О.Энхзаяа: Вирусийн халдвар эдгэсэн ч, нэг сар гам барьж гэмээнэ уушгинаас бүрэн арилдаг

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 11.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үеийнхнээс 6.8 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн 2019 оны тухайд томуугийн вирус он гарсны дараа гарч эхэлсэн бол энэ жил 12 дугаар сарын дунд үед буюу харьцангуй эрт эргэлтэд орсон аж. Иймд томуугийн өвчлөл өнгөрсөн оныхоос нэмэгдсэн гэж ойлгож болно.
Харин улсын хэмжээнд томуу томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.6 хувийг эзэлж байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудаас БСШУСЯ-нд хүсэлт хүргүүлж, энэ даваа гарагт Засгийн газар сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэр гаргасан билээ.
Энэ жилийн вирусын гаралтай томуу нь 2-3 хоногийн дотор хатгаа болж хүндэрч байгаа. Тодруулбал, энэ жил B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна.
Иймд бид Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяатай уг вирусын онцлог, шинж тэмдэг, эмчилгээний талаар ярилцлаа.
ВИРУСЫН ХАЛДВАРТ ӨРТСӨН БОЛ ДОР ХАЯЖ НЭГ САР ГАМ БАРЬЖ БАЙЖ УУШГИН ДАХЬ ВИРУСЫН ХАЛДВАР БОЛОН ХАТГАЛГААНЫ СОРВИ АРИЛДАГ

-Эрүүл мэндийн байгууллагаас томуу, томуу төст өвчний оргил үе ойрын 2-4 долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа гэсэн. Энэ жилийн вирус өмнөх жилүүдийнхээс юугаараа ялгаатай байна вэ?
-Энэ жил B хүрээний хэв шинжийн вирус эргэлтэд орж ирсэн. Өнгөрсөн жил А хүрээний вирус эргэлтэд байсан. В хүрээний вирус хүндрэл ихтэй, өндөр халууруулж, хатгалгаанд хүргэдэг. Мөн их удаан эмчлэгдэж байж үр дүнд хүрч байна. Тиймээс нэг өвдвөл нэлээд удаан хугацааны эмчилгээ шаардагдаж байгаа гэдгийг анхаарууштай. Өнгөрсөн жил хүүхдүүдэд гүйлгэх, суулгах, бөөлжих шинж тэмдгүүд давамгайлж байсан бол энэ жил шууд өндөр халууруулж, хатгалгаанд хүргэж байгаа, маш хоруу чанар ихтэй. Мөн энэ жилийн вирус нялх хүүхэд, өндөр настнуудад зонхилон халдварлаж байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ гадуур авч явахгүй, гэрт нь байлгах, цэцэрлэг сургуульд нь явуулсан ч дархлааг нь сайн дэмжиж, өвдсөн тохиолдолд яаралтай эмчид хандаж, гэрээр дур мэдэн эмчилгээ хийхээс татгалзахыг хамгийн түрүүнд зөвлөж байна.
-Хоёроос гурав хоногийн дотор хүнд хэлбэрийн хатгалгаа болж байгаа гэж онцлогийг нь тодотгож байгаа. Хүүхэд халуурсан үед шуурхай үзүүлэх газруудыг нэрлэвэл?
-Тийм, энэ жилийн вирусын гол онцлог бол энэ. Тиймээс эцэг эхчүүдийг бие биеэсээ ам дамжсан яриагаар болон сошиал сайтаас олж авсан мэдээллээрээ хүүхдийг эмчлэлгүй, мэргэжлийн эмчид очооч, эмчийн зөвлөгөөний дагуу хүүхдээ эмчлээч гэж зөвлөж байна.
Үүнтэй холбоотойгоор, манай Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохицуулалт хийсэн. Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд ажлын өдрүүдэд өглөө 08 цагаас оройн 22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллаж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв мөн ажлын өдрүүдэд өглөөний 08 цагаас 19 цаг хүртэл, ням гарагт 10-16 цаг хүртэл ажиллаж байна. Бусад цагуудад мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа тул хүүхдийг 24 цагаар хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа.
-Ханиалгаж эхлээгүй мөртлөө л шууд өндөр халуурч байна гэх. Тэгэхээр энэ ханиадны хамгийн эхэнд илрэх шинж тэмдгийг тодорхойлбол?
-Эцэг эхчүүд хүүхдээ маш сайн ажиглах ёстой. Халуурч л байвал халууныг нь буулгаад, шууд эмнэлэгт хандана.
-Энэ жилийн вирусын онцлогоос шалтгаалж аарц, чацаргана, аньс зэрэгт дарагдахгүй байгаа, харин ч харшлын гаралтай вирусыг улам дэвэргэж байгаа тул хэрэглэхгүй байх тухай зөвлөмж цахим орчинд их явах боллоо. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Уламжлалт аргыг бид хэзээ ч хорихгүй. Байх л ёстой. Ханиад, томуугийн үед хүүхдийн дархлаа суларч байгаа учраас шингэн зүйл маш сайн өгөх ёстой. Үүнд аарц, чацаргана, аньс байж болно. Мөн буцалсан ус, хярам, байхуу цай зэрэг тухайн хүүхэд ууж чадах шингэнийг л сайтар өгөх ёстой. Харин газтай, чихэртэй бүтээгдэхүүн өгөхгүй. Аньс, чацаргана, нэрсээ ч сахарыг нь тохируулж өгөхгүй бол томууны хажуугаар харшилтай болох магадлал өндөртэй.
СОШИАЛААС ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЛЭЭРЭЭ ХҮҮХДИЙГ ЭМЧИЛЖ БОЛОХГҮЙ

-Хүүхдүүд уушгины хатгалгаанд маш хурдан өртөж, тэр даруйд нь эмчлүүлсэн ч эргээд сургууль, цэцэрлэгт нь явуулдаг. Хатгалгааны сорви хэр хурдан хугацаанд эдгэдэг вэ. Ямар гам барих ёстой вэ?
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд дор хаяж 5-7 хоног болоод гарна. Өөрөөр хэлбэл, яг хурц үеийг нь намжаагаад, дараад гаргаж байгаа. Түүнээс биш, бүрэн гүйцэд эмчлээд гаргаж байгаа юм биш. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ эмнэлгээс гарсан хойно нь ахиад асарч сувилах ёстой. Вирусын халдварт өртсөн л бол хүүхэд дор хаяж нэг сар гам барих ёстой байдаг. Тэгж байж уушгинд байгаа вирусын халдвар болон уушгины хатгалгааны сорви арилдаг. Гэртээ байх хугацаандаа эмчийн бичиж өгсөн хөнгөн чанарын эмийг зааж өгснөөр нь үргэлжлүүлэн ууж дуусгах мөн маш чухал.
-Маск зүүх нь томуугийн вирусээс 80 хувь хамгаалдаг тухай зөвлөмж танайхаас гаргасан байсан. Мөн дөнгөж эдгэсэн хүүхдээ маскгүй гадаа гаргаснаас хүйтэн агаар залгиж ханиад нь дахих болдог. Та маск зүүхийн ач холбогдлыг нэмж тайлбарлаж өгөхгүй юу?
-Тэгэлгүй яахав. Маск бол яах аргагүй хамгаалах хэрэгсэл мөн. Гэхдээ агаарын бохирдол ихтэй үед PM 2.5 тоосонцроос хамгаалах маскаа зүүх ёстой. Бусад үед стандартын шаардлага хангасан зориулалтын маскыг хэрэглэх ёстой. Хүүхдийн дархлаа 100 хувь хөгжөөгүй байдаг. Ийм байхад агаарын хүйтэн урсгал орж, хүүхэд амьсгалын замын өвчлөлд өртөж болдог. Тиймээс хүүхдэд маск зүүлгэснээр томуу, томуу төст өвчнөөс 100 хувь хамгаалахгүй ч тодорхой хэмжээнд хамгаалах боломжтой.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20-32 honog