Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн эдийн засаг Трампын тарифын дарамтыг мэдэрч эхэлж байна

Олон арван жилийн турш үргэлжилсэн таамаглаж болохуйц, чөлөөт худалдаагаар өссөн дэлхийн эдийн засагт Доналд Трампын тарифын дарамт мэдрэгдэж эхэлж байна. Үндэстэн дамнасан томоохон компаниуд өнгөрсөн долоо хоногт борлуулалтын зорилтоо бууруулж, ажлын байр цомхотгохоо мэдэгдэн, бизнес төлөвлөгөөгөө шинэчилсэн. Мөн томоохон эдийн засгууд өсөлтийн хэтийн төлөвөө дахин авч үзсэн байна.

Санхүүгийн зах зээл АНУ, БНХАУ хоёр худалдааны дайнаа намжааж, Трамп бусад орнуудад тавьсан өндөр татвараа хэлэлцээгээр бууруулна гэж таамаглаж байгаа. Гэхдээ эдгээр зүйлс хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Энэ тодорхойгүй байдал өөрөө дэлхийн эдийн засгийн өсөлтөд тулгарч буй саад тотгор болоод буй.

“BNP Paribas” банкны дэлхийн эдийн засаг судлаач Изабель Матеос у Лаго “АНУ-ын тарифын бодлого нь ойрын хугацаанд дэлхий дахинд ноцтой сөрөг цохилт болно. Тарифын асуудлаар АНУ-ын эцсийн төлөвлөгөө нь шинжээчдийн урьд өмнө таамаглаж байснаас илүү өндөр хэмжээнд татвар тогтоох байж магадгүй” гэжээ.  

Бээжин өнгөрсөн баасан гарагт /2025.05.02/ мэдэгдэл хийхдээ Вашингтоноос татварын асуудлаар хэлэлцэх санал илгээснийг авч үзэж байгаа хэмээсэн юм. Трампын захиргаа мөн Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудтай ойрын долоо хоногт татварын тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна гэж мэдэгдсэн.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн Шведийн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Electrolux” хэтийн төлөвөө бууруулж, “Volvo Cars”, компьютерын хэрэгсэл үйлдвэрлэгч “Logitech”, ундаа үйлдвэрлэгч “Diageo” мэдэгдэл хийхдээ тодорхойгүй байдлын улмаас борлуулалтын зорилтоо орхисон байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ 800 ам.доллароос доош үнэтэй БНХАУ-ын барааг гаалиар чөлөөтэй нэвтрүүлдэг байсан “de minimis” гэх дүрмийг хүчингүй болгосон. Энэ нь жижиг аж ахуй нэгжүүдэд хүндхэн цохилт болно. Дэлхийн худалдааны сэдвээр зөвлөгөө өгдөг “Trade Force Multiplier” компанийн гүйцэтгэх захирал Синди Аллен “Тэгээс 145 хувийн гаалийн татвартай болж байна. Энэ нь компаниудын үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн худалдан авалт хийх боломжгүй болгоно. Би маш олон жижиг дунд бизнес эрхлэгчид зах зээлийг орхин гарахаар сонгож байгааг харсан” гэжээ.

Трампын тарифын бодлогын тогтворгүй байдал дэлхийн улс орон, компаниудын хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байгаа ч Энэтхэгт сайн үр дүн авчирсан байж магадгүй юм. “Capital Economics” фирмийн хөгжиж буй зах зээлийн эдийн засагч Шилан Шах “Энэтхэгт нь АНУ-д бараа нийлүүлэгч гэх БНХАУ-ын байр суурийг ойрын хугацаанд орлох боломж бий” гэсэн байна.

АНУ-ын гаалийн татвар нь Америк бизнес болон хэрэглэгчдэд импортын барааг илүү үнэтэй болгоно. Энэ нь зарим улс орнуудад инфляцын дарамтыг бууруулж, төв банкнуудад нь бодлогын хүүгээ бууруулах боломж олгож магадгүй юм. Үүнээс гадна Трампын тариф бусад улс орнуудад эдийн засгаа шинэчлэх түлхэц болж өгч магадгүй. Тухайлбал БНХАУ эдийн засгийн өсөлтөө нөхөн сэргээх бодлогоо эрчимжүүлж, Европын холбоо өсөлтөд нь саад бол буй бодлогын хаалтуудыг авч хаях магадлалтай юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 7, 2025 09:50

Хошного Трамп

Холбоотой мэдээ

Back to top button