
Тэр амьдралынхаа арван есөн жилд нь хуучир хөгжимтэй нөхөрлөж, урлагт үнэнч залуусын давлагааны нэгэн хэсэг юм. Өөрийгөө хуучиргүйгээр төсөөлдөггүй гэж хэлэх түүнийг хуучрын хоёр чавхдас үзэсгэлэнтэйгээр илэрхийлдэг. Тэрбээр эмэгтэй хүн шиг нандин дугарах энэ л хоёр чавхдасыг сэтгэлээрээ хөглөж, мэдрэмжээрээ аргадаж, дотоод сэтгэлийн дуу хоолойгоо хүргэдэг нэгэн.
Одоо "Aydu" рекордын уран бүтээлч болж, тоглолтдоо анхаарч, Born Retro төслөө үргэлжлүүлэх өрнүүн их ажлыг төлөвлөсөн байхад нь Э.Цэндсүрэнтэй уулзаж, ярилцах боломж гарав.
Тэрбээр, ҮУИХТ-ын хөгжимчин гэх үнэт нэрээр овоглодог юм.
-Тайзан дээр тоглох хөгжимчид бүгд л нэг ноотыг харж, ижилхэн хөгжим тоглодог. Гэвч тэр олон дундаас яаж, ялгарч, онцгойрдог юм бэ?
-Энэ асуулт хүмүүсээс их ирдэг. “Та нар уралдаанд оролцохдоо "заавал тоглох зохиол" гээд бүгд ижилхэн зүйл тоглох юм, юугаараа ялгарч байр эзэлдэг юм” гэдэг л дээ. Харин бид энэ сүнслэг орон зайг биетэй болгож байна гэх үү дээ. Сүнсийг нь гаргаж, сонсогчдод хүргэдэг. Хэн нэгэн зохиолчын дотоод сэтгэлээс нь гарсан хөгжмийг өөртөө шингээж, түүнийг нь хүмүүст хүргэнэ гэдэг бол урт удаан хугацааны бодлоос эхэлнэ. Мэдэрнэ, ойлгоно, хүргэнэ.
-Яаж хөгжмийн сүнслэг орон зайг өөрийн болгож, байна вэ?
-Урт хугацаанд бодож, боловсруулахаас эхэлдэг юм болов уу. Яг өөрийн болгохын тулд тухайн хөгжмийн ертөнц рүү өнгийнө. Тэгээд дотогш нь нэвчинэ. Зохиолчынх нь үгээр илэрхийлж чадаагүй эгшгийг өөртөө шингээж, өнөөхөө хөгжимдөнө. Хөгжимтэйгөө таарсан цаг хугацаа орон зай руу богино хугацаанд аялана. Мэдэрнэ. Мэдэрчхээд хөгжмөө тоглоно. Нэг иймэрхүү.
Хөгжмөө нандигнаж, чадаж уу, үгүй юу гэдгийг ялгадаг сонсогчид байдаг.
-Тэгэхээр хөгжмийн ертөнц рүү аялахын тулд танд байх ертөнцүүд нэлээн баялаг байх хэрэгтэй тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Анх оюутан байхдаа хувь хүний хөгжлийн ном их уншдаг байсан. "Өглөөний хүн", "Зуршлын хүч" гээд. Тэд надад бүгд сайнаар нөлөөлсөн. Дадал, зуршилдаа үнэнч байхад суралцсан. Бас өглөөний хүн ч болж үзсэн. Э.Цэндсүрэн гэх хүнийг нэлээдгүй сорьсон өдөр хоногууд байсан. Харин яваандаа бага багаар уран зохиолыг шимтэж эхэлсэн. Д.Батбаярын "Цахилж, яваа гөрөөс", "Бүтээхүйн нууц, сайхныг бүтээхүйн нууц" зэргийг уншаад, уран бүтээлч байдлаа ахиулсан байж мэднэ. Уран бүтээлч хүн ямар байх талаар суралцсан.
-Тэгвэл "Уран бүтээлч хүн" гэж хүнийг хэлдэг вэ?
-Миний нэг баримталдаг зүйл байдаг. Уран бүтээл гэдэг бол өрсөлдөөний талбар биш. Бидний хувьд мэргэжлийн ур чадвар сайжруулахын хүрээнд уралдаан тэмцээн зохиогддог. Түүнээс биш тэр үедээ л түрүүлээд болох зүйл биш.
Нэг ийм үг байдаг даа. "Гадаад ертөнц бол дотоод ертөнцийн тусгал юм аа" гээд. Миний хувьд бол хөгжимтэйгөө ямар холбоо сүлбээтэй байгаа маань л хүмүүсийн харах нэгэн өнцөг болчхож байгаа юм. Хөгжим бол надад насан туршид маань өрсөлдөөний талбар байгаагүй. Харин ч үргэлжид маш их шавхагдашгүй, тэр дунд нь би үргэлж, өчүүхэн гэдгээ мэдэрдэг зүйл. Заримдаа хийж байгаа тоглолтууд маань давгүй болоод, хүмүүс урам өгөхөөр "Би хөгжимчин болох гээд л байна" гэж бодогдоно. Заримдаа санамсаргүй алдаа, аль эсвэл техникийн алдаа, бүр хүргэх гэж байсан хөгжим маань сүнсгүй болчих юм бол "Жаахан гутраад, би цаашдаа чадах юм уу" гэж бодогдоно. Ингээд бодохоор энэ үйл явц нь дуусашгүй, хэмжээ хязгааргүй, хүрэх цэг байхгүй болчхож байгаа юм. Процесс нь хүнд юм шиг тэгсэн хэр нь их гоё байгаад байдаг. Нэг тоглолт хийх гээд хөлс, хүчээ шавхаж байгаа маань тэрүүхэн үедээ хүнд санагдах ч том зургаараа, хамгийн гоё үйл явдлууд байдаг. Тэгэхээр уран бүтээлч хүн бол үргэлжид өчүүхэн жижиг, өнгө будаг нь алагласан сайн муу бүхнийг дэнсэлж, түүгээр урамшиж, түүнийгээ ташуур болгодог юм шиг санагддаг.
-Харин "Уран бүтээл"?
-Миний хувьд би өөрийнхөө хөгжмийг бусдад хүргэхдээ, нэг ганган хийцтэй ваар хийчихсэн юм шиг санагддаг. Ширхэг бүрийг нь нарийн, нандин урлах ёстой юм шиг. Жижигхэн цэгийг хүртэл гоё урлачихвал, тэр ваар илүү үзэсгэлэнтэй байх ч юм уу. Арай ядан өөрийн ваараа урлачхаад өнөө ваараа тэврээд олсон дээгүүр, дэнжгэнээд алхах гэж байгаа юм шиг санагддаг. Олсон дээр дэнжгэнэж байхдаа өнөө ваараа энгэртээ тас тэвэрчхээд, явж байгаа ч юм шиг. Оюун санаа, гүйцэтгэл, дотоод мэдрэмж зэргээ тэнцвэржүүлж байж "Бүтээл" маань хүрэх ёстой хүндээ хүрэх юм шиг санагддаг. Заримдаа бүр надаас төрсөн хүүхэд шиг байдаг.
Хуучир бид хоёрын олон жилийн нөхөрлөл, аль эсвэл олон хүний туслалцаа дэмжлэг гээд маш олон зүйл нэгдэж, нийлж, бүрэлдэж байж ямар нэгэн "юм" төрдөг. Яг л эхийн хэвлийд есөн сар ураг бүрэлдсэн юм шиг.
-Сүүлийн үед AI их хөгжиж байгаа. Уран бүтээлч хүний хувьд үүнийг юу гэж хүлээж авч байна вэ?
-Миний хувьд хөгжим гэдэг зүгээр л нэг гарч байгаа авиа биш шүү дээ. Амьтай зүйл. Эсвэл байгалийн үзэгдэл. Бид нар онгон дагшин байгальдаа гараад яаж дуу алддаг билээ. Юмс анхны төрхөөрөө байхдаа их үзэсгэлэнтэй байдаг. Тэгэхээр техник технологийн хэт их хөгжил дунд хүн яваа яваандаа илүү өөрийгөө хайж эхлэх байх. Олон хүн бужигнасан газраас илүү голын эрэг дээр горхины чимээг сонсоод суух нь ямар их тансаглал байсан юм бэ гэж бодогддог ч юм уу.
Бид нар одоо бол нэг төлөвлөгөө бөглөж л амьдарч байгаа. Үүний араас энийг хийчихвэл боллоо, дууслаа гэж хүлээж авдаг. Өөрийн дотоод хүнээрээ бус амьдардаг. Тэгэхээр хэдэн жилийн дараа ч юм. Магадгүй бүгд анхныхаа үзэсгэлэн гоо руу тэмүүлж, өөрийнхөө мөн чанарыг хайж эхлэх байх. Тэр үед энэ AI, дэвшилтэт технологийн үсрэнгүй хөгжил зэрэг, алгуурхнаар алга болох байх.
-Таны хөгжим зохиох үйл явц юунаас эхэлдэг вэ?
Born Retro-гийн бүтээлийг хийж байхад, илүү гарч ирдэг. Тэнд өөрийн орон зайгаа эзэгнэж, хөгжим зохионо гэдэг бол асар их бодол. Өөрийнхөө мэдрэмжийг ил гаргах гэж байгаа оролдлого маань яваа яваандаа илүү сайжраад, нэг бүтэн хөгжим, оркестр гээд цаашлаад ахиад явах байх.
-Өөрөөсөө гарч буй, эгшиг аялгууг үгээр илэрхийлвэл?
-Нэг тийм гэгээлэг. Амьдралд уналт босолтын үе гээд олон зүйл байдаг ч гэсэн. Э.Цэндсүрэн дотор илүү гэгээлэг, амьдралд хайртай нэгэн байдаг. Хавар цухуйсан яргуй ч юм уу. Зуны нар ээсэн өдөр ч юм уу. Нэг тийм дулаахан, хайрлам, гал халуун мэдрэмжүүд эгшиг болж гардаг болов уу. Эсвэл түнэр харанхуйд цахих оч шиг.

-Хөгжмөөсөө холдож, хөндийрсөн үе байдаг уу. Хайр дурлал, гуниг, шаналалаас үүдэж хөгжимд нөлөөлдөг үү?
-Хөгжим гэж маш сонин. Жаахан холдчих юм бол минийх байхаа больчихдог. Юмс тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ Э.Цэндсүрэн гэдэг ганц хүний амьдрал зарим нэг хөгжмийг гаргахад хангалтгүй. Хөгжмөөсөө жаахан холдоход, “Юу хийгээд яваа юм, Хөгжмөө давтаач!" гэсэн бодол орж ирдэг. Хөгжим маань ер нь уусаж автахгүй бол, автах хүртлээ давтахгүй бол тоглох үед намайг тас хүлчхээд хэлэх гэснийг минь хэлүүлдэггүй, сонсогчоос ч хатуу. Сэтгэлээ өгөх л юм бол буй бүхнээ бүрэн дүүрэн дэлгэж чадахаар эмэгтэй хүн шиг нандин хөгжим.
-Сая дурдсан "Born Retro" төслийн тухайд. Уран бүтээлийг нь хэрхэн сонгодог вэ?
-Гудамжинд зөрөх 15, 16 настай жаалаас Монголын ямар хөгжмийн зохиолчийг мэдэх вэ гэвэл Н.Жанцанноров, Б.Шарав нарыг л тоотой дурдах байх. Гэхдээ тэднээс өмнө олон хөгжмийн зохиолчид байсан, мөн байгаа гэдгийг таниулж, алдаршуулах нь төслийн зорилго.
Жишээ нь Г.Дарамзагд гуайг салбарын хүрээнийхэн гэхээс хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Тиймээс дуучдын хувьд ч олон чиглэлийн артистуудыг судалж, бүтээл тус бүрд нэг зочин уран бүтээлч \реппер Doid, дуучин Маралжингоо, Twinpearly, Энгүүн\-ийг урьж оролцуулан уран бүтээлчид маань дуулах хэсгийн үгээ өөрсдөө зохиодог онцлогтой.
Би хэд хэдэн жагсаалт гаргаж, өгнө. Тэгээд ярилцана. Ярилцсны эцэст шийднэ.
-Тоглолт үзэж буй хүмүүс, таны тоглож аяыг "Аан энэ зохиолчын хөгжим" гэж мэддэг. Түүнийг хүргэж байгаа хөгжимчнийг нэг их анхаардаггүй. Энэ нь танд ямар санагддаг вэ?
-“Хөгжмийн зохиолчид нэр алдартай байхад бид яагаад” гэх мэтийн бодол хэзээ ч орж ирдэггүй. Оюун санаа, зүрх сэтгэлээ бүхэлд нь зохиолдоо зориулж, түүн дотроо амьдарч байхдаа л хамгийн том амбицаа биелүүлчихдэг учраас тэр. Зохиол маань өөрөө аль хэдий нь надад өгөх ёстойгоо өгөөд, түүнийг нь хүртээд, би хангалттай жаргалтай.
-Тайзан дээр гараад тоглохдоо, ертөнцөөс жаахан ангижирсан мэт мэдрэмж авдаг уу. Эсвэл үзэгчдийн үйл хөдлөл бүр нэг нэгэнгүй харагддаг уу?
-Сонирхолтой гоё асуулт байна. Хөгжимдөө ороод, алга болж болохгүй. Аль аль талаа тэнцүүлнэ. Тиймээс хэдий хөгжим бид хоёр нэг болсон мэт санагдах ч, гол зорилгоо умартаж болохгүй. Өөрөөсөө гарах дуу хоолойг хөгжмөөрөө гаргаж байгаа болохоор үүнд анхаардаг. Харин үзэгчдийн хувьд, утсаа оролдоод суух ч юм уу, тийм байдал нь нүдний өмнө харагддаг. Тэгэхээр тайз, хөгжим, үзэгч бид дөрвийн дунд нэг үгээр хэлэхийн аргагүй, үелзэл үүсэхгүй, алга болчихдог. Уг нь надаас гарах хөгжим, эгшиг, аялгууны сүнс нь амьд байж гэмээн хүн бүрийн сэтгэл рүү нэвчиж ордог. Гэхдээ тийм зүйл болохгүй байвал дахиад жаахан өөртэйгөө ажиллах хэрэгтэй болно.
-Гэхдээ үнэхээр хөгжмөөс гарах аялгууг, ойлгохгүй хүн байж мэднэ?
-Байж болно. Гэхдээ үнэхээр ойлгохгүй байгаа хүн хүчилж, сонсоод ч ойлгохгүй болов уу. Тиймээс ахиад илүү амьтай, энгийн болгохын тулд би ажиллах хэрэгтэй.
-Н.Жанцанноров гуайн "Мандухай сэцэн хатан"-ы аялгууг сонсохоор хүн бүрд нэг үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрдөг. Үүнтэй ижил Б.Шаравын "Сэрсэн тал"-ыг хүмүүс сонсоод эх нутаг, байгаль дэлхийгээ төсөөлдөг гэдэг. Таниас гарах хөгжим хүнд ямар мэдрэмж өгөх бол?
-Хөгжмийн зохиолчдын дотоодод байх ямар нэгэн философи гайхалтай байдаг. Үнэхээр хүмүүс "Тэрийг сонсохоор, тэгж санагддаг. Энийг сонсохоор ингэж мэдрэгддэг" гэдэг. Өөрөөр хэлбэл, зохиолчдын нэг чиг шугам харагдаад байдаг. Харин миний хувьд ямар нэгэн зүйлийн хэм хэмжээнд утга санаанд баригдахгүй. Зөвхөн чин сэтгэлээс минь гарсан хөг илүү "амьтай" байгаасай. Тэгэхээр "энийг сонсоод, хүн эх орноо санаасай, ээж аавыгаа бодоосой" гэсэн байдлаар хөгжим гаргахгүй байх. Хүн хүн өөр өөрөөр мэдэрч, түүгээрээ хөглөгдөж л байвал миний амжилт.
-Хуучир хөгжмийн гарал үүсэл дээр нь Монголчууд нэлээн маргадаг. Энэ хөгжимтэй олон жил найзласан хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Яалт ч үгүй хуучрын хөгжлийн гол цөм нь урд байна. Хүн ам нь олон, түүнд ногдох хуучраар дагнасан хөгжмийн зохиолч, хуучирч нь олон, тэр хэрээр өрсөлдөөнтэй салбар. Тэд үндэсний дүр төрхөө хуучраар илэрхийлэх нь түгээмэл учраас дэлхий нийт хуучрыг Хятадаар төсөөлдөг. Гэвч хуучир манай ардын хөгжмийн зэмсэг мөн шүү дээ.
Миний эцсийн зорилго, энэ үйлс бүхэн маань ирээдүйд монгол хуучир хятадынхаас юугаараа ялгаатай юм гэдгийг дэлхий дахинд илүү сайн ойлгуулахад хувь нэмрээ оруулах сан гэж зорьдог. Монгол зохиолч, монгол хөгжимчдийн арга барил, эгшиглэгээ, онцлогийг эхлээд эх орондоо, цаашилбал дэлхий дахинд ойлгуулмаар байна. Үүний тулд хуучирт зориулсан монгол зохиолын урын санг зузаатгах, зохиолчдоосоо нэхэх, чадал хүрвэл өөрөө зохиож найруулах хүсэл ч бий. Монгол зохиолчдын хуучрын аяз бол яруу тансаг. Хуучрыг хүмүүс хятад аялгуутай л гэлцдэг. Гэхдээ суут уран бүтээлчдийн хөг эгшгийг тоглохоор яахын аргагүй, өнөө тансаг Монгол аялгуу тоглогддог. Эрт үед хуучир дөрвөн утастай байсан. Энэ үед л хоёр болж цөөрсөн. Гэсэн хэдий ч дээр дурдсанчлан хөгжмийн зэмсгүүдээс хамгийн нандин, эмэгтэйлэг нь. Жаахан хүйтэн газар хонуулчихвал, "даараад", урьдынх шигээ байхгүй. Нэлээн аргадуулна. Нэлээн хайрлуулна. Тэгж байж, эцсийн мөч хүртэл өөрөөсөө гарах аялгууны төгсгөлийг шавхдаг.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөний тухай, хуваалцвал?
-Жижигхэн биетэй, ажлын найман цаг ажиллаж байж их юм мөрөөднө өө бас /инээв/. Төлөвлөж байгаа ажлууд олон байна, эхний ээлжинд тоглолтоо сайн хийх.
Хүн сайхан хувцаслаад, сайхан орчинд ажиллаж амьдарч болж байна. Гэхдээ сэтгэлээ юугаар тэжээх юм бэ гэдэг чухал. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Хөгжим хүнийг баясгаад байгаа юм биш, ямар нэгэн зүйлийг ойлгоход нь тусалдаг” гэж хэлж байсан. Өөрийгөө олох, өөрөөсөө асуух асуулт, хүн байхыг хөгжмөөс суралцдаг байх гэж боддог. Тэр ч утгаараа мэргэжил минь үнэ цэнэтэй, миний хувьд. Бид бүгд маш яарч байна, гурван минутаас урт хөгжим сонсож чадахгүй байна. Одоо ийм байгаа ч сэтгэл рүүгээ өнгийх үе эхэлж байна. Тэр хөгжмийг амьдруулж чадвал хүнд хүрнэ л гэж итгэдэг.
-Хуучирыг сонгох болсон шалтгаан нь юу вэ?
-Үнэндээ хуучрыг би биш хуучир намайг сонгосон. Миний аав, ээж хоёр ардын урлаг сонирхож, ардын урлагаар их явдаг байсан юм. Аав минь нээх сайхан хүнгэнэсэн хоолойгоор дуулж, ээж маань орчлонг аргадаж, энэрч дуулдаг байсан. Бага байхын л анай гэрт олон төрлийн хөгжим байсан. Энэ нь намайг урлаг руу эргэлт буцалтгүй оруулсан. Хөгжмийн ангийн шалгалт өгөхөд, ятга ч гоё санагдаад, морин хуур ч гоё дугараад байсан. Гэсэн ч багш маань хурууны маань өндөг, нурууг маань хараад л "Хуучирын ангид орох хэрэгтэй" гэсэн. Ингээд л би биш хуучир намайг сонгоод ирчихсэн. Хөгжим бүжгийн коллежийн хуучрын багш, соёлын тэргүүний ажилтан П.Мөнгөнцэцэг гэж хүн бий. Одоог хүртэл намайг "Яаж байна, хэр байна" гэж асуудаг. Надад хуучрыг таниулж, хайрлуулсан хүн минь шүү дээ.
Түүний Born Retro төслийн уран бүтээлээс хүргэж байна.
- Хөгжмийн зохиолч П.Адарсүрэн
- Хөгжмийн найруулагч Б.Үйтүмэн
- Бөмбөрчин Х.Билэгжаргал
- Аргил гитарчин Т.Ашид
- Гитарчин Б.Үйтүмэн
- Төгөлдөр хуурч Ч.Мишээл
- Хуучирч Э.Цэндсүрэн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зогсолтгүй сонгосон замаараа зүтгээд л бай, амжилт ирэх л болно. Аа харин өөрийгөө магтах маш муухай шүү.
Даруухан л байв�##� хол явна даа. Хажууд байгаа хүмүүс чинь хэтэрхий хөөргөөд байдгиймуу сүүлийн үед их л сэхүүн болоод байх шиг. Хүчтэй унахвыдээ