. Бид Засгийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний хороог шалгалтаар оруулах гэж байгаа.

Үнэ нэмэгдүүлсэн бол гарцаагүй чанар сайжрах ёстой. Авлига буурах ёстой, ил тод байх ёстой гэдэг дээр тантай санал нийлж байна. Эрчим хүчний өөрчлөлтөөс орж ирж буй 560-аад тэрбум төгрөг болон үйл ажиллагааг ойрын хугацаанд олон нийтэд тайлбарлана.

Сэргээгдэх эрчим хүчний ашиг. Манай эрчим хүчний салбарын алдагдалтай тэнцэж байгаа нь үнэн. Тиймээс цаг хугацаандаа ажлаа эхлээгүй ААН-үүдийг Эрчим хүчний яам, ЭХЗХ-ноос тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Гэсэн хэдий боловч шүүхээр ганц нэг зөвшөөрлийг сэргээнэ гэсэн төвөгтэй асуудал гарч байгаа нь үнэн. Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл авчихсан байсан хүмүүс ил далд янз бүрийн явуулга явуулдаг нь үнэн. Над дээр болон манай салбар дээр тодорхой хэмжээний дарамтууд байгаа.


Нэмэлт: 12:00 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Орос, Украины нөхцөл байдалд түдгэлзсэн саналыг өгсөн тул манайхыг автократ засаглалтай улсын тоонд оруулсан-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан болон аудитын тайланд үндэслэн 41 гишүүн асуулт асууж, үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Аудитын тайлан дээр олон ноцтой зүйлс байгаад байна. Тэрний нэгийг нь онцолж асууя. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн тайланг олон нийтийн оролцоог хангаагүй байна. Энэ дээр тайлбар хийгээч. Монгол Улс ардчиллын индексээр ухраад байна. Бид 1090 оноос хойш олж авсан хамгийн үнэт зүйл бол ардчилал. Гэсэн олон улсын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайлан дээр бид автократ засаглалтай гээд нэр авчихсан явж байна. 84-т байгаа байраа яаж урагшлуулах юм. Энийг анхаарч үзээсэй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Индексүүдийн хувьд зарим нь ухарсан. Зарим нь урагшилсан асуудлууд байгаа. Тус үзүүлэлтүүдийг нягтлаад олон улсын байгууллагуудтай уулзахад манай хэд хэдэн индекс геополитикийн нөхцөл байдалтай холбоотой асуудал дагуулсан. Манай улсын хувьд ОХУ, Украины нөхцөл байдал дээр түдгэлзсэн саналыг өгсөн. Яг тухайн цаг үед Энэтхэг ч тэр, манайх ч тэр яг ийм байр суурьтай байх нь зүйтэй гэж Үндэсний аюулгүй байдал, Аюулгүй байдлын байнгын хороон дээр 3-4 удаа ярилцаж байсан. Монгол Улсын гадаад бодлого олон тулгууртай энхийг эрхэмлэсэн гадаад бодлого. Гэхдээ манай улсын газар зүйн байршлын онцлог нь хоёр том гүрний дунд оршин тогтдог. Парламентын засаглалтай улс. Сая сүүлийн хоёроос гурван жил аавыгаа сонгох уу. Ээжийгээ сонгох уу гэдэг шиг төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Үүнийг бид дотроо илэн далангүй ярих л ёстой. Гэхдээ Монгол Улс өөрийнхөөрөө бодлогоо тодорхойлж, парламентаараа ярилцаж явахгүй бол манай аюулгүй байдалтай холбоотой. Эрсдэлтэй олон асуудал гарч байгаа. Үүнтэй холбоотой индексийн асуудлууд үүссэн. Биднээс өөрсдөөс хамаарах алдаа, оноо бас гарсан. Тиймээс тайлбарлагдаад урагшилсан индексүүд ч байгаа.

-Аудит: 2021-2025 хөгжлийн хөтөлбөрт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт өөрчлөлт ороогүй байна-

Нэмэлт: 11:10 цаг

Монгол Улсын их хурлын аудитын тайланг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцууллаа.

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт болон Монгол Улсын Засгийн болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд аудитын дээд байгууллагын олон улсын болон үндэсний аудитыг хийж гүйцэтгэн УИХ, Засгийн газарт хүргэсэн болно.

Монгол Улсыг хөгжүүлэн үндсэн чиглэл болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тавих шаардлагыг тусгасан боловч уг шаардлагыг ханаагүй буюу Монгол Улсыг 2021-2025 онд буюу таван жилийн хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 243 арга хэмжээнээс 108 шалгуур үзүүлэлт суурь түвшинд хүрэхгүй байгаа нь хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байгаа юм.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.

  • Нэг. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл 67.7 хувьтай хэрэгжсэн. Нийт төслийн 14.8 хувь нь 50.2 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн. 42.5 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай. 2.5 хувь нь үр дүнгүй байна.
  • Хоёр. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу иж бүрэн судалгаа тооцоотой боловсруулаагүйгээс төлөвлөсөн хугацаандаа хэрэгжихгүй. Үүсгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж нийгэм, эдийн засаг, байгаль орчин, тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсан байна.
  • Гурав. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх үйл явж болон төлөвлөсөн санхүүжилтийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хууль эрх зүйн уялдаагүй байдал учир дутагдалтай. Оролцогч байгууллагууд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.
  • Дөрөв. Хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй гүйцэтгээгүйд тооцох хариуцлагын талаар хууль эрх зүйн зохицуулалт хэт ерөнхий, нарийвчилсан шалгуургүйгээр хэрэгжүүлэгч байгууллагын албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байх нөхцөл бүрджээ.
  • Тав. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь өөрийн зорилтод хүрч шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг хэрэгжүүлэгч байгууллагууд, ЗГХЭГ бодитой үнэлээгүй. Зөвхөн 2024 оны гүйцэтгэлээр үнэлсэн. Хөтөлбөр хэрэгжсэн нийт хугацааг үнэлээгүй нь богино хугацааны төлөвлөлтөд анхаарч байгааг харуулж байна.
  • Зургаа. Эдийн засаг, хөгжлийн яам, ЗГХЭГ болон хэрэгжүүлэгч байгууллагууд төлөвлөсөн зорилтот арга хэмжээг хэдэн хувьтай хэрэгжүүлсэнд ач холбогдол өгч байгаагаас таван жилийн үндсэн чиглэлд тодорхойлсон зорилго, зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын нийгэм эдийн засагт ямар үр нөлөө бий болж байгааг тооцож, үнэлээгүйг хууль эрх зүйн тогтолцоо дутагдалтай. Уг үнэлгээг хийх тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой байна. Энэ нь үргүй зардал гарах нөхцөл үүсгэж болзошгүй байдалд хүргэсэн.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл тодорхойлсон зорилго зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгаа юм.


Нэмэлт: 10:40 цаг

-Л.Оюун-Эрдэнэ: Монголын талаарх эерэг ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан-

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа.

-Монгол Улсын их хурлын дарга, эрхэм гишүүдээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу. Монгол Улсыг Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон хөгжлийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг дэлгэрүүлэн танилцуулъя.

Монголчууд бид шинэ үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацааны амжилт, ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж, урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэгт чигт тулгуурлан алсын хараа 2050 хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээ мэргэжлийн байгууллагын 1500 гаруй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэй 1.5 жилийн хугацаанд боловсруулан батлуулж байсан.

Монгол Улсын их хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Алсын хараа 2050 хөгжлийн бодлогыг батална хэрэгжүүлснээс хойш таван жил өнгөрч, 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг энэ жил цогц байдлаар үнэлнэ. Энэ хүрээнд тавдугаар сарын 13-нд таван жилийн тайлан дүгнэлтийг сонсоно. Өнгөрсөн таван жилийн хугацаанд цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, МУ-ыг хөгжүүлэх таван жилийн тайлан хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 67 хувьтай байна гэж дүгнэж байна.

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоо, аргачлал зөрөх асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь цаашид зөв үнэлгээний тогтолцоог бүрэлдүүлэх суурь болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна. Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт мониторингийн үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газрын бүтцэд дизайн мониторинг иволюшн буюу хяналт үнэлгээ хариуцсан Засгийн газрын гишүүнийг томилон ажиллуулж байна. Цаашид хяналт үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэе.

Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж, 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд Монгол түмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол бол Монголын эзэнт гүрний их түүх, Их эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах гэж тус бодлогын баримт бичигт тусгасан. Мөн Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Go Mongolia үндэсний брэндийн олон улсын сурталчилгаа, нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын талаарх эерэг ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс өнгөрсөн таван жилийн хугацаанд 14 байраар урагшилсан байна.


Эхлэл: 10:05 цаг

-УИХ амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

УИХ-ын чуулган өнөөдрийн /2025.03.28/ хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүдийн олонх амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ха ха ха
Ха ха ха
3 сар 28, 2025 13:28

Аавыгаа сонгох уу, ээжийгээ сонгох уу гэж... тэнэг зүйрлэл байна. ЕСайд гуай. Танд 12 зөвлөх байдаг гэсэн, гадаад бодлогын зөвлөх байдаггүй юм уу?

Зочин.
Зочин.
3 сар 28, 2025 14:28

Сэргээгдэх эх үүсвэрээс илүүдэл цахилгаанаа төв сүлжээнд нийлүүлэхэд ямарч зөвшөөрөл хэрэггүй баймаар юм,
Юм болгонд тусгай зөвшөөрөл!
Үүнийг л зогсоо!

Зочин
Зочин
3 сар 28, 2025 16:16
Reply to  Зочин.

тэгэхгүй яах вэ дээ. Дуртай нь сүлжээнд юм нийлүүлдэггүй юм. өөртөө тааруулаад үйлдвэрлээч. Бу�####�д үнэтэй шахах гээд мэрийгээд. Хөршүүдээсээ асуу !

Зочин
Зочин
3 сар 28, 2025 16:15

Үнээс л хамаарна. Шууд холбож болохгүй. Үнэтэй байв�##� хэн ч авахгүй.

Зочин.
Зочин.
3 сар 28, 2025 16:58

Европын орнууд,тэр дотроо Германд айл бүр илүүдэл цахилгаанаа төвд нийлүүлдэг энд хүний оролцоо байхгүй,Төвд цахилгаан дутаж байв�##� автоматаар холбоно,илүүдэж байв�##� с�##�гана,үнэ цаг минут бүрд өөр өөр,үнэгүй шахуу ч авах нь элбэг байсан.Ийм нөхцөлд зөвшөөрөл,лиценз ярих нь дэндүү хоцрогдол!

Зочин
Зочин
3 сар 28, 2025 21:13

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
3 сар 29, 2025 12:10

Хулгайч тор хулгайч их хур�##� хулгайч монгол

Холбоотой мэдээ

Back to top button