Нийгэм мэдээ

Б.Болор-Эрдэнэ: “Монголын нийгэм дэх хэлний консерватизм”

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монсудар хэвлэлийн газар  5-р сарын 1-5 хүртэл “Хэл бичгийн өдрүүд” хэмээх үйл ажиллагааг санаачлан лекц, илтгэл, хэлэлцүүлэг, сургалт  явагдлаа. Энэ өдрүүдийг зөвхөн уралдаан тэмцээн зохион байгуулаад өнгөрөх бус хэлний бодлогын түвшинд шийдвэрлэх ёстой олон асуудлыг хөндөн ярилцжээ.

Энэ хүрээнд нийтлэлч Б.Болор-Эрдэнэ (Болушка) "Монголын нийгэм дэх хэлний консерватизм" лекц уншсаныг текст хэлбэрт буулган, та бүхэнд хүргэж байна.

Спийч хийх?

Асуулт: The Young Pope киноны энэ хэсэгт пап лам юу хийсэн бэ? 

Илтгэв үү, үг хэлэв үү, яриа хийв үү, аль нь вэ? Эдгээрийн оронд “спийч хийх” гэж бичихийг сонгохоор хүмүүс маргаад байгаа. Өөрөөр хэлбэл, монгол хэлэнд нутагшсан үгээр илэрхийл гэж шаардаад байна л даа. ​

Тэгвэл, спийч хийх гэдэг ойлголт өөрөө манай монгол хэлэнд хэрэглэж дадсан үгстэй яг давхцах уу. С.Молор-Эрдэнэ докторын үзлээр бол огтхон ч давцхахгүй. Орчуулах боломжгүй гэж байгаа шүү дээ. 

Ф.Соссюр, Л.Витгэнштайн нарын томчууд, хэл тухайн орчиндоо нөхцөлдөж, утгаа олон биежнэ гэдэг. Ингэхээр, тэр утга өөр орчин нөхцөлд, өөр үгээр биежиж чадах уу. Жишээ нь Dad гэдэг үг Аав гэдэг үгтэй утгын хувьд давхцах уу. Магадгүй үгүй. Тэгэхээр утга агуулгыг нь бодоод, нюансыг нь илэрхийлэхийн тулд галиглаж бичихийг сонгож байна шүү дээ. 

Үгийн сангийн бүрэлдэхүүнд: Уугал монгол үг, зээлдсэн үг (ихэвчлэн галиг үг), олон улсын чанартай буюу стандарт, мэргэжлийн үг гэж байна. 

Харин хүмүүс уугал монгол үгээр бич гэж шаардаад байгаа. Гэтэл манай хэлэнд ер гаднаас нутагшсан үг хэр олон байна вэ? Ихэнх хэлэнд зээлдмэл үг үгийн сангийн 30 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Ер соёлын харилцаанаас ангид таслагдсан, зөвхөн өөрсдийн авиа дуудлагаар харилцан ярилцдаг хүмүүсийн хэлэнд л зээлдмэл үг цөөн. Харин монгол хэлэнд хэчнээн байна вэ гэдэг их сонирхолтой. 

Хоёр монгол үг тутмын нэг нь зээлдмэл, галиг нутагшиж, авиа зүйд нийцэн суусан онцлогтой гэх нь ч бий. 

Ингээд би маргахдаа, “Намайг зээлдсэн үг битгий хэрэглэ гэж байгаа юм бол, өөрийнхөө комментоос бүх зээлдсэн үгээ хасчих” гэдэг. 

Монгол хэлэнд жишээлбэл төвөд хэлнээс эрэмбэ, самгарьд хэлнээс шүлэг, махбодь гэсэн үгс орж ирж л л дээ. Жагсаалт урт үргэлжилнэ. Эдгээрийг хасна гэвэл монгол хэлэнд ямар нэг абстракт сэтгэлгээний боломж дуусах байх. 

Уламжлалт үзэл 1: Галиг үг

Signifier and Signified

Нэрт хэл шинжлээч Соссюрын онолоос харъя.

Энэ зурагт Signifier гэдгээр үгийг, Signified гэдгээр тухайн үгийг ашиглан заан нэрлэж байгаа үзэгдлийг хэлж байна. Энэ заавал бодит биш, хийсвэр үзэгдэл ч байж болно.

Өөрөөр хэлбэл signified буюу цаад үзэгдэл, систем, хөгжлөөс хутгаж авахад үг буюу signifier-ийг зээлдэж авах хэрэг гарна, гарсаар ирсэн, авсаар ирсэн учраас зээлдмэл галиг үг монгол хэлний үгийн санд тодорхой хувийг эзэлж байгаа хэрэг.

Харин хэлний хэрэглээгээ зөвхөн signifier-ийн хагас тойрогт барь гэж шахаад байхаар дээд талынх нь процесс зогсоно. Англи хэл гэхэд л франц хэлнээс абстракт, латин хэлнээс философи, грек хэлнээс урлаг, утга зохиол, герман хэлнээс шинжлэх ухааны сууриа авсан байх жишээтэй. Ийм учир дэлхий нийтийн хэл байж болоод байна. 

Япон хэлээр жишээ татъя. Япон хэлэнд үг хэлэх, илтгэл тавих гэсэн утгатай үг  мэдээж бий. Харин япончууд бол Мэижигийн шинэчлэлээр Catch-up зорилт дэвшүүлж, signified талыг хөгжүүлнэ, гүйцэж хийнэ гэдэг зорилгыг улс үндэстнээрээ тавьсан, ийм амбицтай хүмүүс. Үүний тулд Signifer буюу хэлийгзаавал хамтад нь авч, үгийн сангаа тэлжявдаг.

Катагана буюу гадаад үг бичдэг зориулалтын цагаан толгойтой, түүгээрээ бичээд л явчихдаг. Харж байгаачлан, сүпийчи, пүрэзэнтээшён гээд катагана үсгээрээ биччихсэн байна. 

Уугал: 発表、発言

Зээлдсэн: スピーチ、プレゼンテーション

Бизнесийн харилцаанд ороход ч юм уу, “Илтгэх” гэхгүй “Пүрэзэнтээшён хийх”, “Спийч хийх” л гэдэг. Спийч гэчихээр цаад нюанс нь ойлгогдоно, спийч гэдэгт хамаарах юмыг хий, зүгээр ярих хангалтгүй, илтгэл тавих бас биш гэж байна шүү дээ. 

Ажиглах нь ээ, уламжлалт соёлын тухай агуулга бичихэд зээлдмэл үгийн хэрэг гарахгүй байна. Уугуул үгээрээ хангалттай илэрхийлж болж байна. Харин дэлхийн худалдааны дайны тухай, системийн агуулга бичихээр мэргэжлийн үг, жаргон ашиглах шаардлагатай тулдаг. Ингэхээр нөгөө хэд маань заавал шүүмжилдэг. Бичдэг хүмүүс хүртэл ийм реакц гаргадаг. 

Нацүмэ Соосэкийн романыг тухайд би япон хэлийг нэлээд дарж, монголчилж орчуулсан. Бясалгалын хэллэг монгол хэлэнд их хүчтэй юм билээ, буддын суурьтай учир. 

Уламжлалт үзэл 2: Нэр үгжилт,  “...лт” хийх

Дараагийн сэдэв, “Өсөлт үзүүллээ” гэх мэтээр бичихэд бас их дургүйцдэг. Цагаан сарын үеэр “Золголт хийлээ” биш, “Золголоо” гэж ярь, бич гээд байсан даа. 

Энэ бол нэр үг, үйл үг салж байгаа хөгжлийн процесс. 

I will run гэхээр ямар ч утгатай байж болно. Гүйх гэдгээсээ өөр утга ч илэрхийлэх боломжтой. Харин I will go running гэхээр үйлт нэр нь бие даасан утгыг хөлбөрөлтгүй илэрхийлж байна. Гүйлтийн гутлаа өмсөөд, тогтсон цагтаа гараад, гүйлтийн зам дээр гүйх нь байна шүү дээ. Тэгэхээр манай монгол хэлэнд нэр үг, үйл үг салах процесс явагдаж байна.

Өөрөөр хэлбэл, цаад үзэгдэл нь хөгжих гээд манай хэлнээс өөрийнхөө бие даасан signifier-ийг нэхээд байна гэсэн үг. Үйл үгээс нэр үг хувиргах дүрмийн хувьд болхи хувирал дээр мэдээж ярилцах хэрэгтэй. 

Уламжлалт үзэл 3:   Бусдын эрхэнд үйлдэгдэх хэв “...гдэх”

Монгол хэл бол үйлдэх хэвийн хэл гэдэг. Өгүүлэгдэхүүн буюу эзэн бие эхэндээ байх ёстой. Сүүлд нь үйл үг буюу өгүүлэхүүн байна гэж номлодог. Тийм учраас идэгдлээ, үзэгдлээ гэсэн пассив хэлбэрт дургүй.

“Дорж мал хариулав” гэсэн өгүүлбэр энэ хэлбэрээр бичигдсэн. Ерөөсөө тал нутагт ганцаар бүгдийг үйлддэг монгол хүний сэтгэлгээ харагддаг. Монгол хэлэнд үйл үг маш олон янзаар хувирч чаддаг. Япон хэлэнд л гэхэд үйл үгээс нэгүсэг төдийг өөрчлөөд салаа утга үүсгэх маш хэцүү.

Харин одоо асуудал өөр болох шаардлага тавигдаж байна. Ганцаараа мал маллаж байсан нөхөр Дорж биш, бүгдээрээ нийтээрээ хот дотор орж ирээд ярилцаж, хэлэлцэж эхэлж байгаа системийн процесст өгүүлбэр тонгорохоос аргагүй. Объект урдаа гарч ирээд үйлдэгдэх, тоологдох, судлагдах, экспртлогдох ёстой. Дундаа нэг ойлголт хөгжүүлье л гэвэл бол пассив хэвийг хүлээж авах ёстой. Бусдын эрхэнд үйлдэгдэх гэж нэрлэж ч байх шиг. Нэршлээ хүртэл анхаармаар байгаа юм. 

Уламжлалт үзэл 4: Зөв бичгийн дүрэм

Зөв бичих дүрмийн маргаан бол хэзээ ч дуусдаггүй, тийм ээ? Техник маргаан маш их явдаг. Уг нь “Ингэж бичнэ” гэсэн маргаан биш, параграфын, эхийн, нийтлэлийн, агуулгын түвшний маргаан хийхгүй байгаа нь том асуудал. 

Дүрмээ мөрд гэдэг хүмүүс бол нийтлэлч Гаампыг бичих бүрд нь загнах байх. Гаамп яагаад дүрэм тоохгүй байна. Егөөдөж л байгаа байхгүй юу. Хэлийг дүрмийн дагуу хөгжүүлэх гээгүй. Гаампын егөөгүйгээр монгол хэл бас уйтгартай болно. 

Манай дүрэм хүнддээ орно шүү. Эгшиг гээнэ, гээхгүй гээд явчихна. Ядаж л эгшиг гээхээ боливол дижитал хөгжилдөө нийцтэй юм.

Уламжлалт үзэл 5: Өөрийгөө батлах нь

Эдгээр маргаанаас харахад монгол хэлэнд монгол хүний эгоизм хамгийн тод илэрч байна. Ерөөсөө монгол хэлнээс өөр өөрийгөө батлах боломж ч өгсөнгүй. 

Өгүүлэгдэхүүн би байх ёстой, би ингэж бичдэг байсан учраас ингэж бичих ёстой гэх мэт. “Би монгол хэлийг хамгаалагч” гэх мэт, өөрөө төв дүр маягтай. Гэтэл монголчууд монгол хэлээрээ философийн ч юм уу, ёс зүйн хэлэлцүүлэг хийж байна уу?

Бид хэлийг би төвөөс зайлуулж, хүндийн төвөө signified тал руу нь шилжүүлж чадахгүй байна л даа. Цонхоор харагдаж байгаа модны талаар бичихээр мод нь сонин биш, модыг бичсэн би л сонин болоод явчихдаг ч үүнтэй холбоотой. 

Одоо яагаад гэдэг рүүгээ орно. Би ноцолдсоор байгаад монголчуудын хатуу кодлогдсон догматик сэтгэлгээг ойлгодог болж байна. Зарим асуудалд бол олон талаас сэтгэж орж ирэх нь бий. Гэхдээ хэлний тухайд бол шашин мэт хатуу хандлага, сэтгэлгээтэй байдаг. 

Миний бодлоор энэ хандлага жишээлбэл дараах дөрвөн мөрөөр кодлогдсон байх шиг. 

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтму би

Б.Ринчен, “Монгол хэл

Эсвэл дараах шүлгийн мөр, шад хүний сэтгэлгээг хэрхэн кодолсон байна вэ? 

Хэл, хил, мал гуравтайгаа байхад 
Хэн баян бэ, Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа салбал
Хэн эмгэнэлтэйв, Монгол эмгэнэлтэй.
Хэл, хил, мал гурвынхаа төлөөлөх
Энэ яваа насыг эцэслэж дуустал тэмцье!
Хэл, хил, мал гурвынхаа төлөө
Үхсэний дараа сүнс байдаг Юм болно
Үргэлжлүүлж бас тэмцье!

Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Зундуйн Дорж

Ерөөсөө л хэл гэхээр баялаг юм, эрдэнэ юм гэсэн ойлголт суулгачихсан. Хүн эрдэнийг яах вэ, хав дарна. Сугандаа хавчуулаад л хадгалаад гүйгээд байна. 

Намайг заримдаа “Чи гадаад хэлтэйгээрээ онгирлоо, дээрэлхлээ” гэх нь бий. Онгирлоо гэж үзэж байгаа бол, гадаад хэлийг гоё хэмээн үнэлж байна гэсэн үг. Харин дээрэлхүүллээ гэдэг нь комплекс, айдас бийг илтгэж байна. Тэгэхээр нөгөө хэлийг тэлэх дэлхийн үзэгдлийг, signified хэсэг дэх хар муурыг дайснаа гэж үзээд, айгаад байна. Гоё гэж хардаг ч айгаад байдаг. Айдас байна.

70 жилийн Зөвлөлт Оросын, түүний өмнөх Манжийн үеийн гээд гүнзгий комплекс бидэнд бий л дээ. Түүнээс болж бүр 13-р зуунаас яваад ирсэн дугуй тойргоо тэлэх процесс зогсчихоод байгаа. Үүнээс болоод signifiedхэсгээ бүтээн босгож чадаагүй олон салбар манайд байна. 

“Та энэ хар юм руу ойртож ярина уу” гэсэн бичээс бол сонгодог жишээ. Энэ бол нөгөө уугал монгол хэлээр биччихсэн анхааруулга шүү дээ. Бүх юмыг юм гэдэг дээ. Цагаан юм хийсэж байна л гээд байдаг. Тэгэхээр унгирал яригдахгүй, улиас Улаанбаатар хотод хэрэгтэй юм уу гэдэг дараагийн түвшний, оюун ухааны хэлэлцүүлэг монгол хэлээр явагдахгүй болно. 

Лекцийн дараа "Монсудар" хэвлэлийн газрын захирал Р.Энхбат зарим асуултад хариулт авсан.

Р.Э: Үг гэж нэг л юм баймаар. Бид нэг үгээр хэлж чадахгүй болохоор хоёроор хэлдэг, хоёроор болохгүй бол гурав гээд явдаг. Монгол хэлэнд зайлшгүй өөрчлөх ёстой зүйл юу юм. Хэн үүнийг өөрчлөх юм? 

Б.Б: Улс, төр, улстөр бол бие даасан гурван үг. Нэг ойлголтыг нэг үгээр бичих гэдэгт санал нэгдэж байна. 

Хэзээ нийлмэл үг үүсэж, нийлүүлэх хэрэг гараад байна гэдэг нь сая ярьдаг-галиг үг хүлээж авахгүй байгаагаас л болж байгаа шүү дээ. Урьд өмнө монгол хүний заан нэрлэх шаардлагагүй байсан зүйлс системийн хөгжлөө даган орж ирээд байдаг. Тэр хэрээр галиг үгийн сан баяжиж байх ёстой. 

Гэтэл галиг үгийг буулгаж авах дүрэм ч монгол хэлэнд тодорхойгүй байна. Дүрэмтэй болоод, сэтгэлгээгээ тэлбэл үгийн сан баяжна, харилцаж ярилцах агуулга ч өргөжөөд ирнэ. Айдас нь тээглээд байна. Харь, гадаад хэл болох нь ээ гээд. Угтаа үйл үг нь хүчирхэг учраас монгол хэл нэр үгээ дагаад алдрах, алсрах эрсдэл бага л даа. 

Хот гэдэг юм байгуулагдахаас гадна өөрөө ургадаг зүйл. Хэл ч тийм. Амьд, цаана нь амьдрал явж байдаг. Амьд явж байгаа өөрчлөлтийг хүлээн авах, дагаад сэтгэлгээгээ нийцүүлэх хэрэгтэй, тэгвэл хэл хөгжөөд л явна. Хэлийг хөгжүүлэх гэдэг нь тухайн хэлэнд, өөрт нь чиглэсэн асуудал байх шиг. Өөрөөр хэлбэл, ердөө хэлээ хэрэглээд бичих, унших л асуудал. Уг нь энгийн. Ерөөсөө л монгол хэл дээрээ бичих, унших, түүнийг ярилцах. 

Манай үндэсний үзэл зарим талаар зөв, хэлний тухайд бол хэт хуучинсаг өнцгөөр сэргэчихлээ гэж хардаг. 

Р.Э: Хэлийг сайн хэрэглэвэл хөгждөг юм байна. Харин хэн нэгэн хөгжүүлдэггүй юм байна. Гэтэл хэн нэгэн этгээдэд хөгжүүлэх эрх мэдэл, санхүүжилтийг нь өгдөг энэ байдлыг халгалж үлдэх сонирхол байх шиг. Хэлийг бүх хүн хөгжүүлж байгаа. Хэлийг өөрийн мэдэлгүй хөгжүүлж байгаа. Гаднаас үг авах, шинэ үг зохиохоос гадна монгол хэлний язгуур үгийг ч шинэ хэрэглээнд оруулах маягаар тэлэх ёстой гээд байгаа?

Б.Б: Хэлийг хөгжүүлнэ гэхээр хэсэг эрдэмтэн суугаад хот барих гэж байгаа аятай хандаад байна шүү дээ. Үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан хүн тэнд байж болох юм. Гэхдээ манай нийгэмд бүтээж амьдрах систем хөгжүүлэхгүй явсаар байгаад төрийн алба, гадаад харилцаа зэрэг монголчуудад уламжлагдсан бүтцэд заавал байрлаж, нэг юм сэтгэж гаргаж ирж, түүгээрээ өөрийн амьдралыг болгож явдаг бүтэн сүрэг бий болчихлоо шүү дээ. Тэр дотор хэлнийхэн багтаж байгаа гэж бодож байна. 

Таны хэлдгээр, хэлний өөрийнх нь язгуур үгийн санг судалж, сэргээх маш чухал. “Күсамакүра” номыг орчуулахаар ажиллаад мэдсэн. Оюун санааг хөндлөнгөөс, гуравдагч өнцгөөс ажиглах буддизмын үгийн сан бидэнд бол байна аа. 1000 жилийн үгийн сан байна. Харин Үндэсний номын санд хураалттай хэвтээд байдаг. 

Монголд хөгжөөгүй системийн үгийг аваад, монгол хүнд байсан юмаа уугуул үгээр илэрхийлж болно. Машин гэдэг үгийг орос хэлнээс авлаа. Харин feeling гэдэг үгийг авахгүй байж болно. Литератур, фикшн болон нон-фикшн тал руугаа ялгаатай хандах хэрэгтэй. 

Р.Э: Социализмын үед монгол хэл маш сайн хөгжсөн. Хэчнээн роман орчуулж бас бичсэн билээ. Хэлийг өөрөө хөгжинө гээд орхих бас биш биз дээ. Хэл урсгалаараа явж мөн болохгүй байна. Цэгцлэх асуудлууд байна. Хэрэглээг нь зөв зүйтэй, нэгдмэл болгох чиглэлд л нөгөө бодлогыг тодорхойлох ёстой болов уу? 

Б.Б: Социализмын үед монгол хэл фикшн болон нон-фикшн хоёр төрөлд зэрэг хөгжсөн. 

Өнөөдөр хаана, ямар мэргэжлийн бүтээн байгуулах ажил явагдаж байна, яг галиг үгийн сангаар яригдаж байгаа.

Уг нь тэр үед бид нар шашингүй идеологи дотор явж байсан шиг мөртлөө, Альигери Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ыг орчуулчихсан байгаа. Сая Д.Цахилгаан гуай шинээр гаргасан ч, тухайн үед хийжээ. “Тэнгэрлэг туульс” өөрөө Христийн шашны суурь ойлголт бүхий бүтээл. Түүнийг орчуулсан байна гэдэг бол тухайн үед зай сиймхийгээ олоод, хэлээ хөгжүүлээд байж. Уншигчид байсан болохоор бас хийсэн байж таарна аа даа. 

Ер нь хэл ч байна уу, эдийн засаг ч байна уу, бодлогогүй үндэстэн гэж биднээс өөр байна уу. Бодлогыг бодох л ёстой шүү дээ. Хэлийг онолын агуулга дотор нь мэдээж ярих ёстой байх. Үндсэндээ бол хүмүүсийг яаж уншдаг болгох вэ гэсэн л бодлого шүү дээ. Яаж хүүхэд байхаас нь монгол хэлээр уншуулах вэ. Унш гээд уншихгүй шүү дээ. Уншиж байгаа хүүхэд бол хэлээ хөгжүүлээд л аваад явчихна. Уг нь унших бол гэдсэнд байхаас л эхэлдэг шиг байна билээ. 

Р.Э: “Күсамакүра” гэж номыг уншсан. Энэ Б.Болор-Эрдэнийг ямар архаг үгийн сантай юм бэ гэж бодсон. Би тэгээд “Чи эмээ, өвөө дээрээ өссөн юм уу?” гэж асуусан юм. Яаж ийм болчихсон юм бэ. Тэр үүднээс асууя. 

Б.Б: Уншсан л явдал байх даа. 2003 онд Япон явах хүртлээ орчуулгын болон дотоодын уран зохиолын нэлээдийг уншсан байсан. Явсандаа бас баярладаг. Явж байж кодоо тайлж ирсэн, тэгээд зөрчилдөөд сууж байгаа. Соцреалист юм уншихаар нөгөө түрүүний хэлээ хамгаалаарай, тэмцээрэй гэдэгт кодлогдоод насанд хүрчихдэг. Дундаас дээш насны, улс төрөөр бичих сонирхолтой, ялангуяа эрэгтэй хүмүүс барьцах зэргээр янз бүр болдог л доо. Би хэлчихдэг л юм, бууж өгсөн нь өөрт чинь амар аа гээд. Энэ бол давтахад хэцүү зам. Дөрвөн настайгаас уншсан. Хоёрдугаарт, монголчууд ер нь номтой хүүхдийг хамгаалдаг юм байна гэж ойлгосон. Бага насаа эргээд бодоход, маш их тусгай орчин бол гаргаж өгсөн. Болороо бол ном уншдаг гээд л шийдчихсэн. Гэртээ ч гэрийн ажлаас тусгаарлагдах эрхтэй хүүхэд байлаа. Тийм учраас би эргээд бичиж “өгөх” ёстой гэж боддог.

СОНСОХ ЛИНК:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 9, 2025 09:17

Уншаарай

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:44

Сумтай авгайг хөөргөж яахнуу

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:47

Ам нээх болгондоо хэрүүлийн шинжтэй үгс, өөрийгөө магтсан үгс хавчуулдаг энэ бас улам л элий болоод байгаа гаруудых нэг

Зочин
Зочин
5 сар 9, 2025 10:54

Eр нь бүх са лбарт систeмтэй онол номыг нь үзээгүй мөртлөө өөрийгөө мэддэг гээд итгэчихсэн иймэрхүү сайн дурынхан оролцоод ирэхээрээ бүр хутгаад хаячихдаг. Сэтгүүл зүй, түүх, шашин судла лыг хамгийн их хутгаж байгаа, одоо хэл рүү орцгоох нь. Бадрангуй бачканууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button