
2019 онд Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборыг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан. Олон жилийн турш яригдаж, өчнөөн асуудалд хүлэгдсэн тус барилгын одоогийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Энэхүү сурвалжлагдаа ,
- Нэгдүгээрт: Байгалийн түүхийн музейг яагаад 2019 онд, Их тэнгэрийн аманд барихаар болсон
- Хоёрдугаарт: Шийдвэр гарснаас хойш зургаан жилийн хугацаанд барилгын үйл явц хэдэн хувьтай байгаа тухай
- Гуравдугаарт: Музейн бүтээн байгуулалтад хэчнээн төгрөг төсөвлөсөн тухайн талаарх баримтуудыг нэгтгэв.
Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь “Чингис хаан” музей барих ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, 2022 онд ашиглалтад оруулсан. Харин барилгаа нураалгаж, газраа булаалгасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл барилгын талаар ямар нэгэн мэдээлэлгүй. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм.
2019 онд Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам хэсэгт АСЕМ-ийн үеэр хувийн компанид 7.4 га газар олгосон ноцтой асуудал гарч байв. Ийнхүү тус газрыг судалж холбогдох хуулийн дагуу Музейн газраар шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэгдснээс хойш зургаан жил өнгөрсөн аж.
Маршалын гүүрнээс холгүй, их тэнгэрийн амаар ороод зүүн талд байх шинэ музейн барилгын гадна биднийг очиход битүү бетонон хана сүндэрлэж байхуй. Тус хана болон хаалгаар, нэвтрэх боломжгүй байна.

Үе үеийн улс төрчид Байгалийн түүхийн музейг шинэчлэх тухай ам нээж байв. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд хэд хэдэн удаа зарлаж байсан бөгөөд тендерүүд цуцлагдаж байв. Хамгийн сүүлд буюу 2023 оны долоодугаар сарын 01-ны өдөр 138.5 тэрбум төгрөгийн тендер зарлаж "Содон номин констракшн ХХК" шалгарсан байна.

"Содон номин констракшн ХХК" шинэ музейн барилгыг барихад 133,284,079,755 төгрөгийн санал ирүүлж шалгарсан аж. Уг компани нь 2012 онд байгуулагдсан, Болдбаяр Баттулга гэх хүний хувийн эзэмшлийнх.

Тухайн музей Их тэнгэрийн аманд 6,6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын өнгөрсөн оны тавдугаар сард ажлыг эхлүүлсэн бөгөөд барилын үйл явц одоогоор 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна.
Шинэ музей нь гурван блок бүхий 39,000м² талбайтай бөгөөд 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.
Нэмэлтээр дурдахад, тус музей нь монголын түүхэнд байгаагүй хамгийн том музей Нийтдээ гурван хэсэгтэй, 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоос гадна найман эх үүсвэрээс орлого олох боломжтой гэж анх тайлбарлаж, танилцуулж байв.
АСЕМ-ын үед барих гэж байсан зочид буудал цогцолбор барилгын тухайд:
Одоогийн музейн суурь, үндсэн карказ болох 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй барилгын ажлыг өмнө нь “Шинэхэн групп” ХХК өөрсдийн хөрөнгөөр нийт 25 тэрбумын өртгөөр гүйцэтгэжээ. Тус компани Японы хөрөнгө оруулалтаар АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар болж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн 7.4 га талбайг таван жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон байдаг.

Их тэнгэрийн аманд 7.4 га газар эзэмшсэн "Шинэхэн Групп" ХХК-ийн тухайд:
2015 оны зургадугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын 225-р тогтоол гарган тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг "Шинэхэн Групп"-т тус газрыг өмчлүүлсэн байна.
Ийнхүү БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Батсансар гэрчилгээ олгожээ. Ингээд “Шинэхэн групп” нэртэй шинэхэн компани нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан Ц.Ширэндэв нартай гурвалсан гэрээ байгуулж, газрыг таван жилийн хугацаанд ашиглахаар болсон байна.

Гэхдээ Ч.Сайханбилэгийг ерөнхий сайдын суудлаасаа буусны дараа буюу 2016 онд энэхүү тогтоол хүчингүй болжээ.
"Шинэхэн Групп"-ын тухай Opendata сайтаас нягталхад, тус байгууллага нь 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд захирлаар нь Ж.Сансар болон Ч.Амарбаатар нар бүртгэлтэй байна.

Ийнхүү тус газрыг зочид буудлын барилга барихыг зогсоож, Байгалийн түүхийн музейг байгуулахаар зураг төслийн тендерыг 94 тэрбум гэж зарлаж байв. 2020 оны гуравдугаар сард “Хатанбаатар” гэх компани гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгч байжээ.

"Хатанбаатар" Компанийн гаргасан зураг төслийн хүрээнд Байгалийн түүхийн музейн цогцолбор нь гурван хэсэгтэй. Нийтдээ 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтойгоор төлөвлөж байжээ.

Ийнхүү олон жиол өч төчнөөн асуудалтай нүүр тулсан Байгалийн музейн барилгын ажилтай танилцахаар Маршалын гүүрнээс цааш Их тэнгэрийн амны зүүн талд байох барилгын талбайд очив.

Биднийг барилгын үйл явцын талаар Соёлын яамнаас тодруулахад, "Одоогоор манайхаас энэ талаар мэдэх хүн алга. НЗДТГ-аас тодруулах хэрэгтэй" гэлээ.
Ийнхүү НЗДТГ-аас тодруулахаар холбогдоход, "Манайх тус барилгын талаар яг сайн мэдэхгүй. Соёлын яамнаас асуугаарай" гэлээ.

Ингээд Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяртай холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Одоогоор шинэ музейн барилгын ажил хэдэн хувьтай байна вэ, товлосон хугацаандаа ашиглалтад орох уу?
-Энэхүү барилга маш олон асуудлыг давж, одоогийн байдлаар бөарилгын үйл явц нь жигдэрсэн. 38 хувьтай гэж хэлэхэд хилсдэхгүй. 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.
-Бид тухайн барилгын талбай руу нэвтэрч, сурвалжлага мэдээлэл бэлтгэж болох уу?
-Барилгын үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа компаниас тодруулах байх.
Ийнхүү "Содон номин констракшн"-тай холбогдоход, "Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Одоогоор нэвтэрч болохгүй" гэлээ.
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр хоёр музей нэгдсэн юм. Өнгөрсөн зургаан жилийн турш дуншсан энэ музей 200 орчим тэрбум төгрөгийн төсөвлүүлж, ирэх онд ашиглалтад орох аж. Азидаа долоодугаарт эрэмбэлэгдэх энэхүү музейн барилга ашиглалтад орж, иргэд олон нийтэд нээлттэй болохыг хүлээх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье. Чаднаа