Д.Батлут: Аудитыг хиймэл оюун ухаанаар хийдэг болох хэрэгтэй байна

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий аудиторт нэр дэвшигч С.Магнайсүрэнгийн нээлттэй сонсгол болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут асуулт асуулаа.
Тэрбээр "С.Магнайсүрэн даргыг сайн мэднэ. Өнөөдрийн албан тушаалд ч шаардлага хангаж байгаа. Салбарыг хөгжүүлэх, төрийн ажлыг хийхэд дутагдаж байгаа орон зайг зөвөөр олж харж уу хэмээн ажиглалаа. Техник технологийн эрин зуунд ажиллаж байгаа тул хиймэл оюун ухааныг ашиглах ёстой гэж хардаг. Ашиг сонирхлоос, улс төрөөс, гаднын нөлөөнөөс ангид байх гарц бол хиймэл оюун ухаан. Үүн дээр нухацтай ажиллах нь гэж таныг харлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ийм жишиг нэвтэрсэн. Хууль эрх зүй талаасаа харин сайн анхаараарай.
Хоёрт, урьдчилсан аудитын асуудлыг хөндөж байгаа нь чухал байна. Зөвхөн эрх бүхий байгууллагын санаачилгаар л аудит хийгээд явдаг. 2023 онд 400 орчим төсөл арга хэмжээнээс 170 гаруйд нь нийцлийн аудит хийхэд 80 орчим тэрбумын зөрчил илэрсэн. Урьдчилсан аудит хийх нь энэ эрсдэлийг хаана. Үүн дээр ямар ажил хийх вэ. Одоогийн хууль танд бүрэн дүүрэн боломж олгохгүй. Эрчим хүчний реформ хийх гэнгүүт иргэн хүний нуруун дээр л дарамт учирч байна шүү дээ.
Эрчим хүчний салбарт бол аудит хийх ёстой. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нэг “ургацаг” бий болсон. 8 орчим хувийг нь нийлүүлчхээд бэлэн мөнгөний урсгалын 20 хувийг аваад явчихдаг. Энэ бүхнийг зохицуулах зайлшгүй шаардлага байна. Аудит зөвлөмж өгөөд л байдаг юм билээ.
Нэг тонн үр тарианы үнэ 27 хувиар өссөн. Гэтэл гурилын үнэ 56 хувиар өссөн байна гэж яригдсан. Импортын гурил дээр квот тогтоож байгаад гаалийн татвараас чөлөөлчихсөн. Дотоодын гурилын үнэ өсөөд байдаг дээр аудит яаж ажиллах юм. Иргэдийн эрх ч зөрчигдөж байна шүү дээ" гэлээ.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн: Орчин үеийн технологийн дэвшлийг цаг алдалгүй хөндөх хэрэгтэй. Тодорхой зүйл заалтууд байгаа ч өнөөгийн хууль бол хязгаарлагдмал. ҮАГ дээр дижитал мастер төлөвлөгөө байдаг юм билээ. Шаардлагатай гэвэл энэ асуудлыг хөндөх бололцоо гарах байх. Урьдчилсан аудитын асуудал дээр бол, хөгжиж байгаа улс орнууд онцгойлон анхаардаг юм билээ. 1977 онд Перу улс хуульчлаад гаргачихсан. Манайд бол одоо яригдаж эхэлж байгаа. Олон улсын туршлагаас үр дүнтэй нь харагдаж байгаа. Том хөрөнгө оруулалт, том төслүүд дээр ялангуяа нэн хэрэгцээтэй нь харагддаг. Иргэдийн нуруун дээр ирэх ачааг тэнцвэржүүлэх нь адуитын гол зорилго л доо. Зарлагын хэт тэлэлт гаргуулахгүй байх, цалингийн нэмэгдлийг олон нийтэд хүртээмжтэй байлгах зөвлөмж хандлага байх ёстой. Энэ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус арга хэмжээ авах бүрэн боломжтой юм билээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.