Б.Энхзул: Хотын стрессээс холдож, орон нутагт амьдрах шийдвэр гаргасан

Түүнийг Б.Энхзул гэдэг. Өнгөрсөн хавар их сургуулиа төгсөж, их хотын завгүй амьдрал дунд бус орон нутгийг зорих шийдвэр гаргажээ. Ийнхүү Дорнод аймгийн тал нутгийн охин Өмнийн цэнхэр говь нутгийг сонгож, суурьшаад хагас жил болж байгаа юм. Түүнд эхлээд ажил олдохгүй хүндхэн байсан ч Даланзадгадад шинэ сургууль нээгдснээр ажилтай болж, олон зүйл суралцаж яваагаа хуваалцлаа.
-Юун түрүүнд бидэнд өөрийгөө танилцуулбал?
-Намайг Н.Энхзул гэдэг. Өнгөрсөн хавар монгол хэл, уран зохиолын багшаар их сургуулиа төгссөн. Төгссөн даруйдаа нөхөртэйгөө хамтдаа орон нутагт амьдрах шийдвэр гаргаад, энд ирсэн.
-Яагаад орон нутагт амьдрах шийдвэр гаргасан бэ?
-Би уг нь хол нутгийн хүнтэй сууна гэж боддог байсан. Гэвч нутгаасаа суучихсан. Тэгээд ер нь л өөр аймагт суурьших хэрэгтэй гэж их бодсон. Ер нь хотод бол мэдээж түгжрэл, утаанаас эхлээд стресстэх зүйл олон бий. Харин орон нутагт нэгд, маш тайван амгалан байна. Ямар ч стресстэх зүйл энд алга. Бүх юм нь төвлөрсөн ойрхон. Мөн түгжрэл, утаа, оочер дараалал ч энд алга.
-Аль нутгийнх вэ, ээж аав нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Нөхөр бид хоёр хоёул Дорнодынх. Гэр бүлийнхэн маань эерэгээр хүлээж авсан. “Яв, сур, олон хүнтэй танилц, хөгж” гээд л биднийг явуулсан.
-Өмнөговийг онцолж, сонгосон шалтгаан?
-Ямартай ч өмнөговийг сонгоод үзье. Очиж амьдраад үзье гээд л шийдчихсэн. Нарийн сайн судалж үзээгүй байж байгаад л ирсэн. Үнэндээ цаг агаар болон говийн онцлог шинжийн талаар ч бодоогүй ирсэн маань эхэндээ нэлээн хүнд байсан. Сургуулиа төгсөөд Ханбогд суманд ирж амьдарсан. Ажил хайж нэлээн явсан. Гэвч өөр нутгийнх гээд авахгүй байх хандлага нэлээн өндөр байсан. Үнэхээр ажил олдохгүй бол “өөр аймаг руу явахаар төлөвлөж” байсан. Гэтэл Даланзадгадад шинэ сургууль ашиглалтад орно гэхээр нь шууд л анкетаа өгөөд, ажилд оров. Ингээд эндээ суурьшаад, олон сайхан зүйл сураад байж байна.
-Өмнөговьд хэр удаан амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хэлж мэдэхгүй л байна. Гэнэт өөр аймаг руу нүүчихэж мэднэ.
-Монголд хот хөдөөгийн ялгаа их. Хөдөөд ажлын байр ховор, сурч, боловсрох орчин муутай. Харин ингээд өөрөө ирээд, суурьшаад, боловсролын салбарт ажиллахад, хамгийн түрүүнд азаарсан зүйл юу вэ?
-Орон нутаг дахь ажлын байрыг хоттой харьцуулбал бага. Мөн суралцах орчин хангалттай биш учраас залуучууд хот руу явдаг гэж бодож байна. Хотод бол их, дээд сургуулиас гадна гадаад хэл болон бусад сургалтын төвүүд олон. Харин энд сургалтын төвүүдийн хэрэгцээ их байгааг анзаарсан.
Сурч хөгжих төвүүд байхгүйгээс л залуучууд хот руу ихээр явж байгаа гэж дүгнэсэн.
Тэгэхээр аймаг, орон нутгийг хөгжүүлэхдээ хамгийн эхлээд боловсролын салбарт анхаарах нь чухал санагдсан.
-Боловсрол хүн бүрт тэгш олгогдох ёстой. Харамсалтай нь, Монголын боловсролын хүртээмж болон сургалтын орчин тэгш бус байдаг. Тэр тусмаа хот, хөдөөгийн боловсрол асар их ялгаатай?
-Онолын мэдлэгийн хүрээнд мэдээллийн технологийг ашиглах бүрэн боломж байна. Сумдуудаар сүлжээтэй тул интернэт ашиглах ч бүрэн боломжтой. Малчид, газар тариаланчид сүлжээгүй газар буувал технологи ашиглах боломжгүй.
Сүлжээний асуудал гарахгүй л бол технологийн хурдацтай хөгжлийг дагасан шилжилтүүдийг орон нутагт ч хийх боломжтой.
Сүүлд гэхэд старлинк Монголд ороод ирлээ. Ингэснээр бид дутагдалтай сүлжээний асуудлыг шийдэх гарцтай болсон. Цаашлаад томоор харвал мал аж ахуй эрхэлдэг хүмүүс Google map, бусад программ хангамжийг ашиглаад малаа харах дэвшил харагдаж байна. Технологи орохгүй салбар гэж одоо байхгүй болсон. Цагийн эрхээр цааш хөгжих байх.
-Сүүлийн үед залуучууд олноор гадаад руу явахыг хүсэх болсон. Үүний шалтгааныг залуу хүний хувьд юу гэж харж, дүгнэх вэ?
-Монгол Улс хөгжиж байгаа орон. Боловсрол, мэдлэгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудаас дутуу зүйл мэдээж их бий. Бид өндөр хөгжилтэй улсуудаас суралцах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай.
Монгол халамж ихтэй орон. Тиймээс залуучууд гадаад руу олноор явж өөрсдөө аялж, судалж, суралцахыг илүүд үздэг гэж бодож байна.
Боловсрол, цалин, амьдрах орчин нөхцөл гээд ялгаатай байдлыг хүн залуу байгаа дээрээ л таньж мэдэх нь зөв санагддаг. Залуучуудыг эх оронд нь үлдээх хамгийн гол аргумент бол сурч хөгжих боломжийг нэмж, дэмжих.
Хөдөө гэхээр л халтар, шороондоо баригдсан, хот гэхээр л гадаа гараад шороотой гудамж, түгжрэлтэй орчин гэж ярьдаг. Бидний амьдарч байгаа орчин нөхцөлийг бид өөрсдөө л хөгжүүлнэ. Тиймээс мэдлэг боловсрол, сэтгэхүй талаас нь эхлээд хөгжүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар улс орныхоо хөгжлийг жинхэнэ утгаар нь хийж чадах байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙН БАЙНА ГЭЖ ЧАМАЙГ МАГТАН ДУУЛЬЯА
Урьд нь говь нутгаас зугтаадаг бсан одоо шатдаг болжээ.