Ц.Сандаг-Очироор ахлуулсан дөрвөн намын төлөөлөл Сонгуулийн хуулийг хөндөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д“Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан байгуулахаар тусгажээ.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарыг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.