Б.Энх-Амгалан сайд аа, авлигач түшмэлээ “хазаарлаагүй” тул та огцрох ёстой

Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын эхний хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сард багтан ашиглалтад оруулна гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сүр дуулиантайгаар зарлаж байв. Гэвч замын ажил зун бараг л яваагүй. Иргэдийн бухимдлыг баахан төрүүлээд, ашиглалтад өгнө гэсэн хугацаа нь өнгөрч одсон билээ.
Сонирхолтой нь, замын нээлтийг хийхдээ хэзээ мөдгүй нээхээ илэрхийлэн, тууз хайлчилж явсан Б.Энх-Амгалан сайд замын ажил гацахад төдийлөн дуугралгүй, тоолгүй өнгөрсөн. Хэрэг явдал даамжирсаар, замын гүйцэтгэлд оролцож байсан урд хөршийн компанийн төлөөллөөс тус яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 80 сая төгрөгийн авлигыг албан өрөөндөө авч байгаад баригдлаа.
Хошин нь, Зам тээврийн асуудлаарх төрийн бодлого эрхэлсэн төв байранд авлига авч байсан дарга “Хятад иргэд ширээн дээр боодолтой юм шидчихээд гараад гүйчихсэн” гэж мэдүүлэв. Шүүхийн байгууллага нь үүнд нь итгээд, АТГ-ын тусгай ажиллагааг үгүйсгэж, авлигачийг суллалаа. Үүнээс илүү тохууцал, инээдэмтэй хэрэг гэж үгүй мэт.
Өмнө нь энэ яамны үүдэнд хүн амины хэрэг гараад, салбар хариуцсан сайд нь ажлаа өгч байв. Харин энэ удаа яаманд нь авлигач үүрлэсэн асуудлаар Б.Энх-Амгалан сайд ганц тайлбар ч хийлгүй, усанд хаясан чулуу шиг алга болов. Уг нь тэр яамандаа Х.Оргил-Эрдэнэ мэт авлигачдыг үүрлүүлж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.
Цаашлаад, Дарханы замын асуудал жил дамнан гацаж, улстөрийн хүрээнд “Баларсан” гэх тодотголтой яригдсаар байхад Б.Энх-Амгалан сайд авлигын үнэрийг мэдрээ ч үгүй өнгөрсөн гэж үү. Эрх биш салбар яам удирдаж, толгойлж байгаа юм бол асуудал хаана гацаад, хэнээс болоод буйг тэр мэдэж байх учиртай.
Унтаж байгаагүй бол Зам, тээврийн хөгжлийн яамаар эргэлдэж байсан авлигын үнэрийг тэр хамгийн сайн мэдэрсэн байх учиртай нэгэн билээ. Толгойлж буй яам тань ийм асуудалтай байхад ийм цаг үеэр зугтаж явахаасаа ичээч, Б.Энх-Амгалан сайд аа. Ил гарч, авлигач сайдынхаа асуудлаар мэдэгдэл хийн, хариуцлага хүлээх ёстой жинхэнэ эзэн нь та шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тогтсон жишгээрээ огцрох нь зүй. Монгол Улсад тогтсон энэ улс төрийн шинэ соёлыг тас�##�дуулж болохгүй. Ажлаа өг сайдаа
Өгсөн авилгыг нь буцааж өгөх гэж бахардатлаа хөөгөөд гүйцээгүйн бишүү сайдаа , гэхдээ л та огцорсон нь дээрдээ намаа бод !!!