Top StoriesНийгэм ярилцлага

Азийн дэд аварга Б.Мөнгөнзул: Эрэгтэй ОУ-ын мастер болон эмэгтэй их мастерын нормыг давхар биелүүллээ

Монгол Улсаас анх удаа шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, 20 настай Фиде дэд мастер Б.Мөнгөнзултай ярилцлаа. Түүний хувьд "Дэлхий цом"-д оролцох эрх авахаас гадна эрэгтэй олон улсын мастер болон эмэгтэй их мастерын нормыг давхар биелүүлсэн бахдам амжилтыг үзүүлж, эх орондоо ирээд байна. Азийн аваргын тэмцээний ихэнх өргүүд нь 4-5 цаг үргэлжилжээ.

-Рейтингээрээ эхний гуравт бичигдэж байсан ОХУ-ын гурав болон Энэтхэгийн гурван тамирчинтай таарч тоглосон-

- "Оюуны олимп" гэгддэг дэлхийн шатрын олимпиадаас 2022 онд алтан медаль авч, эх орондоо ирж байсан. Тухан үед 17 настай, 11 дүгээр ангийн сурагч байсан шүү дээ. Түүнээс хойш томоохон ямар ямар тэмцээн уралдаанд оролцов гэдгээс яриагаа эхэлье?

-2022 оны олимпиадаас алтан медаль авч ирээд Румынд болсон 18 насны дэлхийн аваргас явсан. Дэлхийн аваргын сүүлийн өргийн өмнө би хоёрдугаарт явж байсан. Сүүлийн өргөө хожих юм уу тэнцвэл хоёрдугаар байрт орохоор байсан ч харамсалтай нь хожигдоод дөрөвдүгээр байрт шалгарсан. 

Түүний дараа БНХАУ-д болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, эмэгтэй ангилалд алтан медаль хүртсэн. 2024 оны наймдугаар сард ….ын багийн дэлхийн аварга болж, ширээндээ хувийн дүнгээр хүрэл медаль хүртсэн. Олон улсын томоохон амжилт гэвэл эдгээрийг дурдахаар байна. Мөн Серби улсад болсон олон улсын нээлттэй тэмцээнд оролцож эмэгтэй ангилалд түрүүлсэн. 

-Дөрөвхөн хоногийн өмнө насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Аль-Айн хотноо болж өндөрлөлөө. Энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртээд эх орондоо ирлээ. Олон ч шилдэг шатарчин оролцсон байна?

-Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод ирлээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад харахад өмнө нь Энэтхэг, БНХАУ, Казахстан зэрэг олон улсын шилдэг тамирчид энэ тэмцээнд оролцдог байсан. Энэ жилийн тухайд ОХУ-ын тамирчид нэмж оролцсон учир тэмцээнийг илүү онцлог, өрсөлдөөний хувьд хүчирхэг, том бүрэлдэхүүнтэй болголоо гэж харсан. ОХУ-ын эхний гурван тамирчин рейтингийн жагсаалтаар эхний гуравт бичигдэж байсан. Энэ ч утгаараа чанга тэмцээн болж өнгөрлөө. Хичээсний эцэст бэлтгэлийнхнээ үр шимийг хүртэж, мөнгөн медаль авсандаа баяртай байгаа. 

-ОХУ-ын тамирчид Азийн аваргын тэмцээнд оролцож байгаа нь анхаарал татлаа?

-Энэ жилээс оролцож эхэлж байгаа гэсэн. Тодорхой, нарийн мэдээлэл надад алга байна. 

-ОХУ-ын шатарчдаас гадна чансаа өндөр Энэтхэг улсын шатарчид тэргүүлэгчдийн эгнээнд байсан. Сүүлийн өргүүд дээр ч тэр? 

-Тийм ээ. Жишээлбэл, 100 гаруй шатарчин оролцоход аравны хоёр нь энэтхэг шатарчид байсан. Энэ дотор эрэгтэй олон улсын их мастерууд, эмэгтэй их мастерууд олон байсан. Мөн зооноосоо шалгарсан шилдэг шатарчид оролцсон. Нэмээд өсөж яваа манай үеийн шилдэг казах шатарчид ирж өрсөлдсөн. Ер нь нэлээд олон чансаа өндөр шатарчин энэ удаагийн тивийн аваргад өрсөлдлөө. 

-Мэдээж ОХУ-ын шилдэг шатарчидтай өрөг таарч тоглосон байх. Өргүүд хэр хүнд байв? 

-Миний хувьд нийт есөн өрөг тоглосноос ОХУ-ын гурав, Энэтхэгийн гурван тамирчинтай таарч тоглосон. Эхнийх нь надаас хоёр, гурав дүү фиде мастер шатарчин байсан. Амлаад хожсон. Дараа нь ОХУ-ын Галина гээд их мастертай тоглоод мөн хожсон. Үүний дараа дөрвөөс дөрөвтэй, тавдугаар өрөг дээрээ нэгдүгээр ширээн дээр ОХУ-ын эрэгтэй олон улсын  мастер Боднаруктай тоглож тэнцсэн. Эдгээр өргүүд нэлээн хүнд байлаа. 

-Хамгийн сүүлийн өргийг Энэтхэг шатарчинтай хийсэн. Энэ өргийн тухайд?

-Би долоо, найм, есдүгээр өргийг гурав дараалж Энэтхэгийн шатарчинтай тоглосон. Тухайлбал, наймдугаар өрөгт Серёжа гээд Энэтхэгийн их мастертай тоглож хожоод бусдаасаа нэг онооны илүүгээр тэмцээнийг тэргүүлж эхэлсэн. Сүүлийн өрөг дээр олон улсын мастер Вантикатай тоглосон. Түүний хувьд надаас чансаа өндөр, мэргэжлийн тамирчин. Олимпиадад мөн оролцоод ширээндээ алтан медаль хүртсэн, том тамирчин байсан. 

Энэ өргийн тухайд гэвэл өмнөх шөнөөс нь эхлээд унтахад жаахан бэрх байсан гэх юм уу. Маргааш ямархуу өрөг тоглох бол оо гэдэг бодлууд төрөөд байсан. Бодохгүй гэж хичээсэн ч бодогдоод, сандрал бага зэрэг мэдэрсэн. Өглөө нь бас эрт сэрчихсэн. Цайндаа ороод, өөрийгөө тайвшруулаад, багштайгаа ярилцаад, гараагаа бэлдсэн дээ. Багш маань аль болох өөрийгөө тайвшруулаад, зүгээр л энгийн өрөг тоглож байна гэж бодоод тоглочих. Тэмцээн эхэлснээс хойш чиний өргийн үзүүлэлт, форм сайн байлаа. Тийм болохоор өөртөө итгэлтэй, сайн тоглоод гараад ирээрэй гэж хэлсэн.

Өргийн дундуур бол бэлдсэн вариантаар орсон. Гэхдээ айл бага зэрэг өөрчлөөд явсан. Байрлалын хувьд дунд үе дээр жаахан муудаж эхэлсэн. Харин төгсгөл рүү оруулаад тэнцүү болсон. Гэхдээ тэр байрлал дээр айл оролдохоор би хамгаалаад тэнцэх байрлал байсан гэх юм уу. Тэндээс морио ингэж холхиод, ноёноо хамгаалалтад байлгачихвал айл орж ирж чадахгүй юм байна. Ер нь тэнцчих юм байна гэж харж сууж байгаад, нэг нүүдэл нүүснийхээ дараа "Өө тэмээ нь ингээд, ингээд ороод ирчихвэл яах билээ" гэж бодсон. Дараа нь анзаарсан л даа. Тэр маань яах аргагүй буруу байсан. Үүн дээр том алдаа гаргасан гэж бодож байгаа. Үүнээс болоод хожигдолд хүрсэн. Ер нь бол тэнцэх боломж байсан. 

Энэ нь надад том туршлага болсон. Өөрийгөө залуу байна даа л гэж бодлоо. Мэдээж цаашид олон туршлага хуримтлуулж, илүү хичээж, өөр түвшинд хүрнэ гэж итгэж байгаа. 

-Сүүлийн өрөг таван цаг үргэлжилсэн. Азийн дэд аварга болсон амжилт манай улсын хувьд анхных-

-Сэтгэлзүй болоод төвлөрөх байдал чухал юм шиг санагддаг. Урт хугацаанд сууж тоглодог гэхчлэн тэсвэр, тэвчээрийн хувьд ч сорилттой байнга тулдаг байх. Хамгийн хэцүү өрөг удаан үргэлжлэв үү?

-Тамирчин хүний хувьд ур чадвар, хичээл зүтгэл маш чухал. Нэмээд тухайн үеийн сэтгэл зүйн байдал өрөгт чухал нөлөө үзүүлдэг гэж боддог. Тоглохынхоо өмнө багштайгаа сайн ярилцдаг. Багшийн хувьд намайг найдвартай, өөртөө дарамт өгөлгүйгээр чөлөөтэй тоглоорой гэж зөвлөсөн. Үүнийг нь тоглолтынхоо турш санаж, тайван байж, нүүдлээс нүүдлийн хооронд аль болох удаан харж, сандарсан ч буцаагаад сэтгэл зүйгээ хэвийн түвшинд барих байдлаар тоглодог. Ингэх нь өрөгт сайн нөлөө үзүүлдэг л дээ.

Миний хувьд  хожсон ч хожигдсон ч, тэнцсэн ч тэнцээгүй ч тухайн үедээ 5-10 минутын хооронд анализ хийгээд мартахыг хичээдэг. Тэгж байж дараагийн өргөө цоо шинээр эхэлж байгаа юм шиг тоглох ёстой. Энэ нь үлдсэн өргийн амжилтад сайн нөлөө үзүүлдэг. Сая Азийн аваргын сүүлийн өрөг дээр таван цаг тоглосон. 

Хөөх, таван цагийн турш уу? 

-Тийм, таван цаг тоглоод суусан гэсэн үг. Хамгийн гол нь цагийн хяналт нь 1 цаг 30 минут. Тэгээд 40 нүүгээд аль аль талдаа 30 минут нэмэгдэнэ. Мөн нэг нүүх бүрд 30 секунд нэмэгддэг. Тиймээс тоглож байх явцдаа цагийн хуваарилалтаа маш сайн гаргах ёстой гэх мэт давхар бодох зүйлүүд гардаг. Миний есөн өргийн ихэнх нь удаан буюу 4-5 цаг үргэлжилсэн. Гол нь ингэж удаан суусны эцэст хожих мэдрэмж маш гоё байдаг. Хожиж л байвал хэр удаан суусан эсэх хамаагүй, мартчихдаг. Хичээл, зүтгэлийн минь дүн болохоор. 

-12 жилийн өмнө Өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ сая Азийн аварга болсон хотдоо очиж байж. 12 жилийн дараа очоод мөн л мөнгөн медаль хүртсэн гэдэг сонин давхцал байна?

-АНЭУ-ын Аль-Айн хотод яг 12 жилийн өмнө өсвөрийн ДАШТ-ий найман насны охидын ангилалд оролцож байжээ. Тэр үед аавтайгаа явсан юм. Жаахан байсан учраас яг ямар тэмцээнд оролцож байгаагаа мэдэхгүй. Том л тэмцээн байх даа гэж бодоод тоглож байснаа санадаг. Тухайн үед бас л алтан медаль авах боломжтой байсан гэсэн. Сүүлээсээ хоёр дахь өрөг дээр хожлын байснаа алдаад тэнцээ болгоод мөнгөн медаль дээр буусан юм байна лээ. 

Тэгтэл үүнээс хойш 12 жилийн дараа яг тэр хотдоо очоод мөнгөн медаль авсан нь сонин гэмээр давхцал байлаа. Азийн аваргад явахынхаа өмнө амжилт гаргавал гоё доо гэж энэ тухайгаа бодож байсан минь биеллээ. Сайхан байна. 

-Оролцогчид насны хувьд шинэлэгдэж үү. Танай үеийн шатарчид цөөн байна уу, олон байна уу?

-Сая болж өнгөрсөн Азийн аваргад насны хувьд харьцангуй залуу шатарчид оролцсон гэж хэлж болох байх. Миний үеийн тамирчид мөн байсан. Нэмээд их мастерууд олон оролцсон. Онцолбол, энэ азийн аваргын эхний гурван байрт орсон гурван тамирчин гурвуулаа хорин настай. Үеийнхнээ нэлээн дээшээ гарч ирж тоглож байгаа юм байна гэж бодсон шүү. Топ түвшинд ч хэд хэдэн шатарчин багтаж байна. 

-Манай улсаас хэдэн шатарчин оролцсон бэ?

-Нийтдээ 17-18 тамирчин оролцсон. Үндэсний шигшээ багийн тамирчид болон хувиараа явж байгаа шатарчид маань эх орноо төлөөлсөн. 

-Өмнө нь манай шатарчид Азийн аваргад онцлох ямар амжилт үзүүлж байсан юм бол?

-Монголын хоёр эмэгтэй шатарчин Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. 2019 онд их мастер Т.Мөнхзул эгч, 2023 онд олон улсын их мастер Б.Мөнгөнтуул эгч тус тус хүрэл медаль хүртсэн. 

-Тэгэхээр энэ мөнгөн медаль хүртсэн амжилт манай улсын хувьд анхны тохиолдол байх нь ээ?

-Тийм. Анхны тохиолдол болж байгаа гэсэн үг. Мөнгөн медаль хүртсэн амжилтаараа эрэгтэй олон улсын анхны нормоо авсан. Давхар эмэгтэй их мастерынхаа хоёр дахь нормыг авсан. 

-Энгийнээр тайлбарлаж өгөөч. Олон улсын мастер цолны болзол болон эмэгтэй их мастер цолны нэг норм биелүүлсэн гэж байсан? 

-Цолны дарааллын хувьд фиде дэд мастер, фиде дэд мастер, эмэгтэй олон улсын мастер, их мастер гэж явдаг. Эмэгтэй их мастерын дээр эрэгтэй олон улсын мастер, их мастер гэж байгаа. Миний хувьд сая эрэгтэй олон улсын анхны нормоо авангуут яг доод талынх нь цол буюу эмэгтэй их мастераа хамт өгчхөж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хоёр норм авсан гэж хэлж болно. 

Энэ цолыг авахын тулд гурван норм биелүүлэх ёстой. Эмэгтэй их мастер болохын тулд чансаагаа 2300 хүргээд гурван норм авна. Харин эрэгтэй  нь болохоор 2400 хүргээд бас гурван норм авдаг. Монголын эмэгтэй шатарчид дунд эрэгтэй олон улсын мастер цолтой цөөн хүн бий. 

-Ингээд харахад дөнгөж 20 настай таны хувьд эрэгтэй их мастер цолонд хүрэх боломж хангалттай байгаа юм шиг санагдаж байна. Мэдээж энэ цолонд хүрэхээр хичээж байгаа байх? 

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал миний хувьд одооноос мэргэжлийн шатарчин гэдгээрээ түлхүү явж байгаа. Бас Үндэсний шигшээ багийн тамирчин гэдэг утгаараа. Энэ ч үүднээсээ тогтмол тэмцээн, уралдаанд оролцож байгаа болохоор норм, чансаагаа нэмээд явбал боломж байгаа. 

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан байна, хэзээ шалгарав. Улсаас хэрхэн дэмждэг вэ?

-Би энэ жил шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. Үндэсний шигшээ баг маань дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй шатарчин болон хоёр дасгалжуулагчаас бүрддэг. Сар бүр цалин олгодог. Ойролцоогоор олон улсын гурваас дөрвөн тэмцээнд оролцох зардлыг улсаас гаргаж өгдөг. Энэ нь маш том дэмжлэг болдог. Байнга аав ээжээсээ аваад байж болохгүй. Том ч боллоо, зарим талаар биеэ даах хэрэгтэй. Тиймээс олон улсын тэмцээнүүдэд бүх зардлаа даалгана гэдэг их том дэмжлэг. Тамирчин хүний амжилт гаргах нэг үндэс гэж ч хэлж болох байх. 

-Үндэсний шигшээ баг бүрэлдэхүүнээ хэрхэн шалгаруулдаг юм бол? 

-Энэ жил нэгдүгээр сард шалгаруулалт болоод шалгарсан. Өмнөх шалгаруулалтын үеэр тэмцээн давхцаад оролцож чадаагүй. Гадаад рейтингээрээ эхний аравт байгаа тамирчид тойргоор тоглоод, эхний дөрвөн байрт орсон шатарчид эрхээ авдаг. 

-Гурван дүүгээ хараад хүчтэи болдог. Аав, ээж, гэр бүлийнхэн минь миний бүх зүйл-

-Азиас мөнгөн медаль авснаараа “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болсон. “Дэлхийн цом” бол чансаагаараа бараг гуравдугаарт бичигддэг тэмцээн юм байна. Бас л амаргүй өргүүд хүлээж байгаа байх?

-Дэлхийн цом нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Нугалааны буюу хасагдах системээр явдаг. 100 гаруй шатарчид оролцоно. Таарсан хүнтэйгээ хоёр удаа тоглоно. Хожигдсон нь шууд хасагдана. Ингэж явсаар нэг тамирчин шалгарч, дэлхийн аваргын төлөө өмнөх дэлхийн аваргатай тоглоно. Нийтдээ арав гаруй өрөг тоглодог. 

Улсаас нэг тамирчин оролцох эрхтэй учир манайхаас өнгөрсөн олимпиадаас шалгарсан таван хүн тойргоор тоглоод, нэг нь шалгарч явна. Миний хувьд энэ таван шатарчин дунд багтаж байсан. Гэхдээ сая эрхээ авчихсан учир тоглох шаардлагагүй болсон гэж хэлж болно. Тиймээс үлдсэн дөрвөн тамирчин маань тойргоор тоглоод, нэг нь шалгарна. Тэмцээн долоодугаар сарын 5-нд Гүрж улсад эхэлнэ. 

Ерөнхийдөө улс бүрээс нэг, нэмээд бүс болон Азийн аварга, Европын арваас шалгарсан шатарчид оролцдог. 

-Б.Мөнгөнзулын хувьд аль сургуульд, ямар мэргэжил эзэмшихээр суралцаж байна. Эсвэл шатрын спортдоо л голлон анхаарч байна уу?

-МУИС-ийн хоёрдугаар курсийн оюутан. Хэрэглээний математикийн ангийг сонгосон. Одоогоор жилийн чөлөө авсан байгаа. Мэргэжлийн шатарчин гэдэг утгаараа тууштай хичээгээд үзье гээд бүх цаг хугацаагаа шатартаа зориулж байна. Их сургуулиасаа чөлөө авах эсэх дээр багагүй эргэлзсэн. Эцэг, эх, багштайгаа бас ярилцсан. Учир нь дөрвөн жил сурч төгсөөд, эргээд шатраа тоглоно гэдэг хэцүү санагдсан. Дөрвөн жил хөндийрөөд буцаад тоглоход өмнөх шигээ хэмжээнд байж чадах уу, үгүй юу. Эргээд сайжрахын тулд олон сарыг зарцуулна. Тиймээс сургуулиа түр хойш тавиад, үргэлжлүүлж хичээгээд үзвэл илүү олон амжилт гаргах ч боломжтой юм болов уу  гэж бодсон. Мөн өөрийгөө сайн сонсоод, би үнэхээр шатарт хайртай юм байна. Үргэлжлүүлээд тогловол илүү аз жаргалыг мэдэрч, олон зүйл сурах юм байна гэж бодсон болохоор энэ шийдвэр дээрээ бат зогсож, тууштай байгаа. 

-2022 онд ярилцахад аав маань энэ спортод анхлан хөл тавиулсан, тэмцээн уралдаануудад аваад явдаг байсан гэж ярьсныг нь санаж байна. Бас ээж нь, гэрийнхэн нь маш сайн дэмждэг шүү дээ. Азийн аваргын туршид холбоотой байв уу?

-Би чинь Эрдэнэтийн охин шүү дээ. Орон нутагт, хотод зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд аавтайгаа хамт явдаг байсан. Манайх ам бүл олуулаа учир ээж байнга хамт явах боломжгүй. Гэхдээ сэтгэл зүрхэнд үргэлж хамт. 

Зардал мөнгөний тухайд мэдээж бүх тэмцээнд явуулах боломж аав, ээжид ховор. Ялангуяа олон улсын тэмцээн өндөр зардалтай. Хүүхэд байхад улсдаа байр эзлээд өсвөрийн ази, дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Байр, хоолны зардлаа цаанаас даалгаад, замын зардлаа өөрсдөө төлөөд явсан. Тиймээс боломжтой байсан гэх үү дээ. 

Азийн аваргын тухайд гэвэл ээжтэйгээ өдөр бүр ярьсан. Дөрвөн цагийн зөрүүтэй учраас тараад ирэхэд ээж унтчихсан байх тохиолдлууд байсан. Тэгээд л войсоор "ээжээ би хожсон" гэж зурвас илгээчхээд, гоё болчихлоо гэж дотроо бодоод унтахаар сайхан байдаг. 

Би доороо гурван эрэгтэй дүүтэй. Аав, ээж маань завгүй ажилтай үед дүү нараа харж, хоёр дахь ээжийн үүргийг давхар биелүүлдэг, дандаа хамт байдаг байсан. Тиймээс  дүү нарынхаа хувьд мундаг эгч нь байхыг их хүсдэг. Энэ нь нэг талаар намайг хөдөлгөх их хүч, дэм болж өгдөг. Мэдээж аав, ээж, ах, эгч минь байна. Сайн тоглосон ч,  муу тоглосон ч үргэлж урамшуулж дэмждэг. Гэр бүл яах ч аргагүй номер нэгд. Тэмцээнээс тэмцээний хооронд 2-3 хоног л амардаг. Эрдэнэт яваад ч юм уу гэр бүл дээрээ очоод, гурван дүүгээ хараад аз жаргалаа авчхаад ирдэг. Тэгээд шууд бэлтгэлдээ хуваарийнхаа дагуу ордог доо.  

-Аавтайгаа, ээжтэйгээ хамт явсан тэмцээнүүдээс ойр санагддаг, эргээд бодоход дурсамжтай ямар тэмцээн байна?

-Аавтайгаа олон улсын тэмцээнд нэг л удаа явж байсан. Тэр нь түрүүн ярьж байсан 12 жилийн өмнөх өсвөрийн ДАШТ-д яваад, мөнгөн медаль хүртсэн явдал. Ингэхдээ эхний өрөгтөө хожигдчихсон юм. Миний хожигдсон охин тэр тэмцээнд түрүүлсэн л дээ. Бид хоёр эхний өрөгт таарсан. Хожигдчихоод "ийм хол аавыг дагуулж ирчхээд яана аа, загнуулах байх даа" гэж дотроо их бодсон. Гэтэл аав минь уурлаагүй. Үлдсэн өргүүдээ л сайн тоглочих. Хожвол аав нь чамд зайрмаг авч өгнө гэсэн. Тэгээд л хожоод гарч ирээд зайрмагаа ч авхуулаад, медаль ч авсан. Бас хийлдэг тоглоом дээр тоглуулдаг байсан. Аавтайгаа хамт явахаар их түшигтэй. Энэ л хамгийн дурсамжтай тэмцээн болж үлдсэн байна. 

Ээжтэй гэвэл хотод ирж насанд хүрэгчдийн хагсан шигшээ тэмцээнд оролцож байсан. Тухайн үед ээж том гэдэстэй, би 9, 10 настай л байсан байх. Ээжийгээ удаан хүлээлгэхгүй гээд гялс тоглож гарч ирчхээд л, гэдсийг нь илээд суудаг байсан тэр үе санаанд бууж байна. 

Одоо олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулж байгаа газар байвал аав хэдэн цаг ч хамаагүй үзээд суудаг. Ээж аав чинь ингээд сууж байна гээд надад зураг, бичлэг, зурвас явуулдаг. Энэ л надад хангалттай санагддаг даа.

-Одоо хэн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, ямар клубт харьяалагдаж байна вэ?

-Оюутан болж хотод ирснээсээ хойш Б.Гүндаваа багш дээр хичээллэж эхэлсэн. Жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэгээн арвай клубийн тамирчин. Энэр хугацаанд багштайгаа ажиллахад сэтгэл зүйн болоод шатрын хувьд, мөн мэдлэг, гарааны хувьд том өөрчлөлтүүд гарсан гэж бодож байгаа. Амжилтад хүрэхэд нөлөө үзүүлж байгаа хүмүүсийн нэг яах аргагүй одоогийн багш маань байна. Өргийн өмнө ч дараа ч маш сайн зөвлөдөг. Зөвхөн шатар гэлгүй амьдралын хувьд чухал зөвлөгөө өгдөг нь таалагддаг. Тамирчин, багш хоёрын харилцаа илүү чөлөөтэй байвал амжилт үзүүлэхэд бас нөлөөлдөг юм шиг санагддаг. Өмнөх багш маань бас ийм байсан. 10-аад жил хамт явсан. Одоогийн багштайгаа ч гэсэн нээлттэй байж чаддаг. Тиймээс өөрийгөө илүү том болгож нээж чадаж байгаа. Өмнөх Мөнгөнзулыг давж чадаж байгаа гэж харж байна.

Миний хувьд аливаа тэмцээнд олуулаа явах нь гоё ханьтай санагддаг. Энэ ташрамд шигшээ багийн хоёр дасгалжуулагч С.Ган-Од, С.Билгүүн ахдаа баярлалаа гэж хэлье. Сонсох дуртай төрлийн хүн болохоор яриа, зөвлөгөөнөөс нь маш олон зүйлийг мэдэж, сурч авсан. Мөн Мөнгөө эгчтэйгээ нэг өрөөнд байсан. Бас маш олон зүйлийг мэдэж авсан. Баярлалаа гэж хэлье. Мэдээж дасгалжуулагчдаа, хамт явсан найзууддаа баярлалаа. Үргэлж намайг дэмждэг гэр бүлийнхэндээ үнэхээр их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ гэж хэлмээр байна. Мөн шатар сонирхогч, энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд хүч, дэм болж байгаа бүх хүнд талархлаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 20, 2025 08:28

мундаг шүү амжилт

Зочин
Зочин
5 сар 20, 2025 08:34

баяр хүргеэ

Зочин
Зочин
5 сар 20, 2025 08:38

МУНДАГ ХҮҮХЭД БАЙНА

Зочин
Зочин
5 сар 20, 2025 08:45

bayr hurgey

Зочин
Зочин
5 сар 20, 2025 09:01

iim humuusee demjij suraasai

Зочин
Зочин
5 сар 20, 2025 09:09

mundag baina

Зочин
Зочин
5 сар 20, 2025 09:11

sergelen huurhun ohind amjilt Insta ni baiga yu

Зочин
Зочин
5 сар 20, 2025 09:14

huurhun yum ve

Зочин
Зочин
5 сар 20, 2025 09:20

WOW unheer mundag yumaa

Зочин
Зочин
5 сар 20, 2025 10:53

Оюун ухааны олон улсын мастер болсонд баяр хүргэе

Шатарчин
Шатарчин
5 сар 20, 2025 18:32

эрэгтэй их мастер энтр гэж ямар цол байх вэ дээ. Тийм цол энэ дэлхий дээр байдаггүй. Харин мөнгөнзул WGM болон IM гэсэн цолнуудыг авсан шүү

Zochin
Zochin
5 сар 20, 2025 20:31

Amjilt

Зочин
Зочин
5 сар 20, 2025 22:01

Га-лзуу хүншиг л бичих юм. Дэд хаан гэх шиг дэд аварга гэж юу байхав дээ. Энэ хонгон дээр гараад хувилсан хатиг шиг Монголын сэтгүүлчдийг яа-лтай ч билээ. Сүрхий дүүд амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button