
"Төрийн дайсан”, "Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%”, "95 Зүүдний хүн", "Мөрч" киноны зохиолч, найруулагч П.Дэлгэрбаяртай ярилцлаа.
-Нэрт найруулагч А.Тарковский “Кино бол хамгийн азгүй урлаг” гэж хэлсэн байдаг. Мөн В.И.Ленин "Урлагийн дундаас хамгийн гайхалтай нь "Кино урлаг" гэж хэлсэн байдаг. Ийм эсрэгцэл дунд орших урлагийг яагаад сонгосон бэ?
-Бусад хүн киног үзээд зүгээр л мэдэрдэг бол би багаасаа арай илүү хүлээж авдаг байсан байх. 14 настай байх үеэсээ л кино хийдэг хүн болно гэсэн бодолтой болсон. Энэ бодолдоо хөтлөгдөөд анх “Монголжин” стиудэд кино гэдэг зүйлийг хэрхэн найруулж, хийж бүтээдэг вэ гэдгийг сурч, мэдэж авснаар барахгүй тэнд бүтэн нэг жил ажилласан. Тухайн үед тус стиуд “Жинжиймаа”-гаас авахуулаад маш хүчтэй кинонуудыг хийж байсан. Монголд буй, үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг хамгийн сайн стиудын талаар судалсан юм л даа, тэгээд “Монголжин” фильмийг зорьж очсон.
25 настай зоригтой гал цогоос өөр зүйл байхгүй хүн анхны бүтээл болох “Найзууд” уран сайхны киног хийсэн. Түүнээс хойш дэлгэцийн урлагт хөл тавиад нэлээдгүй олон жил болсон байна. Энэ хугацаанд солонгосын кино найруулагч найзтайгаа хамтраад “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу” гэсэн хоёр бүтээл дэлгэцэнд амилуулсан. Мөн Монгол кино нэгтгэлийн Солонго даргатай хамтарч “Төрийн дайсан” болон “Guys”-ийн Д.Лхагваатай хамтарч “Амьдрал”, “Дурлалын гэмт хэрэг” гэх хоёр ч кино хийсэн.
Мэдээж бидний сэтгэлд өдөөгдсөн үйл явдал, хүрээлэн буй зүйлсээс хүртэж буй мэдрэмж урлагийг бүтээдэг. Гэвч яг таны хэлсэнчлэн А.Тарковский “Кино бол хамгийн азгүй урлаг” гэж хэлсэн. Энэ нь мөнгөнөөс их хамааралтай байдаг болохоор тэр байх. Бид гадаадын орнууд шиг кино урлагтаа хөрөнгө зарах арай л болоогүй болов уу. Ямар нэгэн зүйл бүтээхэд хамгийн чухал нь санхүү шүү дээ.
-Та бусдаас арай ондоо төрлийн детектив зохиол бичдэг санагддаг?
-Тийм ээ. Би ерөнхийдөө хурц үйл явдлууд өрнөдөг, дотроо утга санааны огцом эргэлттэй бүтээлүүд хийдэг. Яг миний сонирхдог, дотоод мэдрэмжийг минь өдөөдөг төрөл нь энэ л дээ. Тиймээс ч киногоо энэ төрөл рүү бүх талаас нь хандуулж хийсэн. Гэхдээ утга санааны гүнзгийрэл, үйл явдлын өрнөл зэргээрээ бусад кинонуудаас онцлогтой болсон гэж үзэж байгаа. Өнөөдрийн нийгэмд бид эрх чөлөөтэй ардчилсан улс оронд амьдардаг ч гэлээ хуулинд захирагдсаар байдаг. Заримдаа хууль журам бидний биеийг хэт ихээр ороож багладаг. Нүгэл, буян хоёр тусдаа ойлголт шүү дээ. Гэтэл тэд нэгэн биед зэрэг оршдог. Тиймээс сайхан, муухай зэрэгцэн орших энэ ойлголтыг нэг дүрд цогцлоож харуулахыг хүссэн. Ийм ч учраас хүмүүс үйл явдал хөөж үзэхгүйгээр нэлээд бодож тунгаах хэрэг гарах болов уу.
Хүмүүс нэг бол тулсан сайн, эсвэл ертөнцийн хамгийн муу дүрийг л харуулдаг. Мууг нь газар доор ортол муулна. Сайныг нь тэнгэрт мандтал магтдаг. Энэ хийсгэлэн байдлыг л багасгах хэрэгтэй. Бодит амьдралыг харуулах хэрэгтэй шүү дээ.
-Найруулагч хүний нүдээр харахад, манай үзэгчид хэр хэрсүү байна вэ?
-Их сайхан асуулт байна. Үзэгчид миний хийсэн кино дүрийг хайрлах уу, үзэн ядах уу гээд олон хүчин зүйлтэй тулгарна. Бид тэднээр ямар мөчид эсрэг дүрийг хайрлуулах вэ, сайн талын баатрыг үзэн ядуулах вэ гэдгээ сайн төлөвлөх ёстой. Надад маш олон зэвсэг бий. Гэвч үзэгчид өөрсдөө юуг эрж хайдагт хэтэрхий их анхаарал хандуулах нь найруулагчийн ажил биш. Тэд өөрсдөө боловсролтой, мэдрэмжтэй байна уу гэдэг нь чухал. Сайн киног сайн, муу киног муу гээд хэлчихдэг үзэгч л надад хэрэгтэй. Дээр нь кино үзэх маш том соёл бий. Тийм л соёлтой, боловсролтой үзэгчид олон байгаасай гэж хүсдэг. Түүнээс олон хүн үздэг болоод сайн кино, цөөхөн үзэгчтэй болохоор муу кино гэсэн үг биш шүү дээ.
Саяхан БНСУ-ын Пусан хотод кино наадпамд оролцохоор очсон юм. Манай улсын дөрвөн кино тус наадамд оролцсон. Солонгосчууд кино эхлэхийн өмнө шаагилдаад л байсан. Энд тэндгүй чанга яриад, тэгсэн кино эхэлсэн чинь дугарах нь битгий хэл хөдөлсөн хүн байгаагүй. Би тэр театр дотор ганцаарахнаа том дэлгэцээр кино үзэж байгаа мэт байсан. Адаглаад бид ийм соёлд суралцах хэрэгтэй. Үздэг хүмүүс байгаа болохоор л кассан дээрээс мөнгө хийх гэж ядсан хүмүүс уран бүтээл нэртэй "юм аа" гаргасаар л байна.
-Үзэгчид хэрсүү болчихвол тэр юм хийгээд байгаа нөхдүүд аяандаа зах зээлдээ шахагдаж, үгүй болох нь ээ?
-Ер нь бол тийм. Кино хүнд маш олон төрлийн мэдрэмж өгдпөг. Уйлуулна, дуулдна, инээлгэнэ. Бас айлгаж, түгшээнэ. Манайхны нэг алдаа нь зүгээр л уйлуулах гээд байдаг, өрөвч, нинжин сэтгэл дээр нь тоглолт хийж мөнгө олдог. Арван ангитай цуврал хийснэнэ хамгийн сүүлийн ангийг нь кино театрт нээж, үзэгчдээ зүгээр л банкны карт гэж хардаг. Угтаа бол уйлах, инээхээс өөр мэдрэмжийг хүн киноноос авах ёстой.
-Кино уран бүтээлч тэр дундаа найруулагч хүн асар их уншиж судалдаг уу, аль эсвэл төсөөлөн бодож, эргэцүүлдэг үү?
-Хоёр дахийг нь сонгоно. Би бага байхын, залуу байхын асар их төсөөлдөг хүн. Одоо ч хэвээрээ зөвхөн надад байдаг цорын ганц ертөнцийг бүтээхийг зорьдог. Өнөөдөр хотын гудамжаар алхаж байхдаа, чихэвч зүүгээр өөрийгөө нийгмийн харилцаанааас тусгаарлаж байгаад өөрийнхөө ертөнцийг төсөөлдөг. Тэглээ гээд "живээд" алга болж болохгүй. Анхан шатны эрсдлээ тоооцоолж, алхах хэрэгтэй. Тэгээд алхах үедээ юмсыг анзаарах хэрэгтэй. Бид нар "долигнуур" хүн гэж ярьдаг. Тэгвэл "долигнуур" хүний нүд нь ямар байдаг бол, дуу хоолой, биеийн хэлэмж нь ямар байдаг бол. Үүнийг төсөөлөх хэрэгтэй. Хүмүүсийн нийтлэг боддог байдлаас арай өөрөөр гаргаж ирэх боломжтой юу, киноны турш сайн хүн мэт явснаа эцсийн мөчид хамгийн муу хүн нь байж. Үүнийг яаж илэрхийлэх вэ, үзэгчдийг чаж ундууцуулах вэ, гээд олон төрлийн юм боддог. Бага залуу байхад ном, товхимол их уншиж, түүгээр бодлынхоо хүрээг тэлдэг байсан. Харин жаахан туршлага хуримтлуулаад ирэхээр, уншихаас илүү төсөөлдөг болдог юм байна. Заримаа зүүдлэнэ. Зүүдэлдэг болохоор зүүдээ их манана.
-Юмс их хөгжиж байна. Цар хүрээгээ улам л тэлсээр байна. Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа нь урлагт хэр нөлөөлнө гэж боддог вэ?
-Хүн төрөлхтөн гал, дугуй, интернэт гурвыг зохион бүтээснээрээ хөгжлийн гарц нь хязгааргүйд хүрсэн гэдэг. Үнэн л дээ. Техник технологийн үсрэнгүй хөгжил бол сайн зүйл. Гэхдээ савнаасаа халивал асуудал үүсгэж мэднэ. Нөгөөтээгүүр хүн өөрөө их адын араншинтай. Өөрөөс нь илүү байгаад байвал нухчин дарах сонирхолтой. Тиймдээ ч хиймэл оюун ухаан хэт хөгжсөн ч хүн өөрөө устгах чадалтай байгаа байх. Түүнээс биш урлагт айхавтар нөлөөлнө гэж бодохгүй байна. Яах вэ үнэтэй хиймэл ухаанууд нь илүү сайн дүр бүтээж, гаргаж ирдэг л байх. Гэхдээ хүний чин сэтгэлээс гарах үйл хөдлөл, үг, нүд гээд дахин давтагдашгүй гэх юмсыг дотоодоосоо гаргаж ирдэг. Үүнийг хиймэл оюун ухаан чадахгүй л болов уу.
-Ардчиллын дараах үеийн уран бүтээлүүдийн чанар багасаж, "монголын кино урлаг нэг шат ухарсан" гэдэг. Үүнийг та хүлээн зөвшөөрдөг үү?
-Ардчилал гарч ирээд л бид нар кино урлагийг нь шавхайтай хутгасан гэж ярьдаг байхгүй юу. Би нэг ахмад уран бүтээлчтэй муудалцаж байсан юм. “Яс юман дээрээ та нар үзэгчдээ хальсаараа ороолгож хөөсөн хүмүүс шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үедээ тэд нар бидэнтэй адилхан л сэтгэж байсан шүү. 1990-2000 оны үед учраа олоогүй явсан нь үнэн. Тэрнээс Хойш өөр болж байгаа гэж би хэлнэ. Хэдхэн хүн дээр л тогтож байгаа юм л даа. Харин одоо бол өөр болсон. Жанрын хувьд ч илүү олон болсон. Үзэгчдийн хувьд ч юунд дуртай, юунд дургүйгээ ялгадаг болсон. Тэгэхээр цаг үеэ дагаад юмс хөгжихөөс өөр гарцгүй.
-Ашгийн уран бүтээлчдээс гарах бүтээлийн тухайд?
-Өөрийнхөө хүслээр хийх үү, хүмүүсийн хүсээд байгааг хийх үү гэдэг хоёр ондоо зүйл байгаа юм. Хүмүүсийн хүссэнийг хийвэл ашиг харсан, арилжааны кино болно. Ийм төрлийн уран бүтээлчид кассан дээр ашигтай ажиллаад байна л даа. Мань мэт шиг зөрүүд, өөрийнхөөрөө хийдэг гарууд дандаа ард нь яваад байна. Гэхдээ энэ тийм ч буруу зүйл гэж харахгүй байгаа. Инээдмийн, аймшгийн кино хийж болох ч чанарын асуудал л чухал байхгүй юу. Жанр гэдэг зүйл байгаа цагт чанартай бүтээл болж чадсан л бол үнэлэх л болно.
Гэхдээ "эх орон гэж юу юм бэ", энэ асуултын хариултыг кинондоо шингээхдээ пулёмот бариад гамингуудын эсрэг бууддаг, учиргүй нэг сайн дүр нь эх орны төлөө зүтгэсээр байгаад үхдэг. Үүнээс хүн эх оронч байдлыг, түүний үнэт зүйлийг ойлгоод мэдрээд гардаг. Яг яс юман дээрээ энэ зохиол бол явцуу, баяжуулалтгүй ядуу. Цээжээ дэлдсэн болгон монгол биш шүү дээ. Харин үзэгчдээ дэлгэцийн өмнө уяж, эгдүүлцүүлсэн уран бүтээл хийх хэрэгтэй гэж боддог. Тухайн киног үзээд хүн шууд л "Аан би эх орныхоо төлөө байлдана, Чингисийн монгол" гэхээс илүү бодож, бодсон юмаа дахиад тордож, өгүүлэмжийг нь ойлгож, олон талаас харах хэрэгтэй. Тэгэх талбарыг нь найруулагчид өгөх хэрэгтэй.
Кассан пээр овоордог кино бол үнэндээ "чихэнд чийртэй шажигнадаг чихрийн цаас" гэхэд болно. Зүгээр л хүмүүсийг нэг бол уйлуулдаг, эсвэл "Чи Чингисийн монгол, "Хятадууд муу, Оросууд сайн" гэх үзэл бодлын тоглолт яваад байдаг. Угтаа бол миний түрүүн хэлсэн шиг төсөлөөлөл дотор баймаар байна. Энэ найман тэрбум хүн дотор байгаагүй нандин ертөнцийг бүтээгээд, түүнийгээ олонд үзүүлмээр байна.
-Тэгвэл таны дуртай найруулагч?
-Дэвид Финчер. Тэр магадгүй нийтэд хүрдэг төрлийн уран бүтээл хийдэггүй байж болно. Гэхдээ сэтгэлгээний асар өндөр түвшинд бүтээл туурвидаг. Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд туйлдаг. Энэ л чухал.
-Таны ширээний ном?
-Монте Кристо гүн.
-Яагаад?
-Багадаа уншиж, үзэж байсан ч гэсэн оюутан быолоод энэ номыг их олон хоног тэвэрч хоносон. 25 настай байхдаа уншихдаа, хайр дурлал, хаягдал, ганцаардал, шаналанг нь илүү мэдэрч байсан. Харин одоо нэр төр, түүнийхээ төлөө юу хийж байна вэ, яаж байна гэдэгт нь анхаарал хандуулах болсон. Ингээд харахаар нас ахихын хэрээр өнөө туршлага нэмэгдэхийн хэрээр тухайн зохиолыг өөр өөр өнцгөөр хардаг болсон байна.
"Эдмон Дантес эрдэнэс олсон" хүн бүрийн хүсдэг амьдрал шүү дээ. Эрдэнэсээрээ яаж ч туйлж болно. Гэхдээ тэгдэггүй. Олсон эрдэнэсээ өөрийнхөө өс хонзонд л зориулдаг. Ингээд задлаад байхаар өөр өөр мэдрэмж, өөр өөр ухагдахууныг гаргаад ирдэг. Их сонирхолтой зохиол. Тийээс л байнга хаанаас нь ч хамаагүй эргүүл жудаг байх.
-Одоогийн залуучуудын суурийг нь сайн бэлдэж, өгөх хэрэгтэй. Тэгвэл манай кино урлаг илүү өндөр түвшинд хүрнэ гэж боддог-

-Бид илүү өгөгдөлтэй гэх юм уу. Нүүдэлчин ахуйгаас суурин ахуйд шилжсэн. Энэ байдал нь найруулагч нарт хэр их шингэдэг вэ?
-Яахав суурин иргэншсэн Монголыг харуулж болох. Гэвч гадныханд манай ахуй уламжлал сонирхолтой байгаад байна л даа. “Ямар сонин юм бэ. Ам барих ач гэдэг чинь ийм учиртай юм уу” гэх өнцгөөсөө сонин. Японы “Наро уулын домог” гэдэг кинон дээр нас өндөр ээжийгээ амьдаар нь ууланд аваачиж тавьдаг шүү дээ. Хүний сэтгэл зүйн хамгийн хурц хэлбэрийг харуулж байгаагаараа онцлог байна. Байх ёстой зүйл. Бас нөгөө талаараа суурин иргэншлийг яагаад харуулж болохгүй гэж. Тэгэхдээ өвөрмөц, өөр зүйлсийг барьж болно. Бид чинь суурин иргэншилтэй дөрөө харшуулаад дөрөв, таван үеэ үзлээ. Манай одоогийн суурин иргэншил бас нэг өөр ертөнц шүү. Энэ талаар кино хийгээд гадны наадмуудад ороосой гэж би боддог. Бид чинь дэлхийн иргэн шүү дээ. Уйтгартай дэвсгэр хэдий ч сонирхолтой зүйлүүдийг дэлгэж болох юм. Замын түгжрэл, утаа гээд л дэлхийн хэмжээний асуудлуудыг тулгуур болгох нь зөв байх. Гэхдээ аль ч уран бүтээл хүний тухай хийвэл сайн л даа. Хүний мөн чанар, сэтгэлгээний тухай хийх нь л хамгийн чухал.
-Урлаг хатуу гэдэг. Яаж ч болно. Хэр ажилласан бэ гэдгийг үзэгчид л дүгнэдэг. Нөгөөтэйгүүр уран бүтээл туурвихад нь мөнгө, санхүү чухал. Түүндээ баригдах үе ч байна байх. Та уран бүтээлээ кассан дээр овоордог төрлийнх биш гэсэн. Тиймээс тойруулалгүй шууд асууя. Шатаж байсан уу?
-Би ч тойруулалгүй харуилт өгье. Үгүй. Шатаж байгаагүй. Кассын кинотой харьцуулахад, юм юмаараа дутуу ч гэсэн хэзээ ч шатаж байгаагүй. Бас овойж, оцойтлоо олж байгаагүй. Яг л тунгаа тааруулдаг. Энэ нь надад илүү сайхан байдаг. Яахав кассанд оочер дараалал үүсгэдэг төрлийн кино хийж бололх л байх. Тэгэхээр өнөө л чихрийн цаас шиг зохиол бичих байх. Би тийм сонингийн нимгэн цаас шиг юм хиймээргүй байна. Тиймээс л надаас гарах уран бүтээл сайн ч үзэгдсэн, муу ч үзэгдсэн хамаагүй хүрэх хүндээ л хүрнэ. Хүрэх хүрэхдээ толгой руу нь тоншиж хүрнэ.
-Та өмнө нь өөр хэн нэгний бэлэн зохиол дээр ажиллаж байв уу?
-Байлгүй яах вэ. Одоо гарч байгаа "Мөрч" УСК-ны эх зохиолыг өөр хүн бичсэн. Харин би зүгээр л өнөө найруулга дээр нь өөрийнхөө ертөнцийг бүтээж байгаад ажилласан. Кино хийхэд найруулдагчаас гадна "продюсер" гэх том хүн байдаг. Тэр хүнд анх зохиол ирэхэлд нь уншаад, таалагдаад үүн дээр ажиллах шийд гаргасан. Тэгээд ийм нууцлаг төрлийн кино найруулгыг хэнээр хийлгэх вэ, гэсэн асуултын хариулт нь би байсан. Үндсэндээ надад санал тавиад би зөвшөөрөөд, бид киноны ажилдаа орсон. Эх зохиолыг нь найруулаад, камерын өмнө дүрсжүүлж, дүр болгоныг хөгжүүлнэ гэдэг бол яггүй даваа. "Мөрч" киноны Агийг хэн ч хороосон байж мэднэ. "Мөрч" нь өөрөө ч хороосон байж мэднэ. Маш цөөхөн хүн дунд өрнөх энэ үйл явдлууд бүгд уялдаа холбоотой, наана цаанатай.
-Энэ киноны дүрийн сонголтын тухайд?
-Үнэнээ л хэлье. Ийм төрлийн кинонд голыг нь олж хатгаж, цааш өөрөөрөө авч явах чадалтай хэн байна гэж бодсон. Гэхдээ удаан бодож, шаналаагүй. Ганцхан хүн л толгойд орж ирсэн. Жүжигчин Н.Ялалт л төгс тохирно. Ингээд алимны модныхоо үндсийг нь хатгачихаад дээр нь нэмж баяжуулсан. Анзаарсан бол энэ кинонд маш гоё хоолойтой хүмүүс тоглож байгаа. Дуу оруулагчид бол төрөл төрлийн ертөнцөөр амьдарч үзсэн хүмүүс. Тиймээс өөрийнхөө ертөнцөд уусгахад, хялбар байсан.
-Монголын өнөөгийн кино урлагийг түвшнийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Монголын кино урлаг ухраагүй, бүх талаараа урагш зүтгэж явна гэж би боддог. Оросын алдартай зохиолч Хашекийн романы баатар Эрэлхэг цэрэг Швейк “Юу ч болж байсан зөв зүг рүүгээ явж байна” гэж хэлдэг шүү дээ. Яг л тийм байна. Өмнө нь үзэгчид киног нэрэнд нь шохоорхож үздэг байсан бол одоо найруулагчийнх нэрийг хараад сонголтоо хийдэг болчихсон байна. Найруулагч хүн үзэгчтэй болно гэдэг бол маш том дэвшилт. Би эх орныхоо кино урлагийн ирээдүйд ямагт итгэл дүүрэн байдаг. Бас залуу үедээ. Бид суурийг нь сайн дэвсэж өгөөд залуучуудаа дэмжих хэрэгтэй л байна.
Үнэндээ залуучуудаа Жен Зи гээд элдвээр муулдаг, "Ингэдэг, тэгдэг, ийм байдаг, тийм байдаг". Гэхдээ одоогийн залуучууд оочер дайрдаггүй. Олон нийтийн дэргэд чанга утсаар ярьдаггүй. Хүнд төвөг болохгүй, өөрийнхөө нэг ертөнцөд л амьдраад байдаг. Ийм өндөр чадвартай хүүхдүүдийг 1990-ээд оны шуурга туулчихсан хүмүүс өөлөөд байх нь тааламжгүй байдаг. Манай залуучууд үнэхээр шавхагдашгүй хүмүүс.
-Та шүлэг, найраг бичдэг үү?
-Урлагийнхан ихэнх нь хүн эмзэглэхээр шүлэг бичдэг гэж ярьдаг. Би эмзэглэхээрээ кино хийдэг хүн. Анх “Монголжин” стиудэд очихоосоо өмнө МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн шавь болж “Хүүхэлдэйн театр”-т жүжигчнээр ороод сарын дараа нь найруулагчаар ажиллаж байсан. Би Б.Лхагвасүрэн багшаасаа зохиол хэрхэн бүтдэг, чин сэтгэлийн үгс гэж юу байдаг талаар олон зүйлийг сурч мэдэж авсан. Гэхдээ миний доторх уран бүтээлч хүний хайр театрт бус дэлгэцэнд зориулагдсан байсан. Ингээд багшдаа мөргөж, “Хүүхэлдэйн театр”-ын хаалгыг гаднаас нь хүндэтгэлтэйгээр хаагаад дэлгэцийн урлагт хөл тавьсан. Магадгүй тэр хүнээс сурч үлдсэн зүйл одоо ч миний дотор оршдог болов уу гэж боддог.
-Та нээрээ сая, чихэвч их зүүгээд явдаг гэсэн. Ойрд юу их сонсож байна?
-Ханс Зиммер.
-Хөгжим бол яалт ч үгүй киног амилуулдаг. Үгнийх нь оронд үг болдог. Гэхдээ монгол киноны хөгжмийг хүмүүс их шүүмжилдэг?
-Аргагүй шүү дээ. Бид чинь хөгжимд төдийлөн ач холбогдол өгөдггүй. Наана байгаа зодоонд л анхаарал хандуулдаг. Заримдаа ярианаасаа давсан хөгжим наачихдаг. Энэ мэт энгийн алдаагаа саяхнаас олж харцгаасан байх. Тэгэхээр яваа яваандаа киноны хөгжим рүү нэлээн анхаарал хандуулж эхлэх байх. "Тань руу нүүж явна" УСК-нд З.Хангалын хөгжим ямар тансаг орж ирдэг билээ. Яг тэр мэдрэмжүүд эргэж, сэргэж байгаа гэж хардаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
.
"Эрэлхэг цэрэг Швейк" чинь Оросын биш, Чех Улсын зохиолчийн зохиол шүү.
тэр мөрч кино харилцан яриа нь тийм удаан ярьдаг юм бэ үгээ зөөж ядаад yiutube дээр хурдыг нь 1.5 дээр тавиад үзэхэд яг таарч байна лээ
Мөрч кино үнэндээ их тааруу кино болсон байлаа.олон анги хийхийн тулд анги болгон дээр нэг сэжигтэн гаргаж ирэх гээд байгаа нь илт мэдэгдээд,үйл явдлууд нь дэндүү үсрээд ямар ч логикгүй,яриа нь дэндүү нуршуу. Оросын 1980-аад онд хийсэн “Противостояние” киног сайн үз. Ямар логикоор мөрдлөг явагдаж,маш олон сэжигтнүүдээс жинхэнэ �##�чуурчныг гаргаж ирээд хэрхэн төгсөж бгааг үзээд сур�##�ц.Манайд детектив кино хийчих сайн зохиол �##�га байна.та нарын наад детектив кинонууд чинь зүгээр л баахан нуршуу яриа явж бгаад төгсгөлд нь бөөн үйл явд�##� болчих юм.ямар ч сонирхол татах өрнөл �##�га.бараг эхнээсээ хэрэг нь ойлгомжтой.
Өөрөө сайн кино хийгээд байгаа юм шиг ярих юм. Монгол олон кинонууд бүгд адилхан. Эхнийн нги үзэгчдийг татах зорилгоор гайгүй хийдэг. Тэрнээс хойш үйл явд�##�, өрнөл нь унасаар дуу�####�г. Мөрчийг 6 ангид багтаагаад ачтайхан болгож болох л байсан. Даан ч 10 ангид багтаах гэж хэт сунжруулсан.
Мөрч гэдэг кино бол агуулга томтой ч арай ядсан өгүүлэмж, зураг ав�##�т бас суд�##�гаагүй болсн байна лээ. Бодвол төсөв дээрээ гороогоо байлгүй дээ