Трамп “Walmart” сүлжээ дэлгүүрийг үнэ нэмэхийн оронд тарифын цохилтыг авах хэрэгтэй гэв

Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart” өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Доналд Трампын өндөр тарифын улмаас энэ сарын сүүлээр барааны үнэ нэмэх шаардлагатай болно гэж мэдэгдсэн. Тус сүлжээ дэлгүүр нь АНУ-ын хэрэглэгчдийн зах зээлийн эрүүл мэндийг илтгэдэг компани юм. “Walmart” тийм мэдэгдэл гаргасан нь Трампын тариф Америк компаниудад хэрхэн нөлөөлж буй харуулж байгаа дохио болов.
Тэгвэл Трамп тус мэдэгдлийнх нь хариуд “Walmart”-ийг үнэ нэмэгдэж буйн бурууг захиргаанд чихэхийн оронд тарифын цохилтыг авах хэрэгтэй гэжээ. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Walmart сүлжээ дэлгүүрүүддээ үнэ нэмэх гэж буйн шалтгааныг тариф хэмээн буруутгахаа болих хэрэгтэй. Өнгөрсөн жил Walmart олон тэрбум ам.долларын ашиг олсон, таамаглаж байснаас хавьгүй өндөр ашиг. Walmart болон БНХАУ миний хэлж байсан шиг тарифын цохилтыг авах хэрэгтэй. Үнэ цэнтэй үйлчлүүлэгчдээс ямар ч нэмэлт төлбөр авах ёсгүй” гэжээ.
Тарифын улмаас үүссэн худалдааны дайны улмаас хэрэглэгчид зардлаа танаж эхэлж байгаа тул олон Америк компани энэ жилийн санхүүгийн таамаглалаа бууруулсан. “Walmart” үнэ нэмнэ гэх мэдэгдэл нь Америкийн хэрэглэгчдэд маш чухал ач холбогдолтой. Учир нь 255 сая орчим хүн долоо хоногтоо тус дэлгүүрээс цахимаас юм худалдаж авдаг. Мөн америкчуудын 90 орчим хувь нь “Walmart”-ийн сүлжээ дэлгүүрээс 16 км-ийн зайд амьдардаг байна.
“Walmart” мэдэгдлийнхээ хажуугаар үнийг аль болох хямд байлгахын төлөө ажилладаг гэжээ. Энэхүү зорилго нь одоо ч гэсэн зогсохгүй гэдгийг тус сүлжээ дэлгүүр мэдэгдсэн юм. Тус компани “Reuters” агентлагт мэдэгдэл өгөхдөө “Жижиглэнгийн худалдааны ашгийн бодит байдлыг харгалзан үзэж, үнийг аль болох бага хэмжээнд барих болно” гэжээ.
АНУ, БНХАУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ бие биедээ ногдуулсан тарифаа 110 хувиар багасгах тохиролцоонд хүрсэн хэмээсэн. Гэхдээ АНУ-ын БНХАУ-д ногдуулсан тариф ингэж бууруулсны дараа ч гэсэн 30 хувь байгаа юм. “Walmart” нь АНУ дахь чингэлэгт барааны хамгийн том импортлогч. Ийм учир БНХАУ-ын бараанд ногдуулсан 30 хувийн тариф өмнөхөөсөө ихээхэн буурсан үзүүлэлт ч гэсэн маш өндөр байгаа гэдгийг тус компанийн удирдах албан тушаалтнууд мэдэгдсэн байна.
Америк хэрэглэгчдийн хандлага дөрөвдүгээр сард дөрөв дэх сардаа дараалан буурчээ. Энэ нь хэрэглэгчид зардалдаа илүү хянамгай хандаж буйн илрэл. Мөн тус улсын эдийн засаг энэ жилийн нэгдүгээр улиралд сүүлийн гурван жилд анхны удаа буурсан юм. Энэхүү бууралт АНУ-ын эдийн засаг уналтад орно гэх айдсыг нэмэгдүүлжээ.
Гэхдээ дөрөвдүгээр сарын эдийн засгийн бусад гол үзүүлэлтүүд Трампын тариф АНУ-ын эдийн засгийг шинжээчдийн айж байсан шиг хүнд нөхцөл рүү шидээгүйг харуулсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “Хэрэглээний үнээс эхлээд үйлдвэрлэлийн үнэ хүртэлх сүүлийн үеийн инфляцын мэдээлэл таамаглалаас доогуур байсан. Үүний хэрэгцээ хувийн эрэлт болон ажлын байрны өсөлт эрүүл хэвээр байна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ өвгөн нээрээ