Хууль
Цахим орчинд хүүхдийг хамгаалах контент бүтээвэл татварын хөнгөлөлт үзүүлнэ

2025 оны тавдугаар сарын 9-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын А/79 тушаалаар “Хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага” батлагдсан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд ашиг олох зорилгогүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн (ХХМТ) салбарт хэрэгжүүлсэн тодорхой төслүүд, үйл ажиллагаа, хандив, хөрөнгө оруулалтад орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх юм.
Татварын хөнгөлөлт эдлэх боломжтой үйл ажиллагаа:
- Телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэй, хадмал тайлбартай нэвтрүүлэх;
- Цахим хуудсыг Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (WCAG- Web Content Accessibility Guidelines)-д нийцүүлэн хөгжүүлэх;
- Цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
- Цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчинд хүүхдийг хамгаалах чиглэлээр хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах, контент бүтээх, олон нийтэд түгээх;
- Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн программ хангамж, платформ бүтээх, хөгжүүлэх;
- Монголын үндэсний паралимпын хороо, түүнд бүртгэлтэй олимпын төрлийн спортын холбоо, баг, мэргэжлийн тамирчдын оролцсон Паралимпын тэмцээн, арга хэмжээг телевизийн сувгаар олон нийтэд дамжуулах
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд өгсөн хандив;
- Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх санд өгсөн хандив;
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсэд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хуулийн этгээдэд өгсөн санхүүгийн дэмжлэг, хандив.
Энэ шийдвэр нь хувийн хэвшлийг нийгмийн хариуцлагатай, хүртээмжтэй цахим орчин бүрдүүлэхэд идэвхтэй оролцуулах зорилготой бөгөөд татварын хөнгөлөлтөөр дамжуулан урамшуулах ач холбогдолтой.
Шаардлагатай дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.