Трампаас болж Америк мэргэжилтнүүд Европ руу нүүх талаар бодож байна

Санхүүгийн мэргэжилтнүүд Европ руу нүүн суурьшихыг хүсэж буй чинээлэг америкчуудын тоо огцом нэмэгдсэнийг онцолж байна. Европ тэдгээр америкчуудыг ирэхэд нь бэлтгэх цаг ирсэн гэж санхүүгийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Орос гаралтай Америк иргэн Жулиа сүүлийн хоёр жилийн турш АНУ-аас явах хүсэлтэй байжээ. Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэхэд тэр нүүх тухай бодлоо нухацтайгаар авч үзэж эхэлсэн аж. Жулиа “Над шиг цагаач хүмүүс сонгуулийн дараа илүү санаа зовж эхэлсэн гэдгийг би анзаарсан” гэж хэлжээ. Тэр Европын хаа нэгтээ эм, биотехнологийн чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа аж.
Жулиа “Amer/Exit” нэртэй Reddit дээрх суваг дээр Европ эсвэл Канад руу явах арга хайж байгаа талаар бичсэн олон арван хүмүүсийн нэг юм. Мэргэжилтнүүд Трампын улмаас америк мэргэжилтнүүд улсаа орхин явах хүсэлтэй болсон нь brain drain мөн эсэхийг тодорхойлоход хэтэрхий эрт гэж үзэж байгаа ч Европын холбоо бэлэн байх хэрэгтэйг онцолжээ. Brain drain гэдэг нь өндөр түвшинд бэлтгэгдсэн эсвэл мэргэшсэн боловсон хүчин өөр орон руу цагаачлахыг хэлдэг.
Америкчуудыг Европ руу нүүн суурьшихад нь тусалдаг “Connected Financial Planning” компанийн үүсгэн байгуулагч Ариелле Такер хэлэхдээ сонгуулийн дараах долоо хоногт 30 гаруй шинэ Америк үйлчлүүлэгч компанитай нь холбогдсон гэж хэлжээ. Сонгуулиас хойш Европ руу нүүн суурьшихаар сонирхон холбогдох хүний тоо үүнээс буураагүй байна.
Такерийн үйлчлүүлэгчдийн ихэнх нь 30-40 насны, технологи, эм зүй эсвэл санхүүгийн салбарт удирдах албан тушаалд ажилладаг юм. Тэр “Энэ олон хүмүүсээс надад мэдрэгдсэн зүйл гэвэл тэдэнд юу ч хянаж чадахгүй байгаа мэт санагдсан тул тэд нэг зүйл ёстой гэж бодсон. Бид маш их дуудлага хүлээн авсан” гэжээ.
“Liberty Atlantic Advisors” фирмийн үүсгэн байгуулагч Алекс Ингрим хэлэхдээ визний үйл явцын талаар илүү олон үйлчлүүлэгч холбогдох болсон хэмээсэн юм. Ингрим “АНУ-д байх тусам амьдралын чанар нь хэрхэх, санхүүгийн байдалд нь ямар нөлөө үүсэх талаар эргэлзэх хүмүүс нэмэгдэж байна гэж би боддог” гэсэн байна.
Европын компаниудад мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эм зүй зэрэг боловсон хүчин дутагдаж буй салбаруудад ажиллах хүчнээ нэмэх зорилгоор америкчуудад ажлын байр сурталчлах бодит боломж үүссэн гэж бодож буйгаа Такер илэрхийлжээ.
Гэхдээ америкчууд Европ руу нүүхэд нь тулгарч буй хамгийн том саад бэрхшээл бол цалин хөлсний өөрчлөлт юм. Ингрим “Парис дахь цалин тэдний Лос-Анжелес, Сан Францискод авдаг цалингийн гуравны нэг нь байдаг. Энэ нь тэдний хувьд санхүүгийн саад болж өгдөг гэж би бодож байна” хэмээжээ. Испанид үйл ажиллагаа явуулдаг “Elco Royal Institute”-ийн эдийн засаг, олон улсын худалдааны ахлах шинжээч Федерико Стейнберг хэлэхдээ компаниуд америкчуудад өндөр цалин, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нүүн суурьшихад нь туслах хэрэгтэй гэсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.