Нэг дороос: АНЭУ Энэтхэг, Пакистаныг хурцадмал байдлыг намжаахыг уриаллаа

Нэмэлт, 09:55 минут
Энэтхэг, Пакистан хоёр бие биедээ цохилт өгсөн талаар улс орнууд болон удирдагчид ямар мэдэгдэл гаргасныг харцгаая.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп: Маш харамсалтай байна. Дөнгөж сая л энэ талаар сонслоо. Өмнөх явдлуудаас харахад хүмүүс ямар нэгэн зүйл болно гэж таамаглаж байсан бололтой. Тэд маш удаан хугацааны туршид, олон арван жилийн туршид тэмцэлдэж ирсэн. Энэ бүхэнд хурдан төгсгөл ирээсэй гэж найдаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио: Энэтхэг, Пакистан хоёрын нөхцөл байдлыг би анхааралтай ажиглаж байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Трампын хэлсэн үгтэй би санал нэг. Энэ байдал хурдан намжина гэж найдаж байна. Энэтхэг, Пакистаны удирдлагуудтай асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийн төлөө цаашид харилцан ажиллана.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн төлөөлөгч: Ерөнхий нарийн бичгийн дарга Энэтхэгийн зэвсэгт хүчин хяналтын шугам болон олон улсын хилийг давсан ажиллагаанд ихээхэн санаа зовж байна. Тэрбээр хоёр улсыг аль болох хянуур байдалтай байхыг уриаллаа. Энэтхэг, Пакистан хоёрын хоорондох цэргийн мөргөлдөөнийг дэлхий дахин тэвчиж чадахгүй.
АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заэд хоёр улсыг хурцадмал байдлыг намжааж, бүс нутаг болон олон улсын энх тайванд заналхийлэх нэмэлт хурцадмал байдал үүсгэхээс зайлсхийхийг уриалсан байна.
Эхлэл, 2025.05.07, 08:47 минут
Өнөөдөр /2025.05.07/ Энэтхэг Пакистанд агаарын цохилт өгч үүний хариуд Пакистан их буу галласан байна. Энэтхэгийн засгийн газар мэдэгдэл хийхдээ “Бидний үйл ажиллагаа зорилготой, хэмжээг нь тааруулснаас гадна нөхцөл байдлыг хурцатгахад чиглээгүй. Пакистаны ямар ч цэргийн байгууламжийг онилоогүй. Энэтхэг зорилтот бай болон үйл ажиллагааныхаа арга барилыг сонгохдоо хянуур, тэвчээртэй байдлыг үзүүлсэн” гэжээ.
Пакистан мэдэгдсэнээр Энэтхэг гурван газар цохилт өгсөн байна. Энэтхэгийн тал мэдэгдэхдээ террорист бүлгүүдийн дэд бүтцэд цохилт өгсөн гэсэн юм. Агаарын цохилтын улмаас найман хүн амь үрэгдэж, 35 хүн бэртсэн гэж Пакистан мэдээлжээ. Энэтхэгийн зэвсэгт хүчин цохилт өгснийхөө дараа Х дээр “Шударга ёсыг тогтоолоо” гэж нийтэлсэн байна.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Мухаммад Асиф хэлэхдээ агаарын хамгаалалтын хүчин нь Энэтхэгийн таван сөнөөгч онгоцыг устгасан гэжээ. Тус улсын Ерөнхий сайд өнөө өглөөний 07:06 минутад мэдэгдэл хийхдээ “Шийдвэртэй хариу арга хэмжээг аль хэдийн хэрэгжүүлж эхлүүлсэн” хэмээсэн байна. Уг мэдэгдлээс цаг гаруй хугацааны дараа Энэтхэг мэдэгдэл хийж Пакистаны цэргүүд Кашмир руу их буугаар харвасны улмаас гурван энгийн иргэн амь үрэгдсэн гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.