Гадаад мэдээДЭЛХИЙ

Финланд ОХУ-тай хилээ тодорхойгүй хугацаагаар хааснаа үргэлжлүүлнэ

Финландын засгийн газар орогнол хүсэгчдийн тоо нэмэгдэж магадгүй гэж болгоомжилж ОХУ-тай хилээ тодорхойгүй хугацаагаар хааснаа үргэлжлүүлнэ гэж лхагва гарагт /2025.04.16/ мэдэгджээ. Тус улсын ОХУ-тай хиллэдэг бүсээр Ойрх дорнод болон Африкаас орогнол хүсэж ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн тул 2023 оны арванхоёрдугаар сард Финланд хилээ хаасан.

Кремль улсыг нь тогтворгүй болгож, НАТО-д элссэнд нь хариу арга хэмжээ авахын тулд холимог халдлага үйлдэхийн тулд тэдгээр орогнол хүсэгчдийг дэмжиж байсан гэж Финландын эрх баригчид үзэж байгаа юм. Орогнол авах хүсэлтийг Финландын агаар, далайн боомт дээр хүлээн авах бол ОХУ-тай хиллэдэг хуурай газрын боомтоор хүлээн авахгүй гэж Финланд мэдэгдсэн байна.

Тус улсын засгийн газар “Цагаачлалыг хэрэгсэл болгон ашиглах нь Финланд болон Европын холбооны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд ОХУ дарамт үзүүлэх, нөлөөлөх арга зам юм. Манай орны эрх баригчдад байгаа мэдээлэл дээр үндэслэн цагаачлалыг хэрэгсэл болгон ашиглах нь тэлэх эрсдэлтэй байгаа” гэжээ.

Финланд нь ОХУ-тай 1,340 км урт хилтэй. Эрх баригчид хилийн хаалтыг үе үе хянаж, үндэсний аюулгүй байдал болон нийгмийн хэв журамд тулгамдаад буй аюул заналхийлэл арилбал хязгаарлалтыг цуцалж эсвэл дахин авч үзэж болно гэсэн юм. Тус улсын засгийн газар “Хэрэв цагаачлалыг хэрэгсэл болгон ашиглах үзэгдэл үргэлжилбэл Финландын үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд ноцтой аюул учрах болно” гэжээ.

Өнгөрсөн жил Финланд ОХУ-аас хилээр нэвтрэн орж ирж буй орогнол хүссэн цагаачдыг нэвтрүүлэхээс татгалзах эрх мэдэл хил хамгаалагчдад олгосон хуулийг баталсан. Засгийн газар зохимжтой гэж үзэж буй байдлаараа хэрэгжүүлж болох тус хуулийг хүний эрхийн төлөөх байгууллагууд шүүмжилж, Финланд олон улсын эрх зүйн үүргээ зөрчсөн хэрэг болно гэж байсан юм.

Финланд олон арван жилийн турш төвийг сахисан байр суурийг дагаж ирсэн. Гэвч Украины дайн эхэлсний дараа тус улс байр сууриа өөрчилж, 2023 оны дөрөвдүгээр сард НАТО-д гишүүнээр элссэн билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button