Цахим мөрийтэй тоглоомын тухай хуулийн төслийг дагалдах хуулиуд нь хойш татлаа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас буюу ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд өргөн барьсан.
Гэвч анхны хэлэлцүүлэг дээрээ байнгын хорооны шатыг хоёр ч удаа даваагүй.
Эхлээд хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг сайтар нягтлах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх чиглэлээр анхаарах шаардлагатай гэж үзсэн.
Улмаар энэ мягмар гарагт УИХ-ын Төсвийн байнгын хороо дээрх ажлын хэсгээс гаргасан дагалдах хуулиуд дээр нэр бүхий байгууллагуудаар дүгнэлт гаруулах саналыг дэмжиж, хуулийн төслийг УИХ-ын Тамгын газарт илгээсэн юм.
Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг дэмжээгүй. Хэрэв дэмжсэн бол хуулийн төслийг Эдийн Засгийн байнгын хороонд хүргүүлэх ёстой байсан.
Ингэснээр өнөөдөр 10:00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох заалтуудыг тусгасан дээрх хуулийн төсөл дахин уналаа.
Тэгэхээр уг хуулийн төслийн холбогдох байгууллагууд асуудалтай гэж үзсэн байж магадгүй байна.
Учир нь сүүлд хуралдсан УИХ-ын Төсвийн байнгын хороо Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулиуд нь хүний эрхийн зөрчилгүй эсэхийг тогтоохоор холбогдох хуулийн байгууллагад санал өгөх хүсэлтийг хүргүүлсэн. Улмаар хуулийн байгууллагуудын хариу дүгнэлтээс хамаарч УИХ-ын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эсэх нь шийдвэрлэгдэнэ гэх тайлбарыг албаныхан өгч байсан юм.
Холбоотой мэдээлэл:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.