ТОДРУУЛГА: Хоёр настай хүрэн баавгай хүний "гайгаар” хөлөө хөлдтөл зутарчээ

Өнгөрсөн намар Монгол орон даяар баавгай гэх амьтанд халтай жил болж өнгөрөв. Идэш тэжээлийн хомсдолд орсон баавгайнууд уулнаас бууж ирэн, айл хот руу дайрч, хүний аминд хүртэл хүрсэн ноцтой хэргүүд бүртгэгдсэн. Гэвч хүрэн баавгай ховор амьтанд тооцогдох болсон тул холбогдох яамнаас устгаж болохгүй гэх чиглэл өгч, хөдөө сумдын иргэд айлгаж, цочоон, уул мод руу хөөхөөс өөр арга байсангүй.
Хүн, баавгай хоёуланд нь л хэцүүхэн намрыг үдэв. Гэвч намар дууссан ч баавгайн зовлон дууссангүй. Идэш тэжээлгүйгээс тураалд орсон баавгай ичиж чадахгүйд хүрэв. Үүний нэг жишээ нь өнгөрсөн 11 дүгээр сард Хэнтий, Дорнод аймгуудын зааг нутагт орших Онон Балжийн нутаг дэвсгэрт байрлах Битүүгийн ар нэртэй газраас байгаль хамгаалагчид дөрвөн хөл нь хайрагдаж, хөлдсөн хоёр настай, эр баавгай олжээ.
ӨӨРСДИЙН ГАРААР ТУСГАЙЛАН БАЙР БЭЛДЭЖ, 20 ГАРУЙ ХОНОГ ТЭЖЭЭЖ БАЙНА

Уг нь баавгай холимог идэштэй амьтан. Мах, жимс, өвс ногоо, шавьж гээд төрөл бүрийн зүйлээр хооллоно. Идэш тэжээлийн хомсдолтой үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр зэргийг барьж иднэ. Гэвч энэ бол тарга тэвээрэгтэй баавгайн чадал мэдэх ажил. Тарга тэвээрэг аваагүй өлссөн баавгай таарсан болгоноо онгичин идэш хайна. Ийм үедээ л тэд айлын исгэлэн цагааны үнэрээр очиж, айх эмээхийг мэдэхгүй тасар татдаг гэдэг.
Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Гансүх бидэнд хэлэхдээ “Идэш тэжээлийн дутагдалд орж, өлсөж, туйлдсан хүрэн баавгайнууд малчин айл өрх гэр рүү дайрч, ойр хавьд нь эргэлдэн хүнс хайж, мал руу нь халдаж байгаа тохиолдол өнгөрсөн намар их гарах болсон. Бид 9-10 саруудад суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайнуудыг өөрсдийнхөө гар аргаар хийсэн амьд баригчаар барьж авч байлаа. Тухайн үед бид гурван баавгайг барьж аван 10-14 хоног тэжээгээд байгальд нь буцаан тавьсан. Харин дөрөв дэх баавгайг барихад дөрвөн хөл нь хөлдсөн болохыг олж мэдсэн. Тиймээс ч энэ баавгайг онд орохгүй юм байна гэж бодсон. Манай тусгай хамгаалалтын газарт биологичид ажилладаг. Тэд дүгнэлт гаргаж уг баавгайг байгальд тавивал бие дааж амьдарч чадахгүй юм байна, идэш тэжээлийн дутагдалд орсон юм байна, хэт туранхай юм байна гэсэн. Ингээд бид мөн л өөрсдийн гараар тусгайлан байр бэлдэж амьдруулаад 20 гаруй хоног болж. Одоо өнгө зүсээ засаад, хоол ундандаа идээшээд, таргалаад сайхан болж байна” гэлээ.
11 ДҮГЭЭР САРААС ХОЙШ 100 ГАРУЙ КГ МАХ ИДЖЭЭ

“Баавгай шиг хүчтэй”, “Хөвчийн бор” гэж энэ амьтны байгалиас заяасан сүр хүчийг тодорхойлж ирсэн байтал дөрвөн хөлөө хөлдөөчхөөд идэш тэжээлгүйгээс өлсөж үхэхэд хүрсэн гэх нь даанч харамсалтай сонсогдоно. Баавгайн хөлийн ул бидний гарын алга шиг зөөлөн байдаг учраас хөр цасан дээр гишгэх бүрд нь цас хайлж, хайрагдаж явсаар савар нь хагарчээ. Үүнээс үүдэж баавгайн хөл шархалж, цус нь гойжин явсаар алхах ч боломжгүй болон хэвтжээ. Нэгэнт алхаж чадахгүй баавгай хэрхэн хүнс тэжээлээ олж чадах билээ. Үхэхээс өөр зам байсангүй. Ийм л үед хүмүүс олж, төв суурин газар бараадуулан тэжээж байна.
Ер нь, хүмүүс бид л байгалийн зохилдлогыг алдагдуулж, болсон болоогүй самрыг бүгдийг нь цайруулан түүж, ан амьтнаа идэш тэжээлгүй болгов. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр хор хөнөөл нь эргээд л хүмүүс бидэнд өөрсдөд нь ирэв. Энэ үед харин бид өөрсдийгөө буруутгахаас илүүтэй, араатан амьтан руу буруугаа чихэв.
Баавгайн идэш хоол биднийх шиг багахан юм биш, байгаль дэлхийдээ байж л бүрэн гүйцэд хооллоно. 11 дүгээр сараас хойш ганц энэ баавгайг хооллохын тулд байгаль хамгаалагчид болон харгалзагчид нь 100 гаруй кг мах бэлдэж өгчээ. Тодруулбал, ажиглалтаар баавгай өдөрт 3 кг мах, 2 л ус, 200 гр жимс, хүнсний ногоо буюу нийтдээ 7 хоногт 21 кг мах, 14 л ус, 1,4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэж, эрүүл мэнд, зан төрхийн хувьд хоолоо тогтмол идэж, хэвийн байна.
Хоол тэжээлийг нь өөрсдийнхөө идэх үмх махнаас хүртэл илүүчилж тэжээж байгаа байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүд баавгайгаа тэжээж чадахгүйд хүрэхдээ холбогдох яам, цогцолборт газрын захиргаатай хамтран “хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, чихэр, сахар хандивлах сайн үйлсийн аян” хүртэл өрнүүлэв.
ХҮНИЙ ГАЙГААР ҮХЭЛТЭЙ ТУЛСАН БААВГАЙ ХҮНИЙ БУЯНААР АМЬДРАЛТАЙ ЗОЛГОЖЭЭ

Энэ тухай “Нутгийн иргэд болон амьд баавгай харах гэсэн сурагчид, хүүхдүүд ирэхдээ баавгайд идэш тэжээл авч ирж өгдөг. Баавгайг зориулалтын торонд байршуулж хүмүүсийн аюулгүй байдлыг хангадаг. Одоо баавгайн биеийн байдал сайжирсан учир бид баавгайг унтах болов уу гэж хүлээж байна. Гэхдээ унтахгүй шинжгүй л байна. Баавгай ичнэ гэдэг харьцангуй ойлголт юм билээ. Учир нь баавгай идэш тэжээлээ хангалттай нөөцөлж, сайн тарга тэвээргээ авсан бол унтдаг юм байна. Баавгайг анх олоход өвдчихсөн байсан учир ааш зан номхон байсан. Одоо өнгө зүс засаж, бие нь сайжраад ирэхээр араатан амьтныхаа зан чанарыг гаргаад ширүүн догшин болж байгаа. Гэхдээ хоол тэжээлийг нь өгөх гээд очихдоо “Хүүе, хаая” гэхээр цаашаа болоод өгдөг юм. Танихгүй хүн очвол харин байраа тойрч гүйгээд айх шинжгүй байдаг. Араатан амьтан л хойно доо” гэж П.Гансүх мэргэжилтэн ярив.
Хүний гайгаар идэш тэжээлгүй болж, үхэлтэй нүүр тулсан баавгай бас л хүний буянаар амьдралтай золгожээ. Одоо онд мэнд орчихсон, ирэх хавар гэхэд жин нэмж, хүч тэнхээтэй болчихно. Тэр үед нь цаг агаарын байдлыг ажиглан байж байгальд нь тавьж буцаах юм гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний гараас хооллож дассан баавгай байг�##�аасаа эргээд хүнд ойртох гээд аюул тарина даа